Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2018/02370

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: дүүрэг, хороо, гудамж  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт С.Т-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: дүүрэг, хороо, байрлах, Н газарт холбогдох,

 

Дүүрэг,  дүгээр хороо,  гудамж  тоот хаягт байрлах, м,кв талбайтай хувийн сууцыг 152,639,600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Т, хариуцагчийн төлөөлөгч А.Осорбурам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюун-Эрдэнэ нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Найрамдал явах зам дагуу 4800 м.кв газар дээрээ 21 айлын Таунхаус барьж, ард иргэддээ яг л хотод амьдарч байгаа юм шиг амьдарч, халуун хүйтэн устай, угаалын машинаараа хувцсаа угаадаг, нэгдсэн ус, цахилгаан, бохирын системийг нь шийдсэн байдлаар барихаар 2010 оноос зорьж 2015 онд ашиглалтад оруулсан юм. Энэ барилгыг 52 см өргөнтэй тоосгоор барьж 10 см хөөсөнцрөөр дулаалсан, 62 см өргөн ханатай босгосон. Өвөлдөө айл болгон цахилгаанаар дулаанаа шийдэж, маш дулаан тухтай амьдрах орчныг бүрдүүлж өгсөн. Маш их мөнгө зарцуулж яах ч аргагүй Н.Түмэнжаргалаас 8 хувийн хүүтэй зээл авч барилга болон барилгын дотор засал хийхэд зарцуулсан. Гэвч маш өндөр буюу 8 хувийн хүүг төлж чадаагүй тул 64,190,000 төгрөгийг Н.Түмэнжаргалд төлөх шүүхийн шийдвэр гарсан. Н.Түмэнжаргалын хүсэлтээр хөрөнгийн үнэлгээг гаргуулахаар болж, хөрөнгийг 152,639,600 төгрөгөөр үнэлсэн байна. Энэ хаус нь тухайн үед 70 хувийн гүйцэтгэлтэй 97,97 м.кв байсан бол одоо 195,58 м.кв болж бүрэн ашиглалтад орсон. Одоогийн зах зээлийн ханшийн үнэ 1 м.кв нь Хадат вилла хотхонд 2,700,000-2,900,000 төгрөг, Акуа вилла хотхонд 3,600,000 төгрөг, Бусад вилла хотхонд 2,500,000 төгрөгөөс эхэлж байна. Манай хотхон хотын төв цэгээс 20 км дотор буюу хотод хамаагүй ойр байрладаг, төвийн дулаан, бохирын систем татагдсан, хүмүүсийн сонирхол ихэссээр байна. Би өөрийн хаусыг дор хаяж 1 м.кв талбайг 2,000,000 төгрөг хүрнэ гэж бодоход 391,160,000 төгрөгийн үнэлгээ гарч байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь миний хөрөнгийг үнэгүйдүүлж байна. Иймд 200,000,000 төгрөгөөр үнэлж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч А.Осорбурам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ы өдрийн 182/ШШ2017/01416 дугаар шийдвэрээр С.Таас 64,668,900 төгрөгийг гаргуулж Н.Түмэнжаргалд олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч С.Тын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Дүүрэг,  дүгээр хороо,  гудамж  тоот хаягт байрлах, м.кв гэрчилгээнд 30 хувийн гүйцэтгэлтэй гэх боловч бүрэн ашиглалтад орсон хувийн сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу харилцан тохиролцож үнийн санал ирүүлэх тухай 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 4/14690 тоот мэдэгдлийг талуудад хүлээлгэн өгсөн. Төлбөр төлөгч С.Т 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн хөрөнгийг 400,000,000 төгрөгөөр үнэлж үнийн санал ирүүлснийг төлбөр авагч хэт өндөр үнэлсэн гэсэн үндэслэлээр шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан. 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 230 тоот шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгө эстимэйт ХХК-иар үнэлгээ хийлгэхэд 152,639,600 төгрөгөөр үнэлэгдсэн. С.Тд 2018 оны 10 сарын 08-ны өдрийн 4/16746 тоот үнэлгээний мэдэгдлийг 2018 оны 10 сарын 10-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу худалдан борлуулахыг мэдэгдэлд дурