Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/144

 

2020 оны 10 дугаар сарын 02 өдөр                         Дугаар 2020/ШЦТ/144                                                 Ханбогд сум

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

               Нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

               Улсын яллагч: В.Төгсбаяр,

               Шүүгдэгч: Б.Энхбаатар, түүний өмгөөлөгч Б.Батжаргал,

               Шүүгдэгч: Б.Наранбаатар, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

   Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Бадарчийн Наранбаатар, Армагууд овгийн Балгансүрэнгийн Энхбаатар нарт холбогдох эрүүгийн 2029001030103 дугаартай  хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 23-ны  өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой,  жолооч мэргэжилтэй, “Монфорд” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Баянцагаан сумын Зогсоол 5 дугаар баг 1 дүгээр гудамж, 1 тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Бадарчийн Наранбаатар /РД:НЗ79082371/

Монгол улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 28-ны  өдөр Хөвсгөл аймгийн Чандмань өндөр суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой,  багш мэргэжилтэй, Гэрэлт хана цонхны үйлдвэрт ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Зүүн суугийн 1а-2 тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Армагууд овгийн Балгансүрэнгийн Энхбаатар /РД:РТ82092871/

            Үйлдсэн хэргийн талаар:

  Шүүгдэгч Б.Энхбаатар нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 22 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багийн 4-1 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Наранбаатарыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Наранбаатар нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 22 цагийн үед Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багийн 4-1 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.Энхбаатарын цээжний зүүн талд хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын  дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энхбаатар нь мэдүүлэхдээ: “2020 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө 09 цагт Түмэнбаяр ах манайд ирсэн. Цагаан сараар манайд ирээгүй, тэгээд бид хоёр 2 шил сөжү уусан. Түмэнбаяр ах Оджаргал эгч над руу утасдаад Энхээ нөгөө сөжүнээсээ аваад ир гээд тэгээд би эхнэр хүүхэдтэйгээ 4 шил сөжү аваад Түмэнбаяр ахын хашаанд очсон. Наранбаатар, Оджаргал, Түмэнбаяр нар архи суугаад сууж байсан. Хамт 4 шил сөжү хувааж уусан. Б.Наранбаатарын найз нь ирсэн. Би архи уухаа болиод,  гэрт нь охинтойгоо байж байгаад гарсан.  Гэрээс нь гарахад миний машиныг унасан, манай эхнэр Наранбаатарын найзыг суулгаад хашаанаас гарах гэж байсан. Тэгээд би дуудаад чи яах гэж байгаа юм гэж асуухад тэд нар архинд явуулсан гэж хэлсэн. Чи эд нарын архинд явдаг хэн юм гээд өөрийн машинаас буулгасан. Би машинаа хашааныхан нь баруун талд тавиад  эхнэрээ чи эд нарын архинд явдаг хэн юм гээд эхнэрээ толгой руу нь 2, 3 удаа хатгасан. Би Б.Наранбаатарын чи өөрөө архиндаа яв гэж хэлсэн. Тэгэхэд Оджаргал эгч ууж байсан архиа над руу цацсан, 4 хундага шидсэн, нүүр рүү нулимсан. Хэрүүл тэгж эхэлсэн. Би эхнэрээ үлдээгээд Б.Наранбаатарт банди минь би эргэж ирнэ гэж хэлсэн. Тэгээд би цуг ажилладаг Билгүүнээгийнд очоод нэг шил Хараа архи авхуулж, ганцаараа уусан. Тэгээд би тасарсан байсан Орой 10 цагийн үед би сэрээд Билгүүнээ Мишээл хоёрт би Наранбаатартай уулзана гэж очсон, ийм зүйл болно гэж бодоогүй, эр хүн шиг ярилцах гэж очсон. Түмэнбаяр ахын охиноос Наранбаатар хаана байна гэсэн машин байгаа гэсэн. Би машин руу ороод машинаас нь гаргаад татаж унагасан, газар боосон, тэгээд Билгүүнээ, Мишээл хоёр орж ирээд Энхээ ахаа боль гээд салгасан. Буцаж очиход Наранбаатар надтай зууралдаад, дахиад зодолдсон, хоёр дахь удаа салгаад гараад явж байхад яг хутгалсныг мэдээгүй, хашааны үүдэнд байж байхад суга руу бүлээн оргиод явсан. Бариад үзсэн цус урсаж байсан. Тэгээд хутгалуулснаа мэдсэн. Тэгээд эмнэлэг оръё гэж хэлсэн. Эмнэлэг ороод ухаан алдаад сүүлд эмнэлэгт сэрсэн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Наранбаатар нь мэдүүлэхдээ: “Би шөнө нойргүй ирээд ахтайгаа таараад ахындаа очиж хоол идээд араас нь ганц пиво уугаад амарч байсан. Унтаж байх үед ийм хэрэг болсон, хүн хаалга онгойлгож зодохоор нь боогдоод ухаан балартаж ийм хэрэг болсон” гэв.

