Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00445

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М-” ХХК ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/03205 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “М-” ХХК-ийн хариуцагч Б.Г-ид холбогдуулан гаргасан 7,953,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1.Нэхэмжлэлийн шаардлага: 7,953,850 төгрөг гаргуулах.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Тус компани нь эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх, импортлох үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эрүүл мэндийн байгууллага, эмийн санг эм, эмнэлгийн хэрэгслээр хангаж ажилладаг. Б.Г- нь “Н-ХХК” ХХК-ийн нэрийн доорх эмийн санг ажиллуулдаг байхдаа манай компаниас тус эмийн сандаа эм, эмнэлгийн хэрэгсэл зээлээр авч төлбөрөө дараа төлдөг байсан. “М-” ХХК болон “Н-ХХК” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тооцоо нийлэхэд “Н-ХХК” ХХК нь “М-” ХХК-д 8,603,850 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсныг тооцооны үлдэгдлийн баталгаагаар баталгаажуулсан. Үүнээс хойш 2017 оны 01 дүгээр сард 650,000 төгрөгийг цувуулан төлж 7,953,850 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон ба уг төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байх тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэсэн хэдий ч уг шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/Ш32017/08491 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнээс хойш бид хариуцагчийн байгаа газрыг олж тогтоох гэж оролдсон боловч үр дүнд хүрээгүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Н-ХХК” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, уг шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01192 дугаар шүүхийн шийдвэр гарснаар “Н-ХХК” ХХК-ийн нэрийн доорх эмийн санг ажиллуулдаг байсан Б.Г-ийг олсон. Улмаар түүнтэй уулзахад “... Миний бие Б.Г- танай компанид 7,953,850 төгрөгийн төлбөр тооцооны үлдэгдэлтэй байгаа. Одоо надад энэ тооцоог төлөх боломж байхгүй байна. Сар бүр авч байгаа хүүхдийн мөнгөний 300,000 төгрөгөөр сар бүрийн 23-ны өдөр төлбөр төлөлт хийж барагдуулах хүсэлтэй байна” гэсэн хүсэлтийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гаргасан. Гэвч тэрээр хүсэлт гаргасан өдрөөс хойш ямар ч төлбөр төлөлт хийгээгүй. Хариуцагч Б.Г-аас үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөхгүй байна. Иймд хариуцагч Б.Г-аас 7,953,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М-” ХХК нь Б.Г-аас эмийн бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл гэж 7,953,850 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Харин эмийн бүтээгдэхүүн нийлүүлэх, хадгалах, худалдах, жижиглэнгээр худалдах үйл ажиллагаанууд нь Монгол Улсын бие даасан хуулийн хүрээнд зохицуулагдсан байдаг. “М-” ХХК нь эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.23-д заасан эрх бүхий компани байна. Харин Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.24-д заасан эрх бүхий “Н-ХХК” ХХК нь /Нийслэлийн Эрүүл Мэндийн газраас 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, Баянзүрх дүүрэг, 12-р хороо, Номин холдингийн байр хаягаар олгосон ХХ-13/22/3001 дугаартай эмийн бүтээгдэхүүн жижиглэнгээр борлуулах/ тусгай зөвшөөрлөөр 2014 оноос Баянзүрх дүүрэг, Чулуун-Овоо Номин худалдааны төвийн 1 дүгээр давхарт 55 м.кв талбайг эмийн бүтээгдэхүүн борлуулах зориулалтаар “Номинтав трейд” ХХК-аас худалдааны хамтын ажиллагааны гэрээний дагуу эзэмшин эмийн сан ажиллуулж байжээ. “М-” ХХК нь өөрийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд мөн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа “Н-ХХК” ХХК-д 2014 оноос эмийн бүтээгдэхүүн зээлээр олгож, дараа нь төлбөрөө авдаг байжээ. Энэхүү байдал нь 2016 оны намар хүртэл хэвийн байсан боловч нэг л өдөр бүх зүйл орвонгоороо эргэсэн байна. Учир нь “М-” XXК нь дээгүүрээ /Тухайн үед Эрдэнэчимэг нь УИХ-ын гишүүн байхдаа/ “Номин” ХХК-тай үгсэн тохиролцож, хэвийн, ашигтай үйл ажиллагаа явуулж байсан “Н-ХХК” ХХК-ийн тухайн хаягт байх тусгай зөвшөөрлийг дахин сунгуулахгүйгээр шахан зайлуулж, ажлын байрыг нь дээрэмдэн, “Н-ХХК” ХХК-ийн эмийн сангийн худалдаанд борлуулж байсан эмийн бүтээгдэхүүнтэй нь гудамжинд гарган, өөрсдөө тэдний эмийн сан ажиллуулж байсан байранд нь “Монос” эмийн сангаа 2016 оноос эхлэн байршуулсан, одоогийн байдлаар 5 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулан орлого олж байгаа юм. Энэ бусармаг үйл ажиллагааны улмаас Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2,  9 дүгээр зүйлийн 9.1.3-т заагдсан “Н-ХХК” ХХК-ийн эрх зөрчигдөж, хүнд байдалд орсон. Жижиг эм ханган нийлүүлэх байгууллагууд эмээ буцааж авсан. Харин ажлын байрыг нь дээрэмдсэн “М-” ХХК нь “Н-ХХК” ХХК-аас борлуулагдаагүй байгаа эмийн бүтээгдэхүүнээ буцааж авахын оронд мөнгө нэхсэн байдаг. Тэд Монгол Улсын хууль зөрчөөд, хаана эм борлуулах билээ. Үүнээс улбаалж, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн хориотой заалтууд болох 11.1.1, 11.1.2, 11.1.5, 11.2.2, 11.2.3-д заасан нөхцөл байдал “Н-ХХК” ХХК дээр үүссэн болно. Эмийн бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт, зориулалтын бус газар эм хадгалах, мөн худалдаа хийж болохгүй тул дээрх эмийн бүтээгдэхүүний хүн дээр хэрэглэх хугацаа аль хэдийн дууссан. Хугацаа дууссан эмийн бүтээгдэхүүн худалдвал бас хуультай. Хоёр байгууллагын тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш Иргэний хуульд зааснаар үүргийн гүйцэтгэлийн шаардах хугацаа аль хэдийн 3 жил өнгөрсөн байх тул “М-” ХХК-ийн нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа аль цагийн дуусгавар болсон гэсэн үг. Тэгээд ч Моносын н.Эрдэнэчимэг 2016 онд жижиг компанийн ажлын байрыг дээрэмдсэн эмийн сангаараа ашиг олж байж, өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргая гээгүй нь л лавтай. Харин энэ бол эзэндээ сайн хүн болох гэсэн хуулийн зөвлөх гэх ажилтай Уламбаярын хийж байгаа ажил гэдэг нь ойлгомжтой байна. Тэгээд ч нэхэмжлэгчийн хариуцагч нь хуулиараа Монгол Улсын иргэн Б.Г- биш, “Н-ХХК” ХХК болж байна. Иргэн Б.Г- нь “Н-ХХК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш, захирал ч биш, тухайн компанид эмийн санчаар ажиллаж байсан. Мөн өнөөдрийн байдлаар “Н-ХХК” ХХК-ийг төлөөлөх эрх зүйн субьект бас биш юм. Хуулиараа эмийн бүтээгдэхүүнийг иргэн биш тусгай зөвшөөрөлтэй компани хариуцна гэдгийг “М-” ХХК-ийн хуульч гэх Б.Уламбаяр гэдэг нөхөр мэддэг байсан хэрнээ /хуульч л юм бол үүнийг мэдэж л байгаа/ хуулийг гуйвуулан бага насны 5 хүүхэдтэй алдарт эх одонт иргэн Б.Г-ийг дарамтлан шүүх, цагдаагаар айлган сүрдүүлж, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүүхдийн тэтгэлгийн мөнгөнөөс сар бүр 300,000 төгрөг төлнө гэж бичүүлж авчихаад, түүнийгээ хууль бус нотлох баримт болгон шүүхэд гаргаж өгсөн нь өөрөө хууль бус үйлдэл мөн. Энэ талаар Иргэн Б.Г-ид өөрийгөө хамгаалан Цагдаагийн байгууллагад гомдол гаргах эрх нь ч бас бий. Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д зааснаар Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага нь иргэнд эм, эмнэлгийн хэрэгсэл худалдахыг, бөөнөөр ханган нийлүүлэхийг хориглодог. Тэгэхээр хууль зөрчин байж, эмийн бүтээгдэхүүнийг иргэнийхээ нэр дээр авах, бас төлбөр төлөх гэх мэт хариуцлага хүлээх үүрэг иргэн Б.Г-ид байхгүй болно. Иймд нэхэмжлэлийн хариуцагч нь иргэн Б.Г- биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. “Н-ХХК” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд нь Д.Б-гэж хүн бөгөөд хариуцагч Б.Г-ийн нөхөр, эмч хүн байдаг юм. Б.Г- нь тус компанид ажилладаг байснаас өөрөө холбоо байхгүй, нэхэмжлэлийг хариуцахгүй гэжээ.

 

3.Шүүх: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Г-аас 7,953,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М-” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,211 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-аас 142,211 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, 168.1.7-т “энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн” тухай. Нэхэмжлэгч “М-” ХХК нь бичгээр гаргасан нэхэмжлэлдээ “Н-ХХК” ХХК-ийг эм, эмнэлгийн хэрэгсэл зээлээр авч төлбөрөө дараа төлдөг байсан, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тооцоо нийлсний дараа 01 дүгээр сарын 24-26-ны өдрийн хооронд нийт 650,000 төгрөг төлж барагдуулсан гэдэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Түүнчлэн үлдэгдэл төлбөр 7,953,850 төгрөгийг төлөхгүй байсан тул харьяа шүүхэд “Н-ХХК” ХХК-ийг өгөхөд хариуцагч оршин байгаа хаяган дээрээ байхгүй гэдэг үндэслэлээр иргэний хэрэг үүсгэхээс татгалзсан талаар тодорхой дурьдсан байдаг. Улмаар хариуцагч болох “Н-ХХК” ХХК-ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу “Н-ХХК” ХХК-ийн оршин байгаа хаягийг тогтоосон баримт байхгүй, өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар дугаар 101/ШШ2018/01192 шүүхийн шийдвэр биелэгдээгүй, хүчин төгөлдөр хэвээр байна. Гэтэл энэхүү хэргийн хариуцагч иргэн Б.Г- нь “Н-ХХК” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш, түүнд хуулийн дагуу олгосон хүчин төгөлдөр итгэмжлэл байхгүй байхад, хуулийн этгээд хоорондын гэрээтэй, өмнө нь хуулийн этгээд хоорондоо төлбөр тооцоо хийж байсан баримттай, эрх зүйн харилцаанд иргэн хүнд хариуцлага ногдуулж байгаад гомдолтой байна. Өөрөөр хэлбэл “Н-ХХК” ХХК нь гэрээний дагуу “М-” ХХК-нд өглөгтэй, “М-” ХХК нь “Н-ХХК” ХХК-аас авлагатай талаар санхүү, татварын тайлан тооцонд тусгагдаад явсан байх учиртай. Иргэн Б.Г- нь энэхүү хэргийн жинхэнэ хариуцагч биш учраас “Н-ХХК” ХХК-ийн санхүү, татварын тайлан тооцоотой холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх боломжгүй бөгөөд харин “М-” ХХК нь энэ талаарх санхүү, татварын тайлангаа хуурамчаар мэдүүлсэн хийгээд эсхүл “Н-ХХК” ХХК-аас дахин нэхэмжлэлийн үнийн дүнг нэхэмжлэх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих эх үүсвэрийг үлдээн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн нэхэмжлэгч нь “Н-ХХК” ХХК-ийг эрэн сурвалжилсан шүүхийн шийдвэрийн дагуу иргэн Б.Г-ийг 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр олж уулзахад 7,953,850 төгрөгийн төлбөрийн үлдэгдлээ сар бүр цувуулж төлнө гэсэн хүсэлт бичгээр гаргасан гэх боловч Дугаар 101/ШШ2018/01192 шүүхийн шийдвэр биелэгдсэн гэх баримт хэргийн материалд огт авагдаагүй, авагдах ч боломжгүй юм. Учир нь “Н-ХХК” ХХК-ийг эрэн сурвалжилсан, түүнийг олж тогтоосон баримт байгаа тохиолдолд тухайн шүүхийн шийдвэр биелэгдэж, дуусгавар болж, нэхэмжлэгч нь хүсэлт гаргасан үндэслэлдээ дурьдсан нөхцөлийн дагуу “Н-ХХК” ХХК-ийг шүүхэд өгөх учиртай байсан. Гэтэл шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт гаргаж чадаагүйд гомдолтой байна. Мөн энэхүү хэргийн хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хүсэлтийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд уг хүсэлтийг нэхэмжлэгч компанийн төлөөлөгч гэх хүн хууль, цагдаа, шорон ярьж хүч хэрэглэн бичүүлсэн талаар талбартаа тодорхой дурьддаг шүүх “Н-ХХК” ХХК-ийг эрэн сурвалжилсан шүүхийн шийдвэр биелэгдээгүй, хүчин төгөлдөр байгаатай уялдуулан дүгнэлт гаргаж чадаагүйд гомдолтой байна.

4.2.Хариуцагч Б.Г- нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийг гардаж авахдаа нэхэмжлэлд дурьдсан хаягийг хуулж бичин нэхэмжлэлээ гардаж авах ёстой юм байна гэсэн ойлголттой гардаж авсан байдаг бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэн Л.Батбилэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг олгосон итгэмжлэл өгсөн байдаг. Хэдийгээр хариуцагч Б.Г- хууль мэдэхгүй байх нь хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй хэдий ч итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батбилэг нь итгэмжлэл авснаасаа хойш хариуцагч Б.Г-ийн оршин суугаа хаяг нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дээр биш гэдгийг мэдээд хуулийн дагуу шүүхийн харъяаллыг өөрчлөх хүсэлтийг нотлох баримтын үндэслэн гаргасан. Гэвч шүүх 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар хүсэлтийг хангаагүй. Шүүгчийн захирамж гарсантай холбоотойгоор миний бие шүүгчээс татгалзах хүсэлтийг гаргасан. Гэтэл шүүгчээс татгалзаад байхад дараагийн хурлын товыг тогтоож байсан нь тус шүүгч энэхүү хэрэгт хувийн сонирхолтойг харуулж байсан боловч еренхий шүүгч нь хүлээж аваагүй юм. Ингээд иргэн хүний хуулийн мэдлэг мухардаж, шүүх нь хуулийн дагуу нотлох баримтаар тогтоогдож байгаа харъяаллыг өерчлөхгүй, өөрөөс нь татгалзсаар байтал шүүх хуралдааныхаа товыг зарлан, хуулийн этгээд хоорондын гэрээний үүргийн биелэлтийг иргэн хүнд хүч хэрэглэн бичүүлсэн ганцхан хүсэлтийг үндэслэн шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... хариуцагч Б.Г-аас 7,953,850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М-” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасантай харшлахгүй гэж үзлээ” гэжээ. Гэтэл анхнаасаа хоёр хуулийн этгээд хоорондын гэрээтэй, хоорондоо тооцоо нийлсэн акттай, энэ нь нотлох баримтаар нотлогддог, хариуцагч болох хуулийн этгээдийг эрэн сурвалжилсан хүчин төгөлдөр шүүхийн захирамж биелэгдээгүй байхад иргэнд хүч хэрэглэн бичүүлсэн баримтыг үндэслэн хэлцэл гэж дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 1.2-т “... хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авсан явдлыг хүсэл зоригийг өөрийг нь хүлээн зөвшөөрсөн гэж ойлгохгүй ...” гэж тайлбарласантай, түүнчлэн “Н-ХХК” ХХК-аас иргэн Б.Г-ид нэхэмжлэлд дурьдсан өрийг шилжүүлээгүй, төлөөлж хэлцэл байгуулах эрх бүхий итгэмжлэл олгоогүй байхад үндэслэлгүйгээр хариуцлага ногдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч “М-” ХХК нь хариуцагч Б.Г-ид холбогдуулан 7,953,850 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2а.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Хариуцагч Б.Г- нь “Н-ХХК” ХХК-ийг ажиллуулж байхдаа манай компаниас зээлээр эм, эмнэлгийн хэрэгсэл авч төлбөрийг бүрэн төлөөгүй, хариуцагч нь үлдэгдэл төлбөрийг төлөхөө илэрхийлж хүсэлт гаргасан” гэсэн бол хариуцагч эс зөвшөөрч “Н-ХХК” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд нь Б.Г- биш, хоёр компанийн хоорондын өр, авлагыг Б.Г- хариуцах үндэслэлгүй, төлбөр төлөх тухай хүсэлтийг дарамт, шахалтад орж бичсэн” гэж тайлбарласан байна. /хх-ийн 61-63-р тал/

 

3.Хэргийн 57 дугаар талд “М-” ХХК, “Н-ХХК” ХХК-ийн хооронд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нийлсэн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт авагдсан бөгөөд тус баримтад “Н-ХХК” ХХК нь 8,603,850 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлав гэжээ. Нэхэмжлэгч “М-” ХХК нь хариуцагчийг дээрх төлбөрөөс 650,000 төгрөгийг төлсөн гэж үлдэгдэл 7,953,850 төгрөгийг гаргуулахаар шаардсан. 

 

4.Хариуцагч Б.Г- нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч “М-” ХХК-д хандан гаргасан хүсэлтдээ “Миний бие Б.Г- нь танай компанид 7,953,850 төгрөгийн тооцооны үлдэгдэл байгаа, ... сар бүр авч байгаа хүүхдийн мөнгөний 300,000 төгрөг сар бүр төлбөр төлөлт хийж барагдуулах хүсэлттэй байна” гэжээ. /хх-ийн 7-р тал/

 

5.Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас үзвэл “М-” ХХК, “Н-ХХК” ХХК-ийн хооронд гэрээний харилцаа үүссэн байх ба гэрээний талууд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр тооцоо нийлж, төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

6.Хэдийгээр хоёр компанийн хоорондын тооцооны баримтуудад хариуцагч Б.Г- гарын үсэг зурж, үлдэгдэл төлбөр 7,953,850 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн байх боловч “Н-ХХК” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Д.Б-болох нь тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, гэрчилгээ зэргээр тогтоогджээ. /хх-ийн 41-42, 45-52, 57, 64-р тал/.

 

Дээрх тохиолдолд хариуцагч Б.Г-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт заасан нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй этгээд гэж үзэхгүй юм.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.Г- нь иргэний хувиар материаллаг эрх зүйн харилцааг үүсгээгүй, тэрээр нэхэмжлэгч “М-” ХХК-ийн өмнө Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний дагуу үүрэг хүлээсэн этгээд биш байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг үндэслэн түүнд үүрэг хүлээлгэсэн нь үндэслэлгүй.

 

Иймд хариуцагч Б.Г-ид холбогдуулан гаргасан 7,953,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “М-” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

7.Хэргийн харьяаллын хувьд Б.Г- нь нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 7 дугаар байрны 39 тоотод оршин суудаг талаар шүүхэд мэдүүлсэн байх тул хэргийг шилжүүлэх тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхисон шүүхийн ажиллагааг буруутгах боломжгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2021/03205 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Г-ид холбогдуулан гаргасан 7,953,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “М-” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,211 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

           

                                    ШҮҮГЧИД                               А.МӨНХЗУЛ                                                                         

                                                                                    Г.ДАВААДОРЖ