Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/ма2022/01201

 

 

 

 

 

 

 

 

2022 06 24 210/МА2022/01201

 

 

З гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26ы өдрийн 102/ШШ2022/01534 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З гийн хариуцагч Б ХХК -д холбогдуулан гаргасан 32,259,801 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, хариуцагчийн төлөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Б ХХК -ийн Г ХХК ХК-аас авсан 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийн 50 хувьд 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр батлан даалт гаргасан. Зээлдэгчийн хаягдал түүхий эд боловсруулах үйлдвэрийн төсөл амжилтгүй болсноос уг зээл эрсдэлд орж улмаар Г ХХК ХК нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШШ2016/0490 дугаар захирамжаар 65,832,642 төгрөгийг Г ХХК ХК-д олгохоор шийдвэрлэсэн. З нь Г ХХК ХК, Б ХХК нартай байгуулсан 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн БДГ2205045971 тоот батлан даалтын гэрээний дагуу 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 32,259,801 төгрөгийг Голомт банкны данс руу шилжүүлсэн. Дээрх батлан даалтын гэрээний 3.5.4, 4,2.1-д зааснаар батлан даагчид шилжүүлэхийг зөвшөөрсөн талаар заасан. Мөн Б ХХК нь З тай авлага барагдуулах гэрээ байгуулахаас татгалзаж, батлан даалтын гэрээний 3.5.4-д заасан үүргээ биелүүлэхгүй. Иймд Иргэний хуулийн 465 дугаар зүйлийн 465.1 дэх хэсэгт зааснаар Б ХХК -аас 32,259,801 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани нь 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ЗГ2205045971 тоот гэрээ, БГ2205045971-1, БГ2205045971-2 тоот барьцааны гэрээ, БГД2205045971 тоот батлан даалтын гэрээ зэргийг байгуулан 47 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй 100,000,000 төгрөгийн зээлийг Г ХХК ХК-аас З гийн 50 хувийн батлан даалттайгаар авч зориулалтын дагуу авч зарцуулсан. 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө манай компанийн түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан байранд гал гарч давагдашгүй хүчин зүйл үүссэний улмаас зээлийн эргэн төлөлт тасалдаж эхэлсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Г ХХК ХК нь Б ХХК -д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 65,832,642 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Б ХХК нь 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн БГД2205045971 тоот батлан даалтын гэрээний дагуу З г хамтран хариуцагчаар татуулах хүсэлтийг гаргасан боловч Г ХХК ХК нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул хамтран хариуцагчаар татах үндэслэлгүй гэж татгалзсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 102\ШШ2016\04990 дугаартай шүүгчийн захирамжаар БГ2205045971-1, БГ2205045971-2 тоот барьцааны гэрээний дагуу барьцаалсан хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. З нь 2014 онд байгуулсан, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан уг гэрээг үндэслэн 7 жилийн дараа 2021 оны 11 дүгээр сард манай компанид мэдэгдэлгүйгээр улсын төсвийн мөнгийг дур мэдэн зарцуулж Г ХХК ХК-д төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г ХХК ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч байгууллагын тайлбарыг дэмжиж байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэжээ. 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 465 дугаар зүйлийн 465.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б ХХК -аас 32,259,801 төгрөг гаргуулах тухай З гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Батлан даалтын гэрээнд зээлдүүлэгч банк нь журам зааврын хүрээнд зээл төлүүлэх талаар хангалттай арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд Голом банк ХХК шүүхэд хандаж Б ХХК -аас зээлийн гэрээний үүргийг нэхэмжилсэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/04990 дугаартай захирамжаар Г ХХК ХК-ийн нэхэмжлэлтэй Б ХХК -д холбогдох зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн бөгөөд уг хэрэгт З оролцоогүй. Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэж үзэх үндэслэлгүй. Мөн дээрх шийдвэрээр зээлийн гэрээг цуцлаагүй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэх, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно. З гаас Г ХХК ХК-д 32,259,801 төгрөг шилжүүлсэн баримт болох 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн төлбөрийн даалгавар гэх баримт нь зөвхөн нэг талын шилжүүлэг хийснийг илэрхийлэх биш уг мөнгөн дүн Голомт банкны дансанд шилжин орсныг баталгаажуулж гүйлгээ хийсэн банк тэмдэг дарсан хүчин төгөлдөр төлбөрийн баримт юм. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Г ХХК ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ талаар тодруулахад З Г ХХК ХК-д 32,259,801 төгрөг төлсөн гэж хариулсан. Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдохолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэтэрхий нэг талыг баримталсан шийдвэр гаргаж нэхэмжлэгч талын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. З , Г ХХК ХК, Б ХХК нарын хооронд батлан даалтын гэрээ байгуулсан. 2014 оны 11 дүгээр сард Б ХХК -ийн үйлдвэрийн байр шатсаны улмаас зээлийн эргэн төлөлт тасалдсан. Г ХХК ХК нь зээлийн гэрээнээс татгалзаж 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 65,832,642 төгрөгийг гаргуулахаар захирамж гарсан бөгөөд одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Тухайн үед Г ХХК ХК нь шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Батлан даалтын гэрээний 3.1.2-т 90 хоног өнгөрсөн бол батлан даагчаас шаардах эрхтэй гэж заасан. Гэтэл 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээнээс татгалзсанаар З гаас 2016 онд мөнгө шаардаагүй байдлаар гэрээнээсээ татгалзсан гэж үзэж байна. 32,259,801 төгрөгийг төлсөн талаар хариуцагчид мэдэгдээгүй. 2021 оны 12 дугаар сараас эхлэн төлсөн гэсэн боловч шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд 32,259,801 төгрөг огт төлөгдөөгүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

3. Г ХХК ХК, Б ХХК нар нь 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч 100,000,000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, 47 сарын хугацаатай зээлдүүлэх тухай ЗГ2205045971 дугаар зээлийн, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн БГ/2205045971-1, 2 дугаар барьцааны гэрээ, мөн өдрийн З , Г ХХК ХК, Б ХХК нар хоорондоо 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдөр батлан даалтын гурвалсан гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ зээлдэгч нь бүрэн биелүүлж чадна гэж баталж, зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч нь түүний өмнөөс зээл төлөх үүрэг гүйцэтгэх, батлан даагчийн батлан даах хэмжээ нь үндсэн зээлийн 50 хувь байхаар харилцан тохиролцсон, дээрх гэрээнүүд хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна. /хх12-14, 57-60, 61-64/

4. Хариуцагч Б ХХК нь зээл, зээлийн хүүг тодорхой хуваарийн дагуу эргүүлэн төлөх үүргээ биелүүлээгүй, зээлийн мөнгөн хөрөнгийг төлж чадахгүйд хүрсэн нөхцөл байдлыг үндэслэн Г ХХК ХК-аас гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 65,832,642,03 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б ХХК хүлээн зөвшөөрсөн ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2016/04990 дугаар захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх15-16, 48/

5. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан бөгөөд З нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б ХХК -ийн үүрэг гүйцэтгэлийн төлбөр гэх утгаар 32,259,801 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хх-18/

Мөн Г ХХК ХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явуулсан 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 18/06/220726 дугаартай албан бичигт ...захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шилжүүлснээс хойш төлбөр төлөгчийн төлбөрт төлбөр авагч талд 32,259,801.50 төгрөг төлөгдөж, төлбөрийн үлдэгдэл 33,816,398.19 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа гэж тусгаснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож уг тооцооллын талаар тодорхой тайлбарласан байна. /хх-110, 111/

6. Анхан шатны шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж дүгнэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэнэ. Нэхэмжлэгч З нь гэрээгээр хүлээсэн зээлдэгчид төлбөр төлөх үүргээ гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 465 дугаар зүйлийн 465.1 дэх хэсэгт батлан даагч үүрэг гүйцэтгэсэн бол энэхүү үүргийн талаархи үүрэг гүйцэтгүүлэгчийн бүх эрх түүнд шилжих бөгөөд ийнхүү эрх шилжих нь батлан даалттай холбогдолгүй үүрэг гүйцэтгэгчийн бусад эрхийг хөндөхгүй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч З нь хариуцагч Б ХХК -ийн өмнөөс зээлийн гэрээний үүргийг батлан даагч төлж барагдуулсан, хуульд зааснаар батлан даагч зээлийн гэрээний шаардах эрхийг шилжүүлэн авахаар барьцаалагчаас шаардах эрхтэй.

Иймд төлбөр гаргуулахаар шаардах эрх нь Иргэний хуулийн 465 дугаар зүйлийн 465.1 дэх хэсэгт заасны дагуу З д үүссэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч Б ХХК -аас 32,259,801 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З д олгох нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 26ы өдрийн 102/ШШ2022/01534 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 465 дугаар зүйлийн 465.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК -аас 32,259,801 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З д олгосугай. гэж,

2 дах заалтын ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч Б ХХК -аас 319,249 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 319,250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Д.ЦОГТСАЙХАН