Хохирогч Б.Наранбаатарын өгсөн: “...Түмэнбаяр ахынд Солонгос Сөжү архи уугаад байж байхад Энхбаатар эхнэр хүүхэдтэйгээ Түмэнбаяр ахынд ирсэн. Тэгээд бид нар хамтдаа архи уугаад сууж байхад Энхбаатар эхнэр хүүхэдтэйгээ Түмэнбаяр ахынд ирсэн. Тэгээд бид нар хамтдаа архи уугаад сууж байхад Энхбаатар эхнэртэйгээ муудалцаад эхнэрээ үсдээд цохиж зодоод байхаар нь би Энхбаатарыг чи эмэгтэй хүн зодоод арчаагүй юм гэж хэлсэн. Тэгээд бид 17 цагийн үед тарцгаасан. Тэгээд би Түмэнбаяр ахын хашаанд байсан машин дотор унтаж байсан чинь 22-23 цагийн үед машины 2 талын хаалга онгойлгоод намайг зодсон. Тэр үед би хэн гэдгийг нь мэдээгүй. Намайг машинаас чирээд гаргахаар нь би машины голын хайрцаг нь дээр байсан хутга гарт баригдахаар нь бариад чирээд гарсан. Тэгээд хутгаа бариад зогсож байхад Оджаргал гэрээсээ гарч ирээд юу болоод байна гэхэд бид нар миний машины хажуугаас хашааны хаалга руу очоод байж байхад Энхбаатар над руу дайраад дээрээс дарж унасан. Тэгэхэд Энхбаатар хутгалуулсан... намайг гараараа цохьсон байх гарт нь юм харагдаагүй миний толгойны дагз хэсэг рүү 2-3 удаа цохисон. Мөн гуя, нуруу, мөр хэсэг рүү цохисон. Миний нүүр лүү цохиогүй... Би Энхбаатарын биед зүсэгдэж хатгагдсан шархыг хутгаар учруулсан. 4-р хавирганы хугарал надтай хамт Энхбаатар унахдаа учруулсан байх зулгаралт заамдалцах үед үүссэн байх....” гэх мэдүүлэг /хх-ийн 63-67-р хуудас/,

Хохирогч Б.Энхбаатарын өгсөн: “...эхнэртэй маргалдаж байхад Наранбаатар намайг чи ямар даварсан пизда вэ өөрөө архиндаа яв муу банди минь гэж хэлсэн... би Билгүүнд ах нь нэг айл руу очиж хүнтэй зодолдмоор байна. Та хоёр намайг хүнтэй зодолдож байхад оролцож болохгүй шүү машиндаа байж байгаарай гэж хэлсэн. Тэгээд 22 цагийн үед Түмэнбаяр ахынд очиход охин нь байхаар нь Наранбаатар хаана байна гэж асуухад гадаа машиндаа унтаж байгаа гэж хэлсэн. Тэгээд би Наранбаатарын машинд очоод Наранбаатарыг зодсон. Тэгсэн Наранбаатар миний урдаас зодолдоод байж байхад Билгүүн найзтайгаа ирээд бид хоёрыг салгасан... Наранбаатартай эвээр уулзах гээд очиход Наранбаатар намайг түрүүлээд цохисон. Тэгээд дахиад бид хоёр зодолдсон. Наранбаатар машинаасаа хутга гаргаж ирээд намайг хашааны хаалга онгойлгож байхад хутгалсан. Миний зүүн суга доор хутгалсан... намайг нэг удаа хутгалсан.”  гэх мэдүүлэг /хх-ийн 71-75-р хуудас/,

Гэрч Т.Мишээлийн өгсөн: “...нөгөө айлын хашаанд хүн хашхираад байхаар нь бид хоёр буугаад хашаа руу ороход бид хоёртой цуг явсан ах нэг хүнтэй зодолдож байсан. Очоод харахад нэг танихгүй залуугийн дээр нь гарчихсан цамцаар нь боочихсон байж байсныг бид хоёр салгаад хашааны хаалгаар аваад гарч байхад нөгөө боолгуулж байсан танихгүй залуу араас хутга барьж гарч ирээд дайрсан. Тэгээд Билгүүн бид хоёр айгаад зугтаасан. Ард нөгөө хоёр хүн зодолдоод үлдсэн ...Бид хоёртой хамт явсан ахын зүүн тал нь нэлээн цус болчихсон цамцаараа дарчихсан намайг хутгалчихлаа эмнэлэг явъя гээд эмнэлэг явсан... Энхбаатарт зодуулж байсан залуу хутга бариад гарч ирсэн. Билгүүн бид хоёр айгаад зугтаасан.”  гэх мэдүүлэг /хх-ийн 77-78-р хуудас/,

Гэрч Г.Билгүүний өгсөн: “...Энхбаатар ах “ах нь нэг айл руу очоод хүнтэй уулзадхая янз бүрийн юм болбол машинаас битгий гарч ирээрэй” гэсэн Энхбаатар ах тэр айл руу орсон. Би тамхи татах гээд буухад Энхбаатар ах хүнтэй зодолдож байхаар нь би найзтайгаа хамт тэр айлын хашаа руу орсон. Тэгэхэд Энхбаатар ах дээр нь гарчихсан сууж байхаар нь Мишээл бид 2 Энхбаатар ахыг болиулахад Энхбаатар ах нөгөө хүнтэйгээ дахиад зууралдаад авсан. Тэгээд дахиад салгаад аваад гарах гэж байхад Энхбаатар ахтай зодолдож байсан хүн араас нь гүйж ирж дахин зодолдсон. Тэгэхэд Энхбаатар ах би хутгалуулчихлаа гэж хэлсэн... зүүн суганы доод талдаа хутгалуулсан байсан. Тэр үед их гарч байсан”  гэх мэдүүлэг /хх-ийн 79-81-р хуудас/,

Гэрч Х.Түмэнбаярын өгсөн: “...Наранбаатар, Энхбаатар хоёр зодолдож байхаар нь би модоор Наранбаатар, Энхбаатарыг цохиж салгасан. Тэгэхэд Энхбаатар Наранбаатар намайг хутгалчихлаа гэж хэлээд гараад явсан... Энхбаатарын биеийнх нь зүүн хэсгээс цус гарч байсан.. намайг харахад тэр 2 нэг нэгнийгээ зуурчихсан тавихгүй ноцолдоод байсан”  гэх мэдүүлэг /хх-ийн 82-84-р хуудас/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №265 дугаартай шинжээчийн:

1. ...Б.Энхбаатарын биед цээжний зүүн талын арын дээд хэсэгт цээжний хөндийн ханыг нэвтэрсэн зүсэгдэж хатгагдсан шарх, зүүн талын 4-р хавирганы хугарал, уушгины эдийн гэмтэл, зүүн талын эгмийн дээд хэсгийн зулгаралт гэмтлүүд учирчээ.

2. Уг гэмтлийн улмаас цээжний хөндийн зүүн хэсэгт хий болон цус хуралт үүсчээ.

3. Б.Энхбаатарын цээжний зүүн талын арын дээд хэсэгт цээжний хөндийн ханыг нэвтэрсэн шарх болон хавирга хугарсан гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, зүүн эгмийн дээд хэсгийн зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Гэмтлүүд нь цаашдын хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.

5. Б.Энхбаатарын цээжний зүүн талын арын дээд хэсэгт цээжний хөндийн ханыг нэвтэрсэн шарх нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл учир гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 96-97-р хуудас/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №264 дугаартай шинжээчийн:

1.   ...Б.Наранбаатарын биед зүүн нүдний орчимд 2 мөр, зүүн гуяны гадаа хэсэг, зүүн ташааны гадна хэсгүүдэд хөхөрч зөөлөн эд няцарсан гэмтлүүдтэй байна.

2.    Б.Наранбаатарын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.  Учирсан гэмтэл нь цаашид биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэмтлүүд болно.

  4.   Б.Наранбаатарын биед гэмтэл учирсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”. гэх дүгнэлт /хх-ийн 98-99-р хуудас/

Шүүх сэтгэцийн №20 дугаартай шинжээчийн:

  1. ...Шинжлүүлэгч Бадарч овогтой Наранбаатар нь сэтгэцийн хувьд эрүүл.

2.    Шинжлүүлэгч Бадарч овогтой Наранбаатар нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

3.  Шинжлүүлэгч Бадарч овогтой Наранбаатар нь хэрэг хариуцах чадвартай.” гэх дүгнэлт /хх-ийн 106-108-р хуудас/

Яллагдагч Б.Энхбаатарын мэдүүлэг /хх-ийн 119-123-р хуудас/

Яллагдагч Б.Наранбаатарын мэдүүлэг /хх-ийн 127-129-р хуудас/

Шүүгдэгч Б.Энхбаатарын хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Б.Энхбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 131-р хуудас/,

            Шүүгдэгч Б.Энхбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл,  /хх-ийн 132-135-р хуудас/,

Шүүгдэгч Б.Наранбаатарын хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Б.Наранбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 136-р хуудас/,

Шүүгдэгч Б.Наранбаатарын гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, жолоодох эрхийн лавлагаа, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 137-149-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг  гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр, бусад гэмт хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ.” зааснаар шүүгч дангаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

            Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Б.Наранбаатарын биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна.

Тухайн гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

 Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Б.Наранбаатарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хохирогчийн  хууль  бус  үйлдэл  нөлөөлсөн  хэдий  боловч шүүгдэгчийн  дээрх  шалтгаанаар  Б.Энхбаатарыг  шүүгдэгч  Б.Наранбаатар  хутгалсан  үйлдлийн  улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсныг нотолсон нотлох баримтууд хэрэгт хангалттай авагдсан, шүүгдэгч Б.Наранбаатар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, уг үйлдлээс хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирч болзошгүйг мэдсээр атал түүнийг хүсэж үйлдсэн шинжтэй байх тул Б.Наранбаатарыг тус хэргийг “санаатай” үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Наранбаатарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг хүний эрүүл мэндэд  хүнд  хохирол  санаатай  учруулах  гэмт  хэргийг  зэвсэг  хэрэглэж  учруулсан  гэм буруутайд тооцов. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Б.Наранбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлбөр, гомдол санал нэхэмжлэх зүйлийн талаар дурдаагүй байх тул шүүгдэгч Б.Энхбаатарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хохирогч Б.Энхбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд тэрээр эмчилгээний зардалд баримтаар 814 158 төгрөгийн баримт гаргаж  өгсөн  байх  боловч  шүүгдэгч  Б.Наранбаатар нь 1 700 000 төгрөг төлсөн, өмгөөлөгчийн хөлс болох 4 000 000 төгрөг нэхэмжилснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Наранбаатарыг төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. Хохирогч Б.Наранбаатар нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас Б.Энхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  800 000 төгрөгөөр торгох,

Шүүгдэгч Б.Наранбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, 8 жилийн хугацаагаар хорих, хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэх саналыг  гаргасан байна.

Шүүх шүүгдэгч  Б.Энхбаатар нь тохиолдлын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын саналыг  харгалзан шүүгдэгчид  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  800 000 төгрөгөөр торгох,

Шүүх шүүгдэгч  Б.Наранбаатар нь учруулсан хохирлоо төлсөн, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн зүй бус үйлдэл байсан зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жил 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,  уг хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Бусад асуудлаар: шүүгдэгч Б.Энхбаатар, Б.Наранбаатар нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөрт 1 700 000 төгрөг төлсөн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан хүрэн өнгийн иштэй үнс, шороо мэт саарал өнгийн зүйлээр бохирлогдсон хутганы урт 23 см, ажлын хэсэг нь 12 см, хутганы иш хэсэг нь 11 см урттай хутга, ажлын хэсэгтээ гурван ширхэг зууван хэлбэрийн нүхтэй, модон ишний хоёр талд 2 ширхэг тав тогтоосон, ишний арын дээд хэсэгт оосор хийх нүхтэй, STEEL JAPAN гэсэн бичигтэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасан болохыг тус тус  дурдах нь зүйтэй.