Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 02

 

2019           01            23                                             02

 

Б.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

  Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018  оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 136/ШШ2018/00467 дугаар шийдвэртэй,  

Нэхэмжлэгч:  Б-ийн Г /РД:......../-нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Ц /РД:.........../-д холбогдох

Газрын үнэ, шүүхийн эвлэрүүлэн зуучлалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж, нийт 1530000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Газар ашигласны төлбөр 1920000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч З.А, хариуцагч Ч.Ц нарын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Ч.Ц, хариуцагчийн өмгөөлөгч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Ч.Цгээс Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 16 дугаар хэсэг, 400 м2 талбай газрыг 2010 оны 10 сард 1500000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 1500000 төгрөгийг өгсөн. Гэтэл уг газар нь Цгийн газар биш хүргэн Гарамгайгийнх нь болж маргаан үүссэн. Бид анхан болон давж заалдах шатны шүүхээр явж, Ч.Ц газраа авч, би барьсан  байшингаа буулгаж авахаар шийдвэрлэсэн. Одоо Ч.Ц газрын үнэ болгож өгсөн 1500000 төгрөгөө буцаан гаргуулж авахаар нэхэмжлэл гаргаж байна. Ч.Ц эгч ч ойлгож ямар нэг маргаангүй газраа буцаан авсан болохоор авсан мөнгөө өгнө гэдэгт найдаж байна. Шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч улсын тэмдэгтийн хураамж 30000 төгрөгөөр хохирлоо. Иймд 30000 төгрөгөө хохиролд тооцож, нийт 1530000 төгрөг нэхэмжилж  байна гэжээ.

Хариуцагч Ч.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Г нь 2010 онд манай газраас 200 м2 газрыг авахаар болж миний дансруу 1,5 сая төгрөгийг нэхүүлэн байж 2012-01-01 нд хийсэн байсан. Би газрын төлбөрийн мөнгийг нэмж өгөхийг шаардсан боловч надад ямар ч мөнгө төгрөг өгөхгүй явсаар байгаад манай газрыг 1500000 төгрөгөөр зарчихаад гэрчилгээгээ шилжүүлэхгүй байна гээд намайг шүүхэд өгсөн байсан. Сүүлдээ хүүхдүүд ч газрын мөнгө төгрөгөө гүйцээж өгч, авалцаж, тохиролцож чадахгүй байгаа юм чинь газраа буцаагаад авъя гээд энэхүү асуудлыг шүүхээр шийдвэрлүүлээд дууссан юм.

Би Гд 1,5 сая төгрөгийг газар ашигласны төлбөрт тооцно гэж хэлсэн. Г ч анх гаргасан нэхэмжлэлдээ уг мөнгийг гаргуулан авахаар нэхэмжилж байгаагүй. Г нь манай газар дээр байшингаа бариад 8 жил болсон. Газар ашигласан үнэ төлбөрийг тооцоолбол / 1 сарынх нь 15600 төгрөгх96 сар=1497600 төгрөг/ Байшин хүнгүй байсан удаа байгаагүй, Г өөрөө байшиндаа байдаггүй боловч дандаа таньж мэдэхгүй хүмүүсийг суулгаж, манай байшинг ашиглаж байсан. Газар ашигласны төлбөр мөнгийг тусгасан гэрээ хэлцлийг би Гтай хийж чадаагүй, Г ч надтай гэрээ хэлцэл хийж өгөхгүй байсан зөвхөн амаараа ярилцаад л яваад байсан. Гэрээ хэлцэл хийсэн, хийгээгүй 2 тал аль аль нь адилхан хариуцлага хүлээнэ гэж үзэж  байна. Мөн манай газар дээр байх хугацаандаа байшин дотроо бохир оруулсан, газарт шууд шингэхээр 00-г барьж ашиглаж байгаад сая нүүхдээ соруулж аваагүй, буулгаагүйгээс орчин тэр чигтээ бохир үнэртдэг болсон. Уг нь би Гтай аль болох хэл ам хийхгүйгээр өнгөрье гэж бодож явсан боловч ийм асуудлыг тавьж байгаа бол надад гаргаж тавих асуудал байгаа. Шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандах нь Гын эрх бөгөөд би энэ эрхийг нь хязгаарлаагүй, тухайн тэмдэгтийн хураамжид тушаасан мөнгө нь надаас шалтгаалсан хохирол төлбөр гэж үзэхгүй байна. Г нь газрыг худалдаж авахаар тохиролцож өгсөн гэж 1,5 сая төгрөг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Ч.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Г нь манай газар дээр анх 2010 оны 9 сард өөрсдөө амьдрах зориулалтаар байшин барьж буусан бөгөөд буусан цагаасаа хойш уг газрын талаар байнгын хэл ам үүсгэдэг байсан. Гыг хэл ам, хэрүүл шуугиан үүсгээд байхаар нь газраа чөлөөлүүлж авахыг шаардсан, энэ талаар шүүхийн шийдвэр ч гарсан байгаа. Шүүхийн шийдвэр гарснаас хойш Г нь шүүхийн шийдвэрийг сайн дураараар, санаачлагаараа биелүүлээгүй ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжиж Гын  байшинг 2018 оны 9 сард буулгасан юм. Г нь манай газар дээр байшингаа 2010-09 сард барьж ашиглалтад оруулаад 2010-2014 оны хооронд өөрсдөө амьдарч байсан ба 2014 оноос хойш Г нь Залуус хороололд орон сууцтай болчихоод харин манй газар дээр барьсан байшиндаа 2014-2018 онд янз бүрийн хүмүүсийг оруулж, амьдруулж байсан. Г байшиндаа хүн хөлсгүй суулгана гэж байхгүй. Тухайн байшинд ямар хүмүүс, хэзээнээс хэзээ хүртэл суусныг би зүс царайгаар нь танина, гэхдээ би эдгээр хүмүүстэй харилцаагүй. Г нь 2010-09 сараас 2018-10 сар хүртэл нийт 96 сар манай газар дээр байшингаа барьж, байшинд хүн амьдарч байсан учир би газар ашигласны төлбөрөө Гаас 1 сарын 20000 төгрөгөөр тооцож 1920000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Гын нөхөр болох Батхүрэл, хадам ээж Мягмар нар анх надтай уулзаад манай газар дээр буухдаа ямар ч хүн танихгүй, газар мэдэхгүй, хүүхдүүдийг нь сургуульд суулгах гээд аваад ирсэн, тиймээс чи л нэг газар дээрээ буулгаач гээд гуйж байсан. Гд ч би хэлж байсан, 1500000 төгрөгийн газар гэж байхгүй, газар ашигласны төлбөрт чинь энэ мөнгийг чинь тооцно гэж хэлээд Гаас газар ашигласны төлбөр гэж нэхээгүй явсан. 2012 оны 09 сард 1,5 сая төгрөгийг Г нэхүүлсний эцэст өгч байсан. Би газар дээрээ Гыг үнэ өртөггүй буулгаагүй, хоорондоо тохирсон гэрээ хийх гэхээр Г хэл ам үүсгэдэг, надтай ердөө уулздаггүй байсан. Г манай газар дээр байшин барьж буугаад саяхан газар чөлөөлж явахдаа байшингаасаа гадагш гаргасан бохироо зайлуулаагүй явснаас болж манай гаднах орчин агаар болон хөрсөөрөө бохирдож, бохир үнэртдэг болсон. Мөн дулааны худгаа зайлуулаагүйгээс болж газраа ашиглаж чадахгүй байгаа. Нэг ёсондоо Г нь дуртай үедээ манай газрыг ашиглаад, үнэ өртөг төлөхгүй дураараа аашилж байгаад гомдолтой байна. Тиймээс Гаас газар ашигласны төлбөрийг гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Г сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... 2010 оны 09 сараас 2018 оны 10 сар хүртэл 96 сар амьдарч байсан, түүний төлбөр 1920000 төгрөг нэхэмжилнэ гэжээ. Энэ нэхэмжлэлийн шаардлага хууль бус учраас 1 ч төгрөг төлөхгүй, бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.  

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д зааснаар хариуцагч Ч.Цгээс 1500000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Гд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар 1920000 төгрөгийг Б.Гаас гаргуулахыг хүссэн Ч.Ц-гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 39430 төгрөг, хариуцагчаас төлсөн 45670 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ц-гээс 38950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Гд олгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т  зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн өмгөөлөгч З.А давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д зааснаар хариуцагч Ч.Цгээс 1500000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гд олгож... гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

            Б.Гын гаргасан нэхэмжлэлийн агуулгад: ...2010 оны 10 сард 200 м2 газрыг худалдан авахаар 1,5 сая төгрөгийг өгсөн. Газрын маргааны талаар урьд нь шүүхээр шийдвэрлүүлж байсан гэсэн утга бүхий нэхэмжлэл гаргаж байсан байдаг ба хэрэгт 1,5 сая төгрөг Гын данснаас Цд шилжүүлэгдэн ирсэн гэх баримт байдаггүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийн шаардлага өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйг заасан байна.

            Хариуцагч Цгийн гаргаж буй тайлбарт: ....1,5 сая төгрөг дансаар орж ирсэн боловч Батхүрэлээс гэсэн нэрээр миний дансруу орж ирсэн. Би ч тухайн үед Батхүрэл, Г нарт хэлэхдээ 1,5 сая төгрөгийг газар ашигласны төлбөрт авна гэж хэлж байсан. Хоорондоо хийсэн гэрээ байхгүй, гэрээ хийе гэхээр хийж өгдөггүй байсан гэх тайлбар зэргээс харахад ч тухайн 1,5 сая төгрөг Батхүрэлээс орж ирсэн байгаа ба үүнийг Г нэхэмжлэх эрх олгосон зүйл харагддаггүй, хэрэгт авагдсан нотлох баримт ч тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаасаа үнэлэгдэхээр баримт байдаггүй. Мөн хэдийгээр тухайн газрын талаар маргаан урьд нь гарч шүүхээр шийдвэрлэгдэж байсан боловч Г нь өмнө нь шийдвэрлэгдсэн хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан байдаг. Харин Батхүрэл, Ц нарын хооронд хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийгдсэн гэж өмнө нь дүгнэгдэж байсан боловч тухайн 1,5 сая төгрөгийг уг гэрээний үнэ өртөг гэж буцаан нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна. Урьд нь шийдэж байсан хэрэгт ч энэхүү 1,5 сая төгрөгийн талаар нэхэмжлэгдэн шийдвэрлэгдэж байгаагүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй, мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар  нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй гэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

   Хариуцагч Ч.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Гыг танихгүй, түүний нөхөр Батхүрэлийг танина. Анх гуйгаад манай хашаанд буусан юм. Би хүүхдээрээ зээл хийлгүүлж байгаад мөнгийг өгсөн байгаа. Манайх чинь А зэрэглэлийн гэр бүлийн хэрэгцээний газар. Эднийх нүүхдээ зөвхөн байшингаа нүүлгэсэн, худаг нь хэвээрээ байж байгаа. ОО нь өмхий сэнгэнээд байгаа. 1500000 төгрөгийг төлөхгүй гэж бодож байгаа. Анх нэхэмжлэл өгөхөд Батхүрэлтэй өөртэй нь ярьсан. Мөнгийг Батхүрэл надад шилжүүлж өгсөн. Хуулийн цоорхой ашиглаад намайг хохироож байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Ч.Цд холбогдуулан газар худалдан авах үнэд төлсөн 1500000 төгрөг, эвлэрүүлэн зуучлагчид хандсан улсын тэмдэгтийн хураамж 30000 төгрөг, бүгд 1530000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандах нь түүний эрхийн асуудал учир энэ нь надаас шалтгаалсан хохирол биш, 1500000 төгрөгийг газар ашигласны төлбөрт тооцно, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргаж, улмаар нэхэмжлэгчид холбогдуулан газар ашигласны төлбөрийг 1 сарын 20000 төгрөгөөр тооцож 96 сарын төлбөрт нийт 1920000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч Б.Г нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хууль бус учраас бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагийнамжил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа газар ашиглах талаар гэрээ хэлцэл байгуулагдаагүй учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д заасныг хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагаас 1500000 төгрөгийг хангаж, үлдэх 30000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч Ч.Ц болон түүний өмгөөлөгч З.А нар эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргажээ.

            Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдол дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Учир нь анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн буюу Иргэний  хэрэг   шүүхэд хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д заасан “... шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” эрхийг хангаагүй гэж үзэв.

            Тодруулбал хариуцагчийн өмгөөлөгч З.Аээс 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ... үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 136/ШЗ2018/01574 дугаартай шүүгчийн захирамжаар “...хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д ... нийцээгүй...” буюу нотлох баримтыг хэргийн оролцогч өөрөө цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, хүсэлтийг хангахаас татгалзжээ.

            Гэтэл хариуцагч тал 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Монголын хохирол үнэлгээчдийн холбоонд “газар ашигласны болон байгаль орчны нөхөн сэргээлт, дулааны худгийг зайлуулах үнэлгээ”-г тус тус хийлгүүлэхээр хүсэлтээ гаргаснаа шүүх хуралдаанд тайлбарлаж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан атал шүүх уг хүсэлтийг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж үзсэн нь ойлгомжгүй болжээ.

            Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хариуцагч талын гаргасан  “газар ашигласны болон байгаль орчны нөхөн сэргээлт, дулааны худгийг зайлуулах үнэлгээ” тогтоолгох тухай хүсэлтийг хэргийн оролцогч өөрөө олж авах боломжгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан шүүх бүрдүүлэх нотлох баримт биш гэж үзсэн атлаа хэргийн оролцогч нотлох баримтыг өөрөө бүрдүүлэх явцад энэхүү боломжийг олголгүй хүсэлтийг урьд гаргаагүй, шүүх хуралдааны үед гаргасан гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 105 дугаар зүйлийн 105.2-т заасныг зөрчсөн, энэ талаарх хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй гэж үзнэ.

            Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч З.Аээс 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гаргасан “газар ашигласны болон байгаль орчны нөхөн сэргээлт, дулааны худгийг зайлуулах үнэлгээ” тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 136/ШЗ2018/01574 дугаартай шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй /танилцуулсан тухай баримт хэрэгт авагдаагүй/, энэ өдрөөс хойш буюу 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс хойш хариуцагч талд хэргийн материал танилцуулаагүй байна. 

            Иймд хариуцагчийн өмгөөлөгч З.А болон хариуцагч Ч.Ц нарын  “... хүсэлтийг хүлээн авалгүй, ... нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй гэсэн нь хууль зөрчсөн” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол үндэслэлтэй тул хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Харин анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтын талаар эцэслэн эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй тул хариуцагчийн хариуцагчийн өмгөөлөгч З.А болон хариуцагч Ч.Ц нарын “... хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, ... сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой, ... нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018  оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 136/ШШ2018/00467 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Цгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                  

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

                                           ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

                                                                                             Н.БАТЧИМЭГ