Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 752

 

2020         09         15                                   2020/ШЦТ/752

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,

шүүгдэгч С.Ч, түүний өмгөөлөгч Ю.Тогмид, Н.Буянжаргал,

нарийн бичгийн даргаар Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Г.Г, Хошуу бэйс овогт С.Ч нарт холбогдох эрүүгийн 2011010240561 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1999 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эцэг, эмэг эх нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 10 дугаар гудамжны 511 тоотод оршин суух, урьд нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 233 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 2 сар 29 хоногийн ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан, Боржигин овогт Г.Г /РД:УШ99091136/,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1993 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эцэг, ах, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 88 дугаар гудамжны 1285 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Хошуу бэйс овогт С.Ч /РД:УЦ93011332/,

           

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Г.Г, С.Ч нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Ч, Г.Г нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шинэ эцсийн автобусны буудлын орчим насанд хүрээгүй хохирогч Б.Батсайхан, Б.Намсрай нараас архины мөнгө нэхэн, Б.Намсрайгийн нүүрэн тус газарт мөргөн хүч хэрэглэж, зүй зохисгүй үг хэллэг хэрэглэн  хүч хэрэглэхээр заналхийлж айлган сүрдүүлж, Г.Г нь насанд хүрээгүй хохирогч Б.Батсайханы 420.000 төгрөгийн үнэ бүхий “Huawei Р20 lite” загварын гар утсыг, С.Ч нь 35.000 төгрөгийн үнэ бүхий хантаазыг тус тус дээрэмдэн авсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

 - шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд,

- насанд хүрээгүй хохирогч Б.Батсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Улаанбаатар хотод ирээд удаагүй хэдхэн хонож байсан хот сайн мэдэхгүй. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт түрээсийн байранд түр хугацаагаар  амьдарч байгаа юм. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хаягийг нь хэлж мэдэхгүй байна, манай өвөө Д.Уртнасангийнх одоо амьдарч байгаа газартаа саяхан нүүж ирээд удаагүй байгаа болохоор мэдэхгүй байна тэгээд би Говь-Алтай аймгаас өөрийн найз Б.Намсрайгийн хамтаар ирсэн нэг газар байгаа болохоор бид хоёр өвөөгийн гэрт цуг очиж байж байгаад 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 21 цаг болж байхад тухайн үед байсан байр руугаа явж байгаад өвөөгийн гэрийн доод талд байдаг автобусны буудал дээр ирэхэд үл таних 20 орчим насны эрэгтэй ах болох зураг дээрээс харахад Г.Г гэх хүн дуудаад “ийшээ зогс, та хоёр хаанахынх юм бэ” гэхээр нь бид хоёр “Говь-Алтай аймгийнх” гэж хэлсэн чинь “танай нутгийнхан хаана явсан газраа зоригтой байдаг юм даа” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тухайн үед нэг их юм дуугараагүй тэр залуу найз Б.Намсрайг цохих гэхэд нь Б.Намсрай өөрийгөө хамгаалж гарыг нь барьж аваад “та яагаад байгаа юм” гэж хэлсэн чинь уул руу нэг хүнийг дуудсан, удалгүй нэг залуу болох зураг дээрхээс харахад С.Ч уулнаас бууж ирээд найз Б.Намсрайгийн хажуугаар гарахдаа мөрлөж гараад “яагаад байгаа юм" гээд өдсөн. Тэгээд Б.Намсрай хойшоо болсон чинь анх зогсоодог С.Ч гэх зураг дээрх залуу чулуу бариад хөөгөөд байсан. Тэгээд удалгүй мөн адил буудлын хажуу талын дэлгүүрээс нэг залуу зураг дээрх Б.Энхболд савтай том пиво аваад гарч ирж байсан. Тэгээд тэр гурван залуугийн С.Ч, Г.Г гэх хоёр залуу бид хоёрыг “энүүгээр дахиж гишгүүлэхгүй, бид нар эндэхийн атманууд байна, ямар овоо пизданууд вэ, та хоёр” гээд Ганбаа гэдэг нь бид хоёрын ар нуруу руу гараа хийгээд нэвт шаана шүү” гэхээр нь хутга гаргаж ирээд хутгалах гэж байна гэж айсан чинь “Хонхорын Улаанаа, Ганбаа гээд асуугаарай” гээд Б.Энхболдын гартаа барьж байсан пивыг Г.Г нь бариад яв гээд би хоёрыг автобус баазын хашаагаар дамжиж гараад уул өөд рүү дагуулж яваад уулын бэлд очоод “мөнгө байна уу” гээд миний халаасыг Г.Г /Ганбаа/ нэгжээд миний Huawei P20 lite загварын гар утсыг гаргаж ирээд өөртөө аваад миний өмсөж байсан хар өнгийн хантаазыг Улаанаа буюу С.Ч нь тайлуулж байгаад надаар өөртөө өмсүүлсэн юм. Тэгээд найз Б.Намсрайг авч үлдээд С.Ч /Улаанаа/ нь “өнөөдөр ахынх нь төрсөн өдөр болж байна, ганц юм аваад өгчих” гэхээр нь бид хоёрт мөнгө байхгүй байсан болохоор “мөнгө байхгүй” гэж хэлсэн чинь “битгий бандирхаад байгаарай” гэж хэлсэн. Тэгээд намайг “наад утсаа тавьчих” гээд сүрдүүлээд байхаар нь за гээд хэлсэн чинь Г.Г миний гар утсыг надад өгөөд “манай энэ найзтай /Б.Энхболд/ яваад энэ гар утсаа авч яваад дэлгүүрт тавиад 2 том савтай пиво аваад, идэх юм аваад ир” гээд Б.Энхболдыг цуг явуулсан. Тэгээд энэ хооронд миний утас руу ээж залгахаар нь би утсаа аваад “өвөөгийн доод талын автобусны буудал дээр намайг дээрэмдээд байна” гэж хэлсэн юм. Тэгээд дэлгүүр орох гээд явж байхад манай эгч У.Ерөөнэмэх нь удалгүй дэлгүүрийн орчимд байх автобусны буудал дээр ирсэн. Араас Б.Намсрай Г.Г, С.Ч нарын хамтаар ирсэн. Тэгээд манай эгч Улаанаагаас миний хантаазыг тайлж аваад “яах гэж та нар хүүхэд зүгээр явуулахгүй байгаа юм” гэж зогсож байсан. Удалгүй цагдаа ирж Ганбатыг нь барьж аваад нөгөө хоёул өгсөөд зугтаагаад яваад өгсөн. Энхболд гэх тэр залуу нь чимээгүй хараад зогсоод байсан, дундуур орж ирж болиулах гэж оролдоод явуул л гээд байсан юм. Тэрнээс бид хоёрыг зодож цохиж айлган сүрдүүлсэн зүйл байгаагүй. Намайг С.Ч, Г.Г нарын зүгээс зодож цохиж эрүүл мэндэд халдсан зүйл байхгүй. Харин Г.Г нь “ар нуруу руу цамцны дотогшоо гараад хийгээд нэвт шаана шүү” гэхээр нь хутга гаргаж ирээд хутгалах гээд байгаа юм болов уу гэж бодоод айгаад дагаад, хий гэснийг нь хийгээд явсан юм. Манай найз Б.Намсрайг С.Ч нь ална гээд чулуу бариад хөөгөөд байсан. Тэгээд сүүлд хажууд нь зогсож байхад нь нүүр рүү нь мөргөсөн. Г.Г нь уулнаас буугаад гүйж ирээд хажуугаар нь гарахдаа мөрлөөд гарсан. Б.Энхболд, С.Ч, Г.Г нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Б.Энхболд нь арай гайгүй байсан. Найз Б.Намсрай бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Бид хоёрыг уулан дээр очоод уу гэхээр нь уугаагүй буцаагаад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31х/,

            - насанд хүрээгүй хохирогч Б.Намсрайгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Б.Батсайхан бид хоёр гараад автобусны буудал дээр ирэхэд үл таних бид хоёроос ахимаг насны архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 160-165 см орчим өндөртэй, туранхай биетэй, шар царайтай, хар өнгийн цамцтай. цэнхэр өнгийн жинсэн өмдтэй залуу, хоёр залууг хажуудаа зогсоосон юм яриад зогсож байсан. Тэгээд бид хоёр хажуугаар нь өнгөрөхөд бид хоёрыг дуудаад ийшээ зогс гээд хажуудаа зогсоогоод нөгөө хоёр хүүхдийг хэд хэдэн удаа цохиж байгаад явуулсан юм. Тэгээд бид хоёрыг “хаанахынх юм бэ” гэхээр нь “Говь-Алтай аймгийнх, бид хоёр өвөөгийнхөө гэрт ирээд явж байна” гэж Б.Батсайхан хэлсэн чинь бид хоёрыг “надтай зодолдох уу, Говь-Алтай аймгийнхан ч зоригтой сайн зодолддог доо, би та хоёрт хутга шаана гээд” байхаар нь бид хоёр “үгүй ээ, зодолдохгүй” гэж хэлсэн чинь намайг цохих гээд дайраад байхаар нь тэр С.Ч гэх /Улаанаа/ залуугийн хоёр гарыг нь барьж авсан чинь Ганбаа гээд орилсон чинь гэр хорооллын гудамжны уул талаас нь нэг залуу болох Г.Г гарч ирээд удаагүй дэлгүүрээс нэг намхан нуруутай Б.Энхболд гэх залуу гарч ирэхэд С.Ч нь гэнэт миний зүүн талын чамархай хэсэгт толгойгоороо мөргөсөн. Тэгэхээр нь би холдоод зугтаасан чинь миний хойноос С.Ч нь чулуу бариад гүйгээд “чамайг өөрөө ирэхгүй бол найзыг чинь ална шүү” гээд хэлэхээр нь би өөрөө эргээд очсон. Тэгээд тэр гурав нэг нэгнийгээ хоорондоо Улаанаа /С.Ч/, Ганбаа /Г.Г/, Ээгий /Б.Энхболд/ гэж дуудаж байсан. Тэгээд найз Б.Батсайхантай юм яриад зогсож байгаад “хутга шаана шүү” гээд Г.Г нь хэлээд байсан. Тэгээд бид хоёрыг “цуг явъя, ганц юм ууя” гээд бид хоёрыг дагуулаад гэр хорооллын гудамжаар ороод автобус баазын хашаагаар дамжаад уулан дээр очоод бид хоёрыг “энийг аягал" гэсэн тэгээд байж байгаад Г.Г нь “та нарт мөнгө байна уу” гэхээр нь байхгүй гэж хэлсэн чинь “утас байна уу, нэг ярьчхаад өгье” гээд Г.Г найз Б.Батсайханаас утсыг аваад утсаар нь ярьж байгаад өөрийнхөө халаасанд хийгээд эргүүлж өгөхгүй байж байгаад тэд нар пивоо уугаад хоорондоо өмнө шоронд байсан талаараа яриад бид хоёрыг уу гэхээр нь уугаагүй юм. Тэгээд байж байтал С.Ч нь Б.Батсайханы өмсөж байсан хантаазыг нь тайлуулаад өөртөө өмсүүлээд “өнөөдөр ахынх нь төрсөн өдөр болж байна, ганц юм авчих” гэхээр нь мөнгө байхгүй гэсэн чинь Г-д “байгаа утсаа барьцаанд тавиад нэг юм аваадах” гэж хэлэхээр нь Б.Батсайхан яах ч аргагүй тэгье гээд Г-аас утсаа аваад Энхболд гэх залуугийн хамтаар дэлгүүр рүү явсан намайг авч үлдээд хажуудаа пиво аягалуулж байгаад Б.Батсайханыг явж байхад ээж нь түүн рүү залгахаар нь утсаа аваад дээрэмдүүлж байгаа талаар хэлэхэд удалгүй эгч У.Ерөөнэмэх гарч ирээд дэлгүүр орох гээд явж байхад тааралдсан байсан юм. Тэгээд бид гурав араас нь очиж байхад эгчтэй таараад эгч нь “та нар яахаар хүүхэд зүгээр явуулдаггүй юм” гээд С.Ч-ээс Б.Батсайханы хантаазыг аваад байж байхад удалгүй цагдаа ирээд С.Ч-, Б.Энхболд хоёр зугтаагаад яваад өгсөн. Эгч У.Ерөөнэмэх Г.Г-ыг барьж авсан байсан болохоор цагдаад хүлээлгэж өгсөн. Намайг С.Ч нь нүүрэн тус газарт зүүн чамархайн хэсэгт толгойгоороо мөргөсөн, С.Ч нь уулнаас бууж ирээд хажуугаар гарахдаа хэн бэ гээд мөрлөж гарсан. Тэрнээс өөрөөр зодож цохисон зүйл байхгүй. Та хоёр цагдаа сэргийлэх гээд явбал ална шүү, хутга шаана шүү л гэж ярьж байсан. Надаас бол ямар нэгэн эд зүйл авсан зүйл байхгүй. Энхболд гэх залуу нь ч тухайн хэрэг явдал болох үед дэлгүүрээс пиво аваад гарч ирж байсан тэгэхдээ нэг их зүйл яриагүй дундуур орж салгаад боль явуул гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35х/,

