Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2019/02932

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзоригийг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .... ХХК-д холбогдох,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 229,633,640 /хоёр зуун хорин есөн сая зургаан зуун гучин гурван мянга зургаан зуун дөчин/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б...., нэхэмжлэгчийн өмгөөлөгч С..../, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ... ХХК-ийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, ихэсгэсэн болон тодруулсан шаардлага, мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт төлөөлөгч Б...., өмгөөлөгч С.... нар гаргасан тайлбартаа:

... ХХК өмнө нь ... ХХК нэртэй байхдаа 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ... ХХК-тай ... худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр ... ХХК нь тодорхой чанар, хэмжээ бүхий бүтээгдэхүүн /.../-ийг манай компанид нийлүүлэх, бид бүтээгдэхүүний үнийг төлөх нөхцөлтэйгөөр байгуулсан. Худалдан авагч ... ХХК-иас бүтээгдэхүүн худалдан авалтын төлбөрт 241,278,800 төгрөгийг, бүтээгдэхүүн нийлүүлэхтэй холбоотойгоор гарах тээвэр, бутлуурын зардалд 20,901,040 төгрөг, нийт 262,179,840 төгрөгийг ... ХХК-д гэрээний дагуу урьдчилан шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн. Гэвч хариуцагч байгууллагаас 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд нэхэмжлэгч байгууллагад нийлүүлсэн 994.58 тонн бүтээгдэхүүнээс 221.8 тонн бүтээгдэхүүнийг нэхэмжлэгч хүлээн авч, үлдэх 752.78 тонн бүтээгдэхүүнийг хариуцагч байгууллагад буцаасан. Учир нь хариуцагчаас нийлүүлсэн CaF2-75 хувийн чанарын агуулга бүхий 221.8 тонн бүтээгдэхүүний үнэ 39,924,000 төгрөгийг суутгаснаар хариуцагч 201,004,800 төгрөгт дүйцэх гэрээнд заасан чанар бүхий бүтээгдэхүүнийг нэхэмжлэгчид нийлүүлэх үүрэгтэй болсон. Гэвч хариуцагч тал ямар ч бүтээгдэхүүн нийлүүлээгүй бөгөөд, хариуцагч байгууллага 201,004,800 төгрөгийг нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр шилжүүлэн аваад байна. Бид 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагчийн нийлүүлсэн бүтээгдэхүүний үлдэгдэл 752.58 тонн бүтээгдэхүүнд лабораторийн шинжилгээ хийлгүүлсэн ба, уг шинжилгээний хариугаар бүтээгдэхүүний чанар гэрээнд заасан хэмжээнд хүрээгүй байсан нь тодорхой болсон. Уг хариуг хариуцагч байгууллагад мэдэгдсэнээр 752.58 тонн бүтээгдэхүүнээ буцаан ачиж явсан байдаг. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хариуцагч ... ХХК-иас бүтээгдэхүүний үнэд урьдчилан шилжүүлсэн 201,004,800 төгрөгийг буцаан гаргуулахыг хүсч байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1.2-т зааснаар хариуцагч ... ХХК нь бүтээгдэхүүнийг нэхэмжлэгч ... ХХК-ийн талбайд хүргэхтэй холбоотой бүхий л тээврийн зардлыг бүрэн хариуцахаар заасан боловч хариуцагчаас гаргах мөнгөгүй байгаа учир манайхыг эхлээд төлөхийг хүссэн, дараа нь уг зардлыг хариуцагчаас гаргуулахаар тохиролцсон. Үүний дагуу бид бүтээгдэхүүн тээвэрлэлтийн зардалд гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тээвэрлэлтийн зардлыг төлж, нийт 20,901,040 төгрөгийг тээврийн зардалд зарцуулсан, хариуцагч уг зардлыг буцааж нөхөн төлөөгүй учир уг зардлыг гаргуулахаар шаардсан. Гэрээний дагуу нийт 994.58 тонн бүтээгдэхүүн буулгаж, нэхэмжлэгчээс нэмж 9 ажилчин гаргаж жоншийг хүдэр, шороо, чулуунаас ялгах ажилд ажиллуулж, эдгээр 9 ажилтанд 7,727,800 төгрөгийн хөлс олгосон. Гэвч хариуцагч тал буулгасан 994.58 тонн шороо, хүдэр холилдсон бүтээгдэхүүний 221.8 тонн нь цэвэр жин гарч, үлдэх хэсэг нь гэрээнд заасан чанар хангахгүй, худалдан авахын аргагүй байсан тул буцаасан. Иймд гэрээнд заасан чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн-ийг нийлүүлсний улмаас нэхэмжлэгч байгууллагад 7,727,800 төгрөгийн хохирол учирсан тул ... ХХК-иас гаргуулахаар шаардаж байна. Хариуцагч тал өөрсдөө бүтээгдэхүүнээ буцааж аваад, зарах талаар ярьж байсан атлаа одоо аваагүй гэж байгаад гомдолтой байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулахаар тохирсон боловч ... ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд уг гэрээг байгуулсан болох нь хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар мөн нотлогдож байна. Иймээс гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй учир үр дагавраа мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй учир 56.4 дэх хэсэгт заасны дагуу шаардаж, хүчин төгөлдөр бус болохыг бид тогтоох шаардлагагүй. Талуудын хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсон байгаа. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулахаар талууд тохирсон ч, хариуцагч байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд уг гэрээг байгуулсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбараар нотлогдож байх тул энэ гэрээ Иргэний хуулийн 56.1.8-д заасан шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус гэрээ байгаа учраас мөн хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу шаардана ... гэв.

