Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2019/02548

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосго 17 дугаар гудамж, 7 тоотод оршин суух, С овогт Чн ... //-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Гурвалжингийн гүүр, “Х” бизнес төвд байрлах, “Х” ХХК / холбогдох

 

“Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 50 м/кв 2 өрөө байрны үнэ болох 77,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө, Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.... нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, тоосгоны 17-7 тоот гэр бүлийн хэрэгцээний 425 м/кв газрын өмчлөгч бөгөөд тус газар нь “Х” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл”-д багтаж түүний нөхөр талийгаач Г.Б нь 2013 оны 5 дугаар сарын 04-ний өдөр тус компанитай “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ” байгуулсан. Энэхүү гэрээний хоёрдугаар зүйлд зааснаар гэрээний үндсэн нөхцөл нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, тоосгоны 17-7 тоотод байрлалтай Ч...., Г....нарын өмчлөлийн 425 м2 гэр бүлийн хэрэгцээний газрыг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд “гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл”-ийн дагуу баригдах орон сууцны буюу 2016 оны 2 дугаар улиралд ашиглалтад орох орон сууцны 3-5 давхарт 2 өрөө, 50 м2 байраар солих, байрны нийт үнийг 77,500,000 төгрөг байхаар тохиролцсон. Улмаар түүний нөхөр талийгаач Г....2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ”-г төсөл хэрэгжүүлэх “Х” ХХК болон гуравдагч тал болох “Гэр хорооллын хөгжлийн газар”-тай байгуулсан ба уг гурван талт гэрээ байгуулагдсанаар өмнө байгуулагдсан гэрээний үүргийн биелэлтийг төсөл хэрэгжүүлэгчээс шаардах эрх хоёр талт гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6, 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчид үүссэн байдаг. “Х” ХХК-иас гэрээгээр тохиролцсоны дагуу эхний ээлжид ашиглалтад орох орон сууцанд оруулна” гэж Ч.... нарт амалсны үндсэн дээр хэрэгжүүлж буй төслийнхөө хүрээнд 2015 оны 6, 7 дугаар саруудад нэхэмжлэгчийн өмчлөлийн уг газрыг дайруулан газрыг доошоо 5-6 метр гүн ухаж дэд бүтцийн шугамын ажлыг хийж гүйцэтгэсэн. Ингэснээр уг газар компанийн ашигласан талбай болон хувирсан. Гэтэл компани тухайн талбайг ашиглаж дэд бүтцийн ажлыг гүйцэтгүүлж дууссаныхаа дараа гэрээний ажилтнаараа дамжуулан 2016 онд ашиглалтад орох орон сууцанд оруулах боломжгүй, харин 2016 онд ашиглалтад орох орон сууцанд оруулна гэж хоёр талт гэрээгээр тохирсон гол нөхцөлөөсөө эрх татгалзсан хариу өгсөн бөгөөд энэ талаар талууд тохиролцон гэрээнд өөрчлөлт оруулсан зүйлгүй. Ч.... нь компанийн өгсөн тус хариуг зөвшөөрөөгүй тул гэрээнд заасан эрхийнхээ дагуу удаа дараа биечлэн болон бичгээр шаардлага тавьж байсан ч түүний хүсэл зоригийг үл ойшоон 2017 онд ашиглалтад орох орон сууцанд оруулах тухай хариуг өгсөөр байсан ба өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр тохирсон үндсэн нөхцөл биелэгдэх хугацаа өнгөрсөн байна. “Х” ХХК нь уг гэрээгээр тохирсон 50 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ч....д өнөөг хүртэл өгөлгүйгээр гэрээний үүргээ зөрчиж байгаа болно. Иймд хариуцагч “Х” ХХК-иас 50 м2 талбай бүхий 2 өрөө байрны үнэ болох 77,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн газраа хариуцагч талд бүрэн ашиглуулсан, одоо газар доогуур нь төслийн ажлын хүрээнд бохирын шугам тавигдсан байгаа. Ер нь бол нэхэмжлэгчийн газар нь хариуцагч байгууллагын барилгын ажлын талбай болсон бөгөөд оршин суухад тун хүнд нөхцөлтэй байгаа. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байхад хариуцагч байрандаа оруулахгүй байгаа тул нэхэмжлэгч гэрээний дагуу тохирсон мөнгөө л авах хүсэлтэй байгаа. Нэхэмжлэгч авах ёстой мөнгөө авсан хойно өөрийн газрын өмчлөлийг ямар ч асуудалгүй шилжүүлэх болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Нийслэлийн Засаг даргын тамгын газар, газрын эзэд болон холбогдох хувийн хэвшлүүдтэй хамтран гэр хорооллын дахин төлөвлөлтийг төслийг хэрэгжүүлж байгаа компани билээ. Ч....ын гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.

2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний 2.3.1-д заасны дагуу иргэн Ч....ын Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, тоосгоны 17-тоотын 425 м2 газрыг 50 м2 талбайтай 2 өрөө орон сууцаар солихоор тохиролцсон. Харин нэхэмжлэгчийн хэлээд байгаа шиг талуудын байгуулсан гэрээнд төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулах ямар ч тохиролцоо хийгээгүй. Мөн Монгол Улсын засгийн газрын 118 болон 285 дугаар тогтоолын дагуу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд хийгдсэн гэр хорооллын бохир усны шугамын барилга угсралтын ажлыг “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар”, “Монгол улсын хөгжлийн банк”, “Хүч” ХХК-иудын  хооронд байгуулсан түншлэлийн гэрээний дагуу “Хүч” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд ажлын явц, үр дүнг манай компанид бус “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар”-т түншлэлийн гэрээний дагуу тайлагнадаг байсан.

 

Ханын материал орчмын дахин төлөвлөлтийн дэд бүтцийн ажил болох гэр хорооллын дунд гадна бохир усны Ф200-300 мм-ийн шугамыг ажлын зургийн дагуу 2015 оны 6 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, тоосгоны 17-7 тоотын иргэн Ч....ын өмчлөлийн газрыг дайруулж хийж гүйцэтгэж улсын комисст хүлээлгэж өгсөн нь үнэн. Гэхдээ энэхүү ажиллагаа нь түүний амьдарч байсан орчин нөхцөлд ямар нэгэн хүндрэл учруулаагүй, одоо уг газар нь нэхэмжлэгчийн өмчлөлд хэвээрээ байгаа, хариуцагч тал өмчлөлийг шилжүүлэн аваагүй болно. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны иргэдтэй 2014 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 2 талт болон 3 талт гэрээ байгуулсан боловч инженерийн шугамын дэд бүтцийн төсөв мөнгийг бүрэн шийдэж өгөөгүй удсан, улс эх орны эдийн засгийн байдлаас шалтгаалж барилгын ажил биднээс үл хамаарах нөхцлөөр удааширч гэрээний үүргээ хугацаанд биелүүлэх боломжгүй болоод байна.

Нэхэмжлэгч талын хэлээд байгаа шиг бид эхэнд оруулсан орон сууцнуудаа түүнд өгөх боломжгүй. Учир нь дээр дурдсанчлан бид яг газар дээр нь барилга барьсан айлуудаа эхлээд барьсан орон сууцнууддаа дарааллын дагуу оруулж байгаа. Нэхэмжлэгчийн газар доогуур нь зөвхөн бохир усны шугам дайруулж явуулсан учир тэрээр дараагийн ээлжинд нь орохоор байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул иргэн Ч....ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2013 оны 5 дугаар сарын 04-ний өдөр иргэн Г....болон “Х” ХХК-иуд №8/01 тоот “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”, мөн 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Г.Б, “Х” ХХК болон Нийслэлийн Засаг дарга нарын хооронд №8/01 дугаартай “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ”-нүүд байгуулагджээ.

