Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2020/0077

 

 

Г.С нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзулыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн 612 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Г.С гаргасан давж заалдах гомдлоор, Г.С нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 612 дугаар шийдвэрээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.С гаргасан, намайг “В а м” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.С давж заалдах гомдолдоо: Хуулийн этгээдийг улсын бүртгэлд шинээр бүртгэх тухай биш хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагыг бүртгэсэн асуудал нь буюу хуулийн этгээдийн бүртгэлд  өөрчлөлт оруулахад хууль зөрчсөн тухай шаардаж байгаагаас биш анхнаасаа хуулийн этгээдийг бүртгэсэн тухай асуудал огт хамааралгүй юм. Гэтэл анхан шатны шүүхээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т ”нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, эсхүл бүхэлд нь хангах” гэж зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны  өдрийн 612 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

  Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлээгүй байх тул дараахь үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.С гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.С нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “В а м” ХХК нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд миний бие уг компанийн ямар нэг хувьцааг эзэмшдэггүй, үүсгэн байгуулагч биш юм. Гэтэл 2013 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “В а м” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын тогтоол гэх баримтад тухайн байгууллагын зүгээс гараараа үүсгэн байгуулагч гэсэн бичвэрийг нэмж бичиж, үүний дагуу намайг 2013 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гүйцэтгэх захирлаар бүртгэж авсан байна. Шаардлага хангаагүй баримтаар бүртгүүлэхээр ирсэн тохиолдолд өөрчлөлтийг бүртгэхээс татгалзах үүрэгтэй” гэж тодорхойлж,  “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Г.С намайг “В а м”-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 “В а м” ХХК нь БНХАУ /Хонконг/-ын “C v a” Co Ltd компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдаж, 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 00000000 дугаарт бүртгэгдэн, 000000 тоот регистрийн дугаар олгогдож, 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн үүсгэн байгуулах шийдвэрийг үндэслэн Б Б гүйцэтгэх захирлаар бүртгэсэн байна.

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа “2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гүйцэтгэх захирлаас Б.Б чөлөөлж, Г.С бүртгэхдээ улсын бүртгэгч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 23 дугаар зүйлд заасан баримтууд болох УБ-00 маягт, “В а м” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2013 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 06 тоот тогтоол, Хонконгын “C v a” Co Ltd компаниас Н.С олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтуудыг үндэслэн  хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн” гэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч нь захиргааны шийдвэр /үйлдэл, эс үйлдэхүй/-ийг мэдсэнээс хойш эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байна гэж үзсэн тохиолдолд 30 хоногийн дотор уул эрхээ хамгаалуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтан, шүүхэд хандах эрхтэй.

Гэтэл нэхэмжлэгч нь 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандан гаргасан хүсэлтдээ “...Үүсгэн байгуулагчдын тогтоолд компанийн нэр алдаатай бичигдсэн байхад гараар зассан, гарын үсэг зурахдаа  “В а м” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.С гэж бичин гарын үсэг зурсан байтал дунд нь үүсгэн байгуулагч гэж нэмж гараар бичиж засварлан улсын бүртгэлд гүйцэтгэх захирлаар Г.С намайг бүртгэсэн байна. Би одоо энэ компанитай ямар нэгэн холбоо байхгүй”  гэсэн байх бөгөөд захиргааны байгууллагаас хариу өгөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Иргэн, хуулийн этгээд дараахь тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй”, 12.1.2-т “дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтнаас энэ хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн” гэж зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж ойлгоно. 

Гэтэл нэхэмжлэгч Г.С нь нь улсын бүртгэгчийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандан өргөдөл гаргасныг  хуульд заасан хугацаанд эрх ашгаа хамгаалуулахаар  дээд шатны албан тушаалтанд урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандсан гэж үзэхгүй бөгөөд улмаар 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэгчийг шүүхээс нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэх боломжгүй байна.

Тодруулбал, 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гүйцэтгэх захирлаас Б.Б чөлөөлж, Г.С бүртгэсэн  бүртгэлийг хийлгэхдээ холбогдох баримтуудыг захиргааны байгууллагад өөрөө ирүүлсэн, уг бүртгэлийн дагуу Г.С нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлбөрийн даалгавар 03-т нэгдүгээр гарын үсэг зурсан, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэн У.С компанийн гэрчилгээг сунгах үйл ажиллагааг хийлгэхээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгуулагад хандаж байснаас үзэхэд маргаан бүхий бүртгэлийн талаар Г.С мэдээгүй байх боломжгүй гэдэг нь тогтоогджээ.

Иймд нэхэмжлэгч Г.С “...намайг “В а м” ХХК-ийн” гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэлтэй байгааг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн газраас лавлагаа авахдаа мэдлээ” гэх гомдол үгүйсгэгдэх ба энэ нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

Иийнхүү Г.С нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дугаар зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн 612 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгч Г.С давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН