Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 1435

 

      2020           12            1                                         2020/ДШМ/1435                               

 

 

     А.Эд холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Т.Алдар, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Тунгалагтуяа,

хохирогч Э.Сийн өмгөөлөгч Д.Очирваань,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/932 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Э.Сийн гаргасан давж заалдах гомдлоор А.Эд холбогдох эрүүгийн 2008000001032 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Боржигон овгийн Анхбаярын Э, 2001 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруун Баян-Уул суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Соёл урлагийн их сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 3 дугаар гудамж, 95 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:ЙА01212714/,

 

          Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

         

          Шүүгдэгч А.Э нь 2020 оны 5 дугаар сарын 25-ны 23 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах дугуй засварын хажууд иргэн Э.Сийг шалтгаангүйгээр зодож түүний биед үүдэн хоёр шүдний хугарал, зүүн зовхинд зулгаралт, дээд, доод уруулын салстад язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Анхбаярын Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эд энэ тогтоолоор оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 200 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын хэмжээг 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эгаас 337.350 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Сэд олгож, хохирогч Э.Сэ нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, уг хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Э.Сэ давж заалдах гомдолдоо: “... хохирогч миний бие 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 23 цагийн орчимд аавдаа эм авахаар эмийн сан руу орчихоод тус дүүргийн 7 дугаар хороонд байрлах дугуй засварын хажууд явж байхдаа үл таних 3 залуу ямар ч шалтгаангүй бүлэглэн зодож миний биед гэмтэл учруулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байхад зөвхөн А.Э гэх хүнд хариуцлага хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ.” гэж заасан байхад хохирогч надад шүүх хуралдааны товыг огт мэдэгдээгүй. Хэрэв миний бие шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцсон бол “Гялс дент” ХХК-ийн “Голден дент” шүдний эмнэлэгт 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр үзүүлсэн, имплант хийлгэсэн буюу хохирогч надад бодитоор учирсан хохирлын баримтыг шүүхэд гаргаж өгч шүүгдэгчээс хохирлын төлбөр гаргуулах байтал хэргийг шүүхэд шилжсэн эсэхийг мэдээгүй байхад шүүх хуралдааныг хийсэнд гомдолтой байна. Мөн шүүгчийн туслахаас хурлын товыг ямар учраас мэдэгдээгүй талаар лавлахад “нэгэнт шийдвэр гарсан, та давж заалдах гомдлоо гаргах эрхтэй” гэж хэлсэн. Хохирогч миний эрх зөрчигдөж байна. Нэг мөр ажиллагаагаар хохирлын асуудлаа шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 932 дугаартай шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт өөрчлөлт оруулж, хохирлын мөнгө болох 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

 

Хохирогч Э.Сийн өмгөөлөгч Д.Очирваань шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохиролтой холбоотойгоор давж заалдах гомдол гаргасан. 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр шүдний эмнэлэгт үүдэн 2 шүдний хугарлыг эмчлүүлсэн. Нэг шүдийг 3.000.000 төгрөгөөр нийт 6.000.000 төгрөгөөр хийлгэсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Бид хэрэг шүүхэд шилжсэн талаар мэдээгүй анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагчаас шүүхийн шийдвэр гарсныг мэдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүх хуралдаанд оролцох” эрхтэй гэж заасан. Мөн хуулийн 34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулна” гэж хуульд заасан. Шүүх хуралдаан хэзээ, хаана болох талаар шүүхээс тов мэдэгдээгүй. Хэрэв бидэнд мэдэгдсэн бол холбогдох нотлох баримтыг бүрдүүлж хохирлын асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой байсан. Хавтас хэргийн 19 дүгээр талд Тэмүүжингийн “Энхболд мөрлөөд Баярмагнай хажуу талаас нь цохиж Э нүүр рүү нь өшиглөсөн” гэх мэдүүлэг, 19 дүгээр талд Баярмагнайгийн “би зүүн хөмсөг хэсэгт гараараа нэг удаа цохисон” гэж мэдүүлдэг. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр зүүн зовхины доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдсон. Энэ гэмтлийг Баярмагнай гэх хүн учруулсан талаар хохирогч өөрөө мэдүүлсэн. Гэтэл гэмт хэрэг үйлдсэн этгээд бүрийг яллагдагчаар татаагүй болох нь харагдаж байна.” гэв.

 

Прокурор А.Тунгалагтуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хохирлыг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны явцад хохирогчид мэдэгдсэн талаар шүүгчийн туслах танилцуулж байсан. Эгийн цохисон үйлдэлд нь шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. Мөн шинжээч эмчээс мэдүүлэг авсан. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байх тул хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна”

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн давж заалдсан гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А.Эд холбогдох шүүх хуралдааныг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 16 цаг 00 минутад хянан хэлэлцэхээр товлосон байх боловч /хх 113/ хуралдааны товыг хохирогчид мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” гэж заасныг зөрчиж хохирогч Э.Сэд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, түүний хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж зөрчсөн байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүх хуралдааны товыг талуудад урьдчилан мэдэгдэхийг шүүхэд үүрэг болгож, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдсэн хохирогч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хуулийн 34.8 дугаар зүйлд заасан зохицуулалтын дагуу түүний оролцоогүйгээр хэргийг хэлэлцэж болохоор хуульчилсан байна.

Шүүх хуралдааны товыг талуудад урьдчилан мэдэгдэхийн ач холбогдол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ... нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, шүүх ажиллагаанд биеэр оролцох ...” хүний эрхийг баталгаатай эдлүүлэх эрх зүйн үндэслэл болох бөгөөд энэхүү эрх дан ганц хэргээ шүүлгэж буй шүүгдэгчид олгогдсон гэж үзэх үндэслэлгүй юм.

Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрх хүн бүрт хуулиар тэгш олгогдсон учраас шүүх хуралдаанд оролцох эрхийг хэргийн оролцогчдод бүгдэд нь эдлүүлэх учиртай.

Хохирогч Э.Сэд шүүх хуралдааны тов мэдэгдээгүй нь түүнд дээр дурдсан хуулийн зохицуулалт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4 заасан “...шүүх хуралдаанд оролцох”, эрхийг хязгаарласан шинжтэй байх тул “... шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, хохирол нэхэмжлэх боломж олгоогүй ...” гэсэн агуулга бүхий гомдлыг нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч А.Эд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заадах шатны шүүх дүгнэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/932 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Эд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч А.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                 ШҮҮГЧ                                                             М.АЛДАР

 

                                 ШҮҮГЧ                                                             Б.БАТЗОРИГ