Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 1437

 

      2020           12              1                                     2020/ДШМ/1437                               

 

 

     Б.Жид холбогдох эрүүгийн

                                                                   хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Алдар, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Очбадрах,

шүүгдэгч Б.Жийн өмгөөлөгч Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

       Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/823 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Жийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2002004180248 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

      

      

       Шүүгдэгч Б.Ж нь 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83Б байрны орчим өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9” тетрагидроканнабинол”-ын агууламжтай 23 грамм цэвэр жинтэй, мөн 2 ширхэг тамхины цаасан дотор хийсэн нийт 1,3581 грамм жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

       Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Жийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

         

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Баасанхүүгийн Жийг “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жийг 1 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жид оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжилсэн, хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа 23 грамм цэвэр жинтэй, 2 ширхэг тамхины тамхины цаасан дотор хийсэн нийт 1,3581 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Ж давж заалдах гомдолдоо: “... миний хувьд хар тамхи гэх зүйлийг урд өмнө нь харж, хэрэглэж үзээгүй бөгөөд 2018 онд Чех улсад ажлын гэрээгээр ажилладаг байхдаа интернэтээс харж байсан төдий билээ. Түүнээс өөр хэн нэгэн хэрэглэж байхад нь харж байсан, хамт хэрэглэж байсан удаа байхгүй. Тухайн өдөр л анх удаа олоод сонирхлын журмаар хэрэглэсэн бөгөөд шууд цагдаагийн албан хаагч нартай таараад баригдсан. Одоо би залуу насныхаа гэнэн, томоогүй байдлаасаа болж буруу зүйл сонирхож үзсэн гэдгээ үнэхээр их ойлгож ухамсарлаж, бас гэмшиж байна. Би үйлдсэн гэмт хэргээ анхнаас нь үнэн зөвөөр нь мэдүүлж хэрэг мөрдөх, шүүн таслах ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж байсан. Миний хувьд анх удаа гэмт хэрэг гэх зүйлд холбогдож байгаа бөгөөд урд өмнө нь ямар нэгэн байдлаар хууль зөрчих нь битгий хэл хүнтэй муудалцаж үзсэн удаагүй. Эрүүгийн хуульд хувийн байдал үйлдсэн гэмт хэргийнх нь хүнд хөнгөнөөс хамаарч гэмт хэрэг үйлдсэн этгээдийн ялыг хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал гэх юм. Миний хувьд хар тамхи гэх зүйлтэй нэг удаа хальт холбогдох төдий өөрийнхөө амьдралыг энэ том эрсдэлд оруулсандаа харамсаж энэ ганц удаагийн болчимгүй үйлдлээсээ болж өөрөө хамгийн том хохирогч нь болоод сууж байна. Иймд та бүхэн дээрх нөхцөл байдлыг минь харгалзан үзэж хавтаст хэрэгт авагдсан хувийн болоод ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Жийн өмгөөлөгч Н.Намжилцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь дэмжин оролцож байна. Анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Б.Ж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. 20 грамм өвсийг хэрэглэх зорилгоор олж авч 2 удаа хэрэглэсэн. Энэ үйлдлийнхээ гэм хорыг ухамсарлан ойлгож мөрдөн байцаалтын шатанд гэмшиж байсан. Энэ бодис нь хогийн ургамал болох өвс байсан. Хар тамхины төрөлд ордог зүйлээс хоргүй чанартай өвс байсан. Өвс гэж юу байдгийг таньж мэдэх зорилгоор хэрэглэсэн. Шүүгдэгч Б.Ж нь ийм насан дээрээ шоронд орвол сайн хүн болж төлөвшихгүй. Болгоомжгүй хэнэггүй зангаас болоод ийм хэрэгт холбогдсон хүнд боломж олгож нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэвэл илүү үр дүнтэй гэж үзэж байна. Гэм буруу дээр маргаагүй өөрийн сайн дураар цагдаагийн байгууллагад тусалж байсан. Эдгээр байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тэнсэн харгалзаж өгнө үү. Энэ хугацаанд дахин алдахгүйгээр сургамж авсан гэдгээ хэлж байсан. Анх удаа алдсан иргэнийг цааш нь түлхэхгүйгээр нийгэмшүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан тэнсэн харгалзаж өгнө үү.” гэв.

 

Прокурор М.Очбадрах шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу дээр маргаж байгаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчимд зааснаар тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хор уршигт эрүүгийн хариуцлага тохирсон байх ёстой. Эдгээрийг харгалзан үзэж анхан шатны шүүх ял оногдуулсан гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

       Шүүгдэгч Б.Ж нь 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83Б байрны орчим өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9” тетрагидроканнабинол”-ын агууламжтай 23 грамм цэвэр жинтэй, мөн 2 ширхэг тамхины цаасан дотор хийсэн нийт 1,3581 грамм жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

       шүүгдэгч Б.Ж яллагдагчаар “...  2020 оны 7 дугаар сарын эхээр Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах 83б байрны гадаа салхилаад сууж байсан юм. Тэгтэл манай байрны урд талын гражийн буланд нэг танихгүй хүн юм нуугаад байсан. Тэгэхээр нь би тэр хүнийг явсных нь дараа сонирхож очоод харсан чинь гялгар ууттай өвс байсан. Би өмнө нь 2019 онд Чех улс руу гэрээт ажилтнаар явж байхдаа өвс гэх зүйлийн талаар мэдэж байсан. тэгээд өвс мөн байна гэдгийг нь мэдээд сонирхоод гэрийнхээ балкон дээр гаргаад ээжээсээ нууж тавьсан байснаа болиод би гэрийнхэндээ мэдэгдэхгүйн тулд байнга биедээ авч явдаг байсан. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 83б байрныхаа гадна цагдаад баригдсан ба Хар тамхитай тэмцэх газарт авчраад биед үзлэг хийсэн” /хх 37, 111-112/ гэх мэдүүлэг,

 

       Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 4340 дугаартай шинжээчийн: “... шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай ургамал мэт зүйл, №2 гэж дугаарласан “mevius” нэртэй тамхины савтай цагаан цаасаар ороосон зүйл тус бүрээс ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна.” /хх 20-21/,

 

       Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 4338 дугаартай шинжээчийн: “... шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Ж УШ98070150 2020.8.5” гэж хаягласан шээсний дээжнээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенын жагсаалтад хамаарна.” /хх 25-26/,

 

          Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 789 дугаартай : “...Б.Ж нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт, шинж үгүй байна. Б.Ж нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. ...хэрэг үйлдэгдсэн гэх өдрүүдэд сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна. ...эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна. ...эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. ...сэтгэц идэвхт эм бодисоос хамааралтай болсон гэх шинж баримт үгүй байна” /хх 30-31/ гэсэн шинжээчийн дүгнэлтүүд,

 

       “... Б.Жийн миний биед мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл байгаа гэснээр жижиг зиплок түгжээ бүхий гялгар ууттай нунтаг ургамал мэт зүйлийг №1 гэж дугаарлан уутны хамтаар жинлэхэд 25.1 грамм, №2 гэж дугаарласан тамхины хайрцагтай тамхины цаасанд ороосон нунтаг ургамал мэт зүйлийг хайрцагнаас гарган жинлэхэд 0.7 грамм байгааг гэрэл зургаар баримтжуулан хураан авав. Хувцас болон өмдний халаасанд 1 ширхэг түлхүүр, цамцны халааснаас ургамал мэт зүйл зиплок түгжээтэй нунтаг ургамал, тамхины савтай цаасанд ороосон ургамал мэт зүйл гарч ирснийг хураан авав.” гэсэн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-12/,

 

       “...мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх тест ашиглах талаар тайлбарлан тестний битүүмжлэлийг харуулан задалж зориулалтын саванд шээсний дээж авч тестийг зааврын дагуу ашиглан үр дүнг хүлээв. ...Б.Ж нь Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн байна гэх утгыг урьдчилсан байдлаар заасныг тэмдэглэлд тусгав.” гэсэн биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургууд /хх 7-8/ болон хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

       Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

                     

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар  хадгалсан гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

       Шүүх шүүгдэгч Б.Жийн сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан бодисыг хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

       Шүүгдэгч Б.Жийн “... хувийн байдлыг минь харгалзан үзэн анхан шатны шүүхийн оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

      

       Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Жийн үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр 1 жилийн хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон гэж үзэв.

 

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

      

       Шүүгдэгч Б.Ж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа хэдий ч гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үздэг.

 

       Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

 

       Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

 

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Жийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

       1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/823 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Жийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                                  ШҮҮГЧ                                                   Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                  ШҮҮГЧ                                                   М.АЛДАР

                                  ШҮҮГЧ                                                   Б.БАТЗОРИГ