Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 533

 

А.Халиуны нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/00108 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.Халиун,

Хариуцагч Б.Эрхэмбаярт холбогдох,

 

Х.Нинжин болон Б.Эрхэмбаяр нарын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулах, компрессорын үнэ 5 642 350 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгч З.Ариунжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч З.Ариунжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч Ж.Майзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Эрхэмбаяр, Х.Нинжин нарын хооронд хийгдсэн компрессор худалдах, худалдан авах болон түрээсийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцож, компрессорын өмчлөх эрхийг шилжүүлэх нэхэмжлэл гаргасан. А.Халиуныг хорих ангид ял эдэлж байх хооронд түүний охин Х.Нинжин 2013 оны 07 дугаар сард түүний зөвшөөрөлгүй А.Халиуны тусгай зориулалтын буу цэнэглэдэг компрессорыг Б.Эрхэмбаярт өгсөн. Талууд ямар хэлцэл хийсэн нь тодорхойгүй. Х.Нинжин хэлцэл байгуулах үед 15 настай буюу эрх зүйн бүрэн бус чадамжтай, насанд хүрээгүй байсан. Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй иргэн хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгчийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийнэ гэж заасан. Гэтэл Х.Нинжин аав А.Халиунаас зөвшөөрөл аваагүй. Компрессор А.Халиуных гэдэг нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. А.Халиун компрессорыг Герман улсад зорчиж тэндээс 2 450 еврогоор худалдаж авсан гэдэг нь түүний гадаад паспорт, баримтаар мөн нотлогдоно. Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч компрессор байхгүй худалдсан гэж тайлбарласан тул Х.Нинжин, Б.Эрхэмбаяр нарын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчингүйд тооцож, компрессор буюу түүний үнэ 5 642 350 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чанцал, өмгөөлөгч З.Ариунжаргал нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед одоо маргаж буй компрессорыг худалдсан. Өмнө нь Х.Нинжин нь өвөө, эмээгийн хамт 10 ширхэг спортын буу худалдаж байсан. Тэгэхэд эмээ, өвөө нь Х.Нинжинг их сургуулийн 2 дугаар курсын оюутан насанд хүрсэн хүн гэж танилцуулж байсан. Өөрөө утсаар ярьж Солонгост байгаа Солонгос улсын иргэн болох ааваасаа миний дэргэд  зөвшөөрөл авсан. Насанд хүрээгүй гэдгийг нь би мэдээгүй ч надтай компрессор худалдах гэрээ хийснийг гэр бүлийнхэн нь бүгд мэдэж байсан, зөвшөөрсөн. Энэ тухай Х.Нинжингийн ээж болох н.Булганаа компрессорыг худалдан авсны дараа надтай уулзаж компрессор худалдаж авсныг хүлээн зөвшөөрч байсан.

А.Халиун нь нэхэмжлэл гаргах эрхгүй субъект. Х.Нинжингийн аав эсэх нь эргэлзээтэй буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд. Тухайн үед компрессор эвдэрхий байсан тул Х.Нинжин надад 800 000 төгрөгөөр худалдсан. Эвдэрхий компрессорыг 600 000 төгрөгөөр Орос улсаас сэлбэг авчирч засаж янзалж ажилладаг болгосон. Үнэ 800 000 төгрөгийг нь төлчихсөн. Нэгэнт хийгдээд дууссан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах хуулийн үндэслэл байхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хариуцагчаас Волтэр маркийн компрессор буюу 5 642 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Халиунд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  126 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 21 722 төгрөгийг улсын төсвийн 2602002965 тоот данснаас, хариуцагч Б.Эрхэмбаяраас 105 228 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Халиунд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч З.Ариунжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтыг зөрчиж илт тэгш бус зөвхөн нэхэмжлэгч талын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргасан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Үүнд, нэхэмжлэгч А.Халиун нь өөрийн өмчлөлийн эд зүйл гэдгээ нотолж чадаагүй, үйлдвэрлэсэн улс тодорхойгүй, хүчин чадал тодорхойгүй, ямар үйлдэл хийдэг нь тодорхойгүй, энэ бүгдийг тодорхойлж чадаагүй төхөөрөмжийг нэхэмжилсэн.

Шүүх тухайн маргаад байгаа төхөөрөмжийнх мөн эсэх нь тодорхойгүй, уг төхөөрөмж нь нэхэмжлэгч А.Халиуных мөн гэдгээ нэхэмжлэгч нотлоогүй байхад нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн уг хэрэгт холбоотой нь тогдоогдоогүй төхөөрөмжийн бичиг баримтыг үндэслэн, уг төхөөрөмжийг хэнээс хэнд худалдсан, худалдан авсан гэрээ байхгүй байхад тухайн төхөөрөмжийн үнийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, мөн гэрч гэх этгээдээс “уг төхөөрөмжийг хэн авч явсныг мэдэх үү” гэхэд “би мэдэхгүй” гэдэг. Гэтэл шүүх хариуцагч л авч явсан гэж дүгнэдэг, мөн ямар нэгэн тоног төхөөрөмжийн бичиг баримт өгсөн л бол маргаад байгаа төхөөрөмж л байх ёстой гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь хариуцагчийн эрх ашгийг ноцтой зөрчиж, хэргийг илт нэхэмжлэгчийн эрх ашигт нийцүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байгаа тул дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч А.Халиун нь өөрийн охин Х.Нинжин, хариуцагч Б.Эрхэмбаяр нарын хооронд хийгдсэн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, уг гэрээгээр шилжүүлсэн компрессор буюу түүний үнэ 5 642 350 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгчийн охин Х.Нинжингээс 2013 оны 7 дугаар сард спортын буу цэнэглэх зориулалт бүхий компрессорыг худалдан авч, 800 000 төгрөгийн төлбөр төлсөн гэх хариуцагчийн тайлбараас үзвэл хэлцэл хийгдэж, эд хөрөнгө шилжсэн талаар талууд маргахгүй байна. Харин хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа Х.Нинжинг насанд хүрээгүй болохыг мэдээгүй, мөн утсаар өөрийн эцгээс зөвшөөрөл авсан гэх үндэслэлээр гаргажээ.

            Хэргийн баримтаар Х.Нинжин нь хэлцэл хийх үедээ 18 нас хүрээгүй буюу Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн бүрэн бус чадамжтай  байсан нь тогтоогдсон байна.

            Түүнчлэн Х.Нинжинд компрессорыг худалдах буюу хэлцэл хийхийг хууль ёсны төлөөлөгчөөс зөвшөөрсөн бичгийн баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд Х.Нинжин, Б.Эрхэмбаяр нарын хооронд хийгдсэн дээрх хэлцэл нь насанд хүрээгүй иргэн хуулиар зөвшөөрснөөс бусад /мөн зүйлийн 16.3-т зааснаас бусад/ хэлцлийг хууль ёсны төлөөлөгчийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийх Иргэний хуулийн 16 дугаар зүлйийн 16.2 дахь хэсгийн шаардлагыг зөрчсөн гэж үзэх тул Х.Нинжинг насанд хүрээгүй болохыг мэдээгүй, мөн утсаар өөрийн эцгээс зөвшөөрөл авсан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Дээрхээс маргаж буй хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, уг хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангасан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.6 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

Мөн зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг хуульд хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж нэгэнт заасан тул шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцох шаардлагагүй, нэхэмжлэгчийн уг шаардлага нь хэлцлийн үр дагаврыг арилгуулах шаардлагын үндэслэл гэж шүүх дүгнэсэн нь зөв болно.

Х.Нинжингээс шилжүүлэн авсан компрессор нь эвдэрхийгээс гадна хятад улсад үйлдвэрлэсэн байсан гэх тайлбар, татгалзлын үндэслэлээ хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийн дагуу баримтаар нотлоогүй тул шүүх нэхэмжлэгч талаас гаргасан баримтад үндэслэн хариуцагч Б.Эрхэмбаяраас компрессор буюу түүний үнэ 5 642 350 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт нийцсэн боловч 800 000 төгрөг төлсөн талаарх талуудын тайлбарыг үнэлээгүй нь буруу байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчаас гаргуулахаар тогтоосон 5 642 350 төгрөгөөс 800 000 төгрөгийг хасч, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “4 842 350 төгрөг” гаргуулах өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэлийг хангасан дүнгээс тооцон улсын тэмдэгтийн хураамжид мөн өөрчлөлт оруулан шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2017/00108 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын  “5 642 350” гэснийг “4 842 350” гэж,  

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “105 228” гэснийг “92 427” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105 230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ИЧИНХОРЛОО

                        ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