Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 1468

 

                  

 

 

  2020            12             10                                        2020/ДШМ/1468                               

Г.Г, С.Ч нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Алдар, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чимгээ,

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,

шүүгдэгч С.Ч,түүний өмгөөлөгч Ю.Тогмид,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,         

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/752 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Г, С.Ч, шүүгдэгч С.Чгийн өмгөөлөгч Ю.Тогмид нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Г, С.Ч нарт холбогдох 2011010240561 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигин овгийн Г.Г, 1999 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эмэг эх нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 10 дугаар гудамжны 511 тоотод оршин суудаг, /РД:УШ99091136/;

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 2 сар 29 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2. Хошуу бэйс овгийн С.Ч, 1993 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, ах, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 88 дугаар гудамжны 1285 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:УЦ93011332/;

Г.Г, С.Ч нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шинэ эцсийн автобусны буудлын орчим насанд хүрээгүй хохирогч  Б.Батсайхан, Б.Намсрай нараас архины мөнгө нэхэн, хүч хэрэглэхээр заналхийлж, Б.Намсрайгийн нүүрэн тус газарт мөргөн хүч хэрэглэж, Г.Г нь насанд хүрээгүй хохирогч Б.Батсайханы 420.000 төгрөгийн үнэ  бүхий “Huawei P20 lite” загварын гар утсыг, С.Ч нь 35.000 төгрөгийн үнэ бүхий хантаазыг дээрэмдэн авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Г, С.Ч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигин овгийн Г.Г, Хошуу бэйс овгийн С.Ч нарыг бүлэглэн хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг дээрэмдэн авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Г, С.Ч нарт тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г, С.Ч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч С.Чд авсан урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Г.Гын цагдан хоригдсон 67 хоног, С.Чгийн цагдан хоригдсон 27 хоногийг хасаж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, энэ хэрэгт эд баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие эхнэр Дагиймаа болон охин Аялгуу, Уянга нарын хамт амьдардаг. Миний бие хэргийг үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд хохирогчийг хохирол гомдолгүй болгосон. Шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Чойжилсүрэн, Б.Энхболд нарын хамт Чингэлтэй дүүргийн автобусны буудал дээр хамт байсан. Б.Энхболд нь 8 нэрийн дэлгүүр рүү пиво авахаар явж, С.Ч уулан дээр үлдэж, би автобусны буудал дээр гудамжныхаа хоёр хүүхэдтэй юм ярьж байсан. Тэр үед дэлгүүрийн баруун талаас Батсайхан, Намсрай хоёр ирж явсан. Тэгээд би дөхөж очоод “Уучлаарай тамхи байна уу, нэг тамхи байвал өгөөч” гэхэд “байхгүй” гэсэн. Харин Намсрай тэр хоёр хүнийг хэд хэд цохиж аваад явуулсан. Бид хоёртой эвгүй харьцахад нь “чи яаж харьцаад байгаа юм” гээд дөхөөд очтол өөрийг нь цохих гэж байна гэж бодсон бололтой хоёр гарнаас барьж намайг хойш нь түлхсэн. Тэр үед нь Чойжилсүрэн уулнаас бууж ирээд “яагаад байгаа юм хөөе” гээд Намсрайгийн хажуугаар гарахдаа мөрлөхөд Намсрай хойш ухарч замын цаад эсрэг талд гарч Чойжилсүрэн “наанаа зогс” гээд араас нь очсон. Энэ үед миний бие нь Намсрайгийн найз болох Батсайхантай нь юм ярьж “Уучлаарай буруугаар битгий бодоорой манай ах буруу ойлгоод байх шиг байна” гээд “Чойжилсүрэн ахаа болио наад хүн чинь яагаа ч үгүй ээ, бид 3 зүгээр юм яриад байж байсан юм” гэхэд Тэр үед Энхболд дэлгүүрээс пиво авчихсан гарч ирсэн, бид хэд хоорондоо танилцаж нэр, нэрээ мэдэлцэж түрүүн болсон явдалд уучлалт гуйсан. Чойжилсүрэн “өнөөдөр ахынх нь төрсөн өдөр, ганц юм аваад өгч болох уу” гэхэд “бид хоёрт мөнгө байхгүй” гээд утсаа барьцаанд тавихаар болсон. Дэлгүүрийн эгч “та хэд юун хүүхдүүд вэ, яагаад энэ хоёрыг зүгээр явуулахгүй байгаа юм, би цагдаа дуудчихсан” гэхэд Чойжилсүрэн Энхболдыг “явъя” гээд дагуулаад явчихсан. Харин би цагдаа иртэл тэнд зогсож байсан ба удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан. Болсон явдлыг бодит бусаар мэдүүлж зохиомол байдал үүсгэж, мэдүүлэг өгч хэтрүүлэгтэй ярьсанд нь миний хувьд шударга бус байна. Хэргийг дахин шийдүүлж хохирогч Батсайхан, Намсрай хоёрыг шүүх хуралдаанд оролцуулж бодит байдлыг өөрсдийнх нь амнаас сонсож юу болсон тухай асууж болох байсан ч тухайн үед прокурор хохирогчдыг Говь-Алтай аймаг руу явсан гэсэн боловч Чойжилсүрэнгийн өмгөөлөгч хохирогчдыг хотод байгаа тухай хэлсэн. Анхан шатны шүүх үүнийг авч хэлэлцээгүй мөн прокурор хохирогчдыг шүүх хуралдаанд суулгахыг эсэргүүцсэн. Үнэхээр миний хувьд ар нуруунд нь гараа хийж хутгална гэж айлгасан бол би үнэнээ хэлнэ. Тэгэхэд Чойжилсүрэн хантаазыг нь өмсчихсөн байсан. Миний бие гар утсыг аваагүй мөртлөө авсан болж 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэнд гомдолтой байна. ...” гэв.

Шүүгдэгч С.Чгийн өмгөөлөгч Ю.Тогмид давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч С.Ч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатанд эхнээс нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар үнэн зөвөөр нь мэдүүлж, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэргийнхээ хор хөнөөлийг ухамсарлан ойлгож, гэмшиж байгаа бөгөөд хохирогчид учруулсан хохирол байхгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх заалтад заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэснийг баримтлан С.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг өөрчилж, хуулийн дагуу хөнгөрүүлж өгнө үү. ... ” гэв.

Шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч Г.Өсөхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын хамгийн доод хэмжээгээр  ял оногдуулсан боловч уг ялаас нь доогуур ял оногдуулах боломжтой байсан гэж үзэж байна. Иймд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцэж гарсан байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Г.Г, С.Ч нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шинэ эцсийн автобусны буудлын орчим насанд хүрээгүй хохирогч  Б.Батсайхан, Б.Намсрай нараас архины мөнгө нэхэн, хүч хэрэглэхээр заналхийлж, С.Ч нь Б.Намсрайгийн нүүрэн тус газарт мөргөн хүч хэрэглэж, Г.Г нь насанд хүрээгүй хохирогч Б.Батсайханы 420.000 төгрөгийн үнэ  бүхий “Huawei P20 lite” загварын гар утсыг, С.Ч нь 35.000 төгрөгийн үнэ бүхий хантаазыг дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 насанд хүрээгүй хохирогч Б.Батсайханы “...Г.Г нь уулын бэлд очоод “мөнгө байна уу” гээд миний халаасыг нэгжээд миний Huawei Р20 lite загварын гар утсыг гаргаж ирээд өөртөө аваад миний өмсөж байсан хар өнгийн хантаазыг Улаанаа буюу Чойжилсүрэн нь тайлуулж байгаад надаар өөртөө өмсүүлсэн. ...Харин Г.Г нь цамцны дотогш гараа хийгээд “нэвт шаана шүү” гэхээр нь хутгалах гэж байгаа юм болов уу гэж бодоод айгаад дагаад хий гэснийг нь хийсэн. Б.Намсрайг Чойжилсүрэн “ална” гээд чулуу бариад хөөгөөд байсан. Тэгээд сүүлд хажууд нь зогсож байхад нүүр рүү нь мөргөсөн. Г.Г нь уулнаас буугаад гүйж ирээд хажуугаар нь гарахдаа мөрлөөд гарсан. С.Ч, Г.Г нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...” /хх-27-31/,

