Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 1387

 

Ч.Мөнхбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/01057 дугаар шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Ч.Мөнхбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Оюунчимэгт холбогдох

 

            Дутуу авсан цалингийн 6 976 538 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:                                             С.Галцацрах

Хариуцагч:                                                                          Д.Оюунчимэг

Хариуцагчийн өмгөөлөгч:                                                 П.Батбүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Мөнхбаярын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Алтантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбартаа:

Ч.Мөнхбаяр 2010 онд дипломат байгууллага үйлчилгээ эрхлэх газарт сантехникчээр ажиллаж байхад Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгт сантехникчээр ажиллах санал ирж эрхлэгч Д.Оюунчимэгтэй уулзахад үндсэн ажлаас гадуур өөр ажил олгогчтой зэрэгцсэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж болдог. Тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2010 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 74 дүгээр тушаалаар түр хугацаагаар, төрийн албан хаагчийн ТҮ-3 дугаар зэрэглэлийн 184 351 төгрөгийн цалинтай слесарийн ажилд давхар ажиллах болсон. Цэцэрлэгт ажиллаж байхдаа “үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн, ажил үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх хуудас” гэсэн дэвтэр нээлгэж нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын албан татвар төлж, өдөрт ажлын 2-4 цагаар ажиллаж, сард 150 000-200 000 төгрөгийн цалинг бэлнээр 2014 оны 1 сар хүртэл эрхлэгч Д.Оюунчимэгээс хүлээн авч байсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүсэлтээрээ ажлаас чөлөөлөгдсөн. Миний цалинг хуучин эрхлэгч Д.Оюунчимэг өөрөө бэлнээр надад өгдөг байсан. Шинэ эрхлэгч ажилд орсны картанд сар бүр 400 000-500 000 төгрөгийн цалин орж байсан бөгөөд энэ тухайгаа нягтлангаас асуухад 2010 оноос хойш ийм цалинтай ажиллаж байсан талаар хэлсэн. Гэтэл 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс намайг дуудаж хуучин эрхлэгч Д.Оюунчимэгтэй холбогдуулан миний 2010-2013 оны хооронд авч байсан цалингийн талаар асууж тайлбар авч улмаар Ч.Мөнхбаярыг Д.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдөр тогтоон мэдүүлэг авсан. Энэ үеэс эхлэн надад олгох ёстой 14 026 538 төгрөгөөс 7 050 000 төгрөгийн хуучин эрхлэгч Д.Оюунчимэг бэлнээр гар дээр олгож, 6 976 538 төгрөг дутуу олгосон талаар “Голден Пэйж Аудит” ХХК 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 2324 дугаартай дүгнэлт, Улсын ерөнхий прокурорын 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн тогтоол зэрэг эрх бүхий байгууллагуудын дүгнэлт тогтоол гарсан талаар мэдсэн. Иймд 2010-2013 оны хооронд 16 дугаар цэцэрлэгт ажилласан хугацааны цалингийн үлдэгдэл 6 976 538 төгрөгийг Д.Оюунчимэгээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Оюунчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Мөнхбаяр 2010 оны 9 дүгээр сараас эхлэн 2014 он хүртэл миний удирдлага дор ажиллаж байсан. Би 2014 оны 12 дугаар сард ажлаа өгсөн. Хуулийн дагуу санхүүгийн холбогдох журмын дагуу цалингийн картыг өөрт нь олгосон, картыг бөглөхдөө тухайн эзэмшигч өөрөө гарын үсэг зурж авдаг. Би өмнөөс нь гарын үсэг зурж аваагүй. Цалинг картаар өгдөг байсныг нягтлан гэрчилнэ. Цалингийн картыг тухайн хүн анкетаа бөглөж байж өөрөө авдаг. Би Ч.Мөнхбаярын нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн гаргасан баримтууд 2013 онд шалгагдаж дууссан эрүүгийн хэргийн материал байх ба уг материалаас харахад намайг буруутай гэж тооцсон баримт байхгүйн дээр эрүүгийн хэргийг Прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Мөн 2014 онд 3 шатны шүүхээр намайг буруугүй гэж үзэж 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эргүүлэн томилсон. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дүгээр хэсэг, Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчиж прокурорын байгууллагын тогтоолуудыг үндэслэн өөрсдийн дураар гэм буруутайд тооцон мөнгө завшсан хэрэгт гүтгэн зориудаар миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

            Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан Дагвын Оюунчимэгээс 6 976 538 /зургаан сая есөн зуун алан зургаан мянга таван зуун гучин найман/ төгрөгийг гаргуулах тухай Чимэдбаатарын Мөнхбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Мөнхбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Алтантуяа давж заалдах гомдолдоо: ....Шүүхийн шийдвэр нь үндсэн ажлаас гадуур гүйцэтгэсэн ажил үйлчилгээний орлогоос төлсөн шимтгэлийг бүртгэх хуудас, хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгч Ч.Мөнхбаярыг Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгт ажил гүйцэтгэж байх үедээ үндсэн ажлаас гадуур олсон орлогоо бүртгүүлэн нийгмийн даатгалд шимтгэл төлж байсан нь нотлогдож цалингаа дутуу авч байснаа мэдээгүй байх боломжгүй гэж шүүх дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ч.Мөнхбаяр нь тухайн цэцэрлэгт ажиллахдаа дипломат байгууллагад үндсэн ажилчин байсан бөгөөд тус цэцэрлэгт түр ажилчнаар ажиллаж үндсэн ажлаас гадуурх олсон орлогоо бүртгүүлэх, нийгмийн даатгалыг цэцэрлэгийн санхүү өөрөө хариуцан сар бүр зохих шимтгэлийг төлж байсан. Хэрэгт авагдсан баримтаас тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Оюунчимэг нь улирал бүр үр дүнгийн урамшуулал олгож байсан нь нотлогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                                ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч Ч.Мөнхбаяр нь хариуцагч Д.Оюунчимэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгт 2010-2013 оны хооронд ажиллаж байсан үеийн дутуу олгосон цалинд 6 976 538 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ажилтан Ч.Мөнхбаяр дипломат байгууллага үйлчилгээ эрхлэх газарт сантехникчээр ажиллаж байхдаа Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2010 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 74 тоот тушаалаар мөн өдрөөс эхлэн тус цэцэрлэгт слесерээр  ажилласан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар “Ажилтан ажлын цагтаа багтаан өөрийн буюу бусад байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх, өөрийн байгууллагад өөр ажил хослон гүйцэтгэх болон ажил олгогч ажилтантай тохиролцсоноор эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачааллыг нэмэгдүүлэн ажиллуулж болно” гэж заажээ. Үүний дагуу нэхэмжлэгч Ч.Мөнхбаяр ажлын цагтаа багтаан ажил албан тушаал хавсран гүйцэтгэж байсан нь тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч Ч.Мөнхбаяр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ”... сар бүр 400 000-500 000 төгрөгөөр цалинжиж байснаа хожим мэдсэн тул хариуцагч Д.Оюунчимэгээс үндэслэлгүйгээр  хөрөнгөжсөн  6 976 538 төгрөгийг гаргуулна” гэсэн тайлбарлажээ. 

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2010 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 74 дүгээр тушаалын хуулга  авагдсан байх бөгөөд уг тушаалаар Ч.Мөнхбаярыг ТҮ-3 дугаар зэрэглэлээр 184 351 төгрөгөөр цалинжуулсан, Хас банкны дансны 2010 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2014 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны дансны хуулгаар нэхэмжлэгч нь цалингаа картаар авч үйл баримтууд тогтоогдсон байна. / хэргийн 6, 23-24 дүгээр тал/

 

Мөн Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 54 дүгээр тоотын хавсралтын дагуу багш ажилчдад ажил шалгасан үзүүлэлтийг үндэслэн урамшуулал, нэмэгдэл хөлс олгох тушаал гарч бүх ажилтан ажилтнуудад урамшуулал болон нэмэгдэл хөлс олгож байсан байх ба нэхэмжлэгч Ч.Мөнхбаяр дээрх тушаалуудын дагуу урамшуулал нэмэгдэл хөлс авч байжээ. / хэргийн 33-62 дугаар талд/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэг хүлээдэг.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Д.Оюунчимэг нь үндэслэлгүйгээр Ч.Мөнхбаярын цалингаас авсан болохыг нэхэмжлэгч нотлоогүй, уг үйл баримт нь хэрэгт авагдсан нотолгооны хэрэгслээр тогтоогдоогүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Мөнхбаярын хариуцагч Д.Оюунчимэгээс 6 976 538 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2017/01057 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ч.Мөнхбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 600 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ТУЯА

                                         ШҮҮГЧИД                                    Б.НАРМАНДАХ

                                                                                              Ц.ИЧИНХОРЛОО