 

Дээрх гэрээгээр Г....нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын Г-2 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын №1 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосгоны 17 дугаар гудамж, 07 тоот хаягт байршилтай, 425м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэгч “Х” ХХК-ийн ашиглалтанд  шилжүүлэх, үүний хариуд Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд 2016 оны 2 дугаар улиралд ашиглалтад орох нөхцөлтэй, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслөөс баригдах барилгаас 50 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг хүлээн авахаар, тухайн орон сууцны үнэ 77,500,000 төгрөг байхаар харилцан тохирчээ /хх8-19 хуудас/.

 

2013 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №8/01 тоот “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-гээр Г....болон “Х” ХХК-д нь нэг талын хүлээх үүргийг өмчлөх эрх шилжүүлэх, нөгөө талын хариу үүргийг эд хөрөнгө эсхүл мөнгө шилжүүлэх агуулгаар тохирсон байгаагаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ гэхээс илүүтэй мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүхээс үзлээ.

 

2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Ч.... нь хариуцагч  “Х” ХХК-д холбогдуулж  “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 50 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны үнэ болох 77,500,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд ханджээ. 

 

Нэхэмжлэгч Ч.... нь Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсгүүдэд зааснаар 2013 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №8/01 тоот “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-ний нэг тал болох Г.Б хууль ёсны өвлөгч болох нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр түүнд олгогдсон №24 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон байна /хх 21, 22 хуудас/. 

 

Нэхэмжлэгч Ч.... өөрийн шүүхэд гаргасан шаардлагын үндэслэлээ “...бидний зүгээс өөрийн газраа хариуцагчид эзэмшүүлж, ашиглуулах үүргээ бүрэн биелүүлсэн байхад хариуцагч тал тохирсон ёсоор байраа өгөөгүй тул гэрээгээр тохирсон байрны үнэ болох 77,500,000 төгрөгөө шаардан авах эрхтэй” гэж тайлбарласан.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн дээрх шаардлагыг зөвшөөрөөгүй ба өөрсдийн татгалзлаа “...гэрээний хэрэгжих хугацаа улсаас шалтгаалаад удааширсан учир бид мөнгийг өгөх боломжгүй. Тэгээд ч талууд газрын оронд орон сууц өгнө гэснээс бус мөнгө өгөхөөр тохироогүй” гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

 

Дээр дурдсанчлан 2013 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №8/01 тоот “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-гээр нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн газрыг хариуцагчид шилжүүлэн өгөх, үүний хариуд хариуцагч тал Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслөөс баригдах барилгаас 2 өрөө байрыг 2016 оны 2 дугаар улиралд багтаан нэхэмжлэгчид өгөхөөр, байрны үнийг 77,500,000 төгрөг байхаар тохирсон.

 

Хэдийгээр хариуцагч тал “...газрын өмчлөлийг бид шилжүүлэн аваагүй байгаа тул нэхэмжлэгч гэрээний үүргийг одоо шаардах эрхгүй” гэх тайлбарыг шүүхэд гаргасан боловч зохигчид гэрээний зүйл болох эрхийн улсын Г-2 дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын №18 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тоосгоны 17 дугаар гудамж, 07 тоот хаягт байршилтай, 425м2 талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг дайруулан “Х” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн хүрээнд бохир усны шугам тавьсан үйл баримтын талаар маргаангүй байна. Иймд нэхэмжлэгч талыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардаж байх бөгөөд хариуцагчийн зүгээс гэрээгээр тохирсон хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэгч талд 2 өрөө байр хүлээлгэн өгөөгүй, мөн нэгэнт талууд 2 өрөө байрны үнийг 77,500,000 төгрөг гэж тохирсон тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай харшлахгүй гэж шүүхээс үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-иас 77,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч....д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч“Х” ХХК-иас 545,450 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     Н.ХАНГАЛ