Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00196

 

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00196

 

 

 

МММЭТ ХХК ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2019/02932 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч МММЭТ ХХК ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ИАТ ХХК-д холбогдох,

229 633 640 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунболд, хариуцагчийн өмгөөлөгч С.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч МММЭТ ХХК ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Их Ундрах талст ХХК нэртэй байхдаа 2017 оны 12 сарын 06-ны өдөр Их асралт трейд ХХК-тай хайлуур жонш худалдах-худалдан авах гэрээ байгуулж, ИАТ ХХК нь тодорхой чанар, хэмжээ бүхий хайлуур жоншийг нийлүүлэх, бид бүтээгдэхүүний үнийг төлөх үүрэг хүлээсэн. Худалдан авагч МММЭТ ХХК -аас төлбөрт 241 278 800 төгрөг, бүтээгдэхүүн нийлүүлэхтэй холбоотойгоор гарах тээвэр, бутлуурын зардалд 20 901 040 төгрөг, нийт 262 179 840 төгрөгийг урьдчилан шилжүүлж үүргээ гүйцэтгэсэн. Гэвч хариуцагчаас 2017 оны 12 сарын 01-ний өдрөөс 2018 оны 1 сарын 25-ны өдрийн хооронд нийлүүлсэн 994,58 тонн бүтээгдэхүүнээс 221,8 тонныг нэхэмжлэгч хүлээн авч, үлдэх 752,78 тонныг буцаасан. Учир нь CaF2-75 хувийн чанарын агуулга бүхий 221.8 тонн бүтээгдэхүүний үнэ 39 924 000 төгрөг суутгаснаар хариуцагч 201 004 800 төгрөгт дүйцэх гэрээнд заасан чанар бүхий бүтээгдэхүүнийг нэхэмжлэгчид нийлүүлэх үүрэгтэй болсон. Гэвч хариуцагч тал ямар ч бүтээгдэхүүн нийлүүлээгүй. 201 004 800 төгрөгийг нэхэмжлэгчээс үндэслэлгүйгээр шилжүүлэн аваад байна. Бид 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагчийн нийлүүлсэн бүтээгдэхүүний үлдэгдэл 752.58 тонн бүтээгдэхүүнд лабораторийн шинжилгээ хийлгүүлсэн ба хариугаар чанар гэрээнд заасан хэмжээнд хүрээгүй. Хариуг хариуцагч байгууллагад мэдэгдсэнээр 752.58 тонн бүтээгдэхүүнээ буцаан ачиж явсан. Иймд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 201 004 800 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү. Гэрээний 5.1.2-т зааснаар хариуцагч бүхий л тээврийн зардлыг бүрэн хариуцахаар заасан тул 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 20 901 040 төгрөгийг тээврийн зардалд төлсөн. Уг зардлыг буцааж нөхөн төлөөгүй учир уг зардлыг гаргуулахаар шаардсан. Гэрээний дагуу нийт 994.58 тонн бүтээгдэхүүн буулгаж, нэхэмжлэгч нэмж 9 ажилчин гаргаж жоншийг хүдэр, шороо, чулуунаас ялгах ажилд ажиллуулж, 7 727 800 төгрөгийн хөлс олгосон. Гэвч хариуцагч тал буулгасан 994,58 тонн шороо, хүдэр холилдсон бүтээгдхүүний 221,8 тонн нь цэвэр жин гарч, үлдэх хэсэг нь гэрээнд заасан чанар хангахгүй, худалдан авахын аргагүй байсан тул буцаасан. Иймд 7 727 800 төгрөгийн хохирол учирсан тул гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч ИАТ ХХКйн шүүхэд гаргасан тайлбарт: Манайх Их Ундрах талст ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хайлуур жонш худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу 1 000 тонн жонш нийлүүлж, төлбөрт нь 230 000 000 төгрөг шилжүүлж авсан. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Их ундрах талст ХХК жонш чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах зорилгоор манай компанийн данс руу 9 928 000 төгрөг шилжүүлэн жонш аваад танай жонш чанарын шаардлага хангаж байгаа тул 1 000 тн авахаар гэрээ байгуулсан. Гэрээг ИАТ ХХК-ийн захирал Б.Мягмардорж биш, компанийг төлөөлөх эрхгүй этгээд болох Б.Батболд гэж хүн байгуулсан. 20 901 040 төгрөгийн тухайд тодорхой хувь нь тээвэрлэж байсан жолооч нарын дансанд орсон учир үүнээс 10 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Ажилчдын хөлс 7 727 800 төгрөг үндэслэлгүй, өөрийн ажилчдын хөдөлмөрийн гэрээний дагуу хийсэн ажлын цалинг шаардсан байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагч ИАТ ХХК-аас 221 905 840 /хоёр зуун хорин нэгэн сая есөн зуун таван мянга найман зуун дөчин/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч МММЭТ ХХК д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 7 727 800 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1 411 188 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 1 267 479 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Адалбекийн давж заалдах гомдолд: Хариуцагч ИАТ ХХК нь худалдах, худалдан авах гэрээний дагуу бүх үүргээ биелүүлж, доголдолгүй жоншийг нийлүүлсэн байхад эд хөрөнгийн доголдолтой гэж үзэж шийдвэр гаргасанд гомдолтой. Эхний ирсэн тонн жоншийг буцаах бүрэн эрхтэй байсан ба энэ үүргээ биелүүлээгүй. Иймээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч МММЭТ ХХК  нь хариуцагч ИАТ ХХК-д холбогдуулан хайлуур жонш худалдах-худалдан авах гэрээгээр төлсөн 229 633 640 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагаас 10 000 000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрнө, үлдсэн хэсгийг төлөхгүй гэж маргажээ.

Их ундрах талст ХХК, ИАТ ХХК-ийн хооронд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хайлуур жонш худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч нь ФК-75 код бүхий CaF2-75 хувийн чанарын агуулгатай 500 тонн хайлуур жонш, ФК-85 код бүхий CaF2-85 хувийн чанарын агуулгатай 500 тонн хайлуур жоншийг тус тус нийлүүлэх, худалдан авагч нь гэрээний үнэ 230 000 000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ. /хх 7-12/

Хэргийн 27 дугаар талд авагдсан баримтаас Их ундрах талст ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр МММЭТ ХХК  болгон нэрээ өөрчилсөн, талууд энэ талаар маргаагүй, нэхэмжлэгч МММЭТ ХХК -ийг гэрээний худалдан авагч тал мөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Гэрээнд 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч ИАТ ХХК-ийг төлөөлөн Б.Батболд гэгч гарын үсэг зурсан байх боловч талууд бодитойгоор бүтээгдэхүүн нийлүүлж, үнийг төлсөн, гэрээний хугацаа 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дууссанаар гэрээ дуусгавар болсон байна. /хх 166-167, 185-186/

Талууд дээрх гэрээ байгуулсан, гэрээ хугацааны хувьд дуусгавар болсон зэрэг үйл баримтад маргаангүй. Мөн худалдан авагч буюу нэхэмжлэгч 241 278 800 төгрөгийг бүтээгдэхүүний үнэд, 20 901 040 төгрөгийг тээвэр бутлуурын үнэд, нийт 262 179 840 төгрөг шилжүүлсэн үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй. /хх 1-2, 196/ Түүнчлэн, 39 924 000 төгрөгийг худалдан авсан хайлуур жоншны үнэд суутган тооцож, хариуцагч нь нэхэмжлэгчид 201 004 800 төгрөгт дүйцэх чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэх үүрэгтэй үлдсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй. /хх 196 /

Мөн 752.58 тонн бүтээгдэхүүнээ хариуцагч буцаан ачиж авсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг болон гэрч Ү.Уламбаярын ...буулгасан жонш нь чанарын шаардлага хангахгүй байсан ба захирал Батболдтой яриад үзүүлсэн, цагаан сарын өмнө яаралтай хүнд зарахаар болсон, намайг авах уу гэхэд би боломжгүй гэдгээ хэлсэн гэх, гэрч Ү.Төгсбаярын үлдэгдэл 700 тонн жоншийг хашаандаа буулгаад хураасан, цагаан сарын үеэр хотод ирэхэд байхгүй болсон байсан, ...гологдол гарсан талаар танилцуулсан,... шөнийн цагаар ачсан болохоор мэдэхгүй байна гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн бичгийн мэдэгдэл зэргийг хариуцагч баримтаар няцааж чадаагүй байна./хх 68,132-140, 142-143/

Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдэлтэй холбоотойгоор өөрөөр хэлбэл чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлсэнтэй холбоотойгоор ажилчид нэмж ажиллуулж 7 727 800 төгрөгийн зардал гаргасан гэж үзэж хариуцагчаас шаардаж байсныг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцжээ.

Талууд гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн эсэх, нийлүүлсэн бүтээгдэхүүн чанарын шаардлагад нийцэж байсан эсэх асуудлаар маргаж байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Нэхэмжлэгч буюу худалдан авагч 752.58 тонн бүтээгдэхүүнийг чанарын шаардлага хангахгүй гэж үзээд буцааснаас үзэхэд дээрх хэмжээгээр худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ. Талууд гэрээгээр хайлуур жоншны агууламжийн талаар тохиролцсон. Чанарын хувьд бүрэн нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлсэн гэж тайлбарлаж байгаа бол нотлох үүрэг хариуцагчид ногдох юм. Гэвч буцаагдсан 752.58 тонн хайлуур жонш нь гэрээнд заасан чанар хангаж байсан гэх баримт хэрэг авагдаагүй байна. /хх 66-67, 68, 125-126/

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч бүтээгдэхүүний үнэд гэрээгээр шилжүүлэн авсан 201 004 800 төгрөгийг буцаан өгөх үндэстэй юм. Худалдах худалдан авах хэлцэл нь нэг удаагийн үйлдлээр голдуу хийгддэг хиймэгц биелэх хэлцэл бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь гэрээнээс татгалзаж өгсөн зүйлээ буцаан шаардаж байна.

Мөн гэрээнд зааснаар хариуцагчийн хариуцвал зохих 20 901 040 төгрөгийн тээвэр бутлуурын зардлыг өмнөөс нь нэхэмжлэгч төлсөн үйл баримт тогтоогдсон тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар дээрх мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй.

Талуудын хоорондын худалдах, худалдан авах гэрээ хэсэгчлэн цуцлагдсан, гэрээ цуцлагдсантай холбоотойгоор талууд өгсөн, авснаа буцаах ёстой байхад шүүх талуудын маргаанд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.Гэвч тухайн хэрэг энэ асуудлаар маргаан, шаардлага гараагүй байхад дээрх хуулийн зохицуулалтыг баримталсан нь мөн буруу юм.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 102/ШШ2019/02932 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 гэснийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 496 дугаар зүйлийн 496.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Их асралт трейд ХХК-ийн төлсөн 1 267 479 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай

.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ш.ОЮУНХАНД