Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2017/00108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: А.Х

 

            Хариуцагч: Б.Э

 

Х.Н болон Б.Э нарын хооронд Германы волтэр фирмийн сикомэйр маркийн компрессорын эзэмшлийн асуудлаар байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, компрессор буюу түүний үнэ 5.642.350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Х, түүний өмгөөлөгч Ж.М хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал /шүүхэд төлөөлөх эрх-0236/, гэрч Ж.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч А.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Ж.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Б.Э, Х.Н нарын хооронд хийгдсэн компресоор худалдах, худалдан авах болон түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, компрессорын өмчлөх эрхийг шилжүүлэх нэхэмжлэл гаргасан. А.Хыг хорих ангид ял эдэлж байх хооронд түүний охин Х.Н 2013 оны 07 дугаар сард түүний зөвшөөрөлгүй А.Хы тусгай зориулалтын буу цэнэглэдэг компрессорыг Б.Эт өгсөн. Талууд ямар хэлцэл хийсэн нь тодорхойгүй. Х.Н хэлцэл байгуулах үед 15 настай буюу эрх зүйн бүрэн бус чадамжтай, насанд хүрээгүй байсан. Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар насанд хүрээгүй иргэн хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгчийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийнэ гэж заасан. Гэтэл Х.Н аав А.Хаас зөвшөөрөл аваагүй. Компрессор А.Хых гэдэг нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. А.Х компрессорыг Герман улс зорчиж тэндээс 2450 еврогоор худалдаж авсан гэдэг нь түүний гадаад паспорт, баримтаар мөн нотлогдоно. Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч компрессор байхгүй худалдсан гэж тайлбарласан тул Х.Н, Б.Э нарын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчингүйд тооцож, компрессор буюу түүний үнэ 5.642.350 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 

 

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед одоо маргаж буй компрессорыг худалдсан. Өмнө нь Х.Н нь өвөө, эмээгийн хамт 10 ширхэг спортын буу худалдаж байсан. Тэгэхэд эмээ, өвөө нь Х.Нг их сургуулийн 2 дугаар курсын оюутан насанд хүрсэн хүн гэж танилцуулж байсан. Өөрөө утсаар ярьж Солонгост байгаа Солонгос ааваасаа миний дэргэд  зөвшөөрөл авсан. Насанд хүрээгүй гэдгийг нь би мэдээгүй ч надтай компрессор худалдах гэрээ хийснийг гэр бүлийнхэн нь бүгд мэдэж байсан, зөвшөөрсөн. Энэ тухай Х.Нгийн ээж болох н.Булганаа компрессорыг худалдан авсны дараа надтай уулзаж компрессор худалдаж авсаныг хүлээн зөвшөөрч байсан. А.Х нь нэхэмжлэл гаргах эрхгүй субъект. Х.Нгийн аав эсэх нь эргэлзээтэй буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд. Тухайн үед компрессор эвдэрхий байсан тул Х.Н надад 800.000 төгрөгөөр худалдсан. Эвдэрхий компрессорыг 600.000 төгрөгөөр Орос улсаас сэлбэг авчирч засаж янзалж ажилладаг болгосон. Үнэ 800.000 төгрөгийг нь төлчихсөн. Нэгэнт хийгдээд дууссан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хуулийн үндэслэл байхгүй гэв.

 

 

 

            Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч А.Х нь хариуцагч Б.Эт холбогдуулан Х.Н болон Б.Э нарын хооронд Германы волтэр фирмийн сикомэйр маркийн компрессорын эзэмшлийн асуудлаар байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, компрессор буюу түүний үнэ 5.642.350 төгрөг гаргуулахыг шаарджээ.

 

Х.Н нь өөрийн эцэг А.Хы эзэмшлийн Волтэр компрессорыг хариуцагч Б.Эт 2013 оны 07 дугаар сард худалдаж тэдний хооронд худалдах, худалдан авах  гэрээ байгуулагджээ.

 

Нэхэмжлэгч А.Х нь охин Х.Н, Б.Эт компрессорыг түрээслэсэн, хариуцагч Б.Э компрессорыг худалдаж авсан гэж тайлбарлан маргасан ба хариуцагчийн Х.Нгээс компрессорыг худалдаж авсан гэсэн тайлбараар Х.Н, Б.Э нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэв.

 

Х.Н нь нэхэмжлэгч А.Хы төрсөн охин бөгөөд 1997 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, хариуцагч Б.Этай худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэх 2013 оны 07 дугаар сард 15 нас 9 сартай буюу Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т зааснаар эрх зүйн бүрэн бус чадамжтай байсан байна.

 

Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т насанд хүрээгүй иргэн хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, харгалзан дэмжигч/-ийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийнэ гэж тус тус заажээ.

 

Иргэн 18 насанд хүрснээр өөрийн үйлдлээр эрх олж, үүрэг хүлээх чадвартай болох ба Х.Н нь Б.Эт компрессорыг худалдах хэлцэл хийхдээ өөрийн эцэг, эхээс бичгээр зөвшөөрөл аваагүй, Б.Э хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлийг бичгээр шаардаагүй, Х.Н өөрт хуулиар олгогдсон хиймэгц биелэх ахуйн чанартай хэлцлээс өөр хэлцлийг байгуулсан тул Х.Н, Б.Э нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл байна.

 

Нэхэмжлэгч А.Х Волтэр компрессорыг Герман улсаас 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 2450 еврогоор худалдаж авсан, 2013 оны хавар Ж.Гт хадгалуулсанг түүний охин Х.Н ирж авсан болох үйл баримт нь түүний гадаад паспорт, шинэчлэлийн уламжлал нэртэй төлбөрийн даалгавар, шүүх хуралдаанд оролцсон гэрч Ж.Гийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч А.Х Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.6-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах, учирсан хохиролыг нөхөн төлүүлхээр тус тус шаардах эрхтэй байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч компрессор байхгүй худалдагдсан гэж тайлбарласан тул компрессор буюу түүний үнийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч А.Х нь Х.Н, Б.Э нарын хооронд Германы волтэр фирмийн сикомэйр маркийн компрессорын эзэмшлийн асуудлаар байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлага гаргасан боловч энэ нь шаардлага бус нэхэмжлэл гаргах үндэслэл нь болсон тул хариуцагч Б.Эаас Волтэр маркийн компрессор буюу нэхэмжлэгчийн шаардсан үнэ 5.642.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Хд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн төлбөрийг, хариуцагч Б.Эаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийн хамт гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хариуцагч Б.Эаас Волтэр маркийн компрессор буюу 5.642.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Хд олгосугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  126.950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 21.722 төгрөгийг улсын төсвийн 2602002965 тоот данснаас, хариуцагч Б.Эаас 105.228 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Хд олгосугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.КУЛЬДАНА