Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2019/02074

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2019/02074

 

 

 

 

 

Ч.Бүрэнжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27ы өдрийн 102/ШШ2019/02548 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Бүрэнжаргалын нэхэмжлэлтэй хариуцагч Хера пропертийз ХХК-д холбогдох гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний үүргийн гүйцэтгэлд 50 м.кв 2 өрөө байрны үнэ 77 500 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлүн-Үжин, Б.Нандин-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ч.Бүрэнжаргал нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 17-7 тоот гэр бүлийн хэрэгцээний 425 м.кв газрын өмчлөгч бөгөөд тус газар нь Хера пропертийз ХХК-ийн хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл-д багтаж түүний нөхөр талийгаач Г.Батмөнх нь 2013 оны 05 дугаар сарын 04-ний өдөр тус компанитай гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний 2-т гэрээний үндсэн нөхцөл нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 17-7 тоотод байрлалтай Ч.Бүрэнжаргал, Г.Батмөнх нарын өмчлөлийн 425 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл-ийн дагуу баригдах орон сууцны буюу 2016 оны 2 дугаар улиралд ашиглалтад орох орон сууцны 3-5 давхарт 2 өрөө, 50 м.кв байраар солих, байрны нийт үнийг 77 500 000 төгрөг байхаар тохиролцсон. Г.Батмөнх 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг төсөл хэрэгжүүлэх Хера пропертийз ХХК болон гуравдагч тал болох Гэр хорооллын хөгжлийн газар-тай байгуулсан ба уг гурван талт гэрээ байгуулагдсанаар өмнө байгуулагдсан гэрээний үүргийн биелэлтийг төсөл хэрэгжүүлэгчээс шаардах эрх хоёр талт гэрээний 1.6, 3.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчид үүссэн байдаг. Хера пропертийз ХХК эхний ээлжид ашиглалтад орох орон сууцанд оруулна гэж Ч.Бүрэнжаргал нарт амалсны үндсэн дээр хэрэгжүүлж буй төслийнхөө хүрээнд 2015 оны 6, 7 дугаар саруудад нэхэмжлэгчийн өмчлөлийн уг газрыг дайруулан газрыг доошоо 5-6 метр гүн ухаж дэд бүтцийн шугамын ажлыг хийж гүйцэтгэсэн. Ингэснээр уг газар компанийн ашигласан талбай болон хувирсан. Гэтэл компани тухайн талбайг ашиглаж дэд бүтцийн ажлыг гүйцэтгүүлж дууссаныхаа дараа гэрээний ажилтнаараа дамжуулан 2016 онд ашиглалтад орох орон сууцанд оруулах боломжгүй гэж хоёр талт гэрээгээр тохирсон гол нөхцөлөөсөө эрс татгалзсан хариу өгсөн. Энэ талаар талууд тохиролцон гэрээнд өөрчлөлт оруулаагүй. Ч.Бүрэнжаргал нь компанийн хариуг зөвшөөрөөгүй удаа дараа биечлэн болон бичгээр шаардлага тавьсан ч үүрэг биелэгдээгүй, гэрээгээр тохирсон үндсэн нөхцөл биелэгдэх хугацаа өнгөрсөн. Иймд хариуцагч Хера пропертийз ХХК-аас 50 м.кв талбай бүхий 2 өрөө байрны үнэ болох 77 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгчийн газар нь хариуцагч байгууллагын барилгын ажлын талбай болсон бөгөөд оршин суухад тун хүнд нөхцөлтэй байна. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн байхад хариуцагч байрандаа оруулахгүй байгаа тул нэхэмжлэгч гэрээний дагуу тохирсон мөнгөө авсан хойно өөрийн газрын өмчлөлийг ямар ч асуудалгүй шилжүүлэх болно гэжээ.

 Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Хера пропертийз ХХК нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Нийслэлийн Засаг даргын тамгын газар, газрын эзэд болон холбогдох хувийн хэвшлүүдтэй хамтран гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж байгаа компани юм. 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний 2.3.1-д заасны дагуу иргэн Ч.Бүрэнжаргалын Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 17-7 тоот 425 м.кв газрыг 50 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар солихоор тохиролцсон. Гэрээнд төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулах ямар ч тохиролцоо хийгээгүй. Мөн Монгол Улсын Засгийн газрын 118 болон 285 дугаар тогтоолын дагуу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд хийгдсэн гэр хорооллын бохир усны шугамын барилга угсралтын ажлыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Монгол улсын хөгжлийн банк, Хүчит чулуут ХХК-уудын  хооронд байгуулсан түншлэлийн гэрээний дагуу Хүчит чулуу ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд ажлын явц, үр дүнг манай компанид бус Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт түншлэлийн гэрээний дагуу тайлагнадаг байсан.

