Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 511

 

МАГАДЛАЛ

2020-03-04                                                        511                                         

 

ЗТЖЯ, НӨАУГ,ННТҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/03036 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ЗТЖЯ, НӨАУГ, ННТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ЭТ” ХХК-д холбогдох,

 

2 168 197 700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгч ННТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч НТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н,

Нэхэмжлэгч НӨАУГ-ын төлөөлөгч М.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын 2009 оны төсвийн тухай хуульд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар их багтаамжийн 400 автобусыг 31,7 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар тусгагдсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2009 онд нийлүүлэгдсэн 400 автобусыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эзэмшүүлэх талаар 2009 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ЗТБХБ-ын сайд, НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын хооронд “Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эзэмшүүлэх гэрээ” байгуулагдсан. Уг гэрээний дагуу 2009 оны 8 дугаар сарын 10-18-ны өдрүүдэд “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх 4 талт гэрээ”-ний үндсэн дээр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хуваарилан зээлээр эзэмшүүлсэн. “ЭТ” ХХК нь 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 004/10 дугаартай “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ”-гээр 30 автобусыг 6 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгээр хүлээн авсан. “ЭТ” ХХК нь дээрх гэрээний дагуу одоогийн байдлаар 2,672,042,300 төгрөг төлөхөөс 503,849,600 төгрөг төлсөн, одоо 2,168,197,700 төгрөгийг төлөөгүй байна. Иймд “ЭТ” ХХК-иас “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх 4 талт гэрээ”-ний дагуу төлөгдөөгүй үлдэгдэл 2,168,197,700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр батлагдсан Монгол улсын 2009 оны төсвийн тухай хуулиар 400 ширхэг автобусыг худалдан авахаар болсон. Парк шинэчлэлтэд зориулж улсын төсвөөс 31,7 тэрбум төгрөгийг гаргахаар шийдвэрлэсэн. Ингээд Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам болон БНСУ-ын “Дэйвоо” /Daewoo/ ХХК-иуд худалдааны гэрээ байгуулж 400 ширхэг автобусыг худалдан авсан. Ийнхүү худалдан авахад валютийн ханшийн зөрүү гарсан тул 400 автобусын төлбөрийн зарим хэсгийг тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээс авч төлж дуусгасан, автобуснуудыг улсын төсвийн хөрөнгө оруулалттай компаниудад болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд шилжүүлэн өгч, тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийг нэр дээр нь гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл автобусууд бусдын нэр дээр гэрчилгээтэй байгаа боловч өмчлөгч нь улс өөрөө юм. Ийм учраас нэхэмжлэгч байгууллагуудад 30 автобусны төлбөрийг шаардах эрх байгаа. Хариуцагч “ЭТ” ХХК нь нийт 30 ширхэг автобусуудыг хүлээн авсан ба одоо бүгдээрээ үйлчилгээндээ явж байгаа. 2021 онд ашиглалтын хугацаа нь дуусах бөгөөд хариуцагч нь 30 автобуснаас ашиг, орлогоо олсоор яваа. Талуудын байгуулсан гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй. Учир нь 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №4 тоот №004/10 тоот гэрээнд “төлбөр бүрэн төлөгдсөн”-өөр гэрээ дуусгавар болох талаар тусгагдсан. 2 гэрээний төлбөрийг гадаад валютаар хийгдэхээр заасан нь үнэн. Гэхдээ төлбөрийг төлөхдөө монгол төгрөгөөр тооцож байгаа тул энэ үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй. Монгол улсын Үндэсний аудитийн газраас 2010 оны 3 дугаар сарын 12-ны өдөр “Автобусны гадаад төлбөрийг барагдуулж, гэрээг шилжүүлэх тухай” албан бичгийг ЗТБХБ-ын сайд болон НЗД нарт ирүүлсэн. Уг албан бичигт 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 004 тоот гэрээг шинээр байгуулах талаар л дурдсан болохоос биш гэрээ өөрөө хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн зүйл байхгүй. Монгол улсын Үндэсний аудитийн газраас ирүүлсэн албан бичгийн дагуу Засгийн газраас тогтоол гарсан. Тогтоолын дагуу бид гэрээг шинэчлэн байгуулахаар хариуцагчид удаа дараа бичгээр, амаар мэдэгдэж байсан боловч  гэрээг шинээр байгуулаагүй. Хариуцагч байгууллагаас 503,849,600 төгрөгийг улсаас өгдөг нөхөн олговороос нь шууд суутгаад авсан. Энэ төлбөрөөс өөр ямар ч төлбөрийг хариуцагч төлөөгүй. Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Иймд нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлсэн 30 автобусны үнийг хариуцагчаас шаардах эрхтэй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №004 тоот “Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эзэмшүүлэх гэрээ”, 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ”-нүүд хуульд нийцээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Дээрх гэрээг байгуулахдаа өмчийн эзэн болох УИХ, НИТХурал, Засгийн газар, Төрийн өмчийн хорооноос зөвшөөрөл аваагүй, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйл, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1 дэх хэсгүүдийн хориглосон заалтуудыг зөрчиж хийсэн. Үүнийг Монгол Улсын Үндэсний аудитын газрын 2010 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 01/26 тоот албан шаардлага, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 303 тоот тогтоолууд баталгаажуулж, гэрээг шинэчлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгасан болно.

2/ 400 автобусыг авахад улсын төсвөөс 31.7, аж ахуй нэгж байгууллагаас 4.1 тэрбум төгрөг гарсан. Өөрөөр хэлбэл 348 автобусыг улсын төсвийн хөрөнгөөр, 52 автобусыг ААНБ-ын мөнгөөр худалдаж авсан болно. ЗТБХБ-ын сайд, НЗДБУБ хотын захирагчийн хооронд байгуулсан 004 тоот гэрээнд НӨХ-ны газрыг 400 автобусыг эзэмшигч гэж заасан байтал 04 тоот гэрээнд НӨХГ нь өмчлөгчийг төлөөлж гэрээ байгуулсан. Улсын төсвийн зарлагын 31.7 тэрбум төгрөгөөр автобусыг худалдан авсны дараа түүний өмчлөгч бүртгэлд аваагүй, өөрөөр хэлбэл ЗТБХБ-ын яам үнийг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр нийслэлд эзэмшүүлж, нийслэл нь зээлээр компанид эзэмшүүлсэн байна. Компаниуд автобусыг эзэмшилдээ авч, тээврийн хэрэгслийн гэрчилгээ бүх бичиг баримтуудыг нэр дээрээ гаргуулан автобусны татвар, даатгал, оношилгооны болон үйл ажиллагааны бүх зардлыг хариуцан ажиллаж 10 жилд нэг автобусанд дунджаар 50,0 сая орчим төгрөгийн зардал гаргасан байдаг. Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 303 дугаар тогтоолын 3 дугаар хэсэгт “Гэрээний үүргээ биелүүлсэн аж ахуйн нэгж байгууллагын өмчлөлд автобус шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Төрийн өмчийн хороо /Д.С/, НЗДГ /Г.М/ нарт даалгасан” боловч, дээрх албан тушаалтнууд Төрийн өмчид бүртгэж аваагүй байдаг. Зам, тээврийн яамнаас ТОАҮЭ-ийн холбоонд 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн 5/5213 тоот албан бичгийн 2 дахь хэсэгт “400 автобусыг үнийг эргэн төлөгдөх нөхцөлтэй олгохоор нийслэлийн парк шинэчлэлтийн хүрээнд хийсэн хөрөнгө оруулалт тул Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30.1 дэх хэсгийн дагуу УИХ-аар шийдвэр гаргуулаагүй гэсэн байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн асуудал нь 2008 онд Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Засгийн газрын 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 27 дугаар тогтоолоор шийдвэрлэгдсэн бөгөөд дээрх тогтоолд автобусны үнийг ЗТБХБ-ын яаманд эргэн төвлөрүүлэх тухай ямар ч заалт байхгүй болно. Өөрөөр хэлбэл ЗТБХБЯ-ны албан бус шийдвэр бөгөөд үүнийг Үндэсний аудитын газар албан шаардлагаараа буруутгасан байдаг. Нийслэлд өмчийг шилжүүлсэн талаар эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад НӨХГ, НТГ нь өмчлөгчийг төлөөлж гэрээ байгуулах эрхгүй болно. Орон нутгийн өмчийн эзэн бол тухайн нутгийн иргэд бөгөөд түүнийг төлөөлж Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэр гаргах эрхтэй байдаг бөгөөд НИТХурлаас ямар ч шийдвэр гараагүй юм. 2012, 2016 онуудад төрийн өмчийн тооллого явагдсан бөгөөд уг тооллогоор дээрх автобусууд төрийн болон нийслэлийн өмчийн алинд нь тоологдсон нь тодорхойгүй байгаа болно. Иймд өмчлөгчийн асуудал тодорхой бус байхад НӨАУГ, ННТҮГ, ННТҮГӨ-ийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй.

3/ БНСУ-аас худалдан авсан 400 автобусыг улсын төсвийн 31.7 тэрбум төгрөгөөр худалдан авсан учир /31,700,000:400 = 79,250,000/ нэг автобусны төсвийн өртөг 79,250,000 төгрөг болно. БНСУ-аас нэг автобусыг 62,900 ам.доллараар худалдан авсан. Автобус Монгол улсад цуварч орж ирсэн бөгөөд 004 тоот гэрээний дагуу тухайн өдрийн ам.долларын ханшаар тооцвол өөр өөр үнэтэй байгаа. ААНБ-уудаас ам.долларын ханшийн зөрүүг урьдчилгаа хэлбэрээр авсан бөгөөд энэ дүн 4.1 тэрбум төгрөг болсон байдаг. Зээлээр эзэмшүүлэх 004 тоот гэрээг байгуулахдаа зарим компаниудтай дан ганц ам.доллараар, заримтай нь монгол төгрөгөөр тооцсон үнээр эргэн төлөх хуваарийг хийсэн байдаг. “ЭТ” компанитай 30 автобусыг 1,887,000 ам.доллараар үнэлж гэрээ байгуулсан, өөрөөр хэлбэл нэг автобусыг 62,900 ам.доллараар үнэлсэн байна.

4/ Анх гэрээ байгуулахдаа нэг автобусыг 62,900 ам.доллараар үнэлсэн одоо нэхэмжлэхдээ 89,068,237 төгрөгөөр үнэлсэн байна. 2014 онд ННТҮГ шүүхэд нэхэмжлэхдээ 30 ширхэг автобусыг 1,821,780,200 төгрөг буюу 1 ширхэг автобусыг 60,720,000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байсан. Гэтэл одоо нэхэмжилж байгаа үнэ нь чухам яаж тооцон гаргасан болох нь ойлгомжгүй байна. Иймд автобусны үнийг тодорхой болгоогүй байхад нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

5/ Нэхэмжлэл гаргагч субъектүүд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхэд эргэлзэж байна. Анх байгуулсан 4 талт гэрээнд ЗТБХБЯ-ны Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилгын захиалагчийн алба өмч нийлүүлэгчийг төлөөлөн гэрээ байгуулсан бөгөөд дээрх байгууллага аль эрт татан буугдсан, гэрээгээр хүлээсэн үүргээ 2009 онд биелүүлж дууссан гэж үзэж байна. Иймд Зам, тээврийн хөгжлийн яам манай компанитай гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. 004/ тоот гэрээнд НӨХГ, ННТГ нь өмчлөгчийг төлөөлж гэрээ байгуулсан бөгөөд нийслэл нь 400 ширхэг автобусны өмчлөгч биш учир тэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна.

6/ 4 талт гэрээний 6.4 дэх хэсэгт зээлээр эзэмшигч нь эргэн төлөгдөх графикт төлбөрийг 2 сар хүртэл хугацаагаар төлөөгүй хугацаа хоцруулбал үл маргах журмаар автобусыг эзэмших эрхийг цуцлах бөгөөд автобус нэг бүрийн ашигласан сар тутмын төлбөрийг 873,6 ам.доллараар тооцон төлүүлнэ гэсэн боловч 2010 оны 5 дугаар сараас өнөөг хүртэл хариуцлага тооцоогүй байж өнөөдөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

7/ Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 27 дугаар тогтоолд автобусны үнийг эргэн төвлөрүүлж парк шинэчлэх сан байгуулах талаар ямар ч заалт байхгүй. ЗТБХБ-ын сайд, НЗД-ын хооронд байгуулсан 004 тоот гэрээ болон 004/04 тоот 4 талт гэрээнд автобусны үнийн эргэн төлөлтийг парк шинэчлэх санд төвлөрүүлэх тухай ямар нэгэн заалт байхгүй бөгөөд ЗТБХБЯ-нд түүний харъяа Сургалт, Судалгаа, Хөрөнгө оруулалт, Барилгын захиалагчийн албаны Зоос банкин дахь 2453008501 дугаар дансанд төвлөрүүлэхээр гэрээлэгдсэн байдаг. Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 303 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт автобус авсан ААНБ-аас төлбөрийг нь буцаан хуримтлуулж, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн сан бүрдүүлэх зорилгоор тусгай данс нээх зөвшөөрөл олгохыг Сангийн сайд С.Б-д даалгасан. Үүний дагуу тусгай данс нээгдсэн боловч, сангийн дүрмээ баталж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй бөгөөд Засгийн газрын тусгай сангийн бүртгэлд бүртгэгдээгүй байна. Нийслэлийн ИТХ-аас 2013 онд нийслэлийн парк шинэчлэлтийн сан байгуулах тухай шийдвэр гарсан. Уг санд нийслэлийн төсвөөс 20,0 тэрбум төгрөг төвлөрүүлж, уг мөнгийг 2015 онд угсраа автобус 20, эко автобус 20 ширхэгийг худалдан авахад зарцуулсан. Сангийн яаманд нээсэн дээрх дансанд 2011, 2012 онд ААНБ-уудын нөхөн олговроос суутгасан буюу төлсөн 4,2 тэрбум төгрөг байршиж байгаа болно. Засгийн газрын 303 дугаар тогтоолын дагуу гэрээг шинэчлэн байгуулж дээрх санд автобусны үнийг эргэн төвлөрүүлэх боломж байсан боловч төрийн байгууллагууд энэ үүргээ хэрэгжүүлээгүй өнөөг хүрч байгаа болно.

8/ Автобусны үнийг эргэн төлөх санхүүгийн боломжгүй болсон талаар: 2008 оны 8 дугаар сараас эхлэн хувийн хэвшлийн ААНБ-ууд зорчигч тээврийн тарифаа нэмэгдүүлж, том хүн 400, хүүхэд 200 төгрөгөөр тээвэрлэж байсан. Энэ төгрөгийг цаашид мөрдөн нөхөн олговороо дээрх тарифаар тооцон авсан бол автобусны үнийг эргэн төлөхөд санхүүгийн бүрэн боломжтой байх байсан. Гэтэл: а/ Нийслэлийн удирдлага Монгол улсын төсвийн тухай хуулийг зөрчиж 2008 онд 12,284,1 сая төгрөг төлөвлөснөөс 8,6 тэрбум олгож, 3,6 тэрбум 2009 онд 14,684,1 төгрөг төлөвлөснөөс 10,9 тэрбум олгож, 3,7 тэрбум төгрөг дутуу нөхөн олговрыг санхүүжүүлсэн байдаг. б/ 2009 онд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн унааны зардлын нөхөн олговорт тарифын зөрүүгээс олгох 5,1 тэрбум төгрөг олгогдоогүй. в/ 2008 оны 8 дугаар сараас мөрдөж байсан 400 төгрөгийн тарифыг буулгаж 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 300 төгрөг болгосон учир шугамын орлого буурч автобусны үнийг эргэн төлөх санхүүгийн боломжгүй болсон. ААНБ-ууд ийнхүү санхүүгийн чадамжгүй болоод төлбөрөө 2010 оны 4 дүгээр сараас хойш төлөх боломжгүй байгааг мэдсээр байсан боловч 2010 онд улсын төсвийн тухай хуулиар баталсан нөхөн олговроос 4,9 тэрбум /30,9–26,0=4,9/ төгрөгийг хасч санхүүжүүлсэн. Ингэснээр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын хууль зөрчсөн буруутай үйл ажиллагааны үр дүнгээр ААНБ-ууд автобусны үнийг эргэн төлөх боломжгүй болж, элэгдэл байгуулдаг боловч тэр нь балансын алдагдал болдог болсон. 2015 оноос нийтийн тээврийн салбарт ухаалаг тээврийн систем нэвтрүүлж мөнгө хураагчгүй үйлчилгээнд шилжүүлж, нийтийн тээврийн үйлчилгээг машин цагийн зардлаар санхүүжүүлэх тогтолцоонд шилжүүлсэн. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын тогтоолоор батлагдсан машин цагийн зардалд 400 автобусны үнийг эргэн төлөх зардал багтаагүй учир төлбөрийг барагдуулах санхүүгийн эх үүсвэргүй болсон.

9/ Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниуд 2010 оны эхнээс эхлэн санхүүгийн хүндрэлд орсон, автобус авсан ААНБ-ууд автобусны үнийг эргэн төлөх боломжгүй болсон учир 10 компани нэгдэн тулгамдсан асуудлаа нэгдсэн журмаар нийслэл, төр засгийн удирдлагад тавьж шийдвэрлүүлэхийн тулд өөрсдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага болох “Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо” /ТОАҮЭХ/-нд албан бичгээр хүсэлт тавьсан. ТОАҮЭ холбоо нь 2010 оны 3 дугаар сараас эхлэн ЗТБХБЯ, НЗД, НӨХГ, ННТГ-т хандаж 4 талт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг тавьсан юм. Үүнд компаниудиас: а/ Автобусны үнийг 31,7 тэрбум төгрөгөөс тооцож үнэлэх, б/ Сар бүр төлөх төлбөрийг 2 дахин багасгах, в/ 2009 онд санхүүжүүлээгүй нөхөн олговрын дутууг нөхөж олгох, эсвэл автобусны үнийн эргэн төлөлтөд тооцох зэрэг асуудлыг холбогдох дээд шатны байгууллагуудад тавьсан.

2010 онд ННТГазар дээр 4 талт гэрээг байгуулсан байгууллагуудын төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулагдан ажиллаж тохиролцоонд хүрч гэрээг шинэчилж байгуулахаар тохиролцсон боловч төрийн байгууллагууд эцэслэж шийдвэрлээгүй орхисон. 2013 онд Нийслэлийн нийтийн тээврийн зөвлөлөөр 400 автобусны эргэн төлөлтийг ярилцсан. Засаг дарга ажлын хэсэг байгуулан ажиллуулсан бөгөөд автобусны үнийг 79,250,000 төгрөгөөр тооцож, 31,7 тэрбум төгрөгнөөс урьдчилан төлсөн 8,3 тэрбум төгрөг, 2009, 2010 онд төсвөөс олгоогүй /10,0 тэрбум/ нөхөн олговроос тухайн компанид олгогдох хэсгийг төлснөөр тооцож, үлдсэн хэсгийг төлүүлэхээр тохиролцож гэрээг шинэчлэн байгуулахыг зөвлөсөн байдаг боловч хэрэгжилгүй одоог хүрлээ.

10/ Парк шинэчлэлтийг улсын төсвийн хөрөнгөөр зайлшгүй хийх болсон шалтгаан: Монгол Улс 1990 оноос зах зээлийн харилцаанд шилжсэнээр тээврийн салбарыг хувийн хэвшилд шилжүүлсэн бөгөөд үүнд нийтийн тээвэр ч адил хамрагдсан болно. Нийтийн зорчигч тээвэрлэх тарифыг Засгийн газрын 1993 оны 93 дугаар тогтоолоор чөлөөт үнийн тогтолцоонд шилжүүлснээр 50 мөнгөнөөс 1999 он хүртэл 200 төгрөг болтол өссөн юм. Нийтийн тээврийн үйлчилгээ нь нийслэлийн захын хорооллын зорилтот бүлгийнхэнд ус агаар мэт шаардлагатай, тэдний амьдралыг залгуулагч нийгмийн захиалгат үйлчилгээ тул төр засгийн анхаарлын төвд байдаг. Монгол улс зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш нийтийн зорчигч тээвэрлэх тарифыг төрөөс хатуу тогтоож мөрдүүлснээр ААНБ-ууд ашиггүй ажиллаж, паркаа шинэчлэх боломжгүй болсон. 1999 онд зорчигч тээвэрлэх тарифыг 200 төгрөгөөр тогтоосноос хойш огт нэмэгдүүлээгүй учир нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид санхүүгийн алдагдалд орж, паркаа шинэчлэх, нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулах боломжгүй болсон учир арга буюу 2008 оны 8 дугаар сараас тарифаа 400 төгрөг болгосон юм. Төрийн өмчийн компаниудын парк хуучирч, автобусны насжилт стандартын шаардлагад нийцэхгүй болж актлагдсан. Нийтийн тээврийн салбарт тулгамдсан дээрх хүндрэлтэй асуудлыг нийслэл дангаараа шийдвэрлэх боломжгүй болсон учир 2008 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар онцгойлон үзэж, ажлын хэсэг гарган ажиллуулж, түүний дүгнэлтийг үндэслэн Засгийн газраас 27 дугаар тогтоол гаргаж, 2009 оны улсын төсвийн тухай хуулиар нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх, ачих, зөөвөрлөх машин худалдан авахад зориулж 38,6 тэрбум төгрөгийг ЗТБХБ-ын сайдын багцад баталсан юм. Өөрөөр хэлбэл дээрх төсөв нь нийслэлийн нийтийн тээврийн салбарт зориулсан улсын төсвийн хөрөнгө оруулалт юм. Уг төсвийг ЗТБХБ-ын сайдын багцад баталснаар тус яам автобусны үнийг эргэн төвлөрүүлж парк шинэчлэх сан байгуулах зорилт тавьж 004 тоот гэрээг байгуулсан байдаг. Гэхдээ автобусны тарифыг том хүн 400 төгрөг, үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн унааны зардлыг 400 төгрөгөөр тооцсон тарифаар олгосон тохиолдолд автобусны үнийг эргэн төвлөрүүлэх боломжтой гэдгийг мэдсээр байж дээрх санаачлагыг нийслэлийн удирдлагатай сайн тохиролцолгүй шийдвэрлэсэн нь өнөөдөр шүүхээр шийдвэрлүүлэх маргаан үүсээд байна. Төрийн байгууллага, түүний албан хаагчдын хариуцлагагүй үйл ажиллагааны үр дагаврыг иргэн, хуулийн этгээд хүлээх ёсгүй, гэм хорыг төр хариуцах хуультай.

11/ 400 автобусны эргэн төлөлтийн талаар дээд шатны байгууллагуудад хандаж байсан талаар: 2010 он гараад автобус авсан ААНБ-ууд автобусны үнийг эргэн төлөх санхүүгийн боломжгүй болсноо гэрээ байгуулагч талууд болон Нийслэлийн удирдлага, Засгийн газар, ЗТБХБЯ, ЗГХЭГ, ХЗГ, Нийслэлийн ИТХ зэрэг бүхий л байгууллага албан тушаалтанд албан бичиг явуулсан болно. Гэрээний нөгөө тал болох ЗТБХБЯам, НӨХГ, ННТГ-аас 2015 он хүртэл албан шаардлага мэдэгдэл ирж байсан ба тухай бүрт нь хариуг албан бичгээр нэгдсэн журмаар хүргүүлсэн. 2014 онд ННТГ-аас шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэгсэхгүй болсон. 2015 онд автобусны элэгдэл байгуулах хугацаа дуусч автобус үнэгүй болсон. 2014 оноос хойш ННТГ-аас санал авах талаар зарим нэг бичиг ирсэн бөгөөд гэрээний үүргийн биелэлтийг гэрээнд оролцогч талууд шаардаагүй юм.

12/ Гэрээний үүргийн биелэлтийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тухайд: 4 талт гэрээний 2.9 дэх хэсэгт “...хугацаандаа төлбөрөө төлөөгүй байгууллагын нөхөн олговрын дүнгээс төлөгдөөгүй тооцоог ННТГ  нь суутган авах эрхтэй” гэж заасны дагуу 2011-2012 онуудад нөхөн олговроос суутгал хийж байсан бөгөөд 2013 оноос хойш суутгал хийхээ болиод 6 жил гаран болж байна. 4 тал гэрээний 6.4 дэх хэсэгт “ Зээлээр эзэмшигч нь эргэн төлөгдөх графикт төлбөрийг 2 сар хүртэл хугацаагаар төлөөгүй хугацаа хоцруулбал үл маргах журмаар автобусыг эзэмших эрхийг цуцлах бөгөөд автобус нэг бүрийн ашигласан хугацааны сар дутмын төлбөрийг 873,6 ам.доллараар тооцон нөхөн төлүүлнэ” гэж заасан эрхээ шаардаагүй 6 жил болсон байна. Зээлээр эд хөрөнгө эзэмшүүлэгч төрийн байгууллагууд нь шаардах эрхээ эдлэлгүй 6 жилийн хугацаа өнгөрүүлснийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Гэрээнд оролцогч талууд болох НӨХГ, ЗТХЯам гэрээний үүргийн биелэлтийг 2014 оноос хойш огт шаардаагүй 5 жил болоод байна. Иймд Иргэний хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд дээрх нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдүүд гаргасан, үнэ нь тодорхойгүй, гэрээ нь хүчин төгөлдөр бус, гэрээний үүргийн биелэлт шаардах эрх дуусгавар болсон, нэхэмжилж байгаа үнийн дүн баталгаажаагүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ЭТ” ХХК-иас дараах автобусуудыг гаргуулан нэхэмжлэгч НӨАУГ, ННТҮГ, т олгосугай. Үүнд:

1/ 06-20УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000433 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

2/ 06-35УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000419 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

3/ 06-37УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000489 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

4/ 06-38УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000497 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

5/ 06-40УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000434 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

6/ 06-41УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000500 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

7/ 06-42УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000463 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

8/ 06-43УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000479 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

9/ 06-45УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000477 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

10/ 06-46УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000491 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

11/ 06-47УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000492 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

12/ 06-48УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000514 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

13/ 06-49УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000402 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

14/ 06-50УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000416 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

15/ 06-01УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000494 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

16/ 06-02УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000509 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

17/ 06-03УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000496 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

18/ 06-04УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000498 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

19/ 06-05УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000502 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

20/ 06-08УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000474 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

21/ 06-36УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000413 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

22/ 06-17УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000410 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

23/ 06-39УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000490 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

24/ 06-51УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000580 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

25/ 06-52УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000528 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

26/ 06-73УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000571 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

27/ 06-56УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000561 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

28/ 06-58УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000560 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

29/ 06-71УНБ улсын дугаартай, KL5UM52BE9U000551 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

30/ KL5UM52BE9U000549 арлын дугаартай, 2009 онд үйлдвэрлэгдсэн, DAEWOO маркын автобус;

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

ННТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа бөгөөд гэрээг хүчин төгөлдөр бусад, тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон. Шүүгч маргаан бүхий автобуснуудыг төрийн өмч мөн гэж үзсэн хэрнээ автобусыг НӨАУГ-ын эзэмшилд шилжүүлж өгч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг автобуснуудыг 10 гаран жил ашигласан байдлаар буцаан авахад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ЗТХЯ, НӨАУГ, ННТҮГ, , ННТҮГ-аас  хариуцагч “ЭТ” ХХК-д холбогдуулан  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх 4 талт гэрээний дагуу төлөгдөөгүй үлдэгдэл 2,168,197,700 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.  

 

          ЗТБХБЯ болон НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч, НӨХ-ны газар, ННТГ-ын хооронд 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан 004 тоот “Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр эзэмшүүлэх гэрээ” /1хх 152-15/ ,

       

        НӨХ-ны газар, ННТГ , ЗТБХБ-ын яамны Сургалт, судалгаа, хөрөнгө оруулалт, барилгын захиалагчийн алба болон “ЭТ” ХХК нарын хооронд 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан №4 тоот “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ /1 хх 6-11/ нь бичгээр хийх хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр байна.

 

        Гэрээний агуулгаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан.

 

         Зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан, 30 ш автобусыг хүлээн авсан  талаар маргаагүй. Харин хариуцагч гэрээ хүчин төгөлдөр бус, нэхэмжлэлийн үнийн дүн тодорхойгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, хөрөнгийг төрийн өмчийн бүртгэлд бүртгээгүй, гэрээний үүргийг шаардах эрх дуусгавар болсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан.

       

           1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 004 тоот “ Эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр эзэмшүүлэх гэрээ”, 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 4 тоот “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ”-г үнэлж, дүгнэхдээ: 1-д Бараа ажил үйлчилгээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгээр илэрхийлж, төлбөрийн тооцоог гүйцэтгэх тухай хуулийн заалтыг зөрчсөн, 2-т: 2009 оны улсын төсвийн хөрөнгө оруулалт, нийтийн тээврийн үйлчилгээний 400 ширхэг автобусыг хуульд заасан журмын дагуу бүртгэн аваагүйгээс хэний өмчид байгаа, өмчлөлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь  тодорхойгүй гэсэн үндэслэл зааж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, мөн хуулийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэжээ. 

     

       Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч нь гэрээгээр ямар нэгэн үйлдэл хийх, тодорхой үйлдэл хийхээс татгалзах  үүргийг хүлээж, үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан үүргийн эрх зүйн нийтлэг үндэслэлийг зохицуулсан.

 

       Гадаад валютаар тохирсон төлбөрийн үүргийг шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргахад Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тооцдог ба энэ нь нэхэмжлэлийн үнийн дүн болж тодорхойлогддог.

 

       Тиймээс талууд худалдах худалдан авах гэрээг байгуулахдаа хэн алин нь хууль зөрчсөн, нэхэмжлэгч гэрээний үүрэг шаардахдаа гэрээний нөхцлийг зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл гэрээний үнийг ам.доллараар, төлөгдөөгүй төлбөрт дүйцэх ам.долларыг  төгрөгтэй тэнцэх ханшаар тогтоосон нь хууль зөрчөөгүй байна.            

         

       Иймд анхан шатны шүүх дээрхи 2 хэлцлийг  хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь  үндэслэлгүй.

 

        2. Нийтийн тээврийн төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгуулагуудад олгогдсон автобус нь өөрийн өртгийг эргэн барагдуулж дуусах хүртэл нийслэлийн өмч байна гэж  2009 оны 4 тоот гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт  тодорхойлсон.

 

          Үүнээс гадна Монгол улсын Төрийн өмчийн хорооны  Зам тээвэр барилга хот байгуулалтын яамны сайдад хүргүүлсэн, 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3/2092 тоот, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2008 онд нийлүүлсэн 400 автобусыг Нийслэлийн өмчид бүртгэх асуудлыг зөвшөөрсөн агуулгатай “Хөрөнгө бүртгэлд авах тухай” албан бичиг  /1 хх-213/ хэрэгт авагдсан байх боловч зохих албан тушаалтнууд үүргээ биелүүлээгүйгээс тухайн 400 автобусыг Нийслэлийн өмчийн газарт бүртгэгдээгүй гэсэн үйл баримт тогтоогдсон байна. Гэвч дээрхи хөрөнгийг  төрийн өмчид бүртгээгүй нь хариуцагч байгууллагыг төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

         3. Хэргийн 10 дугаар талд авагдсан 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн №4 тоот гэрээн дэх “ЭТ” ХХК-д зээлээр эзэмшүүлсэн автобусны үнийг эргэн төлөх тооцооны баримтаар 2009 оны 6 дугаар сарын 26-наас  2009 оны 7 дугаар сарын 10-ны хооронд нийт 30 ширхэг  автобусыг  1 бүрийг нь 62 900 ам.доллараар тооцон, нийт  1 887 000 ам.доллараар худалдан авсан үйл баримт тогтоогдсон байна.

    

           Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа энэ үнийг тухайн үеийн ханш болох 1 ам.долларын ханшийг 1 416 000 төгрөгөөр / 2 672 047 300 төг : 1 887 000 ам.дол = 1 416 000 төг /, 1ш автобусны үнийг 89 068 243 төгрөгөөр тооцон / 2 672 047 300 төг : 30 ш автобус= 89 068 243 төг / тооцсон байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн төлсөн 503 849 600 төгрөг хасаж, 2 168 197 700 төгрөгийг / 2 672 047 300 төг - 503 849 600 төг =2 168 197 700 төг/ хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж  давж заалдах шатны дүгнэв.

 

           4. Маргааны зүйл болох нийтийн тээврийн үйлчилгээний том оврын 400 ширхэг автобусыг  НӨХ-ны газарт шилжүүлэх, НӨХ-ны газар нь НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас олгосон бүрэн эрхийн үндсэн дээр дээрхи 400 ширхэг автобусыг өөрийн эзэмшилд хүлээн  авах, автобусыг буцаан төвлөрүүлэх хөрөнгийг Сургалт судалгаа, Хөрөнгө оруулалт, Барилга захиалагчийн албаны тусгай дансуудад байршуулахаар  2009 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 004 тоот гэрээний 3 дугаар зүйлд зохицуулжээ.

 

        Гэрээний энэхүү зохицуулалтаар ЗТБХБЯ /одоогийн ЗТХЯ/, НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч, НӨХ-ны газар /одоогийн НӨАУГ, ННТГ  /одоогийн ННТУГ/-ыг  нэхэмжлэл гаргах эрхтэй болох нь тогтоогдсон гэж үзнэ.         

       

         5. Талуудын хооронд байгуулагдсан 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 4 тоот “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн автобусыг зээлээр эзэмшүүлэх гэрээ”-ний 6.1-д “гэрээний хугацаа нь автобусыг хүлээн авч, нийтийн тээврийн үйлчилгээнд гаргасан өдрөөс эхлэн тухайн автобус нэг бүрийн эргэн төлөгдөх график, төлбөр дуусгавар болсон өдөр хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна” гэж заасан. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолох тул энэ талаархи хариуцагчийн давж заалдах гомдлыг  хангах үндэслэлгүй.

 

        Дээрх үндэслэлээр “ЭТ ХХК-иас 2 168 197 700 төгрөгийг гаргуулж, ЗТЖЯ, НӨАУГ, ННТҮГ, ННТҮГ-дад олгох”-оор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/03036 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар “ЭТ” ХХК-аас 2 168 197 700 төгрөгийг гаргуулж, ЗТЖЯ, НӨАУГ,ННТҮГ-ын  удирдлагын газар, ННТҮ-ний газруудад олгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дах заалтын “чөлөөлөгдсөнийг дурдсугай” гэснийг “чөлөөлөгдөж, хариуцагчаас 10 998 938 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж өөрчлөн нэмж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэл нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                    ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                           Д.БАЙГАЛМАА