Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Маанийн Мөнхтөр |
Хэргийн индекс | 102/2017/02837/И |
Дугаар | 102/ШШ2017/02738 |
Огноо | 2017-10-18 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2017/02738
2017 оны 10 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2017/02738 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, .. дугаар байрны гадаа өөрийн байранд оршин байх, Н СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар байр, ... тоотод оршин суух, Х.Б овогт Д-ийн А /РД: .../-Д холбогдох,
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардал 1,023,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н СӨХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бы шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүрэг, ... хороо, ... тоот орон сууцны оршин суугч Д.А нь 2011 оны 4 дүгээр сараас 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар СӨХ-ны төлбөр буюу цэвэрлэгээ, харуул, лифт ашиглалт, цэвэр, бохир ус, хог, цахилгаан холбооны төлбөрт 1,023,100 төгрөгийг төлөөгүй. СӨХ-ны 1 сарын төлбөр нь 12,000 төгрөг байдаг бөгөөд үүнд: халаалт засвар үйлчилгээний төлбөр 5400 төгрөг, жижүүр 3000 төгрөг, цэвэрлэгээ 3000 төгрөг, лифт 0 төгрөг, гэрэлтүүлэг 500 төгрөг, баримтын мөнгө 100 төгрөг, нийт 12,000 төгрөг болно. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.1, Иргэний хуулийн 147, 148 дугаар зүйлд заасны дагуу сууц өмчлөгч нь хуульд заасан үүргийг биелүүлэх ёстой байдаг. Гэтэл хариуцагч энэ дээрх үүргүүдээ биелүүлээгүй учраас нэхэмжлэгчээс удаа дараа бичиг өгч, утсаар мэдэгдэж байсан болно. Иймд хариуцагч Д.Аас 1,023,100 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.А-ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би 2007 онд Англи улс руу сургуульд яваад 2017 оны 6 сард Монголд ирсэн. Үүнээс өмнөх асуудлыг би мэдэхгүй. Манай ээж энэ байранд амьдардаг. Надад ирсэн бичиг дээр цахилгаан, жижүүр, бохир усны мөнгө нэхэмжилсэн байсан. Жижүүр гэж байхгүй, лифт нь ажилладаггүй, 2015 онд манай ээж СӨХ-д ямар хүмүүс ажилладаг эсэхийг мэдэх гэж оролдоход, ямар ч эзэнгүй, хэн ажилладаг эсэх нь мэдэгдэхгүй, уулзаж чадаагүй байдаг. Орцны хаалга эвдэрхий, харуул, лифт байхгүй. Би энэ талаарх баримтуудыг хэрэгт өгсөн байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар талуудын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ нь хариуцагч Д.Ад холбогдуулан 2011 оны 4 дүгээр сараас 2017 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх буюу нийт 73 сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1,023,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ ... СӨХ нь цэвэрлэгээ үйлчилгээ муу, жижүүр байхгүй тул СӨХ-ны төлбөрийг төлөхгүй гэж тайлбарлав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4.-т зааснаар орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна. гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлнэ гэж тус тус заасан байх ба дээрх заалтуудаас үзэхэд орон сууцны зориулалттай байшингийн сууц өмчлөгч нь заавал сууц өмчлөгчдийн холбооны гишүүн байхаар зохицуулжээ.
Баянгол дүүрэг, ... хороо, 22 дугаар байрны 39 тоотын оршин суугч, өмчлөгч нь хариуцагч Д.А мөн эсэх, тухайн орон сууц нь Н СӨХ-д харьяалагддаг эсэхэд талууд маргаагүй байх тул хариуцагч нь тус СӨХ-ны гишүүн байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй гэж хуульчилжээ.
Тус сууц өмчлөгчдийн холбоо нь гишүүдээсээ сард халаалт засвар үйлчилгээний төлбөр 5400 төгрөг, жижүүр 3000 төгрөг, цэвэрлэгээ 3000 төгрөг, лифт 0 төгрөг, гэрэлтүүлэг 500 төгрөг, баримтын мөнгө 100 төгрөг, нийт 12,000 төгрөгийн санхүүжилтийг хуримтлуулдаг болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар, мөн хариуцагч Д.А нь сууц өмчлөгчдийн холбоонд төлбөл зохих төлбөрөө 2011 оны 4 дүгээр сараас 2017 оны 6 дугаар сарын 1-ны өдрийг хүртэл буюу нийт 73 сарын турш төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн тайлбар, Төрийн банкны ажилтан Х.Нямбатын 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан тайлан зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар тус тус тогтоогдож байх тул хариуцагчаас /12,000х73=876,000/ 876,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Нөхөрлөл сууц өмчлөгчдийн холбоонд олгохоор шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь сууц өмчлөгчдийн холбооны гишүүний 1 сард төлөх төлбөр нь халаалт засвар үйлчилгээний төлбөр 5400 төгрөг, жижүүр 3000 төгрөг, цэвэрлэгээ 3000 төгрөг, лифт 0 төгрөг, гэрэлтүүлэг 500 төгрөг, баримтын мөнгө 100 төгрөг, нийт 12,000 төгрөг байдаг бөгөөд удирдах зөвлөлийн шийдвэрээр нэмэгдсэн сарууд байгаа гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан боловч баримтаар нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 147,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Нөгөөтэйгүүр, СӨХ-ны үйл ажиллагаа доголдолтой, шаардлага хангахгүй байгаа нь хариуцагчийг дээрх төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүйгээс гадна үйл ажиллагаа нь доголдолтой байгааг нотлох баримт хэрэгт авагдаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Аас 876,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс 147,100 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нийт 29,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 25,574 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХТӨР