Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 70

 

Б.Э, Б.Н нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор: В.Төгсбаяр /онлайнаар/,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Л.Батжаргал, Б.Гантөмөр /онлайнаар/,

Нарийн бичгийн дарга: О.Очмаа нар оролцов.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/144 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.Э, Б.Н нарт  холбогдох 2029001030103 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргалын давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн  танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ам бүл 3, 2 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

Монгол Улсын иргэн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт  оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 22 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн 4-1 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Н-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Н нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 22 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн 4-1 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Э-ын цээжний зүүн талд хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн нь шүүгдэгч Б.Э, Б.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Н-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 1 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Н-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Б.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б.Э-т хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хохирогч Б.Э цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Б.Э, Б.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, тэднээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Н нь хохирол төлбөрт 1700000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Л.Батжаргалын давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид 8 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр, бусад гэмт хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ” гэж хууль тогтоогчийн зүгээс маш тодорхой хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Н-ын үйлдлийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Б.Н-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн; бол 5 жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас харахад шүүгдэгч Б.Н-ын үйлдсэн гэмт хэрэгт 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Б.Э нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэхээр байна.

Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгтээ “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид 8 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр, бусад гэмт хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүгч дангаар хянан шийдвэрлэх боломжтой” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд дээрх хуулийн заалтыг маш ноцтой зөрчсөн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг 2 жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгч Б.Н-ын үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байхад шүүгч Д.Баттулга Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгч дангаар шийдвэрлэж болно гэж дүгнэсэн нь мөн л дээрх хуулийн заалтыг маш ноцтой зөрчсөн ба дээрх хуулийн заалтуудыг маш бүдүүлгээр зөрчжээ.

Анхан шатны шүүх хуралдаан хэлэхэд өмгөөлөгч миний зүгээс шүүгдэгч нарт холбогдох хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэх хуулийн зохицуулалтын талаар  шүүх бүрэлдэхүүнд хүсэлтээ илэрхийлэхэд шүүгч Д.Баттулга “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн 1 дэх хэсэгт заасан шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэрэг ээдрээ төвөгтэй гэж шүүгч үзвэл энэ тухай саналаа Ерөнхий шүүгчид гаргаж, тухайн хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр шийдвэрлэж болно” гэж заасан байна. Шүүгчийн зүгээс шүүгдэгч Б.Н, Б.Э нарт холбогдох хэргийг дангаар хянан шийдвэрлэж болно гэж үзээд шүүгчийн захирамж гаргаж, шүүх хуралдааны товыг тогтоосон” гэж дүгнэн хэргийг дангаар хянан шийдвэрлэсэн.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасантай нийцэхгүй юм.

  1. Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар:

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт “шүүгдэгч Б.Н нь учруулсан хохирлоо төлсөн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдэл байсан зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх боломжтой” гэж дүгнэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ял оногдуулахыг тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүхээс даалгасан үүргийг биелүүлээгүй хүнд ял оногдуулахад энэ бүлэгт заасан журмыг хэрэглэхгүй” гэж хуульчилсан байна. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Н-т 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэжээ.

Дээрх хуулийн зохицуулалтууд болон шүүхийн зүгээс шүүгдэгч Б.Н-т оногдуулсан ял, эрүүгийн хариуцлага нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын хэмжээ бус энэ хуульд огт байхгүй хорих ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаас үзэхэд уг гэмт хэрэг үйлдсэн хорих ялын доод хэмжээ нь 5 жил түүнээс дээш 12 жилийн хооронд оногдуулахаар заасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг шүүхийн зүгээс хуульд заасан үндэслэл журмын дагуу баримталсан тохиолдолд дээрх хуульд заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй хорих ял оногдуулахаар заасан ба хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй хорих ял гэж үзвэл 3 жил 4 сарын хугацаанаас доошгүй хорих ял оногдуулахаар байхад анхан шатны шүүх хуульд байхгүй хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтуудыг тус тус буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Нөгөөтээгүүр дээрх гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон хохирогч Б.Э нь шүүгдэгч Б.Н-ын үйлдсэн хэрэгт маш их гомдолтой, түүний биед учирсан хүнд гэмтлийн улмаас цаашид ямар хүндрэл гарах нь тодорхойгүй, маш их өвдөлт өгдөг зэрэг байдлаа анхан шатны шүүхэд мэдүүлсээр байхад шүүхийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж хуульд байхгүй хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасныг зөрчжээ.

Дээрх зөрчлүүдээс харахад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 1.3 дахь заалт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШТЦ/144 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор В.Төгсбаяр эсэргүүцэлдээ: "...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангид 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулж болох, гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэх эрүүгийн хэрэг буюу хорих ялын дээд хэмжээ нь 8 жилээс дээш байхад шүүгч дангаар хэргийг хянан шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т

заасныг журамлан, шүүгдэгч Б.Н-т хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ эдлэх ялын хэмжээг 1 жил 7 сарын хугацаагаар тогтоосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дээрх зүйл, хэсэгт: “...тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын... доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэснийг зөрчиж, шүүгдэгчид оногдуулж болох ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулсныг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.          Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: ...Энэ хэрэгт...хяналтын прокуророос Б.Н-т холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна..” гэж дүгнэж бичсэн нь хэргийн  бодит байдалтай нийцээгүй /шийтгэх тогтоолын 5 дугаар талд/, мөн тодорхойлох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан...” гэж дурдаж дүгнэлт хийсэн нь шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс зөрүүтэй /шийтгэх тогтоолын 6 дугаар талд/ бөгөөд хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу баримталж дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “...Хохирогч Б.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй...” гэж дүгнэсэн /шийтгэх тогтоолын 6 дугаар талд/ атлаа тогтоолын тогтоох хэсгийн  дахь заалтад: “...Хохирогч Б.Э цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар   нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй” /шийтгэх тогтоолын 7дугаар талд/ гэж зөрүүтэй бичсэн нь ойлгомжгүй.

Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчжээ.           

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/144 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү" гэжээ.

Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүхийн шийтгэх тогтоолдоо Б.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэснээ нэхэмжилж байгаа үнийн дүнг нь хэрэгсэхгүй болгож шийдсэн. Б.Н-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ гэсэн. Гэтэл шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4,5 дахь заалтад иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж байгаа нь агуулгынхаа хүрээнд ойлгомжгүй байна. Тиймээс эсэргүүцлээ бүрэн дэмжиж оролцож байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гантөмөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа:”... Нэгдүгээрт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэж үзсэн байна. Энэ талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 8 жилээс дээш хорих ял тогтоосон хэргийг шийднэ гэсэн. Шүүгдэгч Б.Н-ын холбогдсон хэргийн хорих ялын доод хэмжээ 5 жил байх тул бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэх шаардлага байгаагүй гэж үзэж байна.

Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх гэснийг шүүх хэрэглэн эрүүгийн хариуцлага оногдуулсан. Техникийн шинжтэй алдаа байх тул хэргийг анхан шатны шүүхэд буцаахгүйгээр өнөөдрийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Энэ хэргийн тухайд шүүгдэгч Б.Н нь хэргийн хохирогч шүү дээ. Хэдийгээр шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөргүй, гомдол санал байхгүй гэсэн боловч цаашдаа үүсэх эрүүл мэндийн асуудлаараа иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй гэж үндсэн субьектив эрхийг хангаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн Б.Э болон Б.Н нар нь энэ хэрэгт хоёул хохирогч, хоёул шүүгдэгч учраас Б.Н-ын хувьд хохирогчийн хувьд хохирол төлбөр байхгүй ч нэхэмжлэх эрхтэй гэдгийг дурдаж шийдвэрлэсэн байна. Б.Э-ыг эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй гэснийг зарчмын хүрээнд шийдвэрлэсэн. Иймээс тодорхойлох болон тогтоох хэсэг хоорондоо зөрүүтэй байдлаар бичигдээгүй байна. Миний үйлчлүүлэгч энэ хэрэгт хохирогч мөн шүүгдэгч байгаа” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ялын хэмжээ 8 жилээс дээш бол гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэнэ гэж байгаа. Доод хэмжээ гэж заагаагүй. Дээд хэмжээг л заасан. Хуульч бид нар хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх хэрэгтэй.  Иймээс давж заалдах гомдлоо дэмжиж байна. Энэ хэргийг зайлшгүй гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэх ёстой.

Техникийн шинжтэй алдаа гэж үзэх ямар ч боломжгүй. Яагаад гэвэл шүүгч Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулж, 1 жил 7 сарын ял өглөө гэж байгаа нь ямар нэг техникийн шинжтэй алдаа биш. Техникийн шинжтэй алдаа гэдэг бол үг, үсэг, тооны алдаа гаргахыг хэлдэг. Мөн хэргийг анхан шатны шүүхэд буцаахгүйгээр энд шийдвэрлэх боломжтой гэж байна. Давж заалдах шатны шүүх шийдвэрлэх хуулийн зохицуулалт, эрх хэмжээ байхгүй. Шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулах боломжгүй. Иймээс хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах  нь хуульд нийцсэн шийдвэр болно гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батжаргалын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бичсэн давж заалдах гомдол, хяналтын прокурор В.Төгсбаярын 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр бичсэн 17 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн нь яллагдагч Б.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагч Б.Н-ын үйлдлийг 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар зүйлчлэн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 121 дугаартай яллах дүгнэлт үйлдэж /хх 164-168/, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр ...шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байхад Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 2020/ШЗ/251 дугаартай яллагдагчдийг шүүхэд шилжүүлэх тухай /хх-174/ шүүгчийн захирамждаа яллагдагч Б.Э, Б.Н нарт холбогдох хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэхээр тогтоож шүүх хуралдааныг хийж шийтгэх тогтоол /хх-194-197/ гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-ийн заалтыг зөрчиж шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...хяналтын прокуророос Б.Н-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна” /хх-196/ гэж дүгнэсэн шүүгчийн дүгнэлтийг нотолсон “шүүгдэгч Б.Н-т холбогдуулан дээрх хуулийн зүйл хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, яллах дүгнэлт үйлдсэн” талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүх яллах дүгнэлтийн хэмжээнд хэргийг шийдвэрлээгүй гэж үзэв.

Шийтгэх тогтоолын 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Наранбаатарт 1 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил,  эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэм хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэсэн Эрүүгийн хуулийн заалтыг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт /хх-196/ “...хохирогч Б.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг хийсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 5 дахь заалтад “...хохирогч Б.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй” гэж, “...шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой” гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан” гэж тус тус бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг анхан шатны шүүх зөрчсөн байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч, прокурор нарын шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах тухай” давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйл, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/144 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Э, Б.Н нарт холбогдох 2029001030103 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Э-т хувийн баталгаа гаргахаар, шүүгдэгч Б.Н-т цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Н.НАСАНЖАРГАЛ

ШҮҮГЧИД                                                  Х.ГЭРЭЛМАА

                                                                                                                      Т.БЯМБАЖАВ