Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 130

 

 

 

 

 

 

 

 

 

С.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.И даргалж, шүүгч Ш.О, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/02370 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч С.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох

 

Сонгинохайрхан дүүргийн, 1 дүгээр хороо, Баянголын ам гудамж 11/12 тоот хаягт байрлах, 97.79 м.кв талбайтай хувийн сууцыг 152 639  600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Г нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Найрамдал явах зам дагуу 4800 м.кв газар дээрээ 21 айлын Таунхаус барьж, ард иргэддээ яг л хотод амьдарч байгаа юм шиг амьдарч, халуун хүйтэн устай, угаалын машинаараа хувцсаа угаадаг, нэгдсэн ус, цахилгаан, бохирын системийг нь шийдсэн байдлаар барихаар 2010 оноос зорьж 2015 онд ашиглалтад оруулсан юм. Энэ барилгыг 52 см өргөнтэй тоосгоор барьж 10 см хөөсөнцрөөр дулаалсан, 62 см өргөн ханатай босгосон. Өвөлдөө айл болгон цахилгаанаар дулаанаа шийдэж, маш дулаан тухтай амьдрах орчныг бүрдүүлж өгсөн. Маш их мөнгө зарцуулж яах ч аргагүй Н.Т-аас 8 хувийн хүүтэй зээл авч барилга болон барилгын дотор засал хийхэд зарцуулсан. Гэвч маш өндөр буюу 8 хувийн хүүг төлж чадаагүй тул 64 190 000 төгрөгийг Н.Т-д төлөх шүүхийн шийдвэр гарсан. Н.Т-ын хүсэлтээр хөрөнгийн үнэлгээг гаргуулахаар болж, хөрөнгийг 152 639 600 төгрөгөөр үнэлсэн байна. Энэ хаус нь тухайн үед 70 хувийн гүйцэтгэлтэй 97,97 м.кв байсан бол одоо 195,58 м.кв болж бүрэн ашиглалтад орсон. Одоогийн зах зээлийн ханшийн үнэ 1 м.кв нь Хадат вилла хотхонд 2 700 000-2 900 000 төгрөг, Акуа вилла хотхонд 3 600 000 төгрөг, Бусад вилла хотхонд 2 500 000 төгрөгөөс эхэлж байна. Манай хотхон хотын төв цэгээс 20 км дотор буюу хотод хамаагүй ойр байрладаг, төвийн дулаан, бохирын систем татагдсан, хүмүүсийн сонирхол ихэссээр байна. Би өөрийн хаусыг дор хаяж 1 м.кв талбайг 2 000 000 төгрөг хүрнэ гэж бодоход 391 160 000 төгрөгийн үнэлгээ гарч байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь миний хөрөнгийг үнэгүйдүүлж байна. Иймд 200 000 000 төгрөгөөр үнэлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сосорбурам шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01416 дугаар шийдвэрээр С.Т-аас 64 668 900 төгрөгийг гаргуулж Н.Т-д олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч С.Т-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүгийн 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдлын зам гудамж, 11/2 тоотод байрлах 97,79 м.кв гэрчилгээнд 30 хувийн гүйцэтгэлтэй гэх боловч бүрэн ашиглалтад орсон хувийн сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу харилцан тохиролцож үнийн санал ирүүлэх тухай 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 4/14690 тоот мэдэгдлийг талуудад хүлээлгэн өгсөн. Төлбөр төлөгч С.Т- 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн хөрөнгийг 400 000 000 төгрөгөөр үнэлж үнийн санал ирүүлснийг төлбөр авагч хэт өндөр үнэлсэн гэсэн үндэслэлээр шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан. 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 230 тоот шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгө эстимэйт ХХК-иар үнэлгээ хийлгэхэд 152 639 600 төгрөгөөр үнэлэгдсэн. С.Т-д 2018 оны 10 сарын 08-ны өдрийн 4/16746 тоот үнэлгээний мэдэгдлийг 2018 оны 10 сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу худалдан борлуулахыг мэдэгдэлд дурдсан боловч бичгээр хариу ирүүлээгүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГт холбогдох Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдлын зам гудамж 11/2 тоот хаягт байрлах, 97,79 м,кв талбайтай хувийн сууцыг 152 639 600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай С.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/02370 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1.Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлэх шинжээчээр “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийг томилсон бөгөөд энэ компани нь миний үл хөдлөх болох Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдлын зам гудамж 11/2 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201024709 дугаарт бүртгэгдсэн 195 м.кв талбайтай 2 давхар сууцыг үнэлэхдээ 97,79 м.кв буюу тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авах үеийн 70 хувийн гүйцэтгэлтэй сууцны зах зээлийн үнэлгээгээр үнэлж, үнийг 152 639 600 төгрөг болохыг тогтоожээ. Тухайн үеийн 70 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц мааны одоо 100 хувь ашиглалтад орж нийтдээ 195 м.кв болсон бөгөөд бид улсын бүртгэлд хандаж, энэ талбайн хэмжээгээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шинээр гаргуулж амжаагүй байна.

2.Шүүх хуралдаан болох үед ар гэрийн гачигдал гарч аав маань нас барснаас шалтгаалж миний бие сэтгэл санааны хямралтай байсан учраас шүүх хуралдаанд нотлох баримтыг гаргаж өгч чадаагүй. Өөрөөр хэлбэл, би өөрийн өмчлөлийн дээр дурдсан хаягт байрлах 13 айлын хувийн сууцаа 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хөрөнгийн үнэлгээний “Итгэлт бээс” ХХК-аар үнэлүүлсэн бөгөөд сууц бүрийг жишиг үнэлгээгээр тооцоход зах зээлийн үнэ 327 930 000 төгрөгөөр үнэлэгдэж байсан. Энэ баримтаа шүүхэд гаргаж өгч чадаагүй.

3.Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч С.Т-д 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр танилцуулсан бөгөөд шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.” гэсэн байна. Гэтэл миний бие шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 4/16746 тоот мэдэгдлийг 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч гарын үсэг зурсан байна. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна. Иймээс эдгээр үндэслэлүүдийг харгалзан үзэж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагч НШШГГт холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам, Найрамдлын зам гудамж 11/2 тоот хаягт байрлах, 97,79 м.кв талбайтай хувийн сууцыг 152 639 600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч С.Т- нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ. /хэргийн 1-3, 23 дугаар тал/

 

Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01416 дугаар шийдвэрээр С.Т-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 64 668 900 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам 18190, Найрамдлын зам гудамж 11/2 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201024709 дугаарт бүртгэгдсэн 97,79 м.кв талбайтай хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн магадлал, Улсын Дээд шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ./хэргийн 6, 26-37, 38, 40 дүгээр тал /

 

Дээрх шийдвэрийн дагуу НШШГГ 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам 18190, Найрамдлын зам гудамж 11/2 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201024709 дугаарт бүртгэгдсэн 97,79 м.кв талбайтай хувийн сууцыг 2018 оны 0 дугаар сарын 23-ны өдрийн 18270697/2 тоот тогтоолоор битүүмжилж, мөн оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 18270697/3 тоот тогтоолоор хураан авсан байна./хэргийн 49, 53 дугаар тал/

 

Хариуцагч тал Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг харилцан тохиролцож тогтоох ажиллагааг хийхэд төлбөр төлөгч С.Т- нь 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн дээрх хөрөнгийг 400 000 000 төгрөгөөр үнэлж санал ирүүлснийг төлбөр авагч Н.Т- нь уг хөрөнгийг хэт өндөр үнэлсэн гэж үзэн, хөндлөнгийн шинжээч томилж бодит үнэлгээг тогтоолгох хүсэлт гаргасан байна./хэргийн 56, 57 дугаар тал/

 

Улмаар хариуцагчийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 230 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй байх бөгөөд шинжээч барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам 18190, Найрамдлын зам гудамж 11/2 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201024709 дугаарт бүртгэгдсэн 97,79 м.кв талбайтай хувийн сууцыг 152 639 600 төгрөгөөр үнэлжээ./хэргийн 58, 60-66 дугаар тал/

 

Нэхэмжлэгч С.Т- шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй ба хэрэгт цугларсан баримтаар шинжээчийн тогтоосон үнэлгээ нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/02370 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.И

 

                                                  ШҮҮГЧИД                             Ш.О

                   

                                                                                                С.Э