Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2021/03205

 

2021 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2021/03205

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ..., өөрийн байранд оршин байх М ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... тоот хаягт бүртгэлтэй, ... тоотод оршин суух хаягтай, ... овогт Б ийн Г  /РД:.../-д холбогдох,

 

7,953,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ур, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх, импортлох үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эрүүл мэндийн байгууллага, эмийн санг эм, эмнэлгийн хэрэгслээр хангаж ажилладаг. Б.Г нь Н ХХК-ийн нэрийн доорх эмийн санг ажиллуулдаг байхдаа манай компаниас тус эмийн сандаа эм, эмнэлгийн хэрэгсэл зээлээр авч төлбөрөө дараа төлдөг байсан. М ХХК болон Н ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тооцоо нийлэхэд Н ХХК нь М ХХК-д 8,603,850 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсныг Тооцооны үлдэгдлийн баталгаа-гаар баталгаажуулсан. Үүнээс хойш 2017 оны 01 дүгээр сард 650,000 төгрөгийг цувуулан төлж 7,953,850 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон ба уг төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байх тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэсэн хэдий ч уг шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн .. дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнээс хойш бид хариуцагчийн байгаа газрыг олж тогтоох гэж оролдсон боловч үр дүнд хүрээгүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Н ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, уг шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаар шүүхийн шийдвэр гарснаар Н ХХК-ийн нэрийн доорх эмийн санг ажиллуулдаг байсан Б.Г ийг олсон. Улмаар түүнтэй уулзахад ...Миний бие Э.Г танай компанид 7,953,850 төгрөгийн төлбөр тооцооны үлдэгдэлтэй байгаа. Одоо надад энэ тооцоог төлөх боломж байхгүй байна. Сар бүр авч байгаа хүүхдийн мөнгөний 300,000 төгрөгөөр сар бүрийн 23-ны өдөр төлбөр төлөлт хийж барагдуулах хүсэлтэй байна гэсэн хүсэлтийг 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гаргасан. Гэвч тэрээр хүсэлт гаргасан өдрөөс хойш ямар ч төлбөр төлөлт хийгээгүй. Хариуцагч Б.Г аас үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байна. Иймд хариуцагч Б.Г аас 7,953,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү. Бид хариуцагч Б.Г ийг ямар нэг байдлаар дарамтлаагүй, өөрөө ...би төлбөрийг хариуцна гэж ирээд төлбөр төлөх тухай хүсэлтээ бичиж өгсөн гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь Б.Г аас эмийн бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл гэж 7,953,850 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Харин эмийн бүтээгдэхүүн нийлүүлэх, хадгалах, худалдах, жижиглэнгээр худалдах үйл ажиллагаанууд нь Монгол улсын бие даасан хуулийн хүрээнд зохицуулагдсан байдаг. М ХХК нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.23-д заасан эрх бүхий компани байна. Харин Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.24-д заасан эрх бүхий Н ХХК нь /Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, БЗД, 12-р хороо, Номин холдингийн байр хаягаар олгосон ... дугаартай эмийн бүтээгдэхүүн жижиглэнгээр борлуулах/ тусгай зөвшөөрлөөр 2014 оноос Баянзүрх дүүрэг, ... худалдааны төвийн 1 дүгээр давхарт 55 м2 талбайг Эмийн бүтээгдэхүүн борлуулах зориулалтаар .. ХХК-иас Худалдааны хамтын ажиллагааны гэрээ-ний дагуу эзэмшин Эмийн сан ажиллуулж байжээ. М ХХК нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд мөн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа Н ХХК-д 2014 оноос Эмийн бүтээгдэхүүн зээлээр олгож, дараа нь төлбөрөө авдаг байжээ. Энэхүү байдал нь 2016 оны намар хүртэл хэвийн, сайхан үргэлжилж байсан боловч нэг л өдөр бүх зүйл орвонгоороо эргэсэн байна. Учир нь М XXК нь дээгүүрээ /Тухайн үед Эрдэнэчимэг нь УИХ-ын гишүүн байхдаа/ Номин ХХК-тай үгсэн тохиролцож, хэвийн, ашигтай үйл ажиллагаа явуулж байсан Н ХХК-ийн тухайн хаягт байх тусгай зөвшөөрлийг дахин сунгуулахгүйгээр шахан зайлуулж, ажлын байрыг нь дээрэмдэн, Н ХХК-ийн эмийн сангийн худалдаанд борлуулж байсан Эмийн бүтээгдэхүүн-тэй нь гудамжинд гарган, өөрсдөө тэдний Эмийн сан ажиллуулж байсан байранд нь Монос эмийн сангаа 2016 оноос эхлэн байршуулсан, одоогийн байдлаар 5 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулан орлого олж байгаа юм. Энэхүү том нь багыгаа барьж иддэг, бусармаг үйл ажиллагааны улмаас Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2 болон 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заагдсан Н ХХК-ийн эрх зөрчигдөж, хүнд байдалд орсон. Жижиг эм ханган нийлүүлэх байгууллагууд эмээ буцааж авсан. Харин ажлын байрыг нь дээрэмдсэн М ХХК нь Н ХХК-иас борлуулагдаагүй байгаа эмийн бүтээгдэхүүнээ буцааж авахын оронд мөнгө нэхсэн байдаг. Тэд Монгол улсын хууль зөрчөөд, хаана эм борлуулах билээ. Үүнээс улбаалж, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн хориотой заалтууд болох 11.1.1, 11.1.2, 11.1.5, 11.2.2, 11.2.3-д заасан нөхцөл байдал Н ХХК дээр үүссэн болно. Эмийн бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт, зориулалтын бус газар эм хадгалах, мөн худалдаа хийж болохгүй тул дээрх эмийн бүтээгдэхүүний хүн дээр хэрэглэх хугацаа аль хэдийн дууссан. Хугацаа дууссан эмийн бүтээгдэхүүн худалдвал бас хуультай. Хоёр байгууллагын тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш Иргэний хуульд зааснаар үүргийн гүйцэтгэлийн шаардах хугацаа аль хэдийн 3 жил өнгөрсөн байх тул М ХХК-ийн нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа аль цагийн дуусгавар болсон гэсэн үг. Тэгээд ч Монос-ын н.Эрдэнэчимэг 2016 онд жижиг компанийн ажлын байрыг дээрэмдсэн эмийн сангаараа зөндөө ашиг олж байж, өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргая гээгүй нь л лавтай. Харин энэ бол эзэндээ сайн хүн болох гэсэн хуулийн зөвлөх гэх ажилтай Урын хийж байгаа ажил гэдэг нь ойлгомжтой байнаа. Тэгээд ч нэхэмжлэгчийн хариуцагч нь хуулиараа Монгол улсын иргэн Б.Г биш, Н ХХК болж байна. Иргэн Б.Г нь Н ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш, захирал ч биш, тухайн компанид эмийн санчаар ажиллаж байсан. Мөн өнөөдрийн байдлаар Н ХХК-ийг төлөөлөх эрх зүйн субъект бас биш юм. Хуулиараа эмийн бүтээгдэхүүнийг иргэн биш тусгай зөвшөөрөлтэй компани хариуцна гэдгийг М ХХК-ийн хуульч гэх Б.Ур гэдэг нөхөр мэддэг байсан хэрнээ /хуульч л юм бол үүнийг мэдэж л байгаа/ хуулийг гуйвуулан бага насны 5 хүүхэдтэй алдарт эх одонт иргэн Б.Г ийг дарамтлан шүүх, цагдаагаар айлган сүрдүүлж, 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүүхдийн тэтгэлгийн мөнгөнөөс сар бүр 300,000 төгрөг төлнө гэж бичүүлж авчихаад, түүнийгээ хууль бус нотлох баримт болгон шүүхэд гаргаж өгсөн нь өөрөө хууль бус үйлдэл мөн. Энэ талаар Иргэн Б.Г ид өөрийгөө хамгаалан Цагдаагийн байгууллагад гомдол гаргах эрх нь ч бас бий. Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д зааснаар Эм,эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага нь иргэнд эм, эмнэлгийн хэрэгсэл худалдахыг, бөөнөөр ханган нийлүүлэхийг хориглодог. Тэгэхээр хууль зөрчин байж, эмийн бүтээгдэхүүнийг иргэнийхээ нэр дээр авах, бас төлбөр төлөх гэх мэт хариуцлага хүлээх үүрэг иргэн Б.Г ид байхгүй болно. Иймд нэхэмжлэлийн хариуцагч нь иргэн Б.Г биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Н ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд нь Д.Б гэж хүн бөгөөд хариуцагч Б.Г ийн нөхөр, эмч хүн байдаг юм. Б.Г нь тус компанид ажилладаг байснаас өөрөө холбоо байхгүй, нэхэмжлэлийг хариуцахгүй гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Б.Г ид холбогдуулж 7,953,850 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргаж шүүхэд ханджээ.

 

Хариуцагч Б.Г нь ...танай компанид 7,953,850 төгрөгийн төлбөр тооцооны үлдэгдэлтэй байгаа, ...сар бүрийн 23-ны өдөр төлбөр төлөлт хийж барагдуулна гэсэн хүсэлтийг 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гаргасан. Гэвч тэр өдрөөс хойш ямар ч төлбөр төлөлт хийгээгүй тул 7,953,850 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэгч тал өөрийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

 

Хэрэгт 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Б.Г ийн М ХХК-д өгсөн бичгийн баримт авагджээ. Уг баримтад ...Миний бие Б.Г танай компанид 7,953,850 төгрөгийн төлбөр тооцооны үлдэгдэлтэй байгаа. Одоо надад энэ тооцоог төлөх боломж байхгүй байна. Сар бүр авч байгаа хүүхдийн мөнгөний 300,000 төгрөгөөр сар бүрийн 23-ны өдөр төлбөр төлөлт хийж барагдуулах хүсэлтэй байна гэсэн ба хариуцагч нь уг баримтыг үйлдсэн талаар зохигчид маргаангүй.

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа ...төлбөрийг хариуцах ёстой этгээд нь хуулийн этгээд болохоос хувь хүн биш, ...2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Б.Г ийн бичиж өгсөн баримтыг нэхэмжлэгч тал дарамталж хийлгэсэн, ...хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Г нь 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр М ХХК-д ямар учраас төлбөр төлөх агуулга бүхий бичгийг хийж өгөх болсон шалтгааныг тодруулах үүднээс шүүхийн санаачилгаар нэмэлт нотлох баримтуудыг бүртгэлийн байгууллага болон нэхэмжлэгчээс гаргуулсан. Улмаар хэрэгт 2013 оны 11 дүгээр сарын 28, 2014 оны 10 дугаар сарын 06, 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн М ХХК-ийн Бараа материалын зарлагын баримт-ууд, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Н ХХК-иас М ХХК-д 50,000 төгрөгийг зээл төлөлт гэсэн утгаар хийсэн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн М ХХК болон Н ХХК-иудын хооронд хийгдсэн 8,603,850 төгрөгийн Тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг бичгийн баримтууд авагджээ. Эдгээр баримтууд дээр хариуцагч Б.Г Н ХХК-ийг төлөөлөн гарын үсгээ зурсан байна.

 

Түүнчлэн хариуцагч талаас шүүхэд Н ХХК-ийн гэрчилгээний хуулбар, дүрэм, Н ХХК-ийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, .. ХХК болон Н ХХК-ийг төлөөлж Б.Г нарын хооронд 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр, 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Худалдааны хамтын ажиллагааны гэрээ-нүүдийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Дээрх баримтуудыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Н  ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд нь Д.Б гэж хүн бөгөөд хариуцагч Б.Г ийн нөхөр, эмч хүн байдаг юм. Б.Г нь тус компанид ажилладаг байснаас өөрөөр холбоо байхгүй учир нэхэмжлэлийг хариуцахгүй гэсэн утга бүхий тайлбартай харьцуулан судлахад хариуцагч нь Н ХХК-иудын хооронд гэрээний харилцаа явагдаж байсныг, мөн тодорхой хэмжээний төлбөрийн үлдэгдэлтэй байгааг мэдэж байсан гэж үзэх ба М ХХК-д төлөх Н ХХК-ийн төлбөрийг хариуцагч Б.Г төлөхийг зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

 

Иймд хариуцагч Б.Г аас 7,953,850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгох нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ, 39.2-т Нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж болно, 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасантай харшлахгүй гэж шүүхээс үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Г аас 7,953,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,211 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г аас 142,211 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