 Ханын материал орчмын дахин төлөвлөлтийн дэд бүтцийн ажил болох гэр хорооллын дунд гадна бохир усны Ф200-300 м.м-ийн шугамыг ажлын зургийн дагуу 2015 оны 6 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, тоосгоны 17-7 тоотын иргэн Ч.Бүрэнжаргалын өмчлөлийн газрыг дайруулж хийж гүйцэтгэж улсын комисст хүлээлгэж өгсөн нь үнэн. Гэхдээ энэхүү ажиллагаа нь түүний амьдарч байсан орчин нөхцөлд ямар нэгэн хүндрэл учруулаагүй, одоо уг газар нь нэхэмжлэгчийн өмчлөлд хэвээр байгаа, хариуцагч тал өмчлөлийг шилжүүлэн аваагүй. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны иргэдтэй 2014 онд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 2 болон 3 талт гэрээ байгуулсан боловч инженерийн шугамын дэд бүтцийн төсөв мөнгийг бүрэн шийдэж өгөөгүй удсан, улс эх орны эдийн засгийн байдлаас шалтгаалж барилгын ажил биднээс үл хамаарах нөхцлөөр удааширч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүй болоод байна. Бид эхэнд оруулсан орон сууцнуудаа нэхэмжлэгчид өгөх боломжгүй. Учир нь газар дээр нь барилга барьсан айлуудаа дарааллын дагуу оруулж байгаа. Нэхэмжлэгчийн газар доогуур нь зөвхөн бохир усны шугам дайруулж явуулсан учир тэрээр дараагийн ээлжинд нь орохоор байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

  Шүүх:  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хера пропертийз ХХК-аас 77 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Бүрэнжаргалд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Хера пропертийз ХХК-аас 545 450 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлүн-Үжин, Б.Нандин-Эрдэнэ нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. 2013 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн N98/01 тоот гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ-ээр Г.Батмөнх болон Хера пропертийз ХХК нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн атлаа гэрээний хэрэгжих нөхцөл болон төлбөр төлөх тохиролцоо, эд хөрөнгө хүлээн авах шилжүүлэх нөхцөлд огт дүгнэлт хийлгүй шийдвэр гаргасан нь алдаатай гэж үзэж байна.

Иргэн Ч.Бүрэнжаргал өнөөдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 17 дугаар гудамж, 07 тоот гэр бүлийн хэрэгцээний газрыг өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд Хера пропертийз ХХК-ийн хувьд тус газар дээр ямар нэг ашиглалт, газар чөлөөлөлт хийгээгүй байгаа зэрэг нөхцлийг огт харгалзалгүй шийдвэр гаргасан нь Ч.Бүрэнжаргал үндэслэлгүй хөрөнгөжих нөхцлийг бүрдүүлээд байна.

Мөн талуудын байгуулсан 2 болон 3 талт гэрээнд төлбөрийн нөхцлийг зөвхөн 50 м.кв орон сууц байхаар тохиролцсон бөгөөд энэ нөхцөл нь газар чөлөөлөлт хийснээр хэрэгжих байсан. Гэрээг хэрэгжүүлэх нөхцлийг гэрээний нэг тал болох Гэр хорооллын хөгжлийн газар хангахаар гэрээ болон журмаар зохицуулсан байдаг. Гэтэл шүүх энэ нөхцөл байдалд огт дүгнэлт хийлгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолоор баталсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмын 4.19-д Нийслэлийн Засаг дарга инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, инженерийн бэлтгэл арга хэмжээг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих ажлыг хэрэгжүүлнэ гэж заасны дагуу улс нийслэлийн төсвөөс олгох мөнгөн хөрөнгө өнөөдрийг хүртэл шийдэгдээгүйн улмаас нэхэмжлэгчийн газрыг чөлөөлж тухайн газарт бүтээн байгуулалтын ажил хийгдэхгүй, байранд оруулах боломжгүй байна. Хэрэв санхүүжилт орж ирвэл бид тухайн газрыг чөлөөлж хотхоны зам барихаар ерөнхий төлөвлөгөөний зурагт төлөвлөсөн. Энэ талаар батлагдсан зураг төсөл болон холбогдох тайлбарыг анхан шатны шүүхэд гаргаж байсан ч нотлох баримтыг бүрэн судлалгүйгээр зөвхөн тухайн айлын газар догуур шугам явсан гэх үндэслэлээр газрыг бүрэн ашигласан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаанд хамааралтай хуулийг оновчтой баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Ч.Бүрэнжаргал нь хариуцагч Хера пропертийз ХХК-д холбогдуулан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний үүргийн гүйцэтгэлд 50 м.кв 2 өрөө байрны үнэ болох 77 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газрыг орон сууцаар солих талаар Хера пропертийз ХХК-тай 2013 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээг, Хера пропертийз ХХК, Гэр хорооллын хөгжлийн газартай 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг тус тус байгуулсан байна.

Зохигчид 2 талт гэрээний 2.1, 2.3, 3.1.1-д зааснаар Г.Батмөнхийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 17 дугаар гудамж 07 тоотын 425 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус хороонд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслөөс баригдаж, 2016 оны 2 дугаар улиралд ашиглалтад орох барилгаас 3-5 давхарын 77 500 000 төгрөгийн үнэ бүхий 50 м.кв 2 өрөө орон сууцаар солихоор харилцан тохирчээ. Талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг бүхий арилжааны гэрээний шинжийг агуулжээ.

2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын дүгнэлтээр Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хороо, Ханын материал орчмын гэр хорооллын бохир усны ф200-300 мм-ийн 995 м шугамын барилга угсралтын ажил хийгдэж нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын доогуур бохир усны шугам тавигдсан болох нь тогтоогдож байна.

Ийнхүү нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан эрх нь зөрчигдсөн байх тул хариуцагчийн Ч.Бүрэнжаргалын өмчлөлийн газрыг дайруулж бохир усны шугам тавихдаа түүний амьдарч байсан орчин нөхцөлд хүндрэл учруулаагүй, уг газар нь нэхэмжлэгчийн өмчлөлд хэвээр байгаа гэх тайлбар хуулийн үндэслэлгүй болно. Шүүх нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзсэн нь зөв болжээ.

Хариуцагч 2 талт гэрээний 3.2.7-д нэхэмжлэгчийг шинээр баригдсан орон сууцаар эхний ээлжинд хангах үүргээ биелүүлээгүй байна.

Зохигчид 2 талт гэрээний 3.1.1-д зааснаар уг гэрээний үүргийн биелэлтийг 3 талт гэрээ байгуулагдсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгч буюу хариуцагчаас нэхэмжлэгч шаардах эрхтэй байхаар тохиролцсон, 3 талт гэрээ 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдаж, энэ гэрээний 4.1.2 дахь заалтаар хариуцагч нь төсөл хэрэгжүүлэх газар чөлөөлөх, барилгажуулах ажлын зардал, хөрөнгө оруулалтыг өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэх үүрэг хүлээсэн, эл үүргийн хүрээнд эхний ээлжийн орон сууц баригдаж ашиглалтад орсон зэрэг нөхцөл байдлуудаас үзэхэд нэхэмжлэгч үүргийн биелэлтийг төсөл хэрэгжүүлэгч буюу хариуцагчаас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Хариуцагчийн шүүх гэрээ хэрэгжүүлэх нөхцөлийг гэрээний нэг тал болох Гэр хорооллын хөгжлийн газар хангах тухай гэрээ болон журмын зохицуулалт, гэрээ хэрэгжих нөхцөл зэрэгт дүгнэлт хийгээгүй гэх гомдлыг хангахгүй орхив.

Шүүх талуудын хоорондох гэрээний харилцаа, шаардах эрхийн талаарх хуулийн зохицуулалтыг оновчтой хэрэглээгүй байх тул холбогдох өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27ы өдрийн 102/ШШ2019/02548 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 243 дугаар зүйлийн 243.1 гэснийг 274 дүгээр зүйлийн 274.1, 186 дугаар зүйлийн 186.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 545 450 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

А.МӨНХЗУЛ