 

 

Хариуцагч ... ХХК-ийн төлөөлөгч, захирал Б.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Манай компаний ... ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ... худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу 1,000 тонн жонш нийлүүлж, төлбөрт нь 230,000,000 төгрөгийг шилжүүлж авсан. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ... ХХК жонш чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах зорилгоор манай компанийн данс руу 9,928,000 төгрөг шилжүүлэн жонш аваад танай жонш чанарын шаардлага хангаж байна. 1,000 тн авах гэрээ хийнэ гээд гэрээ хийсэн. ... худалдах-худалдан авах гэрээ болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үүргээ тус тус биелүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Бид ... худалдах-худалдан авах гэрээг байгуулсан талаар болон гэрээний дагуу жонш нийлүүлсэн талаар маргахгүй. Гэвч уг гэрээг ... ХХК-ийн захирал Б.... биш, компанийг төлөөлөх эрхгүй этгээд болох Б.... гэж хүн байгуулсан байдаг. 201,204,800 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж нэхэмжлэгч тал шаардлагаа өөрчилсөн байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс хойш амаар хэлэлцэж тохирсон гэрээний дагуу үүргээ биелүүлсэн. 20,901,040 төгрөгийн тухайд тодорхой хувь нь тээвэрлэж байсан жолооч нарын дансанд орсон учир үүнээс 10,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч болно. Харин жонш ялгах ажлыг хийсэн гэх ажилчдын хөлс 7,727,800 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй, өөрийн ажилчдын хөдөлмөрийн гэрээний дагуу хийсэн ажлын цалинг шаардсан байна. Гэрээний талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэрээгээр нийлүүлэгдсэн жонш чанарын шаардлага хангаагүй гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг боловч үүнийгээ нотолж чадаагүй. Мөн шаардлага хангаагүй байсан бол, нийлүүлэгчид буцаах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд гэрээний зүйлийг хадгалах, хамгаалах үүргийг нэхэмжлэгч тал хүлээсэн, уг үүргээ биелүүлээгүй. Хаана байхад нь, хэзээ ... ХХК авч явсан талаар асуухаар гэрч нар мэдэхгүй гэдэг. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгийн жонш тээвэрлэхэд гарсан зардлыг зөвшөөрч байгаа учир үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ... ХХК нь хариуцагч ... ХХК-д холбогдуулан ... худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн 222,928,340 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж, хариуцагч тал уг шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ: төлбөрт үндэслэлгүйгээр шилжүүлэн авсан 201,004,800 төгрөг, жонш тээвэрлэлтийн зардалд зарцуулагдсан 20,901,040 төгрөг, гэрээний улмаас учирсан хохирол болох жонш ялгасан ажилчдын цалин хөлс 7,727,800 төгрөг, нийт 229,633,640 /хоёр зуун хорин есөн сая зургаан зуун гучин гурван мянга зургаан зуун дөчин/ төгрөг гаргуулахаар шаардаж өөрчилсөн.

Хариуцагч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас жонш тээвэрлэлтийн зардалд 10,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрөн маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр худалдан авагч ... ХХК болон худалдагч ... ХХК-ийн хооронд ... худалдах, худалдан авах тухай FSP-17-12 дугаартай гэрээ байгуулагдаж, ФК-75 код бүхий CaF2-75 хувийн чанарын агуулгатай 500 тонн ...ийг 90,000,000 төгрөгөөр, ФК-85 код бүхий CaF2-85 хувийн чанарын агуулгатай 500тонн ...ийг 140,000,000 төгрөгөөр худалдан авагч талд нийлүүлэх, нийт төлбөр 230,000,000 төгрөгийг худалдан авагч тал хэсэгчлэн хувааж төлөх, гэрээний хугацааг 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болохоор зааж, барааны нэр төрөл, чанар, бүтээгдэхүүний үнэ, төлбөрийн нөхцөл болон, талуудын эрх үүрэг, төлбөр төлөх журам, гэрээ хүчин төгөлдөр болох нэмэлт, өөрчлөлт оруулах, мөн гэрээ цуцлах, дуусгавар болох талаар тохиролцон, нийлүүлэгч талыг төлөөлж ... ХХК-ийн захирал Б...., худалдан авагч талыг төлөөлж ... ХХК-ийн захирал Б.... нар байгуулсан байна. /хх 7-12/

Дээрх гэрээний худалдан авагч тал ... ХХК нь оноосон нэрээ 2018 оны 10 дугаар сарын 04-нд ... ХХК, улмаар 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ... ХХК болгон өөрчилж улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн нэгдсэн архивын лавлагаагаар тогтоогдсон байх тул ... ХХК болон ... ХХК-ийн хооронд байгуулсан маргаан бүхий гэрээний үүргийг шаардах эрхтэй. /хх 27/

Харин маргаан бүхий гэрээг нийлүүлэгч тал болох ... ХХК-ийг төлөөлөн байгуулсан захирал гэх Б.... нь гэрээ байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаагүй буюу компанийг төлөөлөн гэрээ хэлцэл байгуулах эрхгүй байсан бөгөөд, 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон болох нь компанийн Ерөнхий захирал Б....ийн гаргасан 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн 1/001 тоот тушаал, Б....ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ... ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх 166, 167, 185, 186/

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт ...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар хуульчилсан бөгөөд, уг журмаар хуулийн 50 дугаар зүйлд заасан зөвшөөрөл олгогдоогүй байхыг ойлгоно.

Аливаа иргэн, хуулийн этгээдийг төлөөлөн хэлцэл хийх гэж буй тохиолдолд Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасан журмын дагуу, тодруулбал: 62.1, 62.3 дахь хэсэгт тус тус зааснаар хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөгчийн бүрэн эрх үүсч, тухайн хэлцэл хийгч хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно. Мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт Хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ гэж заасны дагуу талуудын байгуулсан дээрх гэрээг ... ХХК-ийн ерөнхий захирал Б.... нь тус компанийн ажилтан бус Б....од компанийг төлөөлөн хэлцэл хийх зөвшөөрөл олгоогүй байх тул 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бичгээр байгуулагдсан ... худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхээр байна.

Зохигчид уг бичгээр байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх, өөрөөр хэлбэл: зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй.

Хэдийгээр талуудын бичгээр байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ... худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байх боловч, дээрх гэрээ байгуулагдахаас өмнө буюу, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нийлүүлэгч ... ХХК-ийн захиалгаар CaF2 элементийн ...ны чанарыг тогтоох шинжилгээг Геологийн төв лаборарторт хийж, 91,57% болохыг тогтоосон, улмаар худалдан авагч ... ХХК-иас 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Жонш ХА-ын урьдчилгаа гэх утгатайгаар 1,000,000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 04-ний өдөр жоншны төлбөр 9,928,000 төгрөгийг тус тус шилжүүлж эхлэн, 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хэд хэдэн удаагийн төлөлтөөр ... ХХК-д нийт 241,278,800 төгрөгийг шилжүүлжээ. /хх 13-20, 66/

Улмаар нийлүүлэгчээс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 25-ны хооронд цэвэр жингээр нийт 994.58 тонн ...ийг худалдан авагч талд шилжүүлсэн талаарх нэхэмжлэгч талын тайлбарыг хариуцагч тал няцаагаагүй бөгөөд, уг үйл баримт нь ...ийг тээвэрлэсэн пүүний бичиг буюу тооцооны хуудсуудаар тогтоогдож байх тул талуудын хооронд ... худалдах, худалдан авах гэрээ 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс аман хэлбэрээр хийгдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Талууд хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ тодорхой хэмжээнд биелүүлсэн байх тул хариуцагч ... ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэх боломжгүй тул нэхэмжлэгч ... ХХК нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхгүй. /хх 99-101, 114, 115/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд, зохигчид аман хэлбэрээр байгуулсан гэрээний дагуу нийт нийлүүлэгдсэн ...ны хэмжээний талаар маргаагүй. Харин нийлүүлсэн ...ноос 752.58 тн чанарын доголдолтой жонш гарч, үүнийг худалдан авагчаас нийлүүлэгч талд буцаан шилжүүлсэн эсэх талаар зохигчид хэн аль нь өөр өөрийн үндэслэлийг гаргаж мэтгэлцсэн.

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсэхээс өмнө 2017 оны 10 дугаар сарын 09 болон 19-ний өдрүүдэд тус тус ... ХХК-ийн захиалгаар Геологийн төв лабораторт ...ны чанарыг тодорхойлох шинжилгээ хийгдэж, жоншны хувь чанар 75,49% болон 91,57% хэмжээтэй гарч, улмаар худалдан авагч талд нийлүүлсэн байна. /хх 66-67, 125-126/

Гэтэл гэрээ хийгдсэнээс хойш буюу 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн худалдан авагч ... ХХК-ийн захиалгаар АЛС Улаанбаатар лабораторт хийгдсэн шинжилгээгээр жоншны хувь чанар 46,7% болон 58,3% хэмжээтэй гарсан байх бөгөөд, 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлэгч ... ХХК-иас жонш нэмж нийлүүлжээ. /хх 160-165/

Тийнхүү нийлүүлэгч талаас хүлээн авсан жонш нь чанарын шаардлага хангахгүй байгаа талаар худалдан авагч тал нийлүүлэгчид мэдэгдэж, 752,78 тн бүхий шаардлага хангахгүй жоншийг ... ХХК-иас буцаан авсан ба, энэ үедээ талууд бүтээгдэхүүн хүлээлцсэн акт үйлдээгүй байх боловч, энэ талаар худалдан авагч тал нийлүүлэгч талд мэдэгдэн, ... ХХК-иас нийлүүлэгч ... ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон Ү....ын ...чанарын шаардлага хангахгүй байсан. Үлдсэн 700 тн жоншийг ... захиралтай ярилцаад үзүүлж байсан. ...Цагаан сарын өмнө билүү, битүүний өмнөх өдөр яаралтайгаар хүнд зарах болсон. Туслан гүйцэтгэх байгууллагууд цалингаа нэхээд байна гэж хэлсэн. Намайг авах уу гэхэд би авах боломжгүй байгаагаа хэлсэн. ...... захирал манай ажилтан жоншийг ачиж байна шүү гэж хэлсэн... гэх мэдүүлэг, гэрч Ү.Төгсбаярын ...үлдэгдэл 700 тн жоншийг хашаандаа буулгаад хураасан байсан. Өнгөрсөн жилийн цагаан сарын үеэр хот руу ирчихээд буцаад ирэхэд байхгүй болсон байсан. ... ХХК-иас хүн ирээд манай хөрвүүлэг хийдэг хүнийг дагуулж яваад хаана байгаа талаар үзүүлж харуулсан гэж манай нэг ажилтан хэлж байсан. Гаалийн хашаа 6 цагт хаадаг бөгөөд, ажлаа дуусгаад өглөө ирэхэд байхгүй болсон байсан гэсэн. ...Удирдлага яасан талаар би мэдэхгүй, ... ХХК-ийн хүмүүс ирэхэд би харуулж байсан. Гологдол гарсан талаар танилцуулж байсан. ...Шөнийн цагаар ачсан болохоор мэдэхгүй байгаа. ... ХХК-ийн захирал өмнөх өдөр нь ирээд манайх аль нь вэ гэж асуугаад баяжуулах үйлдвэрт өгсөн гэсэн юм яриад байсан... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хх 68, 132-140/

Дээрхийг дүгнэвэл худалдан авагч тал Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж, мөн хуулийн 254.6 дахь хэсэгт ...тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж тус тус заасны дагуу гэрээний зүйлийн доголдлын талаар нийлүүлэгч талд утсаар мэдэгдсэн, үүний дагуу нийлүүлэгч талаас доголдолтой хөрөнгийг буцаан авсан гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагч тал дээрх үйл баримтыг үгүйсгэсэн тайлбар гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаж буй тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

Иймд нийлүүлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөр худалдан авагч тал гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар чанарын шаардлага хангаагүйн улмаас буцаагдсан 752.58 тн жоншны үнэ 201,004,800 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

Түүнчлэн, ...ийг нийлүүлэгчээс худалдан авагчид тээвэрлэхэд гарах зардлыг тээвэрлэгч нарт худалдан авагч тал урьдчилан төлөхөөр хариуцаж, улмаар гарсан зардлыг нийлүүлэгч тал худалдан авагч талд төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд, нэхэмжлэгчээс уг зардалд нийт 20,901,040 төгрөг гарсныг хариуцагчаас шаардсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дээрх тохиролцоо хийгдсэн талаар маргаагүй ч, тээвэрлэлтийн зардалд 10,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Шүүх нэхэмжлэгчээс тээвэрлэлтийн хөлс төлсөн тухай хэрэгт авагдсан төлбөрийн баримтуудыг дүгнэхэд нийт 20,901,120 төгрөгийн зардал гарсан байх боловч нэхэмжлэгч талын шаардсан 20,901,040 төгрөгт нийцүүлэн хариуцагч ... ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэв.

Харин чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн нийлүүлсний улмаас ялгах ажил хийсэн ажилчдын хөлс 7,727,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Учир нь ... ХХК-тай хөдөлмөрийн гэрээний дагуу ялгагчаар ажиллаж байсан тэдгээр ажилтнууд зөвхөн маргаан бүхий ... ХХК-тай хийсэн гэрээний дагуу, тус компаниас нийлүүлсэн ...ийг ялгах ажил хийсэн эсэх нь тодорхойгүй, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэсэн байх тул тэдгээр 9 ажилтны цалин хөлсөнд зарцуулсан 7,727,800 төгрөгийг гэрээнээс учирсан хохирол гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагч ... ХХК-иас 221,905,840 /хоёр зуун хорин нэгэн сая есөн зуун таван мянга найман зуун дөчин/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ... ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 7,727,800 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,411,188 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 1,267,479 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА