Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/00104

 

 

 

2021 01 28 001/ХТ2021/00104

 

 

 

 

Грийн инвестмент ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/00933 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1527 дугаар магадлалтай,

Грийн инвестмент ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Д.Цэндэд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 263,057,960.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Түмэнбаяр, Ж.Сарантуяа, хариуцагчийн өмгөөлөгч Т.Цэрэндагва, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Д.Цэнд нь Грийн инвестмент ББСБ ХХК-тай 2017.07.31-ний өдөр ЗГ-17/1/73 тоот зээлийн гэрээ, БГҮ-16/1/90 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж, 186,300,000.00 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгчийн хүсэлтээр ЗГ-17/1/73 тоот зээлийн гэрээнд 2017.12.21-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн үлдэгдэл болох 177,400,000.00 төгрөгийн зээлийн гэрээний хугацааг 12 сараар сунгаж, зээлийн хүүг 3.8 хувийн хүүтэй болгож бууруулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчин байгууллагын ажиллагаанд хүндрэл учруулж байгаа тул Д.Цэндээс үндсэн зээл 177,400,000.00 төгрөг, зээлийн хүү 85,657,960.00 төгрөг, нийт 263,057,960.00 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн хариуцагч төлбөрөө сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: Миний хувьд өмгөөлөгчтэйгөө зөвшилцөж байж хариу тайлбараа гаргая гэж бодож байсан. Зээлийн гэрээ байгуулж, 186,300,000.00 төгрөгийг зээлж авсан нь үнэн, барьцааны гэрээ байгуулж, орон сууцаа барьцаалсан асуудлаар маргахгүй. Компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор мөнгийг төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд цаг хугацааны хувьд хүлээлтийн байдал үүсээд байгаа. Миний хувьд эвлэрэх асуудлаар ярилцах боломжтой. Барьцаа хөрөнгийн хувьд миний өөрийн амьдардаг гэр учраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсэхгүй байгаа тул эвийн журмаар уг асуудлаа шийдвэрлүүлмээр байна гэжээ.

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/00933 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Цэндээс 263,057,960.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Грийн инвестмент ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Цэнд нь үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох  Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Махатма ганди гудамж 65-р байр 701 тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууц болон 21,6 м.кв талбайтай гарааш зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,543,440.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цэндээс улсын тэмдэгтийн хураамжид 1,543,440.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Грийн инвестмент ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1527 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/00933 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.19-ний өдрийн 183/ШШ2019/00933 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.08.16-ны өдрийн 1527 дугаар магадлалыг тус тус бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Грийн инвестмент ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Цэндэд холбогдох 263,057,960.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, нэхэмжлэгч миний өмгөөлүүлэх, шүүх хуралдаанд оролцох эрхүүдийг маань хангаж өгөлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Тодруулбал, миний бие өөрийн сонгон авсан өмгөөлөгч Б.Мөнхгэрэлтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, хэрэгт хавсаргаж өгсөн. Уг иргэний хэргийг анхан шатны шүүхээс хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2019.04.19-ний өдөр товлосон боловч миний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьд нь товлогдсон байсан Ц.Түвдэндоржид холбогдох эрүүгийн шүүх хурал давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргаж, шүүхийн мэдэгдэх хуудас, хуралдааны зарын хамт хүргүүлсэн боловч энэ нөхцөл байдлыг маань харгалзан үзэлгүй, миний өмгөөлүүлэх эрхийг хангаж, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжийг олголгүй, эзгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Хариуцагч миний зүгээс шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт биечлэн оролцож, хариу тайлбар, нотлох баримт гаргахаар бэлтгэж байтал ийнхүү миний оролцоог хангаж өгөөгүй, өмгөөлүүлэх боломжийг мөн олгоогүй, хуралдааныг хойшлуулалгүй түүний эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэр гаргасан. Дээрх нөхцөл байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.3-т Зохигч, түүнии төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ, 6.4-т Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно, 25.1.2-т Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох, 168.1-т Давж заалдах журмаар хэрэг хянан хэлэлцсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгоно, 168.1.2-т Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэх хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасны дагуу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.19-ний өдрийн 183/ШШ2019/00933 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.08.16-ны өдрийн 1527 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Грийн инвестмент ББСБ ХХК нь Д.Цэндэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 263,057,960 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан, хариуцагч нь зээлийн болон барьцааны гэрээний талаар маргахгүй, барьцааны хөрөнгө нь өөрийн амьдардаг байр учраас зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

 

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

1. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Хэрэгт авагдсан 2017 оны 7 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээгээр Грийн инвестмент ББСБ ХХК нь 186,300,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлдүүлэх, Д.Цэнд нь гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээлийг төлөх үүрэг үүсгэсэн, улмаар 2017 оны 12 сарын 21-ний өдөр талууд харилцан тооцоо нийлж, зээлийн үлдэгдлийг 177,400,000 төгрөгөөр тооцон, зээлийн хүүг 3,8 хувь болгон бууруулж, хугацааг 2018 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл сунгаж, өмнөх гэрээний бусад заалтыг мөрдөхөөр тохиролцон нэмэлт өөрчлөлт оруулах тухай ЗГ-17/1/73а дугаартай гэрээ байгуулжээ. /хх-11-12/

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчээс үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын эсрэг баримт гаргаагүй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээл төлөх мэдэгдэл, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хариуцагчаас 263,057,960 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д нийцжээ.

 

2. Барьцааны эрх үүссэнээр үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан ба зохигчдын хооронд хийгдсэн 2016 оны 8 сарын 02-ны БГҮ-16/1/90 барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т дахь хэсэгт заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр байх тул хариуцагчийг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэснийг Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д нийцсэн гэж үзнэ.

 

3. Хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн буюу ...өмгөөлөгчийн хамт оролцох, өмгөөлүүлэх боломжийг олгоогүй, хуралдааныг хойшлуулалгүй хэргийг хэлэлцэж шийдвэр гаргасан гэсэн гомдлыг хариуцагч гаргажээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 3 удаа хойшлуулж байсан, 4 сарын 19-ний шүүх хурлын товыг хариуцагч болон түүний өмгөөлөгчид 4 сарын 11-ний өдөр мэдэгдсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг зөрчөөгүй байна.

 

Иймд хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/00933 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1527 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,543,440.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

 

ШҮҮГЧ Д.ЦОЛМОН