Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 823

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

улсын яллагч: Б.Батсайхан /томилолтоор/,

шүүгдэгч: Б.Ж-, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ж-ид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002004180248 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Ж-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Ж- нь 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83Б байрны орчим өөрийн  биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 23 грамм цэвэр жинтэй, мөн 2 ширхэг тамхины цаасан дотор хийсэн нийт 1.3581 грамм жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ж- шүүх хуралдаанд: “...Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хүний биед үелэг хийсэн тэмдэглэлд: “...Б.Ж- миний биед мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл байгаа гэснээр жижиг зип лок түгжээ бүхий гялгар ууттай нунтаг ургамал мэт зүйлийг №1 гэж дугаарлан уутны хамтаар жинлэхэд 25.1 грамм, №2 гэж дугаарласан тамхины хайрцагтай тамхины цаасанд ороосон нунтаг ургамал мэт зүйлийг хайрцагнаас гарган жинлэхэд 0.7 грамм байгааг гэрэл зургаар баримтжуулан хураан авав. Хувцас болон өмдний халаасанд 1 ширхэг түлхүүр, цамцны халааснаас ургамал мэт зүйл зиплок түгжээтэй нунтаг ургамал, тамхины савтай цаасанд ороосон ургамал мэт зүйл гарч ирсэнийг хураан авав” гэжээ /хх-н 9-12/,

Биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд: “...мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх тест ашиглах талаар тайлбарлан тестний битүүмжлэлийг харуулан задалж зориулалтын саванд шээсний дээж авч тестыг зааврын дагуу ашиглан үр дүнг хүлээв. ...Б.Ж- нь Делта-9 Тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн байна гэх утгыг урьдчилсан байдлаар заасныг тэмдэглэлд тусгав” гэжээ. /хх-н 7-8/,

Шинжээчийн 4340 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн зүйл шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай ургамал мэт зүйл, №2 гэж дугаарласан mevius нэртэй тамхины савтай цагаан цаасаар ороосон зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканбинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв. Шинжилгээнд ирүүлсэн Дельта-9-тетрагидроканбинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг” гэжээ. /хх-н 20-23/,

Шинжээчийн 4338 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Б.Ж-” ... 2020.8.5 гэж хаягласан шээсний дээжнээс тетрагидроканбинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв. Тетрагидроканбинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг” гэсэн дүгнэлт /хх-н 25-27/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 789  тоот дүгнэлтэд: “...Б.Ж- нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт, шинж үгүй байна. Б.Ж- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ...сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. ...хэрэг үйлдэгдсэн гэх өдрүүдэд сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна. ...эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна. ...эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. ...сэтгэц идэвхт эм бодисоос хамааралтай болсон гэх шинж баримт үгүй байна” гэсэн дүгнэлт /хх-н 31/,

Яллагдагчаар Б.Ж-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хэзээ гэдгийг санахгүй байна ...2020 оны 7 дугаар сарын эхээр Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах 83Б байрны гадна салхилаад сууж байсан юм. Тэгтэл манай байрны урд талын гараашийн буланд нэг танихгүй хүн юм нуугаад байсан. Тэгэхээр нь би тэр хүнийг явсаны дараа сонирхож үзээд очоод харсан чинь гялгар ууттай өвс байсан. Би өмнө нь 2019 онд Чех улс руу гэрээт ажилчнаар явж байхдаа өвс гэх зүйлийн талаар мэдэж авсан. Тэгээд өвс мөн байна гэдгийг нь мэдээд сонирхоод гэрийнхээ тагт дээр гаргаад ээжээсээ нууж тавьсан байснаа болиод би гэрийнхэндээ мэдэгдэхгүйн тулд байнга биедээ авч явдаг байсан. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 83Б байрныхаа гадна цагдаад баригдсан ба Хар тамхитай тэмцэх газарт авчираад биед үзлэг хийсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 37/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 3-6/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 43-51/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Ж- нь 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “делта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 8.2288 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг, мөн өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 83Б байрны орчим өөрийн биедээ “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 1.3581 грамм цэвэр жинтэй, “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хүний биед үелэг хийсэн тэмдэглэлд: “...Б.Ж- миний биед мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл байгаа гэснээр жижиг зип лок түгжээ бүхий гялгар ууттай нунтаг ургамал мэт зүйлийг №1 гэж дугаарлан уутны хамтаар жинлэхэд 25.1 грамм, №2 гэж дугаарласан тамхины хайрцагтай тамхины цаасанд ороосон нунтаг ургамал мэт зүйлийг хайрцагнаас гарган жинлэхэд 0.7 грамм байгааг гэрэл зургаар баримтжуулан хураан авав. Хувцас болон өмдний халаасанд 1 ширхэг түлхүүр, цамцны халааснаас ургамал мэт зүйл зиплок түгжээтэй нунтаг ургамал, тамхины савтай цаасанд ороосон ургамал мэт зүйл гарч ирснийг хураан авав” гэжээ /хх-н 9-12/, Биологийн дэж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд: “...мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх тест ашиглах талаар тайлбарлан тестний битүүмжлэлийг харуулан задалж зориулалтын саванд шээсний дээж авч тестыг зааврын дагуу ашиглан үр дүнг хүлээв. ...Б.Ж- нь Делта-9 Тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн байна гэх утгыг урьдчилсан байдлаар заасныг тэмдэглэлд тусгав” гэжээ. /хх-н 7-8/,  шинжээчийн 4340, 4338 тоот дүгнэлтүүд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Ж-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ж- нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

Харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:                                              

Шүүх шүүгдэгч Б.Ж-ийн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ж- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Б.Ж-ид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 01 жил 5 сар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугийн талаар маргаагүй, төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.Ж-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хадгалсан, уг бодисоо хэрэглэсэн, уг гэмт хэргийн улмаас Үндэсний аюулгүй байдал болон олон нийтийн эрх ашигт учрах хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, Үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулах тул бусдад төлөх бодит хохиролгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг үндэслэлээр ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж шүүх үзлээ.

Мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх заалт нь шүүхэд үүрэг болгосон заалт биш бөгөөд хэрэглэж болохыг хуульчилсаныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-ид шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа 23 грамм цэвэр жинтэй, мөн 2 ширхэг тамхины цаасан дотор хийсэн нийт 1.3581 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Ж-ийг “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-ийг 01 жил хорих ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж-ид оногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа 23 грамм цэвэр жинтэй,  2 ширхэг тамхины цаасан дотор хийсэн нийт 1.3581 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж-ид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ч.ОТГОНБАЯР