Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 1470

 

 

 

 

 

  2020            12               10                                       2020/ДШМ/1470    

 

Б.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Алдар, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Р.Батнасан,

шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Г.Должинсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,         

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/798 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Насанбатын бичсэн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 60 дугаартай эсэргүүцлээр Б.Гт холбогдох 2002000760155 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тугчин овгийн Б.Г, 1961 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, эх, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 52 дугаар байрны 13 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй,  /РД:ХЕ61040564/;

Б.Г нь Монгол Улсаас Оросын холбооны улсын Кызыл хотод суугаа  Ерөнхий консулаар 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл ажиллах хугацаандаа Дипломат албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан:

Дипломат төлөөлөгчийн газарт ажиглагчдын эхнэр буюу нөхрийг тухайн төлөөлөгчийн газрын ажлын хэрэгцээ, шаардлагыг үндэслэн үйлчилгээ, техникийн ажилд гэрээний үндсэн дээр ажиллуулж болно гэсэн хэм хэмжээг хууль бусаар хэрэгжүүлж, өөрийн нөхөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын Байгаль орчин, аялал, жуулчлалын хяналтын хэлтсийн даргаар ажилладаг Д.Цэрэндашийг Кызыл хотын Ерөнхий консулын газарт 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Ерөнхий консулын газрын ёслол-үйлчилгээний ажилтан”-аар түр томилсон А/15/21 дугаартай тушаал, 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр “Ерөнхий консулын газрын техник үйлчилгээний ажилтан”-аар түр томилсон А/15-16 дугаартай тушаал гаргаж, уг тушаалуудын дагуу 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 1 сар, 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1 жил 10 хоногийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар төлүүлэн хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад буюу гэр бүлийн гишүүндээ давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Б.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Тугчин овгийн Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийн цалин, орлого олох боломжийг харгалзан энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гээс 14.805.173 төгрөг, иргэний хариуцагч Д.Цэрэндашаас 5.904.769 төгрөгийг тус тус гаргуулж, Монгол Улсын Гадаад Харилцааны Яаманд олгож, шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Дээд шатны прокурор Ц.Насанбат бичсэн эсэргүүцэлдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Үүнд:

Б.Гийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад буюу гэр бүлийн гишүүндээ давуу байдал бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүхий л шинжийг бүрэн хангасан “санаатай гэмт хэрэг” байтал, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “тохиолдлын шинжтэй” гэж санаатай үйлдсэн, албан тушаалын гэмт хэрэгт огт хамаарахгүй хөнгөрүүлэх нөхцөл байдлыг дурдсаныг, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байх” гэснийг зөрчсөн шинж гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор Р.Батнасан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “тохиолдлын шинжтэй” гэж хэргийн нөхцөл байдлыг дурдсан нь буруу байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн. Б.Гийн үйлдсэн гэмт хэрэг нь ямар нэгэн байдлаар тохиолдлын шинжтэй гэж дүгнэх нөхцөл байдал байхгүй байх тул дээрх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй. ...” гэв.  

Шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч Г.Должинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, ял шийтгэл тохирсон. Прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан “тохиолдлын шинжтэй” гэж бичсэнийг өөрчлөх эсэх асуудалд өмгөөлөгчийн зүгээс тусгайлан гаргах саналгүй байна. ...” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Б.Г нь Монгол Улсаас Оросын холбооны улсын Кызыл хотод суугаа  Ерөнхий консулаар 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл ажиллах хугацаандаа Дипломат албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан “Дипломат төлөөлөгчийн газарт ажиглагчдын эхнэр буюу нөхрийг тухайн төлөөлөгчийн газрын ажлын хэрэгцээ, шаардлагыг үндэслэн үйлчилгээ, техникийн ажилд гэрээний үндсэн дээр ажиллуулж болно” гэсэн хэм хэмжээг хууль бусаар хэрэгжүүлж, өөрийн нөхөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын Байгаль орчин, аялал, жуулчлалын хяналтын хэлтсийн даргаар ажилладаг Д.Цэрэндашийг Кызыл хотын Ерөнхий консулын газарт 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Ерөнхий консулын газрын ёслол-үйлчилгээний ажилтан”-аар түр томилсон А/15/21 дугаартай тушаал, 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр “Ерөнхий консулын газрын техник үйлчилгээний ажилтан”-аар түр томилсон А/15-16 дугаартай тушаал гаргаж, уг тушаалуудын дагуу 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 1 сар, 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 1 жил 10 хоногийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар төлүүлэн хийх ёсгүй үйлдэл хийж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад буюу гэр бүлийн гишүүндээ давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Наранхүүгийн “...Б.Г нь Монгол Улсаас Оросын холбооны улсын Тува улсын Кызыл хотод суугаа ерөнхий консулаар ажиллаж байхдаа Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Байгаль орчны хяналтын хэлтсийн дарга ажилтай өөрийн нөхөр Д.Цэрэндашийг Ерөнхий консулын газрын техник үйлчилгээний ажилтнаар ажилладаг гэж тушаал гаргаж, 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд цалин олгож нийгмийн даатгалыг давхар төлүүлсэн. Д.Цэрэндашийг 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд ажилласан мэтээр цалин олгож, нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татвар зэргийг байгууллагаас төлсөн байна. ...Д.Цэрэндашийн авсан цалин, төлсөн татвар зэргийг баримтаар тулган үзэхэд 17.424.606 төгрөгийн тооцоо гарч байна. Мөн 2015 оны А/15-21 дугаартай тушаалаар томилогдсон ажлын хүрээнд 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 520 ам.доллар буюу тухайн өдрийн ханшаар 1.036.198 төгрөгийн цалин авсан байна. 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр авсан 1.036.198 төгрөгийн цалин, 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд авсан цалин, 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хооронд авсан 17.424.606 төгрөгийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 1.616.060 төгрөг, хувь хүний орлогын албан татварт төлсөн 633.078 төгрөг, нийт 20.709.942 төгрөгийн хохирол учирсан байна. ...” /1хх-8-13, 216-218/,

гэрч Д.Отгонцэцэгийн “...Д.Цэрэндаш нь 2014 оны 1 дүгээр сараас 2018 оны 6 дугаар сарыг дуустал Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас, 2018 оны 7 дугаар сараас 2019 оны 7 дугаар сарыг дуустал Гадаад хэргийн яам, дипломат төлөөлөгчийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг 2 байгууллагаас төлөлт хийгдсэн, 2019 оны 8 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарын дуустал зөвхөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийгмийн даатгалын төлөлт хийгдсэн байна. ...Д.Цэрэндаш гэх хүний 1 жил 1 сарын хугацаанд давхар төлсөн даатгалын кодыг харахад 01 буюу үндсэн ажилтнаар нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байна. ...Энэ хүний хувьд 1 жил 1 сарын хугацаанд 2 байгууллагаас 01 кодтой явж байсан нь ойлгомжгүй байна. Яагаад гэхээр 2 байгууллагын 1 байгууллага нь үндсэн, нөгөө байгууллага нь давхар хөдөлмөр эрхэлж байгаа байгууллага байх ёстой юм. ...” /1хх-19-20/,

гэрч Ж.Нарантуяагийн “...Д.Цэрэндашийг 2009 оноос хойш Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны хяналтын хэлтсийн даргаар тасралтгүй ажиллаж байгааг мэдэж байна. ...” /1хх-249-250/,

иргэний хариуцагч Д.Цэрэндашийн “...Миний хувьд давуу эрх эдэлсэн асуудал байхгүй. Дээрх хугацаанд ажил хийсэн учраас цалингаа авсан. Тухайн үед надаас өөр ажил хийх хүнгүй, дараагийн хүмүүс ирэх үед ажлаа хийж мэдэхгүй, Орос хэлгүй байсан учраас мэргэжил арга зүйн зөвлөгөө тогтмол өгч байсан. Иргэний хариуцагчаар татагдаж байгаагаа хүлээн зөвшөөрөх үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна. ...” /1хх-230-232/,

Б.Гийн яллагдагчаар өгсөн “...Манай нөхөр 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд Кызыл хотын консулын газарт тасралтгүй ажилласан бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдээд явж байсан гэж үзэж байна. ...” /1хх-197-202/ гэсэн мэдүүлгүүд,

Хөдөлмөрийн гэрээ байгуулсан тушаал /1хх-131, 132/, иргэний хариуцагч Д.Цэрэндашийн ажил байдлын тодорхойлолт /1хх-100-102/, Д.Цэрэндашийн нийгмийн даатгалын шимтгэл, цалингийн хүснэгт, ажлын тайлан /1хх-52-83, 219-226 зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Гийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Б.Гийг Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 224 дугаартай тогтоолоор түүнийг Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Кызыл хотод суух Ерөнхий консулаар томилсон /1хх129/ ба Авлигын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “...төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан. ...” гэж заасан нийтийн албан тушаалтанд хамаарч байна.

Шүүгдэгч Б.Гийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон. ...” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. ...” гэж хуульчилсанд нийцэхгүй байх тул энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авав.

Б.Г нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад буюу гэр бүлийн гишүүндээ давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон “...уг гэмт хэргийг хүсч, санаатай үйлдлээр. ...” үйлдсэн байхад анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ “...тохиолдлын шинжтэй. ...” гэж гэмт хэрэгт огт хамааралгүй хөнгөрүүлэх нөхцөл байдлыг дурьдсан нь үндэслэлгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалаар зөвтгөн дүгнэж байна.

Б.Г нь гэмт хэргийг “...тохиолдлын шинжтэй. ...” нөхцөл байдлын улмаас үйлдсэн гэж үзэх үндэслэл хавтас хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгааг дурьдах нь зүйтэй.

Цаашид гэмт хэргийн сэдэлтийн талаар зөв дүгнэлт өгч шийдвэрлэж байхыг анхаарвал зохино.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах үндэслэлгүй тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/798 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/798 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