- гэрч У.Ерөөнэмэхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэртээ орж ирээд байж байхад орой 21 цаг өнгөрч байхад Говь- Алтай аймагт байх дүү У.Алтансайхан залгаад Батсайханыг автобусны буудал дээр хүмүүс дээрэмдэх гээд байна гэхээр нь гэрээсээ гараад гүйгээд автобусны буудал дээр ирэхэд Батсайхан үл таних 20 орчим насны 3 залуугийн нэг нь Батсайханы өмсөж явсан хантаазыг нь өмсчихсөн дээрэлхээд зогсож байсан. Тэгээд яваад очиход хоёр залуу уул өөдөө зугтаагаад яваад өгсөн. Би очоод цагдаа ирэхээс өмнө хантаазыг нь тайлж аваад юу болсон талаар асуухад Батсайхан хэлэхдээ бид нар эндэхийн атмаанууд байна, наад гар утсаа дэлгүүр барьцаанд тавиад нэг шил архи авч өг гээд явуулахгүй хоргоогоод гар утсыг нь нэг нь аваад намайг очихоос өмнө буцаагаад өгсөн байсан. Тэгээд Цагдаа ирж миний барьж авсан залууг согтуу байсан болохоор нь эрүүлжүүлэх саатуулах байранд хийхээр авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37х/,

- Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 59-60х/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-18х/ зэрэг нотлох болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Дээрмийн гэмт хэрэг нь хохирогчийн эд зүйлийг авах зорилгоор биед нь хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлж үг хэллэг хэлэн довтолгоо хийснээр төгс үйлдэгдсэнд тооцогддог юм.   

 

Иймд шүүгдэгч Г.Г, С.Ч нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шууд санаатайгаар, амар хялбар аргаар архины мөнгө олох зорилгоор буюу шунахай сэдэлтээр насанд хүрээгүй хохирогч Б.Батсайхан, Б.Намсрай нарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эд зүйлийг нь дээрэмдэн авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Батсайхан, Б.Намсрай нарт учирсан хохирлыг тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад биет байдлаар нь буцаан өгсөн болох нь хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай баримтаар тогтоогдож байна. Иймд Г.Г, С.Ч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Г.Г, С.Ч нарт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо адил, бусдад төлөх төлбөргүй байдал, хувийн байдлуудыг нь тус тус харгалзан үзэж тэдгээрийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 жил хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Г.Г, шүүгдэгч Хошуу бэйс овогт С.Ч нарыг бүлэглэн хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг дээрэмдэн авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Г, С.Ч нарт тус бүр 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Г, С.Ч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч С.Ч-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Г.Г-ын цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоног, С.Ч-ийн цагдан хоригдсон 27 /хорин долоо/ хоногийг хасаж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Энэ хэрэгт эд баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

8.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Г, С.Ч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