Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2022/01534

 

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:... байрлах, регистр .., З... сан,

Хариуцагч:Баянгол дүүрэг, ... тоотод байрлах, регистр .., Б... ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага:32 259 801 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д..., хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.О..., өмгөөлөгч Л.Б..., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  З... сан нь Б... ХХК-д   холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт 32 259 801 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

З... сан нь З... сангийн тухай хуулийг хэрэгжүүлж, дээрх зорилгын хүрээнд Б... ХХК-ийн Г...наас авсан 100 000 000  төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийн 50 хувьд 2014 оны 02 дугаар сарын 04-нд батлан даалт гаргасан.Зээлдэгчийн “хаягдал түүхий эд боловсруулах үйлдвэрийн” төсөл амжилтгүй болсноос уг зээл эрсдэлд орж улмаар Г... ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ... дугаар захирамжаар 65 832 642 төгрөгийг Г...анд олгохоор шийдвэрлэсэн.З... сан нь Г... ХХК, Б... ХХК нартай байгуулсан 2014 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн ... тоот батлан даалтын гэрээний дагуу 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 32 259 801 төгрөгийг Г...ны дансруу шилжүүлсэн.Дээрх батлан даалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.5.4-д “Батлан даагч энэхүү гэрээний 3.4.1-д заасан үүргээ биелүүлсэн тохиолдолд уг мөнгөн дүнг Батлан даагчид бүрэн төлж барагдуулах". 4,2.1-д “Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйгээс  зээлдүүлэгчийн өмнө батлан даагч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх зээлдүүлэгчээс батлан даагчид шилжиж зээлдүүлэгч барьцаа хөрөнгөнөөс тэргүүн ээлжид өөрийн шаардлагыг хангуулаад үлдсэн хэсгийг батлан даагчид шилжүүлэхийг зөвшөөрч байна” гэж тус тус заасан.Мөн Б... ХХК нь З... сантай авлага барагдуулах гэрээ байгуулахаас татгалзаж, Батлан даалтын гэрээний 3.5.4-д заасан үүргээ биелүүлэхгүй байгаа.Иймд Иргэний хуулийн 465 дугаар зүйлийн 465.1-т зааснаар Б... ХХК-аас 32 259 801 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч тайлбартаа:Манай компани нь 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ... тоот гэрээ, ..., ...-2 тоот барьцааны гэрээ, ... тоот Батлан даалтын гэрээ зэргийг байгуулан 47 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй 100 000 000 төгрөгийн зээлийг ... зориулалтаар Г... ХХК-иас З... сангийн 50 хувийн батлан даалттайгаар авч зориулалтын дагуу авч зарцуулсан, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө манай компаний түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан байранд гал гарч давагдашгүй хүчин зүйл үүссэний улмаас зээлийн эргэн төлөлт тасалдаж эхэлсэн.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г... нь Б... ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 65 832 642 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Б... ХХК нь 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн ... тоот Батлан даалтын гэрээний дагуу З... санг хамтран хариуцагчаар татуулах хүсэлтийг гаргасан боловч Г... ХХК нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул хамтран хариуцагчаар татах үндэслэлгүй гэж татгалзсан.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжаар ...-1, ...-2 тоот барьцааны гэрээний дагуу барьцаалсан хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.З... сан нь 2014 онд байгуулсан, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан уг гэрээг үндэслэн 7 жилийн дараа 2021 оны 11 дүгээр сард манай компанид мэдэгдэлгүйгээр улсын төсвийн мөнгийг дур мэдэн зарцуулж Г...анд төлсөн байна.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа:Нэхэмжлэгч байгууллагын тайлбарыг дэмжиж байна.Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна гэв.

Нэхэмжлэгчээс:З... сангийн улсын бүртгэлийн гэрчилгээ,  дүрэм, З... сангийн удирдах зөвлөлийн 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 17 дугаар тогтоол, З... сан, Г... ХХК, Б... ХХК-ийн хооронд 2014 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хийгдсэн ... дугаар Батлан даалтын гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, З... хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн төлбөрийн даалгавар 7, Г...наас 2021 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр З... санд хүргүүлсэн батлан даалтын үүрэг гүйцэтгүүлэх тухай баримтыг шүүхэд гаргаж өгсөн. /хх 4, 5-9, 10, 12-14, 15-16, 17, 18, 37/

Хариуцагчаас:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, тус шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, Г...наас 2016 оны 7 дугаар сарны 21-ний өдөр хариуцагч байгууллагад хүргүүлсэн мэдэгдэл, хариуцагч байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, Г...ны Б... ХХК-тай 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 798 дугаар магадлал, зээлийн дансны хуулга, Шүүхийн шийдвэр биелүүлэх 2017 оны 11 дүгээр сарын 1, 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн мэдэгдэл, Монгол банкны зээлийн мэдээллийн лавлагааг шүүхэд гаргаж өгсөн./хх 43-49, 57-64, 65-75, 76-81, 84-85, 86, 87-88/  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

            Хариуцагч байгууллагын Г...аас зээлсэн 100 000 000 төгрөгийн 50 хувьд 2014 оны 2 дугаар сарын 4-ний өдөр батлан даалт гаргасан, З... сан нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 32 259 801 төгрөгийг Г...анд шилжүүлсэн тул Б... ХХК-иас 32 259 801 төгрөгийг гаргуулна гэв.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:

Г...наас зээл аваад зориулалтын дагуу зарцуулсан, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө манай компанийн түрээсийн байранд гал гарч давагдашгүй хүчин зүйл үүссэн, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай шүүгчийн захирамжаар Г...тай эвлэрлийн гэрээ байгуулж шийдвэрлүүлсэн, 2014 онд байгуулсан гэрээний хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан уг гэрээг үндэслэн 7 жилийн дараа 2021 оны 11 дүгээр сард манай компанид мэдэгдэлгүйгээр улсын төсвийн мөнгийг зарцуулж Г...анд төлсөн тул зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Г...ны Б... ХХК-тай 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, З... сан, Г... ХХК, Б... ХХК-ийн хооронд 2014 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хийгдсэн ... дугаар  Батлан даалтын гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, З... хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 46 дугаар тогтоол, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн төлбөрийн даалгавар 7, Г...наас 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр З... санд хүргүүлсэн батлан даалтын үүрэг гүйцэтгүүлэх тухай баримт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Б... ХХК нь 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Г...тай зээлийн гэрээ байгуулж, 100 000 000 төгрөгийг, жилийн 7 хувийн хүүтэй, 47 сарын хугацаатай, ЖДҮХсангийн зээл авсан байна./хх 57-59/

З... сан нь Г... ХХК, Б... ХХК-тай 2014 оны 2 дугаар сарын 4-ний өдөр батлан даалтын гэрээ байгуулж, зээлдэгч болон зээлдүүлэгч нарын хооронд байгуулсан 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч бүрэн биелүүлж чадна гэж баталж, зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч нь түүний өмнөөс зээл төлөх үүрэг гүйцэтгэх, батлан даагч дээрх үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгэсэн хэмжээний төлбөрийг зээлдэгч төлж барагдуулахтай холбоотой харилцаанд талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлох зорилготой гэжээ./хх 12-14/

Дээрх гэрээний 1.2-т “Энэхүү гэрээ нь зээлдүүлэгч, зээлдэгч, батлан даагч нарын хооронд байгуулсан гэрээ байх бөгөөд зээлдэгч, зээлдүүлэгч нарын хооронд байгуулсан 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаартай зээлийн гэрээний хамт хүчин төгөлдөр байна” гэжээ. 

Мөн гэрээний 1.4-т “Батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн үлдэгдэл дүнгийн 50 хувь байна”, гэрээний 3.1.2-т “Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 хоног өнгөрсөн бол ...батлан даагчаас шаардах” эрхтэй гэж зааснаар Г... нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө батлан даагчаас энэхүү гэрээний үүргийг шаардсан болох нь баримтаар нотлогдохгүй байна.

Г... нь Б... ХХК-тай  2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 65 832 642 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай захирамжаар Зохигчийн эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна./15-16/

Өөрөөр хэлбэл Б... ХХК-ийн Г...тай 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд зааснаар Г... нь өөрийн санаачилгаар уг зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүргийг дүгнэн дуусгавар болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу төлөх Б... ХХК-ийн үүргийг Г... нь З... сангаас давхар шаардах боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасан байхад дээрх шүүхийн шийдвэрт дурдсан 65 832 642 төгрөгийн 50 хувь болох 32 259 801 төгрөгийг нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас шаардах эрхгүй байна.

Нөгөө талаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаар захирамжаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гарсан байна./хх46/

Г...наас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан хүсэлтэд “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ... дугаартай захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шилжүүлснээс хойш төлбөрт 32 259 801 төгрөг төлөгдөж, үлдэгдэл 33 816 398 төгрөг байгаа” гэснээс үзэхэд Г... нь энэхүү мөнгийг  З... сангаас авсан болохоо дурдаагүй байхад 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн төлбөрийн даалгаварыг үндэслэн тухайн мөнгийг төлөгдсөн гэж үзэх боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчаас батлан даалтын гэрээний үүрэгт 32 259 801 төгрөг гаргуулах тухай З... сангийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 465 дугаар зүйлийн 465.1-т заасныг баримтлан Б... ХХК-иас 32 259 801 /гучин хоёр сая хоёр зуун тавин есөн мянга найман зуун нэг/ төгрөг гаргуулах тухай З... сангийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              З.ДОРЖНАМЖИН