Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00906

 

 

 

 

 

 

2022 05 13 210/МА2022/00906

 

Ч.Хгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2022/00657 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Хгийн хариуцагч “ХГ” ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, илүү цаг ажилласан цалин, алданги гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

1. Нэхэмжлэгч Ч.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

1.а. Ч.Х миний бие 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тус байгууллагын Сэлбэ дулааны станцид дотоод зохион байгуулалт, бичиг хэргийн ажилтнаар ажилд орсон. Анх ажилд ороход тус байгууллага нь туршилтын хугацаанд ажиллуулж байгаад Хүний нөөцийн орон тоо байгаа тул түс албан тушаалд ажиллуулна гэсэн боловч 10 дугаар сарын 30-аас хойш ажиллуулах боломжгүй, орон тоо байхгүй гэж мэдэгдсэн. Миний бие ажиллах хугацаанд ур чадвар, алдаа дутагдал гаргасан асуудал байгаагүйгээр зогсохгүй ажилд орсноос эхлэн хагас сайн болгонд цалингүй ажиллаж байсан. Ажил олгогчид хөдөлмөрийн гэрээ, тушаалтай танилцах саналаа 2-3 удаа тавьж байсан ч бэлэн болоогүй байна гэсэн хариу удаа дараа өгч байсан. 10 дугаар сарын цалинг ажлаа хүлээлгэн өгч байж ав гэж Санхүүгийн алба мэдэгдсэн. Тушаалыг нөхөн гаргаж 11 дүгээр сарын 19-ний өдөр хуулбарыг надад өгсөн. Хөдөлмөрийн гэрээтэй танилцаж гарын үсэг зураагүй. Иймд намайг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, 10 дугаар сард ажилласан цалин, унаа хоолны мөнгө, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэж өгнө үү.

1.б. Миний бие нэхэмжлэлийн шаардлагаа 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэмэгдүүлсэн. 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх нийт цалингийн хувийг тооцоолж алдангийг тооцуулах хүсэлтэй байгаа. Нийт 848.908,30 төгрөгөөс тооцож 65 хоногийн алданги 165.537 төгрөг, нийт ажилгүй байсан хугацааны цалин болох 90 хоногийн мөнгө 4,444,811,3 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч “ХГ” ОНӨААТҮГ-ын төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарын агуулга:

2.а. Иргэн Ч.Х “ХГ”-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, унаа хоолны мөнгө, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг гаргуулах, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна. Тэрээр ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэлийг гаргахдаа Миний бие ажиллах хугацаандаа ур чадвар, алдаа дутагдал гаргасан асуудал байгаагүй... гэжээ. 2021 оны 8 дугаар сарын 13-аас эхлэн Сэлбэ дулааны станцад ашиглалтын өмнөх захиргааны бичиг хэргийн ажилтан орон тоонд туршилтын 3 / гурав / хүртэл сарын хугацаагаар томилогдсон.

2.б. Нэхэмжлэлд дурдагдсан бямба гарагт ажилладаг гэх цагийн тухайд эл өдөр 9-11 цагийн хооронд Сэлбэ дулааны станц ашиглалт оруулах бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотын ерөнхий менежер хурлыг зохион байгуулж удирддаг ба гүйцэтгэгч, захиалагч, хяналт, туршилт тохируулгын ажлын хэсгийн ажлын явц, тайланг сонсож хэлэлцдэг. Уг хурлын аудио бичлэгээс сийрүүлэн тэмдэглэл хөтөлж, хуралд оролцогсдоор гарын үсэг зуруулж, хууль эрх зүйн чадамж бүхий баримт үйлдэж архивт өгөх ажил нь ашиглалтын өмнөх захиргааны бичиг хэргийн ажилтны хийх ёстой үндсэн ажил болдог. Туршилтын хугацаатай ажилд ороход нь ашиглалтын өмнөх захиргаа барилгын хийц, тоног төхөөрөмжийн угсралтад хяналт тавих үүрэгтэй байгуулагдсан тул бичиг хэргийн ажилтны ажил үүрэгт Сэлбэ станцтай холбоотой бичиг баримт боловсруулах, Ерөнхий менежерийн хурлын тэмдэглэлийг хөтөлж, холбогдох хүмүүсээр гарын үсэг зуруулах нь үндсэн ажил болох тухай тайлбарласан.

2.в. Иймд бусад ажлын цагтай уялдуулан ажил амралтын цагийг зохицуулж бямба гарагт хурлын бичлэг хийж байсан нь нэмэлтээр амралтын өдөр ажилласан гэх үндэслэл болохгүй. 2021 оны 8 дугаар сарын 21,28 өдрийн хурлын тэмдэглэлүүд нь эх бичлэгээс зөрөөтэй, хэл найруулгын ихээхэн алдаатай, оролцогчдын гарын үсэг огт зурагдаагүй, эрх зүйн чадамжгүй баримт болсон тухай сануулж, гүйцээж хийх тухай шаардсан боловч ажил хүлээлгэн өгөх хүртэл хугацаанд хийгээгүй энэ үйлдэл нь эрхэлсэн ажилдаа хайнга хандаж байсныг гэрчилнэ. Ч.Х ажилд орсноос хойш ажлын 56 хоног ажилласан гэх боловч 2021 оны 8 дугаар сарын 26-аас эхлэн ажлын 14 хоног, 2021 оны 10 дугаар сарын 18-аас өвчтэй гэх шалтгаанаар эрх бүхий албан тушаалтнаас албан ёсны зөвшөөрөл авалгүй ажлын 8 хоног буюу нийт ажлын 22 хоног ажилд ирээгүй. Филошийп эмнэлгийн хуудас авчирч өгсөн ч уг хуудсанд бичигдсэн эмнэлэгт 14 хоног хэвтэж эмчлүүлсэн гэдэг нь ойлгомжгүй, эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний төлбөр төлөгдөөгүй зэрэг нь ажлаас албан ёсоор өвчний учир чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

2.г. Цалинд 8 дугаар сард суутгал хассан дүнгээр 480,011, 9 дүгээр сард 857.511 олгосон. 10 дугаар сард 848.936 олгохоор бодогдсон хэдий ч “ХГ” нь цалинг Худалдаа хөгжлийн банк- аар дамжуулан олгодог тул тус банканд данс нээнэ үү гэсэн шаардлагыг ажилд орсон цагаас нь сануулсаар атал одоог хүртэл данс нээгээгүй тул цалингийн нягтлан Я.Ундрал нь Ч.Хгийн утсанд Хаан банкны дансанд цалин авмаар байна гэсэн өргөдөл бичээд авна уу гэсэн мессеж бичсэн ч хариу өгөөгүй. Тухайн ажилтанд хэдийгээр ажил тасалдаг, ажлын гүйцэтгэл муутай, хариуцлагагүй, дураараа байгаа зэрэг дутагдлыг эрх бүхий албан тушаалтнууд сануулж хэлж байсан ч цар тахлын үеийн онцлогийг харгалзан цалин хасах үйлдэл хийгээгүй.

2.д. Нэхэмжлэлд дурдагдсан 10 дугаар сарын цалин, алданги, унаа, хоолны хувьд байгууллагын зүгээс санхүү бүртгэлийн тооцоолол хийгдэж бүтэн олгохоор бодогдож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. Энэ тухай баримтыг нэхэмжлэгчээс шүүхэд өгсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод 10 дугаар сарын цалин хоол, унааны мөнгө нэмсэн дүнгээр 1.047.000 /нэг сая дөчин долоон мянга/ төгрөг гэсэн тооцооллоос 261.750 / хоёр зуун жаран нэгэн мянга, долоон зуун тавин/ төгрөг төлсөн байна.Туршилтын хугацаа дуусч байгаатай уялдуулан, мөн ажил тасалсан үйлдэлтэй холбогдуулан, Ашиглалтын өмнөх захиргаанаас авсан саналыг үндэслэн Ч.Хтай хөдөлмөрийн харилцааг дуусгавар болох шийдвэр гаргасан. Ажил тасалсан 8 хоногийн тухайд тайлбар өгөхдөө өвчтэй байсан гэх авч эмнэлгийг магадалгаа, бусад нотлох баримтыг өгөөгүй зэрэг нь алдаа дутагдал гаргаагүй гэж өөрийгөө зөвтгөх үндэслэл болохгүй юм.

2.е. Нэхэмжлэлд дурдагдсан хүний нөөцийн орон тоонд Ч.Хг авч ажиллуулна гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Сэлбэ станцын урьдчилан баталсан орон тооны жагсаалтад уг албан тушаал байхгүй. Нэхэмжлэлд дурдагдсан хөдөлмөрийн гэрээ, тушаалтай танилцах саналаа 2- 3 удаа тавьсан гэдэг нь ташаа мэдээлэл юм. “ХГ” нь шинээр батлагдсан Хөдөлмөрийн хууль -тай уялдуулан гэрээ шинэчилж байгаа хэдий ч Хөдөлмөрийн гэрээ -ний батлагдсан загварын хүрээнд Ч.Хтай хийх гэрээ бэлэн байсан агаад гарын үсэг зурахад болох атал ажлаас халагдах мөч хүртэл хугацаанд зураагүй нь өөрийгөө зөвтгөх үндэслэл болохгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 21.1.1 д зааснаар ажлын байрны буюу албан тушаалын нэршлийг Сэлбэ дулааны станцын ашиглалтын өмнөх захиргааны бичиг хэргийн ажилтан гэж тодорхойлж, цалинг 900.000 /есөн зуун мянган/ төгрөг гэж тохиролцож, Б/129 тушаалаар томилсон. Уг хуулийн 21.1.2 д зааснаар ажил, үүргийн хуваарилалтад бүх хурлын тэмдэглэлийг хөтлөн баталгаажуулах, Сэлбэ дулааны станц хэвийн байнгын ажиллагаанд орох хүртэл хугацаанд шаардлагатай бичиг баримт боловсруулж холбогдох газарт явуулж байхаар тогтсон. Гэвч Ч.Х нь туршилтын хугацаанд тухайн албан тушаалд тэнцэхээр үүрэг гүйцэтгээгүй, ажилд тэнцэхгүй, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах боломжгүй тухайд Ашиглалтын өмнөх захиргааны бие бүрэлдэхүүний хурлаас гаргасан санал баталгаажуулсан. Хэрэв хариуцсан ажилдаа хариуцлагатай, гүйцэтгэл өндөртэй, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн байсан бол хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл бүрдэх байсан. Нийслэлийн засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21 ний өдрийн А/382 дугаар захирамжид Сэлбэ дулааны станцын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, үндсэн болон туслах тоноглолын угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын 2021 оны 10 дугаар сарын 01 ийн дотор дуусгаж байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх..." гэсэн заалт хэрэгжиж, Сэлбэ дулааны станц хэвийн ажиллагаанд орж байнгын бүрэлдэхүүнтэй болсонтой уялдан 2021 оны 11 дүгээр сарын 01 ний өдрийн А/60 тушаалаар Ашиглалтын өмнөх захиргааны үйл ажиллагааг дуусгавар болгон татан буулгасан.

2.ё. Иймд иргэн Ч.Х нэхэмжлэлийн шаардлагадаа 10 дугаар сарын цалин, алданги, хоол, унааны мөнгө нэхэмжилж байгаа ч Ч.Х нь байгууллагын цалингийн нягтлан Я.Ундралд мөнгө хүлээн авах дансаа өгснөөр 10.11 сард бүрэн дуусах байхад өөрийн хариуцлагагүй үйлдлээр одоо хүртэл мөнгө аваагүй гэдгээ шүүхэд тайлбарлахгүйгээр дууссан үйлдэлд шаардлага гаргаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлага хангахгүй байна гэж, мөн дээр өгсөн тайлбар, холбогдох нотлох баримтаар тухайн Сэлбэ дулааны станцын ашиглалтын өмнөх захиргааны бичиг хэргийн ажилтны орон тоонд эгүүлэн авах боломжгүй тул Ажилд эгүүлэн томилох... гэсэн хүсэлтийг тус тус хангахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Боржигон овогт Чойргийн Х /РД:АО73112001/-г Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны харьяа “ХГ” ОНӨААТҮГ-ын бичиг хэргийн ажилтан ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 141 дүгээр зүйлийн 141.3-д зааснаар “ХГ” ОНӨААТҮГ-аас 4.791.763 төгрөг гаргуулж, Ч.Хд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар Ч.Хгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, зохих журмын дагуу дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны харьяа “ХГ” ОНӨААТҮГ-т даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар илүү цагийн хөлс гаргуулах тухай Ч.Хгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж, хариуцагч Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны харьяа “ХГ” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамж 916,618 төгрөг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч “ХГ” ОНӨААТҮГ-ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.а. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй, хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг зөв хэрэглээгүй.

Нэхэмжлэгч нь ажилд томилсон тушаал болон хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан ажил үүргийг ажилд орсноос хойш 56 хоног ажилласан гэх боловч ажлын 22 хоног ажилдаа ирээгүй, тухайн үед эрх бүхий албан тушаалтнаас чөлөө зөвшөөрөл аваагүй гэх байдлаар ажил үүргээ гүйцэтгэж ирсэн байна. Хариуцагч талаас дээрх үйл баримтыг нотлох үүднээс баримтуудыг гаргаж өгсөн. Гэтэл шүүх нэхэмжлэгч Ч.Хгийн ажлын байр байнгын ажлын байр байх бөгөөд ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа 3 сарын туршилтын хугацаа тогтоосон хууль зөрчсөн, ажилд орохдоо Ч.Х холбогдох бичиг баримтаа өгөөгүй гэх боловч хөдөлмөрийн гэрээний 3.6-д зааснаар ажил олгогчийн өөрийн үүрэг байхаар тодорхойлсон.

Хариуцагч байгууллагын Б/129 дугаар Ч.Хг ажилд авах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2 дахь хэсэгт заасныг баримталсан. Ажилтны ажлын байр нь хугацаатай буюу туршилтын хугацааг хуульд, журамд нийцүүлэн тогтоож гэрээ байгуулсан. Иймд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад бүрэн дүүрэн үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй, хэргийн үйл баримтад буруу дүгнэлт өгч, хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг зөв хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч “ХГ” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хөдөлмөрийн тухай хуульд Тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно, Туршилтын хугацаа 3 сар хүртэл байж болно гэж заасан хэсэгтэй нягт уялдаж, цаашид Ч.Х нь энэ ажлыг гүйцэтгэх чадваргүй тухайд нотолж байхад шүүхийн шийдвэрт уг ажлын байрыг байнгын ажлын байр бөгөөд ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа 3 сарын туршилтын хугацаа тогтоосон хууль зөрчсөн байна гэсэн нь хуулийн заалтыг буруу хэрэглэсэн, шийдвэр буруу гаргасан гэж үзэж байна.

5.а. Нэхэмжлэгч Ч.Х нь 2021оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхдээ 1,230,000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн атал шүүх ямар нэг бичгээр үйлдсэн нэхэмжлэлгүйгээр 4,444,811.3 төгрөг гэж зааж шийдвэрлэсэн нь буруу байна.

