Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Жавхлан,

Улсын яллагч Н.Мөнхцэцэг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Баян-Өлзий,

Гэрч С.Ган-Эрдэнэ, Б.Наранхүү, У.Энхцогт, А.Батцэрэн,

Шүүгдэгч Б.Болотбек, түүний өмгөөлөгч Д.Батхуяг /ҮД-2368/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 164 дүгээр зүйлийн 164.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Молхо овогт Байталовын Болотбекд холбогдох эрүүгийн 201626022621 тоот дугаартай, 3 хавтас хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, казак, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, эдийн засагч математик загварчлал мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ Капитал банкны Капитал таун салбарын захирлаар ажиллаж байсан, одоо Капитрон банкны Баянгол тооцооны төвийн эрхлэгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгатын 22-4 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ХЗ86100776 регистрийн дугаартай,  Молхо овогт Байталовын Болотбек. 

 

Шүүгдэгч Б.Болотбек нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Капитал банкны Капитал таун салбарын захирлаар ажиллаж байхдаа хувийн сэдэлтээр 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 12 цаг 54 минутад албаны суурийн компьютерийг ашиглан [email protected] цахим хаягнаас “ажил хүлээлцэх акт” нэрээр 16 төрлийн мэдээ баримтыг өөрийн хувийн [email protected] мэйл хаяг руу илгээж Капитал банкны санхүүгийн болон аж ахуйн үйл ажиллагааны нууцад хамаарах 14 төрлийн мэдээ баримтыг хууль бусаар олж авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Болотбек мэдүүлэхдээ:

Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би анх өөрийн ажиллаж байсан Капитал банкинд ажлаас гарах хүсэлтээ өгч, Ундармаа чөлөөлж өгөхөөр тохирсон. Ингээд миний хүсэлтийн дагуу намайг ажлаас чөлөөлөөгүй тул дахин дахин хүсэлтээ өгч байсан. Хамгийн сүүлчийн хүсэлтэндээ ажлыг маань яаралтай хүлээж авахыг шаардаж, анхааруулсан. Ажил олгогчийн зүгээс ажлыг маань хүлээж аваагүй тул өөрийн ажлыг салбарын эдийн засагч У.Энхцогт болон бусад ажилтнуудаа байлцуулан баримт материалуудаа тулгаж өгсөн. Ажил олгогч хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас би энэ үйлдлийг хийхэд хүрсэн. Ажил хүлээлцсэн актыг хувийн цахим хаяг руугаа шилжүүлсэн шалтгаан нь намайг ажил хүлээлцсэний дараа баримт материал устаж үгүй болохгүй байх баталгаа байхгүй байсан тул ирээдүйд учрах эрсдэлээс өөрийгөө хамгаалсан юм. Би ажиллаж байх хугацаандаа ажлаас гарсан хүмүүстэй холбоотойгоор Капитал банк хуулийн байгууллагад ханддаг талаар маш их сонсож байсан. Яагаад цахим хаяг руугаа явуулсан бэ гэхээр тухайн баримтуудыг хэвлэх гэхээр актын хавсралт нь 1000 гаруй хуудас байсан тул хэвлэхээс залхуурсан юм. Намайг Капитал банкны санхүүгийн болон аж ахуйн үйл ажиллагааны нууцад хамаарах 14 төрлийн мэдээ баримтыг хууль бусаар олж авсан гэж буруутгаж байгаатай санал нийлэхгүй байна. Би Капитал банкинд ажиллаж байхдаа нууцад хамаарах мэдээллүүдийг ашиглаж байсан, эрх бүхий субъект байсан. Өөрөөр хэлбэл би тэдгээр нууцын зэрэглэлтэй баримтуудыг аль хэдийн хууль ёсны дагуу олж авсан байсан гэсэн үг. Би тэдгээр баримтуудыг өөрийн цахим хаяг руугаа шилжүүлсний дараа задруулаагүй, огт нээгээгүй байсан. Энэ талаар цагдаагийн байгууллага шалгаж тогтоосон. Намайг Капитал банкинд хохирол учруулсан мэтээр дүгнээд байгааг ойлгохгүй байна. Ямар нэгэн хэрэгт заавал сэдэл нь тогтоогдсон байхыг шаарддаг. Би энэ гэмт хэрэгт холбогдоод тодорхой хэмжээнд холбогдох хуулийг нь судалж үзсэн. Олж авсан гэдгийг хуульд олон янзаар тайлбарладаг юм байна. Би Капитал банкинд ямар нэгэн хохирол учруулаагүй. Удаа дараа ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байсан боловч ажил олгогч уг хүсэлтийг маань хангаагүй. Намайг цагаатгаж өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Баян-Өлзий мэдүүлэхдээ:

  Б.Болотбекийн энэ үйлдэл бол Эрүүгийн хуулиар зохицуулсан үйлдэл юм. Б.Болотбекийн өөрөө авсан нууцын зэрэгт хамаарах 14 нэр төрлийн баримтын хувьд харилцах дансны эзэмшигчдийн мэдээлэл, дансны хуулга, бусад гэрээ байсан. Энэ баримтуудыг манайхаас үнэлээд 45,051,885 төгрөгийн хохирол учирсан гэж үзсэн. Хэдийгээр Б.Болотбек тухайн баримтуудыг бусдад задруулаагүй гэж байгаа боловч задруулаагүй гэдгийг нь нотлогдсон зүйл байхгүй. Олж аваад цаашаа яаж ашигласныг тодорхойлох боломжгүй. Иймд хохирлыг маань барагдуулж өгнө үү. Нууцад хамаарах баримтыг эзэмших эрхтэй субъектуудын хувьд  эзэмшиж байгаа баримтуудаа банкны энэ хаягаас өөр бусад цахим хаяг руу шилжүүлэх тохиолдолд удирдлагаас зөвшөөрөл авах ёстой. Б.Болотбекийн шилжүүлсэн баримтын хувьд нууцын журамд журамлагдсан байдаг юм. Үүнтэй холбоотойгоор Монгол банкны шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Бидний нэхэмжилж байгаа хохирлын хувд бодит хохирол гэж хэлэхэд төвөгтэй юм. Тийм болохоор авсан тайлангуудыг хийсэн ажлын хөлсийг нэхэмжилж байгаа. Монгол Банкны шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байгаа гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Ган-Эрдэнэ мэдүүлэхдээ:

  Би ажилд орсоныхоо дараа хяналтын системийг сарын хугацаанд туршилтаар ажиллуулсан. Гэтэл тухайн хяналтын хугацаанд Б.Болотбекийн зөрчилийг илрүүлсэн юм. Сapitalbank.mn гэх цахим хаягийг өөр хүн ашиглах боломжгүй. Энэ хаягаар явж байгаа баримтууд зөвхөн Капитал банкны өмч байх ёстой. Тухайн хаягаас явж байгаа мэдээлэл банкны өмч учраас хувийн хаяг руугаа явуулж болохгүй. Хэрвээ хувийн хаяг руугаа явуулсан бол гадагш задруулсан байна гэж үзнэ. Гадагшаа гарсан мэдээллүүд нь нууцад хамаарах баримтууд байгаа. Хэрвээ ажилтан ажлаас гарсан тохиолдолд 5 жилийн хугацаанд нууцад хамаарах баримтуудыг задруулахгүй байх үүрэгтэй. Цахим шуудангийн харилцааг журмаар зохицуулдаг. Гадагшаа гарч байгаа мэдээлэл нь сервер дээр үлддэг. Бид сэжигтэй мэдээллүүдийг шүүж хараад зөрчсөн байна уу, зөрчөөгүй байна уу гэдгийг давхар тулгаж байдаг юм. Албан байгууллагуудаас албан бичгийн дагуу шаардаж авч байгаа баримтууд нь хэвийн, харин хувийн цахим хаяг руу явуулж байгаа мэдээллийг нь сэжигтэй гэж үздэг юм. Хувийн хаяг руу явуулахдаа зөвшөөрөл авдаг. Б.Болотбек зөвшөөрөл аваагүй. [email protected] гэх цахим хаягийг эзэмшихэд тухайн ажилтны тайлан руу хандах эрх түүнийг ажиллаж байх хугацаанд зохицуулагдаж байгаа боловч нууц, маш нууц гэх зэрэглэлд хамаардаг. Хэрвээ ажилтан тодорхой мэдээллийг гадагшаа гаргах шаардлагатай бол мэдээллийн аюулгүй ажилтны зөвшөөрлийн дагуу гаргах ёстой гэв.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Наранхүү мэдүүлэхдээ:

   Б.Болотбекийн ажлыг хүлээж авах ажлын хэсгийг би ахалсан. Б.Болотбек ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд 30 хоногийн хугацаа өнгөрсөн байсан. Улмаар гүйцэтгэх захирлын тушаал гараад маргааш нь бид албан ёсоор ажил хүлээлцсэн байгаа. Тэр актыг би харсан. Гэхдээ нарийвчилж үзээгүй. Заавар журмын дагуу хүлээлцсэн байсан. Гэхдээ тэр албан ёсны бус ажил хүлээлцэх акт. Комьпютер дээр байгаа файлыг файл хэлбэрээр нь хүлээлцдэг. Бид албан ёсоор ажил хүлээлцэж байгаа өдрийн баримтуудыг албан ёсных гэж үзнэ. 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр болон 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн тайлан зөрнө. Тийм болохоор 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн баримтыг албан ёсных гэж үзэж байгаа гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч У.Энхцогт мэдүүлэхдээ:

2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ажил хүлээлцэхдээ дандаа цаасаар хүлээлгэж өгсөн. Хугацаа хэтэрсэн тайлан, худалдсан тайлан гэх зэргийг хэвлэж харуулсан. Б.Болотбек ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ банкны удирдлагад өгсөн байсан бөгөөд хуульд заасан хугацаанд нь хүсэлтийг шийдвэрлээгүй учраас бидэнд урьдчилсан байдлаар хүлээлгэж өгсөн. Ажил хүлээлцэхэд нууцын зэрэглэлтэй баримтуудыг хүлээж авах эрхтэй хүн би биш гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч А.Батцэрэн мэдүүлэхдээ:

Цаасан хэлбэрээр файлуудыг бүгдийг нь аваагүй. Ийм ийм файл байгаа гэдгийг зурган хэлбэрээр харуулсан.  Ажлаас гарч байгаа ажилтан ажил хүлээлцсэн баримтаа цаасаар нэг хувийг нь өөртөө авч үлдэх ёстой. Нууцтай холбоотой баримт байсан. Нууцтай холбоотой баримтуудыг тушаалаар томилогдсон хүн авах ёстой. Албан ёсны тушаал гараад би ажил хүлээлцэж авсан гэв.   

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад гэрч М.Оюунтуяагийн өгсөн:

            “... Намайг эрсдэлийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байх хугацаанд мэдээллийн аюулгүй байдлын албанаас гадагшаа явсан бүх мэйл хаягуудыг хянаад сэжигтэй гэсэн мэдээллүүдийг гаргаж ирсэн ямар файлуудыг явуулсан байна гэдгийг илүү гүнзгийрүүлээд судлахад Болотбек нь өөрийнхөө хувийн хаяг руу банкны нууц мэдээллүүдийг явуулсан байсан ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/

 

            Мөрдөн байцаалтад хохирогч С.Ган-Эрдэнийн өгсөн:

            “... 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Б.Болотбекийн [email protected] хаягнаас өөрийн хувийн [email protected] хаяг руу шилжүүлсэн файлуудаас 17 дугаар файл буюу Легалинфо.мн /хөдөлмөрийн дотоод журам/ нь банкны нууцад хамаарахгүй, харин бусад шилжүүлсэн файлууд нууцын журамд хамаарна ...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 197 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Энхсаруулын өгсөн:

“... Би Капитал банкинд зах зээлийн эрсдлийн мэргэжилтнээр ажилладаг. Манай шууд удирдлагын захирал надад Болотбекийн шилжүүлсэн тайланг өгөөд тухайн салбарын одоо байгаа хугацаагаар нь харилцагч нарын депозитын дэлгэрэнгүй тайланг татаад харьцуулаад үзээдэх гэж хэлсэн. Тэгэхээр нь би харьцуулаад үзэхэд харилцагч нь хэдэн ширхэг байна карт эзэмшигч нь хэдэн ширхэг байна, харилцах данс эзэмшигч хэдэн ширхэг байна, тэдгээрийн нийт дансны үлдэгдэл зэргийг хугацаагаар нь харьцуулж гаргаж өгсөн. Тэгээд бас хамгийн өндөр дүнтэй 10 хадгаламж эзэмшигчийн мэдээллийг тусад нь шалгаад Болобтекийн анх шилжүүлсэн үеэс хойш үзэхэд 2 том харилцагчийн хадгаламж нь хугацаа нь дууссан учраас цуцлагдсан байсан. Бусад 8 хүний буюу том дүнтэй хадгаламж эзэмшигч нарын хадгаламжийн үлдэгдэлд нь өөрчлөлт ороогүй байсан. Мөн улсын байгууллагаас бусад харилцагчдын харилцах хадгаламж картын дансны үлдэгдлийн нийлбэр нь 1,6 тэрбум орчим төгрөг байсан бөгөөд тухайн депозитын дэлгэрэнгүй тайланг шилжүүлэн авсан хүн нь 1,6 гаруй тэрбум төгрөгийн үлдэгдэл бүхий харилцах хадгаламж картын данс эзэмшигчдийн мэдээллийг авсан байна ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 93-р, 2-р хавтаст хэргийн 199-200 дугаар хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.Батцэцэгийн өгсөн:

“... Би Капитал банкинд эрсдлийн мэргэжилтнээр ажилладаг. 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр манай Эрсдэлийн удирдлагын газрын захирал надад мэдээлэл алдагдсан талаар хэлсэн. Тэрхүү мэдээлэл дунд нь манай зээлдэгч болон хадгаламж эзэмшигчдийн мэдээлэл болон дэлгэрэнгүй тайлан зэрэг байсан. Захирлын зүгээс зээлдэгч нарын мэдээлэлд тулгуурлаад Капитал Таун салбарын зээлдэгч нарын мэдээлэл дээр тулгуурлаад зээлдэгч нараас тухайн салбар дээрээ одоо бүртгэлтэй байна уу, эсвэл зээлээ хугацаанаасаа өмнө хаасан байна уу, хэрэв тухайн зээлдэгч нар хугацаанаасаа өмнө зээлээ хаасан тохиолдолд манай банк тухайн зээлүүдээс ирээдүйд олох хичнээн хэмжээний орлого алдах талаар дүгнэлт гарга гэсний дагуу 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар Капитал Таун салбарын зээлдэгч нарын мэдээллийг татаад, мөн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн мэдээлэлтэй харьцуулж үзэхэд хугацаанаасаа өмнө хаасан томоохон зээл бол байгаагүй, тэтгэвэр болон хадгаламж барьцаалсан ганц нэг зээл хаагдсан байсан. Эдгээр нь хугацаанаасаа өмнө хаагдах боломжтой. Тэгээд 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн үлдэгдлээс тухайн зээлүүдийн хаагдах хугацаа хүртэлх нийт ирээдүйд орж ирэх хүүний орлогыг тооцоолоод дүгнэлтэндээ тусгасан ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 97-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Хонгорын өгсөн:

“... Болотбек нь 30 хоног өнгөрчихсөн гээд 2016 оны 6 дугаар сарын  09-ний өдөр надад ажлаа хүлээлгэн өгөөд, ажлаасаа гарсан. Бид хоёрын ажил хүлээлцсэн актанд 1. Санхүүгийн үзүүлэлтүүд, 2. Бүх харилцагч нарын зээлийн мэдээ, 3. Бүх салбарын эд хөгшил  хөрөнгө, 4. Хийж байгаа ажилтай нь холбоотой хамтран ажиллах гэрээнүүд, 5. Салбарын дотоод үйл ажиллагаатай нь холбоотой баримтууд зэрэг зүйлс тусгагдсан. Ажил хүлээлцэхэд манай банкын салбарын удирдлагын газрын захирал Наранхүү, дотоод аудитын газрын захирал Хангал, эрсдэлийн удирдлагын газрын мэргэжилтэн Наран, санхүү хөрөнгө удирдлагын газрын нягтлан Дэлгэрмаа нар тус тус байлцсан. Уг үйл явцыг Капитал банкны гүйцэтгэх захирал Ариунболдын тушаал шийдвэрээр гүйцэтгэсэн. Тухайн үед Б.Болотбек нь уг ажил хүлээлцсэн актыг файл хэлбэрээр хадгалаад өөртөө давхар авч үлдэх талаар ажил хүлээлцэхэд байсан хүмүүст хэлээгүй. ... Ажил хүлээлцэж байгаа хүн нь өөртөө файл хэлбэрээр авч үлдэж болохгүй. ... Уг ажил хүлээлцсэн актанд банкны нууцад хамаарах баримтууд байсан бөгөөд . Санхүүгийн үзүүлэлтүүд, 2. Бүх харилцагч нарын зээлийн мэдээ, 3. Бүх салбарын эд хөгшил  хөрөнгө, 4. Хийж байгаа ажилтай нь холбоотой хамтран ажиллах гэрээнүүд, 5. Салбарын дотоод үйл ажиллагаатай нь холбоотой баримтууд зэрэг нь нууцад хамаардаггүй бөгөөд баримтууд нь тус бүртээ хавсралтуудтай байдаг. Уг хавсралтууд нь тэр чигтээ нууцад хамаардаг. Болотбекийн 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 12 цаг 55 минутанд файлаар шилжүүлсэн файлууд банкны нууцад хамаарна ...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 186-188-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Булганы өгсөн:

“... Тухайн үед би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Капитал Таун салбарт теллерээр ажилладаг байсан. 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр манай захирал Б.Болотбек нь өргөдлөө өгөөд нэг сар гаруй болсон, миний ажлыг төвөөс хүлээж авахгүй байна, тийм болохоор миний дараагийн ажил намайг ажилдаа ор гээд байгаа болохоор та нарт ажлаа хүлээлгэн өгнө, маргааш буюу 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр бүх ажилчдыг цугла гэснээр би маргааш үдээс хойш нь 16 цагийн орчим очиход, манай салбарын ажилчид бүгд ирсэн байсан. ... ирээд ажлаа хүлээлцсэн. Тухайн үед теллер Оргил бид 2 хадгаламжийн хувийн хэрэг, картын хувийн хэрэг, тэтгэврийн зээлийн хувийн хэрэг, бараа материал зэргийг тоолж тулгасан. Бусдыг нь ахлах теллер Даваасүрэн, эдийн засагч Энхцогт нар хүлээлцсэн. ... Ажил хүлээлцсэн актаа өөрийн хувийн и-мэйл хаяг руу шилжүүлэн авах талаар юу ч хэлээгүй. Тэр үед Оргил бид 2-ын тоолж шалгаж хүлээн авсан актыг хэвлэж гаргаад Оргил бид 2-оор гарын үсэг зуруулсан ...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 192-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Наранхүүгийн өгсөн:

“... Б.Болотбекийн өргөдлийн хугацаа нь дууссан байсан гэсэн шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгсөн байсныг тухайн өдөр буюу 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Б.Болотбекийг дуудаад тухайн үеийн салбарын удирдлагын газрын мэргэжилтэн Б.Хонгорт Б.Болотбекийн ажлыг хүлээлгэн өгсөн. Б.Хонгор нь захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон тэр өдөр ажил хүлээлцэхэд Дэлгэрмаа, Хангал, Батцэрэн, Хонгор нар байсан бөгөөд бид нар Капитал банкны дотоод журмын дагуу ажил хүлээлцэх журам зааврын дагуу ажлыг чиглэл тус бүрээр хүлээлцсэн. Б.Болотбекийн ажлыг Хонгорт бүрэн гүйцэт хүлээлгэн өгч ажил хүлээлцсэн акт үйлдсэн. Б.Болотбек ажил хүлээлцсэн актыг өөрийн и-мэйл хаяг руу шилжүүлэн авах талаар юу ч хэлээгүй. Ер нь бол тушаал гарангуут программын эрхийг нь хаадаг ...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 194-195-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Батцэрэнгийн өгсөн:

“... Болотбек нь тухайн үед ажлаа хүлээлцэн өгөх үед нь би хамт байлцсан бөгөөд надаас гадна Дэлгэрмаа, Хангал, ажлын хэсгийн ахлагчаар Салбарын удирдлагын захирал Б.Наранхүү нар хамт байлцсан. Болотбек нь тухайн ажил хүлээлцсэн актанд доорхи эд зүйлсийг цаасан хэлбэрээр бичиж тусгасан юм. Үүнд: 1.Үндсэн хөрөнгө, 2.Кассын үйл ажиллагаа /кассын баримтууд/, 3.Зээлийн үйл ажиллагаа, 4.Хөрөнгө материал, 5.Капитал Таун салбарын авлага, өглөгийн талаарх баримтууд, 6.Депозит дансны бүртгэл, хувийн хэргийн материал, 7.Эрх зүйн болон албан тоотууд /хамтран ажиллах гэрээ, албан хэрэг хөтлөлтийн баримт бичгүүд, ажиллагсдын хөдөлмөрийн гэрээ, удирдлагын үйл ажиллагаатай холбоотой баримт, архивын баримтууд, компьютер программ хангамжтай холбоотой зүйл, бусад мэдээлэл зэрэг нийт 7 хэсэгт хуваасан цаасан баримтууд байгаа. Уг актыг бичиж хүлээлцээд бид нар бүгд уншсан, мөн гарын үсгээ зурсан. ... Уг ажил хүлээлцсэн актыг одоо харахад 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Капитал банкны гүйцэтгэх захирлын 455 дугаартай тушаалын дагуу Капитал Таун салбарын захирал Б.Болотбекийн ажлыг Салбарын удирдлагын газрын мэргэжилтэн Б.Хонгорт Капитал банкны “ажил хүлээлцэх заавар”-ын дагуу хүлээлцүүлэв гэсэн байна. ... Уг ажил хүлээлцэх акт уг нь бол Б.Болотбекэд нэг хувь нь үлдэх ёстой, харин файл хэлбэрээр өөртөө хадгалах талаар бид нарт хэлсэн үгүйг санахгүй байна. ... Болотбекийн 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 12 цаг 55 минутанд файлаар шилжүүлсэн файлууд банкны нууцад хамаарна ...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 202-204-р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч У.Энхцогтын өгсөн:

“... 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр төвөөс комиссын хүмүүс ирэхэд Б.Болотбек ирээд албан ёсоор ажлаа хүлээлгэн өгсөн ...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 206--р хуудас/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Хангалын өгсөн:

“... 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Капитал банкны гүйцэтгэх захирлын 455 тоот тушаалын дагуу Капитал Таун салбарын захирал Б.Болотбекийн ажлыг салбарын удирдлагын газрын мэргэжилтэн Б.Хонгорт хүлээлгэн өгөхөд би байсан. Ажил хүлээлцсэн актанд кассын үнэ бүхий зүйл, өөрийнх нь хариуцаж байсан үндсэн хөрөнгө, холбогдох хамтран ажиллах гэрээ, касс болон меморалын баримтууд өөрийн дуусгаагүй ажлууд, тухайн салбарын нууцад хамаарах файлууд, тамга тэмдэг зэрэг зүйлүүд байсан. Миний санаж байгаагаар тухайн салбартаа холбоотой бүх л зүйл байсан. Ажил хүлээлцэх актанд тусгасан зүйлсийн талаар би өөрийн биеэр уншиж танилцсан, мөн гарын үсгээ зурсан. Ажил хүлээлгэн өгч байгаа хүн нь ажил хүлээлцсэн актыг файлаар өөрийн хувийн е-майл хаяг руугаа явуулахыг зөвшөөрөхгүй. Ажил хүлээлцсэн актыг 3-н хувь үйлдээд нэг хувийг нь ажил хүлээн авч байгаа буюу Б.Хонгор авах ёстой, нэг хувийг төв дээр хүний нөөцөд хүлээлгэн өгөх ёстой, үлдсэн нэг хувийг хэвлэмэл байдлаар ажлаа хүлээлгэн өгч байгаа буюу Б.Болотбек авах ёстой. ... Б.Болотбек нь анх ажлаасаа гарахдаа хувийн бизнес хийнэ гэж байсан мөртлөө гарсныхаа дараа өрсөлдөгч Капитрон банкинд ажилд орсон байсан ...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 215-216-р хуудас/

 

Монгол банкны 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Нб /32 дугаар шинжээчийн:

1. Капитал банкны зарим мэдээллий иргэн Б.Болотбек цахим хаяг руугаа илгээснээр банкинд бодитойгоор ямар хохирол учраад байгааг баримтаар тогтоох боломжгүй байгаа тул Капитал банкинд иргэн Б.Болотбек 7.19 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа талаарх Капитал банкны Эрсдэлийн удирдлагын газрын гаргасан дүгнэлт үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй байна.

2. Иргэн Б.Болотбек нь 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өөрийн [email protected] хувийн цахим хаяг руу дараах мэдээллүүдийг илгээсэн гэжээ.

Үүнд:

  1. Худалдсан зээлийн үлдэгдлийн хураангуй тайлан /рdf/
  2. Худалдсан зээлийн үлдэгдлийн дэлгэрэнгүй тайлан /рdf/
  3. Хугацаа хэтэрсэн зээлийн тайлан /рdf/
  4. Ху.хэт /ехс/
  5. Капитал таун 0527 Үндсэн хөрөнгө /ехс/
  6. Зээлийн үлдэгдлийн хураангуй тайлан /рdf/
  7. Зээлийн үлдэгдлийн дэлгэрэнгүй тайлан /exc/
  8. Дотоодын дансны үлдэгдлийн хураангуй тайлан /рdf/
  9. Дотоодын дансны үлдэгдлийн мэдээ /рdf/
  10. Дотоодын дансны үлдэгдлийн хураангуй тайлан /рdf/
  11. Депозит дансны үлдэгдлийн дэлгэрэнгүй тайлан /ехс/
  12. Депозит дансны үлдэгдлийн дэлгэрэнгүй тайлан /рdf/
  13. Балансын гадуурх дансны үлдэгдлийн хураангуй тайлан /рdf/
  14. Балансын гадуурх дансны үлдэгдлийн мэдээ /рdf/
  15. Акт /word/

16.        Legalinfo.mn- Хөдөлмөрийн тухай /word/

Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг банкны хувь нийлүүлэгч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, хянан шалгах зөвлөл, ажилтанд хориглоно” гэж заасан байдаг бөгөөд Капитал банкны Гүйцэтгэх захирлын 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 425 дугаар тушаалаар батлагдсан “Нууцын журам”-ын хавсралтаарх нууц мэдээллийн жагсаалтаас харахад ажил хүлээлцсэн акт болон Хөдөлмөрийн тухай хуулиас бусад мэдээллүүд банкны нууцад хамаарч байна гэж үзлээ ...” гэх дүгнэлт /3-р хавтаст хэргийн 77-83 дугаар хуудас/

 

  - Б.Болотбекийн хөдөлмөрийн гэрээний хуулбар /1-р хх-н 7-11-р хуудас/

  - Б.Болотбекийн нууц хадгалах тухай баталгаа /1-р хх-н 16-р хуудас/

  - Капитал банкны Эрсдлийн удирдлагын газрын Цахим шуудангаар банкны мэдээллийг гадагш задруулсан тухай дүгнэлт /1-р хх-н 23-27-р хуудас/

  - Б.Болотбекийг ажлаас чөлөөлөх тухай Капитал банкны гүйцэтгэх захирлын тушаалын хуулбар /1-р хх-н 29, 167-р хуудас/

  - Б.Болотбекийн ажлын байрны тодорхойлолт /1-р хх-н 33-р хуудас/

  - Капитал банкны нууцын журам /1-р хх-н 46-53-р хуудас/

  - Капитал банкны хөдөлмөрийн дотоод журам /1-р хх-н 55-62, 3-р хх-н 89-97-р хуудас/

  - Б.Болотбекийг ажилд томилох тухай тушаал /1-р ххн- 166-р хуудас/

  - Б.Болотбекийг Капитрон банкинд ажилд авсан тушаал /1-р хх-н 170/

  - Б.Болотбекийн ажлаас чөлөөлөгдөх өргөдөлүүд /1-р хх-н 174-180-р хуудас/

  - Б.Болотбекийн ажил хүлээлцсэн акт /1-р хх-н 182-184-р хуудас/

  - И-Мэйл хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 186-238-р хуудас/

  - Капитал банкны Капитал Таун салбарын Б.Болотбекийг ажиллаж байсан комьпютерт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-н 52-56-р хуудас/,

     - Капитал банкны Сахилгын хорооны ажиллах журам /3-р хх-н 98-105-р хуудас/ зэрэг баримууд болон,

                                                                                     

шүүгдэгч Б.Болотбекийн хувийн байдалтай холбоотой:

Мөрдөн байцаалтад гэрч Б.Муратбекийн өгсөн:

“... Б.Болотбекийн миний яг дээд талын ах , бид нар гэрээсээ гурвуулаа. Б.Болотбек нь өөдрөг сэтгэлтэй, тайван шудрага хүн юм. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг ...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 101 дүгээр  хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Б.Анаргүлийн өгсөн:

“... Б.Болотбек нь миний миний хамгийн том ах. Улаанбаатар хотод төрж өссөн. ... Одоо Улаанбаатар хотод 1 охин 1 хүүгийн хамт амьдардаг. Капитрон банкны 25 дугаар эмийн сангийн салбарт захирлаар ажилладаг, зан аашийн хувьд нийтэч, шударга, ажлын төлөө, дайчин, найрсаг зантай хүн ...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 219 дүгээр  хуудас/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 123/

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-128/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-129/,

- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-130/,

- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /1-р хх-н 131-132/

- Цэргийн алба хаасан баримт /1-р хх-н 133/,

- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /1-р хх-н 134/,

- Бакалаврын дипломын хуулбар /1-р хх-н 135/,

- Шагналын баримтууд /1-р хх-н 136-138/,

- Нийгмийн даатгал төлдөг талаарх лавлагаа /1-р хх-н 159/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

            Шүүгдэгч Б.Болотбек нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Капитал банкны Капитал таун салбарын захирлаар ажиллаж байхдаа хувийн бусад сэдэлтээр 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 12 цаг 54 минутад албаны суурийн компьютерийг ашиглан [email protected] цахим хаягнаас “ажил хүлээлцэх акт” нэрээр 16 төрлийн мэдээ баримтыг өөрийн хувийн [email protected] мэйл хаяг руу илгээж Капитал банкны

  1. Худалдсан зээлийн үлдэгдлийн хураангуй тайлан /рdf/
  2. Худалдсан зээлийн үлдэгдлийн дэлгэрэнгүй тайлан /рdf/
  3. Хугацаа хэтэрсэн зээлийн тайлан /рdf/
  4. Ху.хэт /ехс/
  5. Капитал таун 0527 Үндсэн хөрөнгө /ехс/
  6. Зээлийн үлдэгдлийн хураангуй тайлан /рdf/
  7. Зээлийн үлдэгдлийн дэлгэрэнгүй тайлан /exc/
  8. Дотоодын дансны үлдэгдлийн хураангуй тайлан /рdf/
  9. Дотоодын дансны үлдэгдлийн мэдээ /рdf/
  10. Дотоодын дансны үлдэгдлийн хураангуй тайлан /рdf/
  11. Депозит дансны үлдэгдлийн дэлгэрэнгүй тайлан /ехс/
  12. Депозит дансны үлдэгдлийн дэлгэрэнгүй тайлан /рdf/
  13. Балансын гадуурх дансны үлдэгдлийн хураангуй тайлан /рdf/
  14. Балансын гадуурх дансны үлдэгдлийн мэдээ /рdf/ бүхий санхүүгийн болон аж ахуйн үйл ажиллагааны нууцад хамаарах мэдээ баримтыг хууль бусаар хувийн бусад сэдэлтээр олж авсан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Б.Болотбекийн “... Ажил хүлээлцсэн актыг хувийн цахим хаяг руугаа шилжүүлсэн шалтгаан нь намайг ажил хүлээлцсэний дараа баримт материал устаж үгүй болохгүй байх баталгаа байхгүй байсан тул ирээдүйд учрах эрсдэлээс өөрийгөө хамгаалсан юм. Би ажиллаж байх хугацаандаа ажлаас гарсан хүмүүстэй холбоотойгоор Капитал банк хуулийн байгууллагад ханддаг талаар маш их сонсож байсан. Яагаад цахим хаяг руугаа явуулсан бэ гэхээр тухайн баримтуудыг хэвлэх гэхээр актын хавсралт нь 1000 гаруй хуудас байсан тул хэвлэхээс залхуурсан юм. ... Би тэдгээр баримтуудыг өөрийн цахим хаяг руугаа шилжүүлсний дараа задруулаагүй, огт нээгээгүй байсан гэх,

мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Баян-Өлзийгийн “... Б.Болотбекийн энэ үйлдэл бол Эрүүгийн хуулиар зохицуулсан үйлдэл юм. Б.Болотбекийн өөрөө авсан нууцын зэрэгт хамаарах 14 нэр төрлийн баримтын хувьд харилцах дансны эзэмшигчдийн мэдээлэл, дансны хуулга, бусад гэрээ байсан. ... Хэдийгээр Б.Болотбек тухайн баримтуудыг бусдад задруулаагүй гэж байгаа боловч задруулаагүй гэдгийг нь нотлогдсон зүйл байхгүй. Олж аваад цаашаа яаж ашигласныг тодорхойлох боломжгүй. ... Нууцад хамаарах баримтыг эзэмших эрхтэй субъектуудын хувьд  эзэмшиж байгаа баримтуудаа банкны энэ хаягаас өөр бусад цахим хаяг руу шилжүүлэх тохиолдолд удирдлагаас зөвшөөрөл авах ёстой. Б.Болотбекийн шилжүүлсэн баримтын хувьд нууцын журамд журамлагдсан байдаг юм. Үүнтэй холбоотойгоор Монгол банкны шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. ... Монгол Банкны шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байгаа гэх,

гэрч С.Ган-Эрдэнийн “... тухайн хяналтын хугацаанд Б.Болотбекийн зөрчилийг илрүүлсэн юм. Сapitalbank.mn гэх цахим хаягийг өөр хүн ашиглах боломжгүй. Энэ хаягаар явж байгаа баримтууд зөвхөн Капитал банкны өмч байх ёстой. Тухайн хаягаас явж байгаа мэдээлэл банкны өмч учраас хувийн хаяг руугаа явуулж болохгүй. Хэрвээ хувийн хаяг руугаа явуулсан бол гадагш задруулсан байна гэж үзнэ. Гадагшаа гарсан мэдээллүүд нь нууцад хамаарах баримтууд байгаа. Хэрвээ ажилтан ажлаас гарсан тохиолдолд 5 жилийн хугацаанд нууцад хамаарах баримтуудыг задруулахгүй байх үүрэгтэй. Цахим шуудангийн харилцааг журмаар зохицуулдаг. Гадагшаа гарч байгаа мэдээлэл нь сервер дээр үлддэг. ... Хувийн хаяг руу явуулахдаа зөвшөөрөл авдаг. Б.Болотбек зөвшөөрөл аваагүй. [email protected] гэх цахим хаягийг эзэмшихэд тухайн ажилтны тайлан руу хандах эрх түүнийг ажиллаж байх хугацаанд зохицуулагдаж байгаа боловч нууц, маш нууц гэх зэрэглэлд хамаардаг. Хэрвээ ажилтан тодорхой мэдээллийг гадагшаа гаргах шаардлагатай бол мэдээллийн аюулгүй ажилтны зөвшөөрлийн дагуу гаргах ёстой ...” гэх,

 гэрч Б.Наранхүүгийн “... Б.Болотбекийн ажлыг хүлээж авах ажлын хэсгийг би ахалсан. Б.Болотбек ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд 30 хоногийн хугацаа өнгөрсөн байсан. Улмаар гүйцэтгэх захирлын тушаал гараад маргааш нь бид албан ёсоор ажил хүлээлцсэн байгаа. ... Комьпютер дээр байгаа файлыг файл хэлбэрээр нь хүлээлцдэг. Бид албан ёсоор ажил хүлээлцэж байгаа өдрийн баримтуудыг албан ёсных гэж үзнэ. 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр болон 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн тайлан зөрнө. Тийм болохоор 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн баримтыг албан ёсных гэж үзэж байгаа ...” гэх,

гэрч У.Энхцогтын “... 2016 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ажил хүлээлцэхдээ дандаа цаасаар хүлээлгэж өгсөн. Хугацаа хэтэрсэн тайлан, худалдсан тайлан гэх зэргийг хэвлэж харуулсан. Б.Болотбек ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ банкны удирдлагад өгсөн байсан бөгөөд хуульд заасан хугацаанд нь хүсэлтийг шийдвэрлээгүй учраас бидэнд урьдчилсан байдлаар хүлээлгэж өгсөн ...” гэх,

гэрч А.Батцэрэнгийн “...  Цаасан хэлбэрээр файлуудыг бүгдийг нь аваагүй. Ийм ийм файл байгаа гэдгийг зурган хэлбэрээр харуулсан.  Ажлаас гарч байгаа ажилтан ажил хүлээлцсэн баримтаа цаасаар нэг хувийг нь өөртөө авч үлдэх ёстой. Нууцтай холбоотой баримт байсан. Нууцтай холбоотой баримтуудыг тушаалаар томилогдсон хүн авах ёстой. Албан ёсны тушаал гараад би ажил хүлээлцэж авсан ...” гэх мэдүүлгүүд,

мөрдөн байцаалтад мэдүүлсэн гэрч М.Оюунтуяагийн          “... Намайг эрсдэлийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байх хугацаанд мэдээллийн аюулгүй байдлын албанаас гадагшаа явсан бүх мэйл хаягуудыг хянаад сэжигтэй гэсэн мэдээллүүдийг гаргаж ирсэн ямар файлуудыг явуулсан байна гэдгийг илүү гүнзгийрүүлээд судлахад Болотбек нь өөрийнхөө хувийн хаяг руу банкны нууц мэдээллүүдийг явуулсан байсан ...” гэх,

 гэрч Б.Хонгорын “... Болотбек нь 30 хоног өнгөрчихсөн гээд 2016 оны 6 дугаар сарын  09-ний өдөр надад ажлаа хүлээлгэн өгөөд, ажлаасаа гарсан. Бид хоёрын ажил хүлээлцсэн актанд 1. Санхүүгийн үзүүлэлтүүд, 2. Бүх харилцагч нарын зээлийн мэдээ, 3. Бүх салбарын эд хөгшил  хөрөнгө, 4. Хийж байгаа ажилтай нь холбоотой хамтран ажиллах гэрээнүүд, 5. Салбарын дотоод үйл ажиллагаатай нь холбоотой баримтууд зэрэг зүйлс тусгагдсан. ... Тухайн үед Б.Болотбек нь уг ажил хүлээлцсэн актыг файл хэлбэрээр хадгалаад өөртөө давхар авч үлдэх талаар ажил хүлээлцэхэд байсан хүмүүст хэлээгүй. ... Ажил хүлээлцэж байгаа хүн нь өөртөө файл хэлбэрээр авч үлдэж болохгүй. ... Болотбекийн 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 12 цаг 55 минутанд файлаар шилжүүлсэн файлууд банкны нууцад хамаарна ...” гэх,

гэрч Э.Булганы “...Тухайн үед теллер Оргил бид 2 хадгаламжийн хувийн хэрэг, картын хувийн хэрэг, тэтгэврийн зээлийн хувийн хэрэг, бараа материал зэргийг тоолж тулгасан. Бусдыг нь ахлах теллер Даваасүрэн, эдийн засагч Энхцогт нар хүлээлцсэн. ... Ажил хүлээлцсэн актаа өөрийн хувийн и-мэйл хаяг руу шилжүүлэн авах талаар юу ч хэлээгүй ...” гэх,

гэрч Ж.Хангалын “... 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Капитал банкны гүйцэтгэх захирлын 455 тоот тушаалын дагуу Капитал Таун салбарын захирал Б.Болотбекийн ажлыг салбарын удирдлагын газрын мэргэжилтэн Б.Хонгорт хүлээлгэн өгөхөд би байсан. Ажил хүлээлцсэн актанд кассын үнэ бүхий зүйл, өөрийнх нь хариуцаж байсан үндсэн хөрөнгө, холбогдох хамтран ажиллах гэрээ, касс болон меморалын баримтууд өөрийн дуусгаагүй ажлууд, тухайн салбарын нууцад хамаарах файлууд, тамга тэмдэг зэрэг зүйлүүд байсан. Миний санаж байгаагаар тухайн салбартаа холбоотой бүх л зүйл байсан. Ажил хүлээлцэх актанд тусгасан зүйлсийн талаар би өөрийн биеэр уншиж танилцсан, мөн гарын үсгээ зурсан. Ажил хүлээлгэн өгч байгаа хүн нь ажил хүлээлцсэн актыг файлаар өөрийн хувийн е-майл хаяг руугаа явуулахыг зөвшөөрөхгүй. Ажил хүлээлцсэн актыг 3-н хувь үйлдээд нэг хувийг нь ажил хүлээн авч байгаа буюу Б.Хонгор авах ёстой, нэг хувийг төв дээр хүний нөөцөд хүлээлгэн өгөх ёстой, үлдсэн нэг хувийг хэвлэмэл байдлаар ажлаа хүлээлгэн өгч байгаа буюу Б.Болотбек авах ёстой. ... Б.Болотбек нь анх ажлаасаа гарахдаа хувийн бизнес хийнэ гэж байсан мөртлөө гарсныхаа дараа өрсөлдөгч Капитрон банкинд ажилд орсон байсан ...” гэх мэдүүлгүүд, Монгол банкны 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Нб/32 дугаар шинжээчийн дүгнэлт, Б.Болотбекийн хөдөлмөрийн гэрээний хуулбар, Б.Болотбекийн нууц хадгалах тухай баталгаа, Капитал банкны нууцын журам, И-Мэйл хаяганд үзлэг хийсэн тэмдэглэл, Капитал банкны Капитал Таун салбарын Б.Болотбекийг ажиллаж байсан комьпютерт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батхуяг нь шүүгдэгч Б.Болотбекийн холбогдсон хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тус гэмт хэргийг үйлдэх сэдэлт санаа зорилго байгаагүй гэж мэтгэлцлээ. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Болотбек нь ажил хүлээлцсэнтэй холбогдуулан өөрт учирч болох эрсдлээс сэргийлэх зорилготой байсан талаар мэдүүлсэн тул үүнийг хувийн бусад сэдэлтээр Капитал банкны нууцын зэрэгт хамаарах 14 нэр төрлийн баримт болох харилцах дансны эзэмшигчдийн мэдээлэл, дансны хуулга, бусад гэрээ зэргийг эрх бүхий ажилтны зөвшөөрөлгүйгээр өөрийн мэдэлд шилжүүлэн олж авсан гэж үзнэ.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 164 дүгээр зүйлийн 164.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх учир шүүгдэгч Б.Болотбекийг хувийн бусад сэдэлтээр банкны санхүүгийн болон аж ахуйн үйл ажиллагааны нууцад хамаарах мэдээ баримтыг хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Болотбекд ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, түүний хувийн бусад байдал зэргийг харгалзан түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулав.        

 

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 292, 294, 297, 298, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

           

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Молхо овогт Байталовын Болотбекийг хувийн бусад сэдэлтээр банкны санхүүгийн болон аж ахуйн үйл ажиллагааны нууцад хамаарах мэдээ баримтыг хууль бусаар олж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 164 дүгээр зүйлийн 164.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Болотбекийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 /тавин нэг/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 9,792,000 /есөн сая долоон зуун ерөн хоёр мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар  Б.Болотбек нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар  сольж болохыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Болотбек цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн “1 ширхэг си-ди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Болотбект урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Болотбект авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