Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2019/0612

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.С

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Г.С намайг “В” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.С шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар иргэн Гын С намайг "В" ХХК-ийн гүйцэтгэх захиралаар 2013 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр үндэслэлгүйгээр бүртгэсэн байна.

"В" ХХК нь 100% гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд Гын С би уг компанийн ямар нэгэн хувьцааг эзэмшдэггүй, үүсгэн байгуулагч биш юм.

Гэтэл 2013 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн "В" ХХК-ийн үүсгэн байгуулагчдийн тогтоол гэх баримтад тухайн байгууллагын зүгээс гараараа “үүсгэн байгуулагч” гэсэн бичвэрийг нэмж бичиж үүнийхээ дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар 2013 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гүйцэтгэх захирлаар бүртгэж авсан байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хуульд заасны дагуу компанийн үүсгэн байгуулагчдийн тогтоол, хурлын тэмдэглэлийг үндэслэн бүртгэх ёстой. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь гүйцэтгэх удирдлагыг бүртгэхдээ компанийн үүсгэн байгуулагчдын тогтоолд гарын үсэг зурсан этгээд нь үүсгэн байгуулагч мөн эсэхийг компанийн дүрэмтэй тулган шалгах үүрэгтэй. Шаардлага хангаагүй баримтаар бүртгүүлэхээр ирсэн тохиолдолд өөрчлөлтийг бүртгэхээс татгалзах үүрэгтэй.

Гэтэл үүсгэн байгуулагчдийн тогтоолд компанийн нэр алдаатай бичигдсэн байхад гараар зассан, гарын үсэг зурахдаа "В" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.С гэж бичин гарын үсэг зурсан байтал дунд нь үүсгэн байгуулагч хэмээн нэмж гарааг бичиж засварлан улсын бүртгэлд гүйцэтгэх захирлаар Г.С намайг бүртгэсэн байна.

Би намайг "В" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлтэй байгааг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн газраас лавлагаа аваад мэдлээ. Г.С би одоо "В" ХХК-тай ямар нэгэн байдлаар холбоо байхгүй.

Гэтэл Улсын бүртгэл үнэн зөв гэж үзэн уг компанид ямар ч хамааралгүй байхад надад компанийн эрх бүхий этгээд гэж үзэж хариуцлага хүлээлгэхээр хандаж байна. "В" ХХК-ийн жинхэнэ эрх бүхий этгээд, үүсгэн байгуулагч Бүгд Найрамдах Энэтхэг улсын иргэн Внь 2016 оны ...дүгээр сарын ...-ны өдөр Монгол улсын хилээр гарч яваад үүнээс хойш Монгол улсад дахин ирээгүй байна.

Г.С би уг компанийн хувьцаа эзэмшдэггүй, үүсгэн байгуулагч биш, татвар нийгмийн даатгал гэх мэт компанийн санхүүгийн асуудалд оролцож байгаагүй, ашиг хүртэж байгаагүй байтал гадаадын иргэний өмнөөс одоо их хэмжээний өр төлбөр, тодорхой хэмжээний хариуцлага хүлээхэд хүрээд байна.

Ингээд би энэ талаарх гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдий бүртгэлтийн газарт 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр бичгээр гомдол гаргаж, бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл Улсын бүртгэлийн ерөнхий газраас албан ёсоор хариу өгсөнгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газраас гомдол хариу өгөх 30 хоногийн хугацаа хэтрээд 60 хоног өнгөрсөн байтал одоог хүртэл хариу өгөхгүй байгаа тул маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Иймд хууль зөрчин бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 201" оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн Гын С намайг "В" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү." гэжээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:Иргэн Г.С Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Үүнд: Хууль зөрчин бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Г.С намайг В ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах

Энэхүү нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

В ХХК нь Хонгконгын “Скомпанийн 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар үүсэн байгуулагдаж 2013 оны 5 дугаар сарын 7-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр гүйцэтгэх захирлаас Б.Бийг чөлөөлж, Г.Сыг бүртгэхдээ дараах баримтуудыг үндэслэсэн байна.

Үүнд:

-УБ-05 маягт

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

-В ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын 2013 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 06 тоот тогтоол

- Иргэний үнэмлэхний хуулбар

- Хонгконгын “Скомпаниас Г.Сд олгосон итгэмжлэл

Улсын бүртгэгч хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003/-ны 23 дугаар зүйлд заасан баримтуудыг үндэслэн бүртгэдэг.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү." гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Г.Сын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.С тус шүүхэд хандаж “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Г.С намайг “В” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “би тус компанийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч биш байхад шаардлага хангаагүй баримтаар намайг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн нь хууль зөрчсөн, гүйцэтгэх удирдлагыг бүртгэхдээ компанийн үүсгэн байгуулагчдын тогтоолд гарын үсэг зурсан этгээд нь мөн эсэхийг компанийн дүрэмтэй тулгаж шалгах үүрэгтэй байсан...” гэж тодорхойлжээ.

Хариуцагч захиргааны байгууллагаас ирүүлсэн нотлох баримтуудаас үзвэл “В” ХХК нь Хонг Конгын “С” Co.ltd компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр өргөдөл гаргаснаар мөн өдрийн 9019071102 дугаарт бүртгэгдэн 5707587 тоот регистрийн дугаар олгогдон, 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн үүсгэн байгуулах шийдвэрийг үндэслэн  Б овогтой Бийг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн байна.

Түүнчлэн Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн г/1475 дугаар бүхий тушаалаар “В” ХХК-ийг УлаанБ хотод 1 жилийн хугацаатай байгуулахыг зөвшөөрснөөр 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаагаар гэрчилгээ олгогдсон үйл баримтууд тогтоогдов.

Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтанд агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх УБ-05 өргөдлийг нэхэмжлэгч Г.С өөрөө гаргаж,улмаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн  /2003 оны/ 23 дугаар зүйлд заасан баримтууд болох улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2013 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 06 тоот тогтоол, Г.Сын иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг ирүүлснийг үндэслэн хариуцагч захиргааны байгууллагаас тус компанийн гүйцэтгэх захирлаар Г.Сыг бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Учир нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн/ 2003 оны/  23 дугаар зүйлд “Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх ба улсын бүртгэлийн жагсаалтад өөрчлөлт оруулах, 23.1-д “Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх болон үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт орохтой холбогдолгүй бөгөөд улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа бусад мэдээлэлд өөрчлөлт оруулахтай холбогдсон бүртгэлийг энэ хуулийн 7.1-д заасан бүртгэх байгууллага хөтөлнө”, 23.2-т “Бүртгэх байгууллага нь энэ хуулийн 23.1-д заасан бүртгэлийг явуулахдаа энэ хуулийн 10.1-д заасны дагуу Засгийн газраас баталсан журмыг баримтална” гэж тус тус заажээ.

Эдгээрээс үзвэл нэхэмжлэгч нь өөрөө хүсэж, холбогдох баримтуудыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр уг бүртгэлийг хийсэн, уг бүртгэлийн дагуу Г.С нь тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд тодорхой үйл ажиллагаа, тухайлбал 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэн У.Сд компанийн гэрчилгээг сунгах үйл ажиллагааг хийлгэхээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад хандаж итгэмжлэл олгож байсан, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн төлбөрийн даалгавар 03-т нэгдүгээр гарын үсэг зурсан зэргээр тогтоогдож байх тул Г.Сыг “В” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад “...захиргааны байгууллага баримт бичгийг шалгах ёстой, бүртгэл үнэн зөв хийгдэх зарчимтай” гэж тайлбарлаж байх боловч, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Бүртгэх байгууллага нь хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс дараахь үндэслэлээр татгалзана”, 18.1.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу”, 18.1.2-т “өөрчлөн байгуулагдаж байгаа хуулийн этгээдийн хувьд Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн 15.3, 15.4-д заасан үндэслэл байгаа”,  гэж заасан бөгөөд татгалзах үндэслэл байхгүй тохиолдолд бүртгэлийг зайлшгүй хийхээр зохицуулсан байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс “...энэ компани нь их хэмжээний өртэй байх тул би гүйцэтгэх захирлаас нэрээ хасуулахыг хүсч байгаа” гэж тайлбарласан боловч компанийн гүйцэтгэх удирдлага, түүний эрх үүрэг, хариуцлага болон компанийн эрх бүхий албан тушаалтнаас чөлөөлүүлэх зэрэг асуудал нь хариуцагч улсын бүртгэлийн байгууллагад хамааралгүй, өөрөөр хэлбэл компанийн эрх зүйгээр зохицуулагдах асуудал болохыг тэмдэглэж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Сын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Соос гаргасан, намайг “В” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар намайг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ДУЛАМСҮРЭН