Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 136/ШШ2018/00467

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                       

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн анхан шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
    
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Сайншанд сум, ..... дүгээр баг, Шинэ зууны гудамж, .... дугаар байрны .. тоотод оршин суух, эмэгтэй, 34 настай, Д овогт Б-ийн Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, .... дугаар баг, Мааньзав гудамж ........ тоотод оршин суух, эмэгтэй, .... настай Х овогт Ч-ийн  Ц-д холбогдох

Газрын үнэ, шүүхийн эвлэрүүлэн зуучлалд төлсөн нийт 1,530,000 төгрөгийг гаргуулах үндсэн, сөрөг газар ашигласны төлбөр 1,920,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч Ч.Ц, түүний өмгөөлөгч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ч.Ц-ээс Сайншанд сумын ... дугаар баг, дампилын ... дугаар хэсэг, 400м2 талбай газрыг 2010 оны 10 дугаар сард худалдан авахаар тохиролцож 1,500,000 төгрөгийг өгсөн. Гэтэл уг газар нь Ч.Ц-ийн газар биш хүргэн Г-х болж маргаан үүссэн. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Ч.Ц газраа авч, бид барьсан байшингаа буулгаж авахаар шийдвэрлэсэн. Одоо Ч.Ц-д газрын үнэ болгож өгсөн 1,500,000 төгрөгөө буцаан гаргуулж авахаар нэхэмжлэл гаргаж байна. Ч.Ц газраа буцаан авсан болохоор мөнгөө өгнө гэдэгт найдаж байна. Шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч амжилтгүй болсон тул улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөгөөр хохирч үлдлээ. Иймд нийт 1,530,000 төгрөг нэхэмжилж байна.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд бол нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй, газар худалдах худалдан авхаар анх тохиролцсон болохоос, газар ашиглах талаар тохиролцоогүй, бидэнд ийм хүсэл зориг байгаагүй, эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг зөвшөөрөхгүй байна гэв.   

Хариуцагч Ч.Ц нь шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ:
... Миний бие нэхэмжлэгч Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. Г нь 2010 онд манай газраас 200 м.кв газрыг авахаар болж миний данс руу 1,5 сая төгрөгийг нэхүүлэн байж 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хийсэн. Би газрын төлбөрийн мөнгийг нэмж өгөхийг шаардсан боловч надад ямар ч мөнгө төгрөг өгөхгүй явсаар байгаад манай газрыг 1,5 сая төгрөгөөр зарчихаад гэрчилгээгээ шилжүүлэхгүй байна гээд шүүхэд намайг өгсөн байсан. Сүүлдээ хүүхдүүд ч газрын мөнгөө гүйцээж өгч, авалцаж, тохиролцож чадахгүй байгаа хүмүүсээс газраа буцаагаад авъя гээд энэхүү асуудлыг шүүхээр шийдвэрлүүлээд дууссан юм.
Би Г-д 1,5 сая төгрөгийг газар ашигласны төлбөрт тооцно гэж хэлсэн, Г ч анх гаргасан нэхэмжлэлдээ уг мөнгийг гаргуулан авахаар нэхэмжилж байгаагүй.
...Газар ашигласны төлбөр мөнгийг тусгасан гэрээ хэлцлийг би Г хийж чадаагүй, надтай гэрээ хэлцэл хийж өгөхгүй байсан зөвхөн амаараа ярилцаад л яваад байсан. Гэрээ хэлцэл хийсэн, хийгээгүй 2 тал аль аль нь адилхан хариуцлага хүлээнэ гэж үзэж байна. Манай газар дээр байх хугацаандаа байшин дотроо бохироо оруулсан, газарт шууд шингэхээр 00-ыг барьж ашиглаж байгаад нүүхдээ соруулж аваагүй, буулгаагүйгээс орчин тэр чигтээ бохир үнэртдэг болсон.
... Шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандах нь Г-ийн эрх бөгөөд би энэ эрхийг нь хязгаарлаагүй, тухайн тэмдэгтийн хураамжид тушаасан мөнгө нь надаас шалтгаалсан хохирол төлбөр гэж үзэхгүй байна. Г нь газрыг худалдаж авахаар тохиролцож өгсөн гэж 1,5 сая төгрөг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлдээ: ... Г нь 2010 оны 9 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сар хүртэл нийт 96 сар манай газар дээр байшингаа барьж байшинд байнгын хүн амьдарч байсан, манай газрыг ашиглаж байсан учир би газар ашигласан төлбөрөө Г 1 сарын 20,000 төгрөгөөр тооцож 96*20,000=1,920,000 төгрөг гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч З.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацаа өнгөрсөн. Эвлэрэх, эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлүүлэх хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрөөгүй, бохирын болон дулааны худгыг зайлуулах талаар нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул жич нэхэмжлэнэ, сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй, талуудын хооронд гэрээ хэлцэл бичгээр хийгдээгүй боловч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д зааснаар нэрлэгдээгүй гэрээ байх тул сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад                        
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Ч.Ц-д холбогдуулан Газрын үнэ 1,500,000 төгрөг, шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид төлсөн 30,000 төгрөг, нийт 1,530,000 төгрөгийг гаргуулахаар /хх-1/,
Хариуцагч нь нэхэмжлэгч 96 сар газар ашигласан тул 1 сарын 20,000 төгрөгөөр тооцож 1,920,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ. /хх-29, 30/,
Зохигч газрын үнэд 1,500,000 төгрөг авсан, өгсөнд маргаагүй, хариуцагч 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хариу тайлбартаа ...Г нь ...1,5 сая төгрөгийг нэхүүлж байж 2012 оны 9-р сарын 1-нд хийсэн байсан гэжээ. /хх-13/

 Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.Г 2010 оны 10 дугаар сард хариуцагч Б.Ц-с Сайншанд сумын 6 дугаар баг, дампилын 16 дугаар хэсэг, 400м2 талбай бүхий газрыг худалдах худалдан авахаар 1,500,000 төгрөгийг шилжүүл /өгсөн, авсан/-сэн, уг газар хариуцагчийн бус, тухайн цаг үед Ч.Г-ийн буюу бусдын эзэмших эрхийн газар байсан болох нь.,
шүүхийн шийдвэр, магадлал, зохигчийн тайлбараар газрыг эзэмшигч Ч.Гарамгайд 2017 онд буцаан өгсөн үйл баримт тус тус нотлогдон тогтоогдож байна.
Тодруулбал., Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 23 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Б.Г, Ч.Ц нарын хооронд хийгдсэн Газар худалдах худалдан авах хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, газар эзэмшигчид буцаан өгөхөөр шийдвэрлэсэн, талууд хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй, магадлал 2017 оны 07-р сарын 20-ны өдөр хүчин төгөлдөр болсон байна.
 
Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль тогтоомжид зааснаар Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас маргаан зохицуулахтай холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө талууд болон зохигчдоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Эвлэрүүлэн зуучлуулах өргөдөл гаргасан этгээд улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу урьдчилан төлнө. Нэхэмжлэгчийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд төлсөн 30,000 төгрөгийг хохирол гэж үзэхгүй, үйлчилгээний хураамж юм.
Тодруулбал, хохирол учруулагчийн хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй, түүнээс учирсан хохирол, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо, хохирол учруулагчийн гэм буруу тогтоогдсон үед хохирол үүсэх тул нэхэмжлэгчийн энэ шаардлага хууль зүйн үндэслэлгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасан ...хохиролд тооцогдохгүй тул үүнийг шаардах эрхгүй.
Хариуцагчийн талд оролцож буй өмгөөлөгч З.А нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг “Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, шаардах эрхийн хугацаа дууссан, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж татгалзсан,
хариуцагч Б.Ц сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ  газрыг 96 сар ашигласан, 1 сарын 20,000 төгрөгөөр тооцож 1,960,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль тогтоомжид заасан /107.3/-аар үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж мэтгэлзэх зарчимтай.
Маргаан, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу газраас үүссэн, Иргэний хуулийн 75.2.2.-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил, /79.1./ Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, ...бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. /79.2./ Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ. /79.7./Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль тогтоомжид зааснаар /40.4./ Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ...үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй юм.
Газрын тухай хуульд /7.1/.Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, ...гэрээний дагуу газрын төлбөр төлнө. /27.1/.Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ. /27.4/.Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно. /35.1.1/.гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах; /35.1.6. газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно гэж заажээ.
Талууд аливаа гэрээ, хэлцлийг амаар байгуулж болох хэдий ч Иргэний хуульд зааснаар /40.1/.Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно., /40.2/.Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно.
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан “...газар ашиглах, төлбөр эсэх талаар тохиролцоогүй, зөвхөн газар худалдах худалдан авах хүсэлт зоригтой байсан” гэх тайлбар, хуулийн дээрх зорилго зэргээс үзэхэд нэхэмжлэгч Б.Г, хариуцагч Б.Ц нарын хооронд газар үнэ төлбөртэйгээ ашиглах гэрээ, хэлцэл байгуулагдсан гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 “Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно.”, мөн хуулийн 56.5.”Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.”-т зааснаар талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх, үнийг төлөх үүрэгтэй.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д зааснаар хариуцагч Ч.Ц-с 1,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Хариуцагч Б.Ц-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар 1,920,000 төгрөгийг Б.Г-с гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,430 төгрөг, хариуцагчийн төлсөн 45,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,
хариуцагч Ч.Ц-ээс 38,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 115.2.3, мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.2,  хуулийн 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д зааснаар хариуцагч Ч.Ц-ээс 1,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар 1,920,000 төгрөг Б.Г-аас гаргуулахыг хүссэн хариуцагч Ч.Ц-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 39,430 төгрөг, хариуцагчаас төлсөн 45,670 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,
хариуцагч Ч.Ц-с 38,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Г-д олгосуай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                В.АМАРТҮВШИН