насанд хүрээгүй хохирогч Б.Намсрайн “...Г.Г нь “та нарт мөнгө байна уу” гэхээр нь “байхгүй” гэж хэлсэн. Г.Г Б.Батсайханы утсыг нь аваад утсаар ярьж байгаад өөрийнхөө халаасанд хийгээд буцааж өгөхгүй байсан. ...Намайг С.Ч нүүрэн тус газарт чамархайн хэсэгт толгойгоороо мөргөсөн, мөн уулнаас бууж ирээд хажуугаар гарахдаа мөрлөж гарсан. ...” /хх-32-35/,

гэрч Б.Энхболдын “...Улаанаа ах уулан дээр очоод пиво ууж дуусаад гар утас болон хантаазыг нь авсан. Ер нь Улаанаа ах “би энэ тойрог дээр том ш дээ, чи ахтайгаа таарахгүй биш таарна ш дээ, ахаасаа мурих гээд хэрэггүй” гээд байсан. Тэр хоёр залууг нэгжээд гар утсыг нь Улаан ах авсан, хантаазыг нь бас “би даараад байна” гэж хэлээд авсан. Тэр 2 залуу Улаанаа ахад зодуулна гэхээс айгаад утас болон хантаазаа өгсөн. Улаанаа ах элдэв үгээр дарамтлаад заналхийлээд байсан. Шууд уулнаас гүйж ирээд л цохиод авсан. ...” /хх-46-48, 49/,

Г.Гын яллагдагчаар өгсөн “...Сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. ...” /хх-4, 75-77/,

С.Чгийн яллагдагчаар өгсөн “...Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна.. ...”/хх-5-8, 85-85/ гэсэн мэдүүлгүүд,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16-17/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-18/, хөрөнгө үнэлгээний тайлан /хх-57-60/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Г, С.Ч нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шинэ эцсийн автобусны буудлын орчим насанд хүрээгүй хохирогч  Б.Батсайхан, Б.Намсрай нараас архины мөнгө нэхэн, хүч хэрэглэхээр заналхийлж, С.Ч нь Б.Намсрайгийн нүүрэн тус газарт мөргөн хүч хэрэглэж, Г.Г нь насанд хүрээгүй хохирогч Б.Батсайханы 420.000 төгрөгийн үнэ  бүхий “Huawei P20 lite” загварын гар утсыг, С.Ч нь 35.000 төгрөгийн үнэ бүхий хантаазыг дээрэмдэн авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Г, С.Ч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Г, С.Ч нарт тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон гэм бурууд нь тохирсон байх тул шүүгдэгч С.Ч, түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарын “...оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно. ...” гэж хуульчилсан ба шүүгдэгч Г.Гын “...гар утсыг би аваагүй байхад 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэнд гомдолтой байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлоос үзэхэд тэрээр өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн гэх нөхцөл байдал байхгүй байна гэж үзэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон насанд хүрээгүй хохирогч нарын өгсөн мэдүүлэг, гэрч Б.Энхболдын мэдүүлэг зэргээр шүүгдэгч Г.Г нь насанд хүрээгүй хохирогч Б.Батсайханы 420.000 төгрөгийн үнэ бүхий “Huawei P20 lite” загварын гар утсыг, С.Ч нь 35.000 төгрөгийн үнэ бүхий хантаазыг тус тус дээрэмдэн авсан болох нь нотлогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн нөхцөл байдал хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/752 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г, С.Ч, шүүгдэгч С.Чгийн өмгөөлөгч Ю.Тогмид нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/752 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Г, С.Ч, шүүгдэгч С.Чгийн өмгөөлөгч Ю.Тогмид нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