Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2022/00657

 

2022 оны 03 сарын 15 өдөр                                Дугаар 183/ШШ2022/00657                                   Улаанбаатар хот

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 00 дугаар байр, 00 тоотод оршин суух, Б овогт Ч Хаа /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, өөрийн байранд байрлах, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны харьяа “Хэ и х у г” ОНӨААТҮГ-т холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, илүү цаг ажилласан цалин, алданги гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.О

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэ

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Бэ

Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Д.С нар оролцов.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Хажидмаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “...Ч. Хажидмаа миний бие 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тус байгууллагын Сэлбэ дулааны станцид дотоод зохион байгуулалт, бичиг хэргийн ажилтнаар ажилд орсон. Анх ажилд ороход тус байгууллага нь туршилтын хугацаанд ажиллуулж байгаад Хүний нөөцийн орон тоо байгаа тул түс албан тушаалд ажиллуулна гэсэн боловч 10 дугаар сарын 30-аас хойш ажиллуулах боломжгүй, орон тоо байхгүй гэж мэдэгдсэн. Миний бие ажиллах хугацаанд ур чадвар, алдаа дутагдал гаргасан асуудал байгаагүйгээр зогсохгүй ажилд орсноос эхлэн хагас сайн болгонд цалингүй ажиллаж байсан. Ажил олгогчид хөдөлмөрийн гэрээ, тушаалтай танилцах саналаа 2-3 удаа тавьж байсан ч бэлэн болоогүй байна гэсэн хариу удаа дараа өгч байсан. 10 дугаар сарын цалинг ажлаа хүлээлгэн өгч байж ав гэж Санхүүгийн алба мэдэгдсэн. Тушаалыг нөхөн гаргаж 11 дүгээр сарын 19-ний өдөр хуулбарыг надад өгсөн. Хөдөлмөрийн гэрээтэй танилцаж гарын үсэг зураагүй. Иймд намайг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, 10 дугаар сард ажилласан цалин, унаа хоолны мөнгө, НД болон ЭМД шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэж өгнө үү.

Миний бие нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэмэгдүүлсэн. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс, 2021 оны 12 дугаар сарын 28-ний өдрийг хүртэлх нийт цалингийн хувийг тооцоолж алдангийг тооцуулах хүсэлтэй байгаа. Нийт 848.908,30 төгрөгөөс тооцож 65 хоногийн алданги 165.537 төгрөг, нийт ажилгүй байсан хугацааны цалин болох 90 хоногийн мөнгө 4.444.811,3 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү...” гэжээ.

 

2. Хариуцагч Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны харьяа “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Иргэн Ч.Хажидмаа “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар”-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, унаа хоолны мөнгө, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг гаргуулах, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна. Тэрээр ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэлийг гаргахдаа “ Миний бие ажиллах хугацаандаа ур чадвар, алдаа дутагдал гаргасан асуудал байгаагүй...” гэжээ. 2021 оны 8 дугаар сарын 13-аас эхлэн “Сэлбэ дулааны станцад ашиглалтын өмнөх захиргааны бичиг хэргийн ажилтан орон тоонд туршилтын 3 / гурав / хүртэл сарын хугацаагаар томилогдсон.

Нэхэмжлэлд дурдагдсан бямба гарагт ажилладаг гэх цагийн тухайд эл өдөр 9-11 цагийн хооронд Сэлбэ дулааны станц ашиглалт оруулах бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотын ерөнхий менежер хурлыг зохион байгуулж удирддаг ба гүйцэтгэгч, захиалагч, хяналт, туршилт тохируулгын ажлын хэсгийн ажлын явц, тайланг сонсож хэлэлцдэг. Уг хурлын аудио бичлэгээс сийрүүлэн тэмдэглэл хөтөлж, хуралд оролцогсдоор гарын үсэг зуруулж, хууль эрх зүйн чадамж бүхий баримт үйлдэж архивт өгөх ажил нь ашиглалтын өмнөх захиргааны бичиг хэргийн ажилтны хийх ёстой үндсэн ажил болдог. Туршилтын хугацаатай ажилд ороход нь ашиглалтын өмнөх захиргаа барилгын хийц, тоног төхөөрөмжийн угсралтад хяналт тавих үүрэгтэй байгуулагдсан тул бичиг хэргийн ажилтны ажил үүрэгт Сэлбэ станцтай холбоотой бичиг баримт боловсруулах, Ерөнхий менежерийн хурлын тэмдэглэлийг хөтөлж, холбогдох хүмүүсээр гарын үсэг зуруулах нь үндсэн ажил болох тухай тайлбарласан.

Иймд бусад ажлын цагтай уялдуулан ажил амралтын цагийг зохицуулж бямба гарагт хурлын бичлэг хийж байсан нь нэмэлтээр амралтын өдөр ажилласан гэх үндэслэл болохгүй. 2021 оны 8 дугаар сарын 21,28 өдрийн хурлын тэмдэглэлүүд нь эх бичлэгээс зөрөөтэй, хэл найруулгын ихээхэн алдаатай, оролцогчдын гарын үсэг огт зурагдаагүй, эрх зүйн чадамжгүй баримт болсон тухай сануулж, гүйцээж хийх тухай шаардсан боловч ажил хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд хийгээгүй энэ үйлдэл нь эрхэлсэн ажилдаа хайнга хандаж байсныг гэрчилнэ. Ч.Хажидмаа ажилд орсноос хойш ажлын 56 хоног ажилласан гэх боловч 2021 оны 8 дугаар сарын 26-аас эхлэн ажлын 14 хоног, 2021 оны 10 дугаар сарын 18-аас өвчтэй гэх шалтгаанаар эрх бүхий албан тушаалтнаас албан ёсны зөвшөөрөл авалгүй ажлын 8 хоног буюу нийт ажлын 22 хоног ажилд ирээгүй. “Филошийп” эмнэлгийн хуудас авчирч өгсөн ч уг хуудсанд бичигдсэн эмнэлэгт 14 хоног хэвтэж эмчлүүлсэн гэдэг нь ойлгомжгүй, эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний төлбөр төлөгдөөгүй зэрэг нь ажлаас албан ёсоор өвчний учир чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Цалинд 8 дугаар сард суутгал хассан дүнгээр 480,011, 9 дүгээр сард 857.511 олгосон. 10 дугаар сард 848.936 олгохоор бодогдсон хэдий ч “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” нь цалинг “Худалдаа хөгжлийн банк”- аар дамжуулан олгодог тул тус банканд данс нээнэ үү гэсэн шаардлагыг ажилд орсон цагаас нь сануулсаар атал одоог хүртэл данс нээгээгүй тул цалингийн нягтлан Я.Ундрал нь Ч.Хажидмаагийн утсанд “Хаан банкны дансанд цалин авмаар байна гэсэн өргөдөл бичээд авна уу” гэсэн мессеж бичсэн ч хариу өгөөгүй. Тухайн ажилтанд хэдийгээр ажил тасалдаг, ажлын гүйцэтгэл муутай, хариуцлагагүй, дураараа байгаа зэрэг дутагдлыг эрх бүхий албан тушаалтнууд сануулж хэлж байсан ч цар тахлын үеийн онцлогийг харгалзан цалин хасах үйлдэл хийгээгүй.

Нэхэмжлэлд дурдагдсан 10 дугаар сарын цалин, алданги, унаа, хоолны хувьд байгууллагын зүгээс санхүү бүртгэлийн тооцоолол хийгдэж бүтэн олгохоор бодогдож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. Энэ тухай баримтыг нэхэмжлэгчээс шүүхэд өгсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод 10 дугаар сарын цалин хоол, унааны мөнгө нэмсэн дүнгээр 1.047.000 /нэг сая дөчин долоон мянга/ төгрөг гэсэн тооцооллоос 261.750 / хоёр зуун жаран нэгэн мянга, долоон зуун тавин/ төгрөг төлсөн байна.Туршилтын хугацаа дуусч байгаатай уялдуулан, мөн ажил тасалсан үйлдэлтэй холбогдуулан, Ашиглалтын өмнөх захиргаанаас авсан саналыг үндэслэн Ч.Хажидмаатай хөдөлмөрийн харилцааг дуусгавар болох шийдвэр гаргасан. Ажил тасалсан 8 хоногийн тухайд тайлбар өгөхдөө өвчтэй байсан гэх авч эмнэлгийг магадалгаа, бусад нотлох баримтыг өгөөгүй зэрэг нь алдаа дутагдал гаргаагүй гэж өөрийгөө зөвтгөх үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэлд дурдагдсан хүний нөөцийн орон тоонд Ч.Хажидмааг авч ажиллуулна гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь “ Сэлбэ станцын урьдчилан баталсан орон тооны жагсаалтад уг албан тушаал байхгүй. Нэхэмжлэлд дурдагдсан хөдөлмөрийн гэрээ, тушаалтай танилцах саналаа 2- 3 удаа тавьсан гэдэг нь ташаа мэдээлэл юм. “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” нь шинээр батлагдсан “Хөдөлмөрийн хууль” -тай уялдуулан гэрээ шинэчилж байгаа хэдий ч “Хөдөлмөрийн гэрээ -“ний батлагдсан загварын хүрээнд Ч.Хажидмаатай хийх гэрээ бэлэн байсан агаад гарын үсэг зурахад болох атал ажлаас халагдах мөч хүртэл хугацаанд зураагүй нь өөрийгөө зөвтгөх үндэслэл болохгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1.1 д зааснаар ажлын байрны буюу албан тушаалын нэршлийг “Сэлбэ дулааны станцын ашиглалтын өмнөх захиргааны бичиг хэргийн ажилтан” гэж тодорхойлж, цалинг 900.000 /есөн зуун мянган/ төгрөг гэж тохиролцож, Б/129 тушаалаар томилсон.

Уг хуулийн 21.1.2 д зааснаар ажил, үүргийн хуваарилалтад бүх хурлын тэмдэглэлийг хөтлөн баталгаажуулах, Сэлбэ дулааны станц хэвийн байнгын ажиллагаанд орох хүртэл хугацаанд шаардлагатай бичиг баримт боловсруулж холбогдох газарт явуулж байхаар тогтсон. Гэвч Ч.Хажидмаа нь туршилтын хугацаанд тухайн албан тушаалд тэнцэхээр үүрэг гүйцэтгээгүй, ажилд тэнцэхгүй, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах боломжгүй тухайд Ашиглалтын өмнөх захиргааны бие бүрэлдэхүүний хурлаас гаргасан санал баталгаажуулсан. Хэрэв хариуцсан ажилдаа хариуцлагатай, гүйцэтгэл өндөртэй, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн байсан бол хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл бүрдэх байсан. “Нийслэлийн засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21 ний өдрийн А/382 дугаар захирамжид “Сэлбэ дулааны станцын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, үндсэн болон туслах тоноглолын угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын 2021 оны 10 дугаар сарын 01 ийн дотор дуусгаж байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх..." гэсэн заалт хэрэгжиж, Сэлбэ дулааны станц хэвийн ажиллагаанд орж байнгын бүрэлдэхүүнтэй болсонтой уялдан 2021 оны 11 дүгээр сарын 01 ний өдрийн А/60 тушаалаар Ашиглалтын өмнөх захиргааны үйл ажиллагааг дуусгавар болгон татан буулгасан.

Иймд иргэн Ч.Хажидмаа нэхэмжлэлийн шаардлагадаа 10 дугаар сарын цалин, алданги, хоол, унааны мөнгө нэхэмжилж байгаа ч Ч.Хажидмаа нь байгууллагын цалингийн нягтлан Я.Ундралд мөнгө хүлээн авах дансаа өгснөөр 10.11 сард бүрэн дуусах байхад өөрийн хариуцлагагүй үйлдлээр одоо хүртэл мөнгө аваагүй гэдгээ шүүхэд тайлбарлахгүйгээр дууссан үйлдэлд шаардлага гаргаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлага хангахгүй байна гэж, мөн дээр өгсөн тайлбар, холбогдох нотлох баримтаар тухайн Сэлбэ дулааны станцын ашиглалтын өмнөх захиргааны бичиг хэргийн ажилтны орон тоонд эгүүлэн авах боломжгүй тул “Ажилд эгүүлэн томилох...” гэсэн хүсэлтийг тус тус хангахгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

3. Нэхэмжлэгч талаас, иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хариуцагч талаас 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Ашиглалтын өмнөх захиргааны хурлын тэмдэглэл, сарын сүүл цалингийн дэлгэрэнгүй /3 хуудас/, эмнэлгийн хуудас, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Хамтын гэрээ,  “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын даргын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/46 дугаар Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай тушаал, Хөдөлмөрийн дотоод журам, “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын даргын 2021 лны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/129 дугаар Ч.Хажидмааг ажилд авах тухай тушаал, “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/233 дугаар Ч.Хажидмааг ажлаас чөлөөлөх тухай тушаал, Ч.Хажн 10 сарын цалин олгосон талаарх баримт, “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/60 дугаар Ашиглалтын өмнөх захиргааг татан буулгах тухай тушаал, 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Сэлбэ дэд төвийн дулааны станцын барилга байгууламжийн угсралтын ажлыг хэлэлцсэн хамтарсан хурлын ирцийн бүртгэл, 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар Сэлбэ дэд төвийн дулааны станцын барилга байгууламжийн угсралтын ажлыг хэлэлцсэн хамтарсан хурлын тэмдэглэл, 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 57 дугаар Сэлбэ дэд төвийн дулааны станцын барилга байгууламжийн угсралтын ажлыг хэлэлцсэн хамтарсан хурлын тэмдэглэл,  2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар Сэлбэ дэд төвийн дулааны станцын барилга байгууламжийн угсралтын ажлыг хэлэлцсэн хамтарсан хурлын тэмдэглэл, Сэлбэ дэд төвийн дулааны станцын барилга байгууламжийн угсралтын ажлыг хэлэлцсэн хамтарсан хурлын тэмдэглэл,  2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 56 дугаар Сэлбэ дэд төвийн дулааны станцын барилга байгууламжийн угсралтын ажлыг хэлэлцсэн хамтарсан хурлын тэмдэглэл, 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 61 дугаар Сэлбэ дэд төвийн дулааны станцын барилга байгууламжийн угсралтын ажлыг хэлэлцсэн хамтарсан хурлын тэмдэглэл,  2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 62 дугаар Сэлбэ дэд төвийн дулааны станцын барилга байгууламжийн угсралтын ажлыг хэлэлцсэн хамтарсан хурлын тэмдэглэл,  2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 67 дугаар Сэлбэ дэд төвийн дулааны станцын барилга байгууламжийн угсралтын ажлыг хэлэлцсэн хамтарсан хурлын тэмдэглэл, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/382 дугаар Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн дүн, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамж, түүний хавсралт, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/34 дугаар Байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тушаал, түүний хавсралт, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын даргын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/46 дугаар Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай тушаал, түүний нэгдүгээр хавсралт, 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Албан тушаалын тодорхойлолт зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан нэхэмжлэлд хавсаргаж өгсөн байна.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Ч.Хажидмаа нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны харьяа “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ-т холбогдуулан шүүхэд гаргажээ.

 

2. Хариуцагч 2021 оны 8 дугаар сарын 13-аас эхлэн “Сэлбэ дулааны станцад ашиглалтын өмнөх захиргааны бичиг хэргийн ажилтан орон тоонд туршилтын 3 / гурав / хүртэл сарын хугацаагаар ажилуулсан, Ч.Хаж нь туршилтын хугацаанд тухайн албан тушаалд тэнцэхээр үүрэг гүйцэтгээгүй, мөн Сэлбэ дулааны станц хэвийн ажиллагаанд орж байнгын бүрэлдэхүүнтэй болсонтой уялдан 2021 оны 11 дүгээр сарын 01 ний өдрийн А/60 тушаалаар Ашиглалтын өмнөх захиргааны үйл ажиллагааг дуусгавар болгон татан буулгасан учир түүнийг ажлаас нь чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

3. Ажил олгогч, ажилтантай 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, Ч.Хажидмааг Сэлбэ дулааны станцын Ашиглалтын өмнөх захиргааны бичиг хэргийн ажилтан албан тушаалд, туршилтын 3 сарын хугацаагаар ажлуулахаар тохиролцож, энэ хөдөлмөрийн гэрээнд Захиргаа удирдлагын албаны дарга Б.Эрдэнээ гарын үсэг зуржээ.

1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” гэх заалтыг зөрчиж, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын дарга, ажилтан нараар гарын үсэг зурж баталгаажуулаагүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

 

4. Ч.Хажн ажлын байр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан байнгын ажлын байр байх бөгөөд ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа 3 сарын туршилтын хугацаа тогтоосон хууль зөрчсөн байна.

 

5. Ч.Хаа ажилд орохдоо холбогдох бичиг баримтаа өгөөгүй гэх боловч хөдөлмөрийн гэрээний 3.6-д зааснаар ажил олгогчийн өөрийн үүрэг байхаар тодорхойлжээ.

 

6. Ч.Х ажил олгогч ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.9.6-д заасныг үндэслэн 3 сарын туршилтын хугацаа дууссантай холбогдуулан, ашиглалтын өмнөх захиргааны саналыг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс бичиг хэргийн ажилтнаас чөлөөлсөн байна.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д “үйлдвэрийн газрын захиргааны бүтцийг тогтоож, албан тушаалтныг томилох, чөлөөлөх, эрх бүхий байгууллагаас тогтоосон цалингийн бүдүүвч сангийн хэмжээнд багтаан цалинг тогтоох” гэж тус тус хуульчилсан байх бөгөөд ажил олгогч ажилтанг ажлаас чөлөөлөхдөө дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэжээ.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/60 тушаалаар Ашиглалтын өмнөх захиргааны үйл ажиллагааг дуусгавар болгон татан буулгасан, мөн түүний туршилтын хугацаа дууссан учир ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

 

9. Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/34 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар Ч.Хажидмаагийн ажлын байр болох бичиг хэргийн ажилтаны орон тоо 2 байхаар тусгасан байгаа нь хариуцагчийн Ашиглалтын өмнөх захиргааны үйл ажиллагааг дуусгавар болгон татан буулгасан гэх боловч тус газрын даргын А/34 тушаалаар үгүйсгэгдэж байна. 

 

10. Эдгээр үндэслэлээр Ч.Х“Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын бичиг хэргийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

 

11. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ч.Х ажилгүй байсан хугацааны цалин 2021.11.01-нээс 2022.03.15-ны өдөр хүртэл 4 сар, ажлын 9 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор олгож шийдвэрлэв.

 

12. Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын” 7-ын А-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин 1.047.000 төгрөгөөр тооцож, /нэг өдрийн дундаж цалин хөлс 1.047.000:21.5 хоног=48.697 төгрөг/, /1.047.000х4=4.188.000 төгрөг, 48.697х9=438.273 төгрөг, 4.188.000+438.273=4.626.273 төгрөг/

 

13. Ажил олгогч ажилтны 2021.10 дугаар сарын цалин 848.908,30 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр олгосон байх бөгөөд Хөдөлмөрийн  тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.3-д “ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, сатуулсан нь нотлогдсон тохиолдолд хожимдуулсан хоног тутамд 0.3 хувийн алданги ажил олгогчид шүүх ногдуулж, ажилтанд олгоно” гэж заасны дагуу 2021 оны 10 дугаар сарын 25-наас 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 64 хоногийн алданги /848.903,30 төгрөгийн 0,3 хувь 2546х64=165.490 төгрөг/ 165.490 төгрөгийн гаргуулж, Ч.Х олгох нь зүйтэй байна.

 

14. Нэхэмжлэлийн шаардлагаас илүү цаг ажилласан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтаа Ч.Х Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Боржигон овогт Чойргийн Ха /РД:А00000-г Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны харьяа “Хр” ОНӨААТҮГ-ын бичиг хэргийн ажилтан ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 141 дүгээр зүйлийн 141.3-д зааснаар “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ-аас 4.791.763 төгрөг гаргуулж, Ч.Х олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар Ч.Хажидмаагийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, зохих журмын дагуу дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны харьяа “Х” ОНӨААТҮГ-т даалгасугай.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар илүү цагийн хөлс гаргуулах тухай Ч.Х нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагч Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны харьяа “Х” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамж 916618 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

             

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.СОЛОНГО