Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/151

 

   

      2021           02             04                                     2021/ШЦТ/151

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэрэндулам,

улсын яллагч А.Тунгалагтуяа,

хохирогчийн өмгөөлөгч Д.Очирваань (үнэмлэхийн дугаар-2009),

шүүгдэгч А.Энхманлай, түүний өмгөөлгөгч Ч.Отгонбаатар (үнэмлэхийн дугаар-0134) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос А.Энхманлайг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008000001032 дугаартай нэг хавтас хэргийг 2020 оны 12 дугаар сарын 23-ний өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруун Баянуул суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Соёл урлагийн Их сургуулийн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 59-05 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1111 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн, Боржигон овогт Анхбаярын Энхманлай (РД:ЙА01212714).

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч А.Энхманлай нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны орой 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах дугуй засварын хажууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Э.Соёл-Эрдэнийг шалтгаангүйгээр зодож түүний биед үүдэн хоёр шүдний хугарал, зүүн зовхинд зулгаралт, дээд, доод уруулын дотор салстад язрал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Энхманлайгаас: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугийн талаар маргахгүй...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

  • Хохирогч Э.Соёл-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2020 оны 05 дугаар сарын 25-ны орой 23 цагийн орчим аавдаа эм авахаар “Эмийн сан” орчхоод Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах дугуй засварын хажууд явж байтал үл таних 3 залуу дугуй засварын үүдэнд зогсож байсан. Хамгийн жижиг биетэй залуу нь намайг эхэлж мөрлөхөөр нь “чи чинь яаж байна” гэтэл “уучлаарай гэж байгаа юм биш үү” гээд намайг заамдаад авсан. Тэгтэл цаанаас нь нэг махлаг залуу нь эхлээд миний зүүн талын нүд рүү шанаадахаар нь би доошоо тонгойтол халимаг үстэй толгойн баруун талдаа өдний шивээстэй, нөгөө талдаа 69 гэсэн шивээстэй өндөр залуу нь ирээд миний нүүр лүү гутлаараа 2 удаа өшиглөсөн. Тэгтэл миний үүдэн 2 шүд хугараад уруул хавдаад хамар амнаас цус гарсан. Тэгтэл эхний заамдаж авсан залуу нь миний баруун хөлөөс чирээд нүүр лүү нэг удаа цохисон. Би тэр гурваас зугтаагаад камертай газар ирэхэд ирээгүй. Би гэртээ ороод аавынхаа утсаар цагдаа дуудсан. Аавтайгаа гараад Хаан банкны АТМ-ны гудамжны үзүүрээс барьж авсан. Тухайн үед намайг зодсон залуу зугтаасан. Би тэд нарыг зодоогүй. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дугаар хуудас)

 

  • Гэрч Р.Энхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“....2020 оны 05 дугаар сарын 25-ны орой 21 цагийн орчим манай гэрийн доод талд байдаг шийдэн дээр Энхманлай, Баярмагнай хоёр 2.5 литрийн пиво ууж байсан. Би тэр хоёртой хамт “Соёрхол” нэртэй 0.75 литрийн архи уучхаад Баянхошууны тойрог руу бид гурав Баярмагнайг гэрт нь дөхүүлэх санаатай алхаж байгаад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах дугуй засварын үүдэн дээр зогссон. Нэг танихгүй хүн бид нарын өмнөөс алхаад ирж байхаар нь би мөрлөчихсөн. Тэгээд би цаашаа хараад алхтал Баярмагнай, Энхманлай нар миний араас ирсэн. Тэгээд дээшээ нийлээд алхаад явж байтал цагдаагийн машин ирээд Баярмагнай бид хоёрыг аваад явсан. Энхманлай 7 дугаар хорооны тэнд үлдсэн. Баярмагнай, Энхманлай хоёр хүнтэй маргалдаад байх шиг байсан. Би сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

 

  • Гэрч О.Тэмүүжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

‘’...2020 оны 05 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Энхманлай машинд мөргүүлчихлээ гээд дуудсан. Энхманлайтай Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах гурил будаа бөөний төв дээр уулзсан. Энхманлай намайг машин мөргөчихлөө надтай хамт явж байсан Баярмагнай, Энхболд хоёрыг цагдаа аваад явчихсан гэж хэлсэн. Энхманлайг дагуулаад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирсэн. Би ганцаараа хэлтэс рүү орсон чинь Баярмагнай, Энхболд нар намайг гарч бай гээд байсан. Тэгэхээр нь би машин дотор Энхманлайтай хамт сууж байтал Баярмагнай, Энхболд нар гарч ирээд машинд суугаад Баярмагнай Энхманлайг чамайг хайгаад байна гэж хэлсэн. Энхманлай намайг байхгүй мэдэхгүй гэж хэлээрэй гээд байсан. Тэгээд Баярмагнай буцаж хэлтэс рүү ороод болчихлоо гээд гараад ирсэн. Энхболд, Энхманлай, Баярмагнай нарыг хоорондын яриагаар бол Энхболд тэр залууг мөрлөөд Баярмагнай хажуу талаас нь цохиод тонгойход нь Энхманлай нь нүүр лүү нь хөлөөрөө өшиглөсөн гэж яриад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас),

  • Гэрч Б.Баярмагнайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Энхболд тэр залууг ямар шалтгаанаас болж мөрлөснийг мэдэхгүй. Би тэр залуугийн хөмсөг хэсэг рүү гараараа нэг цохисон. Энхманлай хажуу талаас нүүр лүү нь 2 удаа өшиглөсөн. Бид нар зугтаасан. Удалгүй цагдаа ирээд Энхболд бид хоёрыг аваад явсан. Би тэр залууг өмнө харж байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 6340 дугаартай: “Хэсэг газрын үзлэгт зүүн дээд зовхинд 0.6х0.1см, доод зовхинд 1х0.2см хүрэн зулгаралттай, дээд уруулын дотор салстад 0.8х0.6см, доод уруулын дотор салстад 1х0.2см хэмжээтэй шаргал өнгийн язралттай, дээд үүдэн хоёр шүд ганхаж хөдөлсөн байдалтай цус хурсан, эмзэглэлтэй. ЗОННЕ шүдний эмнэлгийн бичигт гэмтлийн гаралтай шүдний цөгц ба ёзоорын хугарал 11, 21, шүдийг авч имплант суулгах яаралттай заалттай гэжээ.

1. Э.Соёл-Эрдэнийн биед үүдэн хоёр шүдний хугарал, зуун зовхинд зулгаралт, дээд, доод уруулын дотор салстад язрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид үүдэн хоёр шүдний хугарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас)

 

- Шинжээч эмч Т.Номинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Э.Соёл-Эрдэнийн биед учирсан үүдэн хоёр шүдний хугарал, дээд, доод уруулын дотор салстад язрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн зовхинд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба тусдаа нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлд үүснэ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Энхманлайд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч А.Энхманлай нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 сарын 25-ны өдрийн 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах дугуй засварын хажууд иргэн Э.Соёл-Эрдэнийг шалтгаангүйгээр зодож түүний биед үүдэн хоёр шүдний хугарал, зүүн зовхинд зулгаралт, дээд, доод уруулын дотор салстад язрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- хохирогч Э.Соёл-Эрдэнийн “...2020 оны 05 дугаар сарын 25-ны орой 23 цагийн орчим аавдаа эм авахаар “Эмийн сан” орчхоод Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байрлах дугуй засварын хажууд явж байтал үл таних...халимаг үстэй толгойн баруун талдаа өдний шивээстэй, нөгөө талдаа 69 гэсэн шивээстэй өндөр залуу миний нүүр лүү 2 удаа өшиглөсөн. Тэгтэл миний үүдэн 2 шүд хугараад уруул хавдаад хамар амнаас цус гарсан...” гэх мэдүүлэг (хх-8),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 6340 дугаар дүгнэлт (хх2425) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл А.Энхманлай нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хохирогч Э.Соёл-Эрдэнийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Энхманлай нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6340 дүгээр дүгнэлтээр тогтоогдож байх тул прокуророос түүнийг гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх ба тус зүйл, хэсэгт зааснаар түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирогч шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул хохирогчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх боломжтой...” талаарх тайлбарыг гаргасныг хүлээн авч хохирогчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалан шүүх хуралдаанд оролцох бүрэн боломжтой байх тул шүүх хуралдааныг товлосон цагт явуулах, шүүх хуралдаан хойшлуулах явдал олон дахин давтагдахгүй байх, хэргийг хуулиар тогтоосон хугацааны дотор хянан шийдвэрлэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтуудад нийцүүлэн хохирогчийн эзгүйд хэргийг хэлэлцэж, шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

 

  • Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Хохирогч Э.Соёл-Эрдэнээс эрүүл мэндэд учруулсан хохиролд мөрдөн шалгах ажиллагааны явцад баримт (хх38-41)-аар 337.350 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт түүний өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн баримт буюу “Гялс дент” ХХКомпанийн кассын орлогын ордероор имплант шүдийг 6.000.000 төгрөгөөр хийлгэсэн гэж, нийт 6.337.350 төгрөгийг  нэхэмжилжээ.

Шүүгдэгч Э.Энхманлай нь 337.350 төгрөгийн хохирлыг төлөхөө хүлээн зөвшөөрч байна, хохирогч өмнөх шүүх хуралд баримт өгөөгүй, өнөөдрийн шүүх хуралдаанд 6.000.000 төгрөгийн баримт өгч байгаа нь эргэлзээтэй тул зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 6340 дугаар дүгнэлтийн “хэсэг газрын үзлэгт дээд үүдэн хоёр шүд ганхаж хөдөлсөн байдалтай цус хурсан, эмзэглэлтэй. ЗОННЕ шүдний эмнэлгийн бичигт гэмтлийн гаралтай шүдний цөгц ба ёзоорын хугарал 11, 21, шүдийг авч имплант суулгах яаралттай заалттай гэж бичсэн, хохирогч Э.Соёл-Эрдэнийн зүгээс үүдэн хоёр шүдний хугарал гэмтэл учирч “Голдон дент” шүдний эмнэлэгт 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр үзүүлж, “Гялс дент” ХХКомпани буюу шүдний эмнэлэгт имплант үүдэн хоёр шүд хийлгэсэн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгснийг шүүх нотлох баримтын шаардлага хангасан баримт гэж үнэлсэн болно.

Нөгөөтээгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж,

мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...эрүүл мэнд, ...болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ...зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.

Иймд шүүгдэгч А.Энхманлайгаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт  нийт 6.337.350 төгрөг гаргуулж хохирогч Э.Соёл-Эрдэнэд олгож, тэрээр цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч А.Энхманлайд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 200 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байгаа тул түүний энэ үйлдэлд 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэм буруугийн талаар маргахгүй, хохирол төлбөрийг тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаа илэрхийлж байгаа тул улсын яллагчаас санал болгож байгаа эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг зөвшөөрч байна” гэх дүгнэлтийг тус тус танилцуулав.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Шүүгдэгч А.Энхманлайд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр бусдын эрүүл мэндэд халдсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид учирсан хохирлын төлж барагдуулаагүй/, шүүгдэгчийн хувийн байдал /Соёл урлагийн Их сургуулийн 4 дүгээр курсийн оюутан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Энхманлайг 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар шүүгдэгч А.Энхманлай нь урьд ял шийтгэл эдэлж байсан (хх-43) ба Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1111 дүгээр шийтгэх тогтоол (хх46-48)-оор түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 200 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, уг ялыг эдлээгүй болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2020 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн 501499 тоот албан бичиг(хх-50)-ээр тогтоогдож байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Энхманлайд энэ тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1111 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 200 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын хэмжээг 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, хэрвээ нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Хохирогчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгчид 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг танилцуулсныг Шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлах, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй.”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна.” гэж заасныг баримталж, шүүхээс 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь дээрх хуулийн зохицуулалт болоод тухайн зүйл хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.

 

Бусад асуудлаар.

Эрүүгийн 2008000001032 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Энхманлай нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Анхбаярын Энхманлайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Энхманлайг 400 (дөрвөн зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Энхманлайд энэ тогтоолоор оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1111 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 200 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын хэмжээг 600 (зургаан зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Энхманлай нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Энхманлайгаас 6.337.350 (зургаан сая гурван зуун гучин долоон мянга гурван зуун тавин) төгрөгийг гаргуулж хохирогч Э.Соёл-Эрдэнэд олгож, хохирогч Э.Соёл-Эрдэнэ нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн 2008000001032 тоот хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Энхманлай нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Энхманлайд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.БЯМБААБААТАР