Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2017/01057

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:... тоотод оршин суух, одоо БНХАУ-ын ... газарт ажиллаж байгаа, эрэгтэй, регистрийн дугаар ..., Тайжууд овогт Ч...ын М...ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:... тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар .. Боржгон овогт Д...ын О...т холбогдох

 

Дутуу авсан цалингийн 6 976 538 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А..., түүний өмгөөлөгч С.Г..., хариуцагч Д.О..., түүний өмгөөлөгч П.Б.., гэрч Ж.Даваагэрэл, Ц.Ц..., Л.Н..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Ч.М...ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А.. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ч.М... 2010 онд дипломат байгууллага үйлчилгээ эрхлэх газарт сантехникчээр ажиллаж байхад Сүхбаатар дүүргийн .. дугаар цэцэрлэгт сантехникчээр ажиллах санал ирэхэд эрхлэгч Д.О...тэй уулзахад үндсэн ажлаас гадуур өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж болдог, манай цэцэглэгт ажиллах боломжтой гэсэн тул 2010 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр тус цэцэрлэгийн эрхлэгчийн 74 дүгээр тушаалаар түр хугацаагаар, төрийн албан хаагчийн ТҮ-3 дугаар зэрэглэлийн 184 351 төгрөгийн цалинтай слесарийн ажилд давхар ажиллах болсон.Цэцэрлэгт ажиллаж байхдаа “үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн, ажил үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх хуудас” гэсэн дэвтэр нээлгэж нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орогын албан татвар төлж, өдөрт ажлын 2-4 цагаар ажиллаж, сард 150 000-200 000 төгрөгийн цалинг бэлэнээр 2014 оны 1 сар хүртэл эрхлэгч О...ээс хүлээн авч байсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүсэлтээрээ ажлаас чөлөөлөгдсөн.2014 оны 1 дүгээо сард эрхлэгч Д.О... ажлаасаа гарч шинэ эрхлэгч томилогдсонтой холбогдуулан надтай хөдөлмөрийн гэрээ шинэчлэн байгуулж, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтыг надад өгсөн.Өмнөх эрхлэгч Д.О... намайг түр тушаал гаргаж ажилд авсан боловч надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт танилцуулж байгаагүй.Ч.М...ын цалинг хуучин эрхлэгч Д.О... өөрөө бэлэнээр надад өгдөг байсан болохоор шинэ эрхлэгч ажилд орсны дараа цалингаа яаж авах талаар нягтлангаас асуухад “эрхлэгчид цалингийн карт чинь байгаа асуугаад аваарай” гэсэн тул эрхлэгч Д.О...тэй утсаар холбогдож цалингийн картаа метромалл дэлгүүрийн 2 давхарт очиж авсан.Үүнээс хойш картанд сар бүр 400 000-500 000 төгрөгийн цалин орж байсан бөгөөд энэ тухайгаа нягтлангаас асуухад 2010 оноос хойш ийм цалинтай ажиллаж байсан талаар хэлсэн.Гэтэл 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн  Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс намайг дуудаж хуучин эрхлэгч О...тэй холбогдуулан миний 2010-2013 оны хооронд авч байсан цалингийн талаар асууж тайлбар авч улмаар Ч.М...ыг Д.О...т холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдөр тогтоон мэдүүлэг авсан.Энэ үеэс эхлэн би 2010-2013 он хүртэлх хугацаанд нийт 17 020 383 төгрөгийн цалин олгогдох байснаас нийгмийн даатгалын шимтгэлд 1 656 953 төгрөг, хүн амын орлогын татварт 1 220 114 төгрөг, үйлдвэрчний эвлэлийн татварт 125 779 төгрөгийг суутгаж, надад олгох ёстой 14 026 538 төгрөгөөс 7 050 000 төгрөгигй хуучин эрхлэгч Д.О... бэлэнээр гар дээр олгож, 6 976 538 төгрөг дутуу олгосон талаар Г... ХХКомпани 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаартай дүгнэлт, Улсын ерөнхий прокурорын 20... оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн тогтоол зэрэг эрх бүхий байгууллагуудын дүгнэлт тогтоол гарсан талаар мэдсэн.Гэвч Д.О...т холбогдох эрүүгийн хэрэг эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн буюу хөнгөн гэмт хэрэг үйлдснээс хойш 6 сар өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр 2015 оны 8 сард хэрэгсэхгүй болгосон байна.Хэдийгээр хуучин эрхлэгч Д.О...т холбогдох эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон ч Д.О... миний авах ёстой цалинг бүрэн олголгүй 6 976 538 төгрөгийн цалинг дутуу олгож хохироосон байна.Иймд 2010-2013 оны хооронд ... дугаар цэцэрлэгт ажилласан хугацааны цалингийн үлдэгдэл 6 976 538 төгрөгийг Д.О...ээс гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч Д.О... шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгчийн гаргасан баримтууд 2013 онд шалгагдаж дууссан эрүүгийн хэргийн материал байх ба уг материалаас харахад намайг буруутай гэж тооцсон баримт байхгүйн дээр эрүүгийн хэргийг Прокурорын тогтоолоор хэргсэхгүй болгосон.Мөн 2014 онд 3 шатны шүүхээр намайг буруугүй гэж үзэж ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эргүүлэн томилсон.Үндсэн хуулийн ... дугаар зүйлийн 14 дүгээр хэсэг, Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасан заалтудыг зөрчиж прокурорын байгууллагын тогтоолуудыг үндэслэн өөрсдийн дураар гэм буруутайд тооцон мөнгө завшсан хэрэгт гүтгэн зориудаар миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.О... шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ч.М... 2010 оны 9 дүгээр сараас эхлэн 2014 он хүртэл миний удирдлага дор ажиллаж байсан.Би 2014 оны 12 дугаар сард ажлаа өгсөн.Хуулийн дагуу санхүүгийн холбогдох журмын дагуу цалингийн картыг өөрт нь олгосон, картыг бөглөхдөө тухайн эзэмшигч өөрөө гарын үсэг зурж авдаг.Би өмнөөс нь гарын үсэг зурж аваагүй.Цалинг картаар өгдөг байсныг нягтлан гэрчилнэ.Цалингийн картыг тухайн хүн анкетаа бөглөж байж өөрөө авдаг.Би Ч.М...ын нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.М... хариуцагч Д.О...т холбогдуулан Сүхбаатар дүүргийн ... дугаар цэцэрлэгт 2010-2013 оны хооронд ажиллаж байсан үеийн цалингийн үлдэгдэл 6 976 538 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж байна.