5.б. Нэхэмжлэгч Ч.Х нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй нь уг нэхэмжлэл буцаагдах үндэслэл байсныг шүүх хэрэглэсэнгүй. Хууль иргэн бүрд адил үйлчлэх зарчим алдагдсан. Учир нь улсын тэмдэгтийн хураамжаас Ч.Х чөлөөлөгдөх үндэслэлгүй гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Хариуцагч талаас нэхэмжлэгчийг ажилдаа хайнга хандсан, эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл авалгүйгээр 22 хоног ажилдаа ирээгүй гэж тайлбар гаргадаг. Мөн нэхэмжлэгчийг ажилдаа хайнга хандсан, Хөдөлөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчил гаргасан гэж тайлбарлаж байгаа нь ажлаас чөлөөлөх тушаалд тусгагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т хамаарахгүй. Мөн хариуцагч тал ашиглалтын өмнөх захиргаа татан буугдсан, нэхэмжлэгчийн ажлын байр байхгүй болсон гэж тайлбарладаг. Ашиглалтын өмнөх захиргаа татан буугдаагүй, бичиг хэргийн ажилтны 2 орон тоо батлагдсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Мөн нэхэмжлэгч нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан боловч хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар шаардахад гэрээ бэлэн болоогүй гэх хариу өгдөг байсан. Нэхэмжлэгч нь шаардсан баримт бичгийг анкетаа өгөхдөө цуг өгсөн. Хариуцагч талаас нэхэмжлэгчийг ажилдаа хайнга хандсан, ажиллаагүй гэх талаар баримт өгсөн. Тухайн баримтууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан үндэслэлд хамаарахгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн, зөв үнэлсэн. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй учраас хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэх тайлбар нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, гэрээний 1 хувийг ажилтанд өгөөгүй нь ажилтны буруу биш. Мөн хариуцагч талаас нэхэмжлэгч нь цаашид тухайн ажлыг хийж гүйцэтгэх чадваргүй гэж маргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т хамаарахгүй. Мөн хариуцагч нь уг тайлбараа баримтаар нотлоогүй. Тухайн байгууллагын дарга, нэхэмжлэгч нар нь хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зураагүй. Нэхэмжлэгч 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, мөн оны 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны цалин, хөлсийг нэхэмжилсэн. Нэхэмжлэгчид 2021 оны 10 дугаар сараас хойш цалинг нь олгоогүй, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2021 оны 12 дугаар сард цалин хөлсийг олгосон байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.4 дэх хэсэгт заасны дагуу алдангийг тооцсон. Иймд хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

2. Нэхэмжлэгч Ч.Х нь хариуцагч “ХГ” ОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, илүү цаг ажилласан цалин, алданги гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хариуцагч “ХГ” ОНӨААТҮГ нь нэхэмжлэгч Ч.Хг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс Сэлбэ дулааны станцын Ашиглалтын өмнөх захиргааны бичиг хэргийн ажилтан албан тушаалд, туршилтын 3 сарын хугацаагаар ажиллуулахаар тохиролцсон. /хх54/ Улмаар 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/60 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.9.6-д заасныг тус тус үндэслэл болгон Ч.Хг ажлаас нь чөлөөлжээ. /хх 55/

4. Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсан талаарх гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гаргасан байна.

5. Хариуцагч тал хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалын үндэслэлээ Ч.Хгийн туршилтын хугацаагаар ажиллах 3 сарын хугацаа дуусгавар болсон, туршилтын хугацаанд тухайн албан тушаалд тэнцэхээр үүрэг гүйцэтгээгүй, Сэлбэ дулааны станц хэвийн ажиллагаанд орж байнгын бүрэлдэхүүнтэй болсонтой уялдан Ашиглалтын өмнөх захиргааны үйл ажиллагааг дуусгавар болгон татан буулгасан учир хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж тайлбарлажээ.

5.а. Талуудын хооронд байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээнд Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын дарга, ажилтан нар гарын үсэг зурж баталгаажуулаагүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл юм.

Иймд уг ажлын байранд туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэх хариуцагчийн тайлбар няцаагдаж байна.

6. Хэргийн 54 дүгээр талд авагдсан Ч.Хг ажилд авах тухай тушаалын 2 дахь заалтад Сэлбэ дулааны станцийн бичиг хэргийн ажилтны цалинг 900,000 төгрөгөөр тогтоосон байна. Иймээс түүний ажилгүй байсан хугацааны олговорт 4,142,234 төгрөг /900,000:21,5=41,860х4 сар 9 хоног+167,440/-ийг хариуцагч “ХГ” ОНӨААТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. /хх 54/

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ...нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу төлөөгүй... гэжээ. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө гэж заасан бөгөөд энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2022/00657 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 4,791,763 гэснийг 4,142,234 гэж, 5 дахь заалтын 916,618 гэснийг 81,226 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,618 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