Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2017/0129

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн төлөөлөгч Э.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.*******, гуравдагч этгээд “*******” ХХК-ийн төлөөлөгч Ш.*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******-*******нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 918 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар “*******” ХХК-д эзэмшүүлсэн 1120 м.кв газрын орц гарцын хэсэгт хамаарах хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “*******” ХХК шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: “...Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/206 дугаар захирамжийн “******* *******” ХХК-д холбогдох хэсгийн “*******” ХХК-ийн эзэмшил газартай давхцуулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 918 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасныг баримтлан “******* *******” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар “*******” ХХК-д эзэмшүүлсэн 1120 м.кв газрын орц, гарцын хэсэгт хамаарах хэсгийг хүчингүй болгох” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан “*******” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг хангаж, “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/206 дугаар захирамжийн “******* *******” ХХК-д холбогдох хэсгийн “*******” ХХК-ийн эзэмшил газартай давхцуулсан хэсгийг хүчингүй болгож тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Гомдлын шаардлага: “*******” ХХК-д олгосон талбайгаас “******* *******” ХХК-ийн орж гарч байгаа орц гарц, төмөр замын хэсэг болох 463 м.кв давхцуулсан талбайг хасаж хүчингүй болгуулах тухай.

Анх “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар “*******” ХХК-д олгосон 1120 м.кв талбайгаас орц гарц, төмөр замын хэсэг болох 500 м.кв газрыг давхцуулсан хэсгийг хасаж хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагатай байсан. Гэвч хэргийн явцад илрүүлсэн шинжээчийн дүгнэлттэй холбоотой гомдлын шаардлагаа илүү тодруулах шаардлага байна гэж үзэж дээрх байдлаар нарийвчлан тодорхойлж байна.

Учир нь анхан шатны шүүх нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхдээ хайхрамжгүй хандсан бөгөөд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/206 дугаар захирамжийн “******* *******” ХХК-д холбогдох хэсгийн “*******” ХХК-ийн эзэмшил газартай давхцуулсан хэсгийг /177 м.кв/ хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Энэ шийдвэрт орц гарцын хэсгийг зөв тодорхойлж, маргаан үүсэх үндсэн нөхцөл бодит байдлыг ойлгоогүй, Төмөр замын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, барилгажилтын норм дүрмийг олж хараагүй, маргааныг шийдэх бус харин бүр дэвэргэсэн, хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 43 дугаар магадлалд тусгасан “...маргааныг хянан шийдвэрлэхэд нэхэмжлэгч “******* *******” ХХК болон гуравдагч этгээд “*******” ХХК-ийн эзэмшил газрууд ямар хэмжээгээр хэрхэн давхцаж байгаа, орц гарцын хэсэгт ямар хэмжээтэй газар хамаарах зэргийг тодруулан тодорхойлж, дүгнэлт өгөх шаардлагатай байна” гэсэн заалтыг бүрэн дүүрэн ойлгож хэрэгжүүлээгүй бөгөөд давхцалыг 177 м.кв талбайгаар тооцсон, тус газар нь төмөр замын аюултай бүс, аюулгүйн бүсэд орсон эсэх талаар баримтгүй байхад шийдвэр гаргасан. Төмөр зам гэдэг нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйл 101.1, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт заасны дагуу газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох үл хөдлөх хөрөнгө бөгөөд тусдаа хуультай /Төмөр замын тухай хууль/, тусгайлан мөрдөх дүрэм журамтай объект гэдгийг ойлгоогүй, гарч болох эрсдэлийг тооцоогүй.

Энэ талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд удаа дараалан “...маргаан бүхий газар нь төмөр зам, гарамтай яаж зааглаж байгаа болон төмөр замын газар зохион байгуулалт /төмөр замын зурвас газар, аюулгүй бүс/ алдагдсан эсэх” талаар шинжээчээр дүгнэлт гаргуулахыг хүссэн боловч шүүгч тус хүсэлтийг шаардлагагүй, гомдлын шаардлагад хамааралгүй хэмээн хүлээж аваагүй. Шүүгчийн энэ үйлдэл нь төмөр замд ач холбогдол өгдөггүй байсныг нотлох бөгөөд төмөр зам ашиглалттай холбоотой гарч болох эрсдэлүүдийг ойлгоогүй, тооцоолоогүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Төмөр замын тухай хууль, дүрэм журам зөрчсөн төмөр зам ашиглалттай холбоотой хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн асар их хохирол учрах эрсдэлтэй аваарын нөхцөл байдлыг бий болголоо гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нь хэргийн бодит байдалд зөв дүн шинжилгээ хийж чадаагүй.
Давхцаж байгаа газруудыг ойлгоогүйгээр барахгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэл гарах
болсон шалтгаан нөхцөлийг судлаагүй, олон жил орц гарцаар ашиглаж ирсэн бодит нөхцөл байдалтай танилцаагүй, зөвхөн “Моям” ХХК-иас Н.*******сүрэнд, Н.*******сүрэнгээс П.Оюунцэцэгт, П.Оюунцэцэгээс “*******” ХХК-д шилжин ирсэн газар эзэмших бичиг цаас төдийхнийг үндэслэлээ болгосноос бусад хууль, эрх зүйн алдааг залруулаагүй алдаатай шийдвэр гаргасан. Үүнд:

a.  Шүүхийн шийдвэрийн үндэслэлд заагдсан давхцал бүхий 177 м.кв талбайг шинжээчийн 2016-A/153 дугаар дүгнэлтийн 1, 4 дүгээр хавсралтаас шинжиж үзвэл “******* *******” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгөтэй тодорхой хэсгээр давхцаж байгааг харах болно. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэрээр “******* *******” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг хуваасан мэт буруу шийдвэр гарсан.

б. Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн маргааны үндэслэлээс тэс өөр зүйл шийдсэн буюу орц гарцыг орхигдуулсан. Ингэснээрээ “******* *******” ХХК-ийг ачаа тээвэрлэх болон автомашин хашаа руугаа нэвтрэн орох боломжгүй байдлыг бий болгож байгаа бөгөөд Барилгын тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, дүрэм журам зөрчсөн шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийн улмаас “******* *******” ХХК-ийнхан онгоц хөлсөлж хашаандаа орох нөхцөлийг бүрдүүллээ.

в. “******* *******” ХХК-ийн зүгээс тус орц гарцын хэсгийг /1992 оноос Барилгын модон эдлэлийн үйлдвэр байснаас эхлэн/ зөвхөн орц гарцын зориулалтаар өнөөдрийг хүртэл ашиглаж ирснийг дуулгахын сацуу энэ маргаанд газраа булаацалдсангүй, хэн нэгний буруутай үйл ажиллагаанаас гарсан алдааг залруулах, зөв зохион байгуулалтанд оруулах үүднээс оролцож байгаа бөгөөд хоёр талын давхацсан газар орц гарцын хэсгийг өөрсдийн эзэмшлээс нийслэлийн өмчид (нийтийн эзэмшилд) шилжүүлэх, орц гарцаар тодорхойлуулах чин хүсэлтэй оролцож байгаа болно.

2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хурал дээр “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан
шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйл 84.1.3-т заасныг үндэслэн Н.Дуламсүрэн
шүүгчийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар эргэлзэж байгаагаа тайлбарлаж,
татгалзсан боловч шүүхээс тогтоол гарч шүүх бүрэлдэхүүнийг хэвээр үлдээсэн нь ийм
маргаан дагуулсан шийдвэр гаргахад хүргэсэн гэж үзэж гүнээ харамсаж байна.

Учир нь Н.Дуламсүрэн шүүгчийн шүүх хуралд хандаж байгаа хандлага, хүсэлтүүдийг хүлээн авахгүй, ойлгохгүй байгаа байдлаас тухайн шүүгчийг барилга байгууламжийн талаар тогтсон мэдлэггүй, бодит нөхцөл байдлыг харах чадваргүй хэмээн үзэж, мөн нөгөө талаар магадгүй хэргийн оролцогчтой хувийн харилцаатай байх магадлалтай байна гэж ойлгон татгалзсан. Гэсэн хэдий ч шүүхээс хүчээр шийдвэрлүүлж буй явдал нь эрх ашиг зөрчигдөхөд хүргэсэн гэж үзэж байна.

Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагад нийцээгүй.

а. Энэ удаагийн шүүх хурал нь өмнөх 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шүүхийн шийдвэрт анализ хийсэн, зарим хэсгийг нь хуулсан, мэдэн будилсан, ач холбогдолгүй шүүх хурал болсон.

б. Тус орц гарцын хэсэг дээр “******* *******” ХХК болоод “Монмойд” ХХК, “Ата трейд” ХХК, “Прогресс транс” ХХК, “Хөхтэй мэргэн” ХХК, “Тэгш” ХХК, “*******” ХХК зэрэг 7 компанийн дундын эзэмшлийн дулааны шугам сүлжээ болон ашиглалтын худаг байрладаг, инженерийн шугам сүлжээ явсан газар буюу Газрын тухай хуулийн 6 дугаар зүйл 6.2.3-д заасан “зам, шугам сүлжээний газар” гэсэн томъёололд багтах хуульд өөрөөр заагаагүй бол тус газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглах талбайд хамаарах хэсэг гэдгийг ойлгоогүй болно.

в. Иргэдийн төлөөлөгч Ц.Баяржавхлан энэхүү шүүх хурлын төгсгөлд өөрийн саналаа хуваалцсан бөгөөд “Би өөрөө хашаа байшинд амьдардаг хүн билээ. Энэхүү маргаанаас харвал гэртээ орохдоо хөрш айлынхаа хашаагаар дамжин зөвшөөрөл авч орох явдал гарч байна. Ямар ч тохиолдолд орц гарцын асуудлыг нь зохицуулж өгөх нь зөв” гэсэн байр суурьтай байсныг цохон тэмдэглэх байна.

Иймд анхан шатны шүүх хурлын шийдвэрт өөрчлөлт оруулж, “*******” ХХК болон “******* *******” ХХК-ийн давхцал бүхий /орц гарц, төмөр замын давхцуулсан хэсэг/ газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэн, цаашид орц гарцаар ашиглуулах тухай шийдвэр гаргаж хариуцагчид даалгахыг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим үндэслэлд дүгнэлт хийлгүй орхигдуулсан, шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулалгүй хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч “******* *******” ХХК-иас нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар “*******” ХХК-д эзэмшүүлсэн 1120 м.кв газрын орц гарцын хэсэгт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...тус орц гарцын хэсэг дээр манай компани болон “Монмойд” ХХК, “Ата трейд” ХХК, “Прогресс транс” ХХК, “Хөхтэй мэргэн” ХХК, “Тэгш” ХХК зэрэг 7 компанийн дундын шугам сүлжээ болон ашиглалтын худаг байрладаг, ...маргаан бүхий акт нь галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой аюулгүй ажиллагааны журам алдагдуулсан, төмөр замын зурвас газраас гадна төмөр замын аюулгүй байдал, бүсийн газар зохион байгуулалт алдагдуулсан Төмөр замын тээврийн тухай хууль, Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, дүрэм журмыг зөрчсөн байна...” гэж тодорхойлон маргажээ. 

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ хангалттай биелүүлээгүй байх ба нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбогдуулан шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, түүнд дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 33.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулна”, Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно”, 3.1.11-д ”төмөр замын зурвас газар” гэж төмөр замын шугамын дагуух технологийн онцлог үйл ажиллагааг явуулах, тээврийн аюулгүй байдлыг хангах зориулалт бүхий газрыг”, 3.1.12-т ”төмөр замын аюултай бүс” гэж галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалтын ажил гүйцэтгэдэг дэвсгэр газрыг”, 3.1.13-д ”төмөр замын аюулгүйн бүс” гэж төмөр зам дээр тохиолдож болох осол, сүйрлээс хуулийн этгээд, иргэнд учрах хохирлыг багасгах, аюулгүй нөхцөлийг хангах зориулалт бүхий газрыг” гэж тус тус заажээ.

Гэтэл анхан шатны шүүх талуудын тайлбар, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд дурдагдсан маргаан бүхий газрын дээр байрлах шугам сүлжээний худагт ямар зориулалтын, юу дамжуулдаг, ямар, ямар шугам байдаг болох, энэхүү маргаан бүхий газар нь шугам сүлжээний хамгаалалтын зурвас болон төмөр замын аюулгүйн бүсэд хамаарч байгаа эсэхийг тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Дээрх нөхцөл байдлыг тодруулснаар хариуцагч нийслэлийн Засаг даргын гаргасан маргаан бүхий актууд хуульд нийцсэн эсэхийг эцэслэн тогтоох боломж бүрдэх  юм.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт хийлгүй орхигдуулсан байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнээгүй асуудлаар шууд дүгнэлт хийх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 918 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70500 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

            ШҮҮГЧ                                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН

            ШҮҮГЧ                                                           О.НОМУУЛИН

            ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН