Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2019/03036

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө гудамж 11, өөрийн байранд оршин байх, Зам, тээврийн хөгжлийн яам,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, “Хөвсгөл лэйк сити товер”, 8-1, 3 дугаар давхарт оршин байх, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 11 давхар, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газруудын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамж 82 тоот, Үйлдвэрийн баруун бүс, өөрийн байранд оршин байх “...” ХХК //-д холбогдох

 

2,168,197,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нийтийн тээврийн үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Зам, тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О Б.Цхариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Э нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын 2009 оны төсвийн тухай хуульд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их багтаамжийн 400 автобусыг 31,7 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар тусгагдсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2009 онд нийлүүлэгдсэн 400 автобусыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эзэмшүүлэх талаар 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хооронд “Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эзэмшүүлэх гэрээ” байгуулагдсан. Уг гэрээний дагуу 2009 оны 8 дугаар сарын 10-18-ны өдрүүдэд “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх 4 талт гэрээ”-ний үндсэн дээр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хуваарилан зээлээр эзэмшүүлсэн.

“...” ХХК нь 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 004/10 дугаартай “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ”-гээр 30 автобусыг 6 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгээр хүлээн авсан. “...” ХХК нь дээрх гэрээний дагуу одоогийн байдлаар 2,672,042,300 төгрөг төлөхөөс 503,849,600 төгрөг төлсөн, одоо 2,168,197,700 төгрөгийг төлөөгүй байна. Иймд “...” ХХК-иас “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх 4 талт гэрээ”-ний дагуу төлөгдөөгүй үлдэгдэл 2,168,197,700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсан Монгол улсын 2009 оны төсвийн тухай хуулиар Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зориулж их багтаамжтай 400 ширхэг автобусыг худалдан авахаар болсон. Парк шинэчлэлтэд зориулж улсын төсвөөс 31,7 тэрбум төгрөгийг гаргахаар шийдвэрлэсэн. Ингээд Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам болон БНСУ-ын “...” /Daewoo/ ХХК-иуд худалдааны гэрээ байгуулж 400 ширхэг автобусыг худалдан авсан. Ийнхүү худалдан авахад валютийн ханшийн зөрүү гарсан тул 400 автобусын төлбөрийн зарим хэсгийг тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс авч төлж дуусгасан. 400 ширхэг их багтаамжтай автобусуудыг Монгол улсад оруулж ирээд жагсаалтын дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалттай компаниудад болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд шилжүүлэн өгч, тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийг нэр дээр нь гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл автобусууд бусдын нэр дээр гэрчилгээтэй байгаа боловч өмчлөгч нь улс өөрөө юм. Ийм учраас нэхэмжлэгч байгууллагуудад 30 автобусны төлбөрийг шаардах эрх байгаа. Хариуцагч “...” ХХК нь нийт 30 ширхэг автобусуудыг хүлээн авсан ба одоо бүгдээрээ үйлчилгээндээ явж байгаа. 2021 онд ашиглалтын хугацаа нь дуусах бөгөөд хариуцагч нь 30 автобуснаас ашиг, орлогоо олсоор яваа. Талуудын байгуулсан гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй. Учир нь 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №4 тоот №004/10 тоот “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ”-нд “төлбөр бүрэн төлөгдсөн”-өөр гэрээ дуусгавар болох талаар тусгагдсан. 2 гэрээний төлбөрийг гадаад валютаар хийгдэхээр заасан нь үнэн. Гэхдээ төлбөрийг төлөхдөө монгол төгрөгөөр тооцож байгаа тул энэ үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Монгол улсын Үндэсний аудитийн газраас 2010 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “Автобусны гадаад төлбөрийг барагдуулж, гэрээг шилжүүлэх тухай” албан бичгийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд болон Нийслэлийн Засаг дарга нарт ирүүлсэн. Уг албан бичигт 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 004 тоот гэрээг хуульд нийцээгүй талаар дүгнэсэн байгаа. Аудитын газраас гэрээг шинээр байгуулах талаар л дурдсан болохоос биш гэрээ өөрөө хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн зүйл байхгүй. Монгол улсын Үндэсний аудитийн газраас ирүүлсэн албан бичгийн дагуу Засгийн газраас тогтоол гарсан. Тогтоолын дагуу бид гэрээг шинэчлэн байгуулахаар хариуцагчид удаа дараа бичгээр, амаар мэдэгдэж байсан боловч хариуцагч талын идэвхгүй байдлаас шалтгаалж гэрээг шинээр байгуулаагүй. Хариуцагч байгууллагаас 503,849,600 төгрөгийг улсаас өгдөг нөхөн олговороос нь шууд суутгаад авсан. Энэ төлбөрөөс өөр ямар ч төлбөрийг хариуцагч төлөөгүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Иймд нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлсэн 30 автобусны үнийг хариуцагчаас шаардах эрхтэй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр зөвшөөрөхгүй. Үүнд:

1/ Нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №004 тоот “Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эзэмшүүлэх гэрээ”, 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ”-нүүд хуульд нийцээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болно.

Дээрх гэрээг байгуулахдаа өмчийн эзэн болох УИХ, НИТХурал, Засгийн газар, Төрийн өмчийн хорооноос зөвшөөрөл аваагүй, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйл, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1 дэх хэсгүүдийн хориглосон заалтуудыг зөрчиж хийсэн. Үүнийг Монгол Улсын Үндэсний аудитын газрын 2010 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 01/26 тоот албан шаардлага, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 303 тоот тогтоолууд баталгаажуулж, гэрээг шинэчлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгасан болно.

2/ 400 автобусыг авахад улсын төсвөөс 31.7, аж ахуй нэгж байгууллагаас 4.1 тэрбум төгрөг гарсан. Өөрөөр хэлбэл 348 автобусыг улсын төсвийн хөрөнгөөр, 52 автобусыг ААНБ-ын мөнгөөр худалдаж авсан болно. ЗТБХБ-ын сайд, НЗДБУБ хотын захирагчийн хооронд байгуулсан 004 тоот гэрээнд Нийслэлийн Өмчийн харилцааны газрыг 400 автобусыг эзэмшигч гэж заасан байтал 04 тоот гэрээнд НӨХГ нь өмчлөгчийг төлөөлж гэрээ байгуулсан. Улсын төсвийн зарлагын 31.7 тэрбум төгрөгөөр автобусыг худалдан авсны дараа түүний өмчлөгч бүртгэлд аваагүй, өөрөөр хэлбэл ЗТБХБ-ын яам үнийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр нийслэлд эзэмшүүлж, нийслэл нь зээлээр компанид эзэмшүүлсэн байна. Компаниуд автобусыг эзэмшилдээ авч, тээврийн хэрэгслийн гэрчилгээ бүх бичиг баримтуудыг нэр дээрээ гаргуулан автобусны татвар, даатгал, оношилгооны болон үйл ажиллагааны бүх зардлыг хариуцан ажиллаж 10 жилд нэг автобусанд дунджаар 50,0 сая орчим төгрөгийн зардал гаргасан байдаг. Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 303 дугаар тогтоолын 3 дугаар хэсэгт “Гэрээний үүргээ биелүүлсэн аж ахуйн нэгж байгууллагын өмчлөлд автобус шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо /Д.С/, НЗДГ /Г.М/ нарт даалгасан” боловч, дээрх албан тушаалтнууд Төрийн өмчид бүртгэж аваагүй байдаг.

Зам, тээврийн яамнаас ТОАҮЭ-ийн холбоонд 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн 5/5213 тоот албан бичгийн 2 дахь хэсэгт “400 автобусыг үнийг эргэн төлөгдөх нөхцөлтэй олгохоор нийслэлийн парк шинэчлэлтийн хүрээнд хийсэн хөрөнгө оруулалт тул Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30.1 дэх хэсгийн дагуу УИХ-аар шийдвэр гаргуулаагүй гэсэн байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн асуудал нь 2008 онд Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Засгийн газрын 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 27 дугаар тогтоолоор шийдвэрлэгдсэн бөгөөд дээрх тогтоолд автобусны үнийг ЗТБХБ-ын яаманд эргэн төвлөрүүлэх тухай ямар ч заалт байхгүй болно. Өөрөөр хэлбэл ЗТБХБЯ-ны албан бус шийдвэр бөгөөд үүнийг Үндэсний аудитын газар албан шаардлагаараа буруутгасан байдаг.

Нийслэлд өмчийг шилжүүлсэн талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад НӨХГ, НТГ нь өмчлөгчийг төлөөлж гэрээ байгуулах эрхгүй болно. Орон нутгийн өмчийн эзэн бол тухайн нутгийн иргэд бөгөөд түүнийг төлөөлж Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэр гаргах эрхтэй байдаг бөгөөд НИТХурлаас ямар ч шийдвэр гараагүй юм. 2012, 2016 онуудад төрийн өмчийн тооллого явагдсан бөгөөд уг тооллогоор дээрх автобусууд төрийн болон нийслэлийн өмчийн алинд нь тоологдсон нь тодорхойгүй байгаа болно. Иймд өмчлөгчийн асуудал тодорхой бус байхад Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар өмчлөгчийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй. 

3/ БНСУ-аас худалдан авсан 400 автобусыг улсын төсвийн 31.7 тэрбум төгрөгөөр худалдан авсан учир /31,700,000:400 = 79,250,000/ нэг автобусны төсвийн өртөг 79,250,000 төгрөг болно. БНСУ-аас нэг автобусыг 62,900 ам.доллараар худалдан авсан. Автобус Монгол улсад цуварч орж ирсэн бөгөөд 004 тоот гэрээний дагуу тухайн өдрийн ам.долларын ханшаар тооцвол өөр өөр үнэтэй байгаа. ААНБ-уудаас ам.долларын ханшийн зөрүүг урьдчилгаа хэлбэрээр авсан бөгөөд энэ дүн 4.1 тэрбум төгрөг болсон байдаг. Зээлээр эзэмшүүлэх 004 тоот гэрээг байгуулахдаа зарим компаниудтай дан ганц ам.доллараар, заримтай нь монгол төгрөгөөр тооцсон үнээр эргэн төлөх хуваарийг хийсэн байдаг. “...” компанитай 30 автобусыг 1,887,000 ам.доллараар үнэлж гэрээ байгуулсан, өөрөөр хэлбэл нэг автобусыг 62,900 ам.доллараар үнэлсэн байна.

4/ Анх гэрээ байгуулахдаа нэг автобусыг 62,900 ам.доллараар үнэлсэн одоо нэхэмжлэхдээ 89,068,237 төгрөгөөр үнэлсэн байна. 2014 онд Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар шүүхэд нэхэмжлэхдээ 30 ширхэг автобусыг 1,821,780,200 төгрөг буюу 1 ширхэг автобусыг 60,720,000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байсан. Гэтэл одоо нэхэмжилж байгаа үнэ нь чухам яаж тооцон гаргасан болох нь ойлгомжгүй байна. Иймд автобусны үнийг тодорхой болгоогүй байхад нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

5/ Нэхэмжлэл гаргагч субъектүүд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхэд эргэлзэж байна. Анх байгуулсан 4 талт гэрээнд ЗТБХБЯ-ны Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилгын захиалагчийн алба өмч нийлүүлэгчийг төлөөлөн гэрээ байгуулсан бөгөөд дээрх байгууллага аль эрт татан буугдсан, гэрээгээр хүлээсэн үүргээ 2009 онд биелүүлж дууссан гэж үзэж байна. Иймд Зам, тээврийн хөгжлийн яам манай компанитай гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. 004/ тоот гэрээнд НӨХГ, ННТГ нь өмчлөгчийг төлөөлж гэрээ байгуулсан бөгөөд нийслэл нь 400 ширхэг автобусны өмчлөгч биш учир тэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна.

6/ 4 талт гэрээний 6.4 дэх хэсэгт зээлээр эзэмшигч нь эргэн төлөгдөх графикт төлбөрийг 2 сар хүртэл хугацаагаар төлөөгүй хугацаа хоцруулбал үл маргах журмаар автобусыг эзэмших эрхийг цуцлах бөгөөд автобус нэг бүрийн ашигласан сар тутмын төлбөрийг 873,6 ам.доллараар тооцон төлүүлнэ гэсэн боловч 2010 оны 5 дугаар сараас өнөөг хүртэл хариуцлага тооцоогүй байж өнөөдөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

7/ Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 27 дугаар тогтоолд автобусны үнийг эргэн төвлөрүүлж парк шинэчлэх сан байгуулах талаар ямар ч заалт байхгүй. ЗТБХБ-ын сайд, НЗД-ын хооронд байгуулсан 004 тоот гэрээ болон 004/04 тоот 4 талт гэрээнд автобусны үнийн эргэн төлөлтийг парк шинэчлэх санд төвлөрүүлэх тухай ямар нэгэн заалт байхгүй бөгөөд ЗТБХБЯ-нд түүний харъяа Сургалт, Судалгаа, Хөрөнгө оруулалт, Барилгын захиалагчийн албаны Зоос банкин дахь 2453008501 дугаар дансанд төвлөрүүлэхээр гэрээлэгдсэн байдаг. Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 303 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт автобус авсан ААНБ-аас төлбөрийг нь буцаан хуримтлуулж, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн сан бүрдүүлэх зорилгоор тусгай данс нээх зөвшөөрөл олгохыг Сангийн сайд С.Баярцогтод даалгасан. Үүний дагуу тусгай данс нээгдсэн боловч, сангийн дүрмээ баталж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй бөгөөд Засгийн газрын тусгай сангийн бүртгэлд бүртгэгдээгүй байна. Нийслэлийн ИТХ-аас 2013 онд нийслэлийн парк шинэчлэлтийн сан байгуулах тухай шийдвэр гарсан. Уг санд нийслэлийн төсвөөс 20,0 тэрбум төгрөг төвлөрүүлж, уг мөнгийг 2015 онд угсраа автобус 20, эко автобус 20 ширхэгийг худалдан авахад зарцуулсан. Сангийн яаманд нээсэн дээрх дансанд 2011, 2012 онд ААНБ-уудын нөхөн олговроос суутгасан буюу төлсөн 4,2 тэрбум төгрөг байршиж байгаа болно.Засгийн газрын 303 дугаар тогтоолын дагуу гэрээг шинэчлэн байгуулж дээрх санд автобусны үнийг эргэн төвлөрүүлэх боломж байсан боловч төрийн байгууллагууд энэ үүргээ хэрэгжүүлээгүй өнөөг хүрч байгаа болно.

8/ Автобусны үнийг эргэн төлөх санхүүгийн боломжгүй болсон талаар: 2008 оны 8 дугаар сараас эхлэн хувийн хэвшлийн ААНБ-ууд зорчигч тээврийн тарифаа нэмэгдүүлж, том хүн 400, хүүхэд 200 төгрөгөөр тээвэрлэж байсан. Энэ төгрөгийг цаашид мөрдөн нөхөн олговороо дээрх тарифаар тооцон авсан бол автобусны үнийг эргэн төлөхөд санхүүгийн бүрэн боломжтой байх байсан. Гэтэл:

а/ Нийслэлийн удирдлага Монгол улсын төсвийн тухай хуулийг зөрчиж 2008 онд 12,284,1 сая төгрөг төлөвлөснөөс 8,6 тэрбум олгож, 3,6 тэрбум 2009 онд 14,684,1 төгрөг төлөвлөснөөс 10,9 тэрбум олгож, 3,7 тэрбум төгрөг дутуу нөхөн олговрыг санхүүжүүлсэн байдаг.

б/ 2009 онд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн унааны зардлын нөхөн олговорт тарифын зөрүүгээс олгох 5,1 тэрбум төгрөг олгогдоогүй.

в/ 2008 оны 8 дугаар сараас мөрдөж байсан 400 төгрөгийн тарифыг буулгаж 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 300 төгрөг болгосон учир шугамын орлого буурч автобусны үнийг эргэн төлөх санхүүгийн боломжгүй болсон.

ААНБ-ууд ийнхүү санхүүгийн чадамжгүй болоод төлбөрөө 2010 оны 4 дүгээр сараас хойш төлөх боломжгүй байгааг мэдсээр байсан боловч 2010 онд улсын төсвийн тухай хуулиар баталсан нөхөн олговроос 4,9 тэрбум /30,9–26,0=4,9/ төгрөгийг хасч санхүүжүүлсэн. Ингэснээр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын хууль зөрчсөн буруутай үйл ажиллагааны үр дүнгээр ААНБ-ууд автобусны үнийг эргэн төлөх боломжгүй болж, элэгдэл байгуулдаг боловч тэр нь балансын алдагдал болдог болсон.

2015 оноос нийтийн тээврийн салбарт ухаалаг тээврийн систем нэвтрүүлж мөнгө хураагчгүй үйлчилгээнд шилжүүлж, нийтийн тээврийн үйлчилгээг машин цагийн зардлаар санхүүжүүлэх тогтолцоонд шилжүүлсэн. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын тогтоолоор батлагдсан машин цагийн зардалд 400 автобусны үнийг эргэн төлөх зардал багтаагүй учир төлбөрийг барагдуулах санхүүгийн эх үүсвэргүй болсон.

9/ Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниуд 2010 оны эхнээс эхлэн санхүүгийн хүндрэлд орсон, автобус авсан ААНБ-ууд автобусны үнийг эргэн төлөх боломжгүй болсон учир 10 компани нэгдэн тулгамдсан асуудлаа нэгдсэн журмаар нийслэл, төр засгийн удирдлагад тавьж шийдвэрлүүлэхийн тулд өөрсдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага болох “Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо” /ТОАҮЭХ/-нд албан бичгээр хүсэлт тавьсан. ТОАҮЭ холбоо нь 2010 оны 3 дугаар сараас эхлэн ЗТБХБЯ, НЗД, НӨХГ, ННТГ-т хандаж 4 талт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг тавьсан юм. Үүнд компаниудиас:

а/ Автобусны үнийг 31,7 тэрбум төгрөгөөс тооцож үнэлэх

б/ Сар бүр төлөх төлбөрийг 2 дахин багасгах

в/ 2009 онд санхүүжүүлээгүй нөхөн олговрын дутууг нөхөж олгох, эсвэл автобусны үнийн эргэн төлөлтөд тооцох зэрэг асуудлыг холбогдох дээд шатны байгууллагуудад тавьсан.

2010 онд ННТГазар дээр 4 талт гэрээг байгуулсан байгууллагуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулагдан ажиллаж тохиролцоонд хүрч гэрээг шинэчилж байгуулахаар тохиролцсон боловч төрийн байгууллагууд эцэслэж шийдвэрлээгүй орхисон. 2013 онд Нийслэлийн нийтийн тээврийн зөвлөлөөр 400 автобусны эргэн төлөлтийг ярилцсан. Засаг дарга ажлын хэсэг байгуулан ажиллуулсан бөгөөд автобусны үнийг 79,250,000 төгрөгөөр тооцож, 31,7 тэрбум төгрөгнөөс урьдчилан төлсөн 8,3 тэрбум төгрөг, 2009, 2010 онд төсвөөс олгоогүй /10,0 тэрбум/ нөхөн олговроос тухайн компанид олгогдох хэсгийг төлснөөр тооцож, үлдсэн хэсгийг төлүүлэхээр тохиролцож гэрээг шинэчлэн байгуулахыг зөвлөсөн байдаг боловч хэрэгжилгүй одоог хүрлээ.