 

Нэхэмжлэгч Ч.М... ... байгууллага үйлчилгээ эрхлэх газарт сантехникчээр ажиллаж байхдаа Сүхбаатар дүүргийн ... дугаар цэцэрлэгт слесарчээр давхар ажиллаж байх хугацаанд цалингаа цэцэрлэгийн эрхлэгч Д.О...ээс бэлнээр нь авдаг байсан бөгөөд цалинг картаар өгдөг гэдгийг мэддэггүй байснаас дутуу авсан цалин 6 976 538 төгрөгийг Д.О...ээс гаргуулна гэж шаардаж байна.

 

Нэхэмжлэгч Ч.М... үндсэн ажлынхаа зэрэгцээ Сүхбаатар дүүргийн ... дугаар цэцэрлэгт 2010 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл слесарчээр ажилласан болох нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2010 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн “Ажилд авах тухай” 74 дугаартай тушаал, 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн “Б.М...ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/20 дугаартай тушаал болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

 

Дээрх Сүхбаатар дүүргийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2010 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн “Ажилд авах тухай” 74 дугаартай тушаалд Ч.М...ыг ТҮ-3 дугаар зэрэглэлээр 184 351 төгрөгөөр цалинжуулахаар тогтоосон байх бөгөөд улмаар тус цэцэрлэгийн ажилчдын адил урамшуулал болон нэмэгдэл хөлсийг цаг тухайд нь Ч.М...т олгож байсан болох нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн урамшуулал олгох тушаалууд, багш, ажилчдын ажлын үнэлгээний үзүүлэлтүүд, нэмэгдэл хөлс олгох тухай тушаалуудаар нотлогдож байна.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6-д “...Үндсэн ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу давхар ажил эрхэлж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтад зааснаас бусад төрлийн даатгалд албан журмаар даатгуулна” гэж заасан байна.

 

Хэрэгт нэхэмжлэгч талаас Ч.М...ын “Үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх хуудас” НД15-ыг ирүүлсэн байна.

 

Энэхүү баримтад Ч.М...ын Сүхбаатар дүүргийн ... дугаар цэцэрлэгт ажиллаж байх үед түүний сарын орлого, шимтгэл төлсөн байдлыг 2011 оны 3 дугаар сараас эхлэн 2011 оны 12 сар, 2012 оноос 2014 оны 1-6 сар, 9, 12 дугаар сар, 2015 оны 1, 2, 6 дугаар сарыг дуусталх хугацааг жагсаан бичиж, уг тэмдэглэлийг бичсэн хүний гарын үсэг болон энэхүү нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдлыг шалгасан байцаагч тэмдэг дарж баталгаажуулсан байна.

 

Ийнхүү Ч.М... нь Сүхбаатар дүүргийн ... дугаар цэцэрлэгт ажил үүрэг гүйцэтгэж байх үедээ үндсэн ажлаас гадуур олсон орлогоо бүртгүүлэн нийгмийн даатгалд шимтгэл төлж байсан болох нь нотлогдож байна.

 

Ингэж Үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх хуудсыг 2011 оны 3 дугаар сараас эхлэн бөглөж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан байхад хэрэв Ч.М... цалингаа дутуу аваад байсан бол үүнийгээ тухайн үед нь мэдээгүй байх боломжгүй байна.

 

Нөгөө талаар Ч.М... цалингаа цэцэрлэгчийн эрхлэгчээс бэлнээр авч байсан гэдгийг гэрч М.Д..., Ц.А.., Д.Б... нар нотолно гэж тайлбарлаж байх боловч гэрчүүдийн мэдүүлэгүүд нь тодорхой эх сурвалжид үндэслээгүй байх бөгөөд өөрөөр хэлбэл Ч.М...ыг Д.О...ээс бэлнээр мөнгө авч байхыг өөрсдөө хараагүй, бусдаас сонссон мэдээллийг өөрөө дүрсэлж бодсоноо мэдүүлсэн байх тул маргаж байгаа үйл баримтыг нотлохгүй байна гэж үзэв.

 

Хэрэгт авагдсан хариуцагч Д.О...ийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байх үед Сүхбаатар дүүргийн Цагдаагийн байгууллагын Ч.М..., Д.О... нараас авсан тайлбарыг энэ маргаанд хамааралтай гэж дүгнэх боломжгүй байна.

 

Мөн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн байгууллагын хүсэлтээр хийгдсэн Г... ХХКомпанийн 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн .. тоот дүгнэлтийн 5-д заасан асуулт, хариулт нь дээр дурдсан  Ч.М...ын “Үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх хуудас” НД15 гэх баримтаар үгүйсгэгдэж байна.

 

Шинжээчийн ... дугаартай дүгнэлтээр Сүхбаатар дүүргийн ... дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2013 оны тушаалд бичигдсэн Ч.М...ын гарын үсгийн загварт шинжилгээ хийсэн байх бөгөөд тухайн цэцэрлэг нь ажилчдын цалингаа 2010 оноос хойш картаар өгдөг болсон гэдгийг Хас банкнаас ирүүлсэн баримт болон гэрчүүдийн мэдүүлэгээр нотлогдож байхад дээрх шинжээчийн дүгнэлт тодорхой бус байна.

 

Нөгөө талаар Сүхбаатар дүүргийн ... дугаар цэцэрлэгийн харьцдаг байсан Хас банкнаас ирүүлсэн 2012 оны 7 дугаар сараас эхлэн 2014 оны 1 дүгээр сарын хооронд Ч.М...ын эзэмшлийн дансанд орж байсан цалингийн дүнг нэхэмжлэгчийн Үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх хуудсанд бичигдсэн сарын орлогын дүнтэй тулгаж үзэхэд зөрүүтэй байх боловч тухайн байгууллагын санхүүгийн анхан шатны баримтууд хэрэгт авагдаагүй тул энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Иймд Д.О...ийг Сүхбаатар дүүргийн ... дугаар цэцэрлэгт слесарчээр ажиллаж байсан Д.М...ын цалинг дутуу өгч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Д.М...ын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаарзүйлийн 115.1, 115.2.3, 1..., 118 дугаар зүйлдүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Дагвын О...ээс 6 976 538 /зургаан сая есөн зуун алан зургаан мянга таван зуун гучин найман/ төгрөгийг гаргуулах тухай Ч...ын М...ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.М...ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.ДОРЖНАМЖИН