10/ Парк шинэчлэлтийг улсын төсвийн хөрөнгөөр зайлшгүй хийх болсон шалтгаан: Монгол Улс 1990 оноос зах зээлийн харилцаанд шилжсэнээр тээврийн салбарыг хувийн хэвшилд шилжүүлсэн бөгөөд үүнд нийтийн тээвэр ч адил хамрагдсан болно. Нийтийн зорчигч тээвэрлэх тарифыг Засгийн газрын 1993 оны 93 дугаар тогтоолоор чөлөөт үнийн тогтолцоонд шилжүүлснээр 50 мөнгөнөөс 1999 он хүртэл 200 төгрөг болтол өссөн юм. Нийтийн тээврийн үйлчилгээ нь нийслэлийн захын хорооллын зорилтот бүлгийнхэнд ус агаар мэт шаардлагатай, тэдний амьдралыг залгуулагч нийгмийн захиалгат үйлчилгээ тул төр засгийн анхаарлын төвд байдаг. Монгол улс зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш нийтийн зорчигч тээвэрлэх тарифыг төрөөс хатуу тогтоож мөрдүүлснээр ААНБ-ууд ашиггүй ажиллаж, паркаа шинэчлэх боломжгүй болсон. 1999 онд зорчигч тээвэрлэх тарифыг 200 төгрөгөөр тогтоосноос хойш огт нэмэгдүүлээгүй учир нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид санхүүгийн алдагдалд орж, паркаа шинэчлэх, нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулах боломжгүй болсон учир арга буюу 2008 оны 8 дугаар сараас тарифаа 400 төгрөг болгосон юм. Төрийн өмчийн компаниудын парк хуучирч, автобусны насжилт стандартын шаардлагад нийцэхгүй болж актлагдсан. Нийтийн тээврийн салбарт тулгамдсан дээрх хүндрэлтэй асуудлыг нийслэл дангаараа шийдвэрлэх боломжгүй болсон учир 2008 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар онцгойлон үзэж, ажлын хэсэг гарган ажиллуулж, түүний дүгнэлтийг үндэслэн Засгийн газраас 27 дугаар тогтоол гаргаж, 2009 оны улсын төсвийн тухай хуулиар нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх, ачих, зөөвөрлөх машин худалдан авахад зориулж 38,6 тэрбум төгрөгийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын багцад баталсан юм. Өөрөөр хэлбэл дээрх төсөв нь нийслэлийн нийтийн тээврийн салбарт зориулсан улсын төсвийн хөрөнгө оруулалт юм. Уг төсвийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын багцад баталснаар тус яам автобусны үнийг эргэн төвлөрүүлж парк шинэчлэх сан байгуулах зорилт тавьж 004 тоот гэрээг байгуулсан байдаг.

Гэхдээ автобусны тарифыг том хүн 400 төгрөг, үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн унааны зардлыг 400 төгрөгөөр тооцсон тарифаар олгосон тохиолдолд автобусны үнийг эргэн төвлөрүүлэх боломжтой гэдгийг мэдсээр байж дээрх санаачлагыг нийслэлийн удирдлагатай сайн тохиролцолгүй шийдвэрлэсэн нь өнөөдөр шүүхээр шийдвэрлүүлэх маргаан үүсээд байна. Төрийн байгууллага, түүний албан хаагчдын хариуцлагагүй үйл ажиллагааны үр дагаврыг иргэн, хуулийн этгээд хүлээх ёсгүй, гэм хорыг төр хариуцах хуультай.

11/ 400 автобусны эргэн төлөлтийн талаар дээд шатны байгууллагуудад хандаж байсан талаар: 2010 он гараад автобус авсан ААНБ-ууд автобусны үнийг эргэн төлөх санхүүгийн боломжгүй болсноо гэрээ байгуулагч талууд болон Нийслэлийн удирдлага, Засгийн газар, ЗТБХБЯ, ЗГХЭГ, ХЗГ, Нийслэлийн ИТХ зэрэг бүхий л байгууллага албан тушаалтанд албан бичиг явуулсан болно. Гэрээний нөгөө тал болох ЗТБХБЯам, НӨХГ, ННТГ-аас 2015 он хүртэл албан шаардлага мэдэгдэл ирж байсан ба тухай бүрт нь хариуг албан бичгээр нэгдсэн журмаар хүргүүлсэн. 2014 онд ННТГ-аас шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэгсэхгүй болсон. 2015 онд автобусны элэгдэл байгуулах хугацаа дуусч автобус үнэгүй болсон. 2014 оноос хойш ННТГ-аас санал авах талаар зарим нэг бичиг ирсэн бөгөөд гэрээний үүргийн биөлэлтийг гэрээнд оролцогч талууд шаардаагүй юм.

12/ Гэрээний үүргийн биелэлтийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тухайд: 4 талт гэрээний 2.9 дэх хэсэгт “...хугацаандаа төлбөрөө төлөөгүй байгууллагын нөхөн олговрын дүнгээс төлөгдөөгүй тооцоог Нийслэлийн нийтийн тээврийн газар нь суутган авах эрхтэй” гэж заасны дагуу 2011-2012 онуудад нөхөн олговроос суутгал хийж байсан бөгөөд 2013 оноос хойш суутгал хийхээ болиод 6 жил гаран болж байна. 4 тал гэрээний 6.4 дэх хэсэгт “ Зээлээр эзэмшигч нь эргэн төлөгдөх графикт төлбөрийг 2 сар хүртэл хугацаагаар төлөөгүй хугацаа хоцруулбал үл маргах журмаар автобусыг эзэмших эрхийг цуцлах бөгөөд автобус нэг бүрийн ашигласан хугацааны сар дутмын төлбөрийг 873,6 ам.доллараар тооцон нөхөн төлүүлнэ” гэж заасан эрхээ шаардаагүй 6 жил болсон байна. Зээлээр эд хөрөнгө эзэмшүүлэгч төрийн байгууллагууд нь шаардах эрхээ эдлэлгүй 6 жилийн хугацаа өнгөрүүлснийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

Гэрээнд оролцогч талууд болох НӨХГ, ЗТХЯам гэрээний үүргийн биелэлтийг 2014 оноос хойш огт шаардаагүй 5 жил болоод байна. Иймд Иргэний хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд дээрх нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдүүд гаргасан, үнэ нь тодорхойгүй, гэрээ нь хүчин төгөлдөр бус, гэрээний үүргийн биелэлт шаардах эрх дуусгавар болсон, нэхэмжилж байгаа үнийн дүн баталгаажаагүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Монгол улсын Засгийн газрын 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн “Нийслэлийн нийтийн тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 27 дугаар тогтоолоор “Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх, авто тээврийн хэрэгсэл ачиж зөөвөрлөх автомашин худалдаж авахад шаардагдах нийт 38.4 тэрбум төгрөгийг Монгол улсын 2009 оны төсвийн төсөлд тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох этгээдүүдэд даалгажээ.

 

Монгол улсын 2009 оны төсвийн тухай хуулиар Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зориулж 400 ширхэг “их багтаамжтай” автобусыг худалдан авах төсвийг зарцуулах эрхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яаманд олгосон байна.

 

Ийнхүү 2009 онд улсын төсвийн хөрөнгө оруулалт, “Монгол улсыг хөгжүүлэх сан”-гийн хөрөнгөөр “D” маркийн нийтийн тээврийн үйлчилгээний том оврын 400 ширхэг автобусыг Бүгд найрамдах Солонгос улс /БНСУ/-аас худалдан авсан үйл баримтын талаар талууд маргаангүй ба энэхүү худалдан авалттай холбоотойгоор дараах гэрээнүүд байгуулагджээ. Үүнд:

 

1/ 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдөр нэг талаас Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, нөгөө талаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн нийтийн тээврийн газрууд №004 тоот “Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эзэмшүүлэх гэрээ” байгуулсан байна.

 

Дээрх гэрээний зорилгыг талууд “Улсын төсвийн хөрөнгөөр худалдан авч нийлүүлсэн Бүгд найрамдах Солонгос улс /БНСУ/-ын “...” маркийн нийтийн тээврийн үйлчилгээний том оврын 400 ширхэг шинэ автобусыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эзэмшүүлэх, автобусны өөрийн төсөвт өртгийг төлөхтэй холбогдсон талуудын хооронд үүссэн харилцааг зохицуулах, харилцан эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тогтоох” гэж тодорхойлжээ.

 

2009 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилгын захиалагчийн алба болон “...” ХХК-иуд №4 тоот “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

 

Дээрх гэрээний зорилгыг гэрээний талууд “Улсын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын нэр дээр шилжүүлэн, нийтийн тээврийн үйлчилгээний төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудад эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зээлээр эзэмшүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлсон байна.

Улмаар 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №004 тоот “Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эзэмшүүлэх гэрээ”, 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №4 тоот “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ”-нүүдийн дагуу хариуцагч “...” ХХК-ийн эзэмшилд дор дурдсан нийтийн тээврийн автобусууд шилжин очсон байна. Үүнд:

 

1/ 06-маркын автобус;

2/ 06-35 маркын автобус;

3/ 06-37маркын автобус;

4/ 06-38 маркын автобус;

5/ 06-40аркын автобус;

6/ 06-41 маркын автобус;

7/ 06-42УНБ умаркын автобус;

8/ 06-43 маркын автобус;

9/ 06-45 маркын автобус;

10/ 06-46 маркын автобус;

11/ 06-47маркын автобус;

12/ 06-48маркын автобус;

13/ 06-49маркын автобус;

14/ 06-50 маркын автобус;

15/ 06-01 маркын автобус;

16/ 06-02 маркын автобус;

....

30/ 549  маркын автобус;

 

Монгол улсын Засгийн газрын холбогдох тогтоолуудаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам нь Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн өмчийн харилцааны газар нь Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар, Нийслэлийн нийтийн тээврийн газрыг Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар гэж нэршил болон бүтцийн хувьд тус тус өөрчлөгджээ.

 

2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яам, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрууд “...” ХХК-д холбогдуулж 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №4 тоот “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ”-ний үүрэгт буюу 30 автобусны төлбөрийн үлдэгдэл болох 2,168,197,700 төгрөгийг шаардан шүүхэд хандсан.

 

Нэхэмжлэгч нарын зүгээс өөрсдийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч байгууллага 30 автобусыг бодитоор хүлээн авч, ашигласан тул гэрээгээр тохирсон төлбөрийн үлдэгдлээ шаардах эрхтэй” гэсэн агуулгаар тайлбарласан.

 

Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа “...талуудын байгуулсан гэрээ нь  байгуулсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус”, “...гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан”, “...гэрээгч шинэчлэн байгуулах талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан байхад холбогдох этгээдүүд гэрээг шинэчлэн байгуулаагүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

 

Байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр байх үндэслэлгүй хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд жагсаан бичсэн ба мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, 56.1.10 дахь хэсэгт “хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэсэн байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн” гэдэгт хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуульд тухайлан заасан шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ. Мөн зүйлийн 56.1.10-т заасан “хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэдэгт хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь үгүйсгэгдэх хэлцлийг хамааруулан ойлгоно. 

Хэрэгт авагдсан 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №004 тоот “Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эзэмшүүлэх гэрээ”, 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №4 тоот “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ”-нүүдийг хэрэгт цугларсан баримтууд, зохигчийн тайлбаруудтай харьцуулан судлахад эдгээр гэрээнүүд дараах хуулиудыг зөрчиж байгуулагдсан болох нь тогтоогдож байна. Үүнд:

 

1/ 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №004 тоот “Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эзэмшүүлэх гэрээ”, 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №4 тоот “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ”-нүүдийн гол нөхцөл болох үнийг гадаад валютаар тохирсон байгаа нь 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна /1 хавтас, 6-15 хуудас/.

 

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д “энэ хуулийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөнө” гэж заасан ба 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоож, төлбөр тооцоо гүйцэтгэхээр байгуулагдсан гэрээний нөхцөл Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.2 заасны дагуу хүчин төгөлдөр байх боломжтой. Гэвч дээрх гэрээнүүд хууль хүчин төгөлдөр болсноос хойш байгуулагдсан.

 

Хуулиар хориглосон зүйлс аливаа этгээдүүдийн хэлцлийн зүйл буюу гол нөхцөл болох учиргүй байхад талууд гэрээний гол нөхцөл болох автобусын үнийг гадаад валютаар тохирсон учир гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй.  

 

2/ “Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн өмч байх”, “Төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдтэй хамтарч хөрөнгө оруулсан бол төсвөөс санхүүжүүлсэн хувь хөрөнгийн хэмжээгээр төрийн болон орон нутгийн өмчид хамааруулах” “улсын төсвийн хөрөнгө болон төрийн бусад тусгай сан нь төрийн өөрийн өмчид хамаарах” шаардлагуудыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5, 6 дугаар зүйлүүдэд заажээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд 2009 оны улсын төсвийн хөрөнгө оруулалт, Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр худалдан авсан “...” маркийн нийтийн тээврийн үйлчилгээний том оврын 400 ширхэг автобус нь Төрийн өөрийн өмч байна. 

 

Төрийн өмчийн эд хөрөнгийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8, 9, 25, 27 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу бүртгэн, хариуцах эзэнтэй болгох учиртай.

 

Мөн 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №4 тоот “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ”-ний 1.2-т “Нийтийн тээврийн үйлчилгээний төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудад олгогдсон автобус нь өөрийн өртгийг эргэн барагдуулж дуусах хүртэл нийслэлийн өмч байна”, 2.1-т “Нийслэлийн өмчийн харилцааны газар нь нийтийн тээврийн үйлчилгээний том оврын 400 ширхэг автобусуудыг НӨҮГ-уудад хуваарилагдсаныг нь тухайн үйлдвэрийн газрын дансанд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид хуваарилагдсан автобусуудыг өөрийн буюу нийслэлийн өмчид бүртгэж авна” гэж заасан байна. 

 

Гэтэл дээр дурдсан хууль болон гэрээнд заасан ажиллагааг хийлгүйгээр маргааны зүйл болох 30 ширхэг автобусуудыг хариуцагч “...” ХХК-ийн эзэмшилд шилжүүлэх гэрээг хийжээ. 

 

3/ Монгол улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 303 дугаар “Нийслэлийн нийтийн тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гарчээ. Уг тогтоолоор 2009 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан 400 автобусыг эзэмшүүлж, ашиглуулах талаар аж ахуйн нэгж байгууллагуудтай байгуулсан гэрээг Үндэсний аудитын газраас өгсөн шаардлагын дагуу шинэчлэн байгуулахыг, мөн автобус авсан аж ахуйн нэгж, байгууллагаас төлбөрийг нь буцаан хуримтлуулж, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн сан бүрдүүлэх зорилгоор тусгай данс нээх зөвшөөрөл олгохыг Нийслэлийн засаг дарга болон Сангийн яаманд даалгасан байна /2 хавтас 15 хуудас/. 

 

Мөн хэрэгт Монгол улсын төрийн өмчийн хорооны 2011 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/2092 тоот “Хөрөнгө бүртгэлд авах тухай” албан бичиг авагджээ. Уг албан бичигт “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2008 онд нийлүүлэгдсэн 400 автобусыг Улсын болон орон нутгийн төсөв, Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламж, их засвар, худалдан авах тоног төхөөрөмжийн хөрөнгийг төлөвлөх, санхүүжүүлэх, хяналт тавих, гүйцэтгэл гаргах журам-ын 3.23 дахь заалт, Монгол улсын Засгийн газрын 2008 оны Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах арга хэмжээний тухай 148 дугаар тогтоолын 1.2 дахь заалтын дагуу  Нийслэлийн өмчид бүртгэх асуудлыг зөвшөөрч байна” гэж тусгагджээ /1 хавтас, 213 хуудас/. 

 

Түүнчлэн, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/176 дугаар “Ажлын хэсгийн бүрэлдэхүүн батлах тухай” захирамж гарсан. Энэхүү захирамжаар 2009 онд нийлүүлэгдсэн 400 автобустай холбоотой эрх зүйн актуудыг судалж маргаантай асуудлаар санал, дүгнэлт гаргуулахаар ажлын хэсгийг байгуулахаар болжээ. Гэвч 400 автобустай холбоотой гэрээ, өмчлөлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой шийдэлд хүрсэн болох нь тогтоогдохгүй байна.

 

Дээрх үйл баримтуудыг харьцуулан үзэхэд 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №004 тоот “Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эзэмшүүлэх гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №004 тоот “Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эзэмшүүлэх гэрээ”-г үндэслэж 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны Сургалт, Судалгаа, Хөрөнгө оруулалт, Барилгын захиалагчийн алба болон “...” ХХК-иудын хооронд №4 тоот “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ” байгуулагдсан үйл баримтын талаар зохигчид маргаангүй.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.9 дэх хэсгүүдэд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийгдсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байхыг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан. Иймд 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №4 тоот “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ” нь өөрөө байгуулагдсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус байна. 

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, ямар ч төрлийн гэрээг байгуулах эрхтэй. Гагцхүү байгуулсан гэрээ нь өөрөө хуулийн хүрээнд байх ёстой.

 

Нэгэнт 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №004 тоот “Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эзэмшүүлэх гэрээ”, 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №4 тоот “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ”-нүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10 дахь хэсгүүдэд зааснаар байгуулагдсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч тал гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр бус гэрээ талуудад гэрээний дагуу аливаа шаардлага гаргах эрхийг үүсгэхгүй.

 

Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэжээ.

 

Тодруулбал, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр аливаа гэрээний талууд эд хөрөнгө, мөнгө олж авах буюу үндэслэлгүй хөрөнгөжих учиргүй.  Нэхэмжлэгч болон хариуцагч талууд 30 автобусууд одоо үйлчилгээнд явж байгаа талаар маргаагүй.

 

Иймд 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №004 тоот “Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эзэмшүүлэх гэрээ”, 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №4 тоот “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ”-нүүдэд “...төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудад олгогдсон автобус нь өөрийн өртгийг эргэн барагдуулж дуусах хүртэл нийслэлийн өмч байх”, “...хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид хуваарилагдсан автобусуудыг нийслэлийн өмчид бүртгэх” агуулга бүхий заалтуудыг үндэслэн  хариуцагч “...” ХХК-иас дээр дурдсан 30 ширхэг автобусуудыг биет байдлаар нь гаргуулж нэхэмжлэгч Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт буцаан олгох нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “...” ХХК-иас дараах автобусуудыг гаргуулан нэхэмжлэгч Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газарт олгосугай. Үүнд: 

1/ 06-20УНБмаркын автобус;

.....

 

30/ KL маркын автобус;

   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.дахь хэсэгт заасныг баримтланнэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснааршийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  тайлбарласугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    Н.ХАНГАЛ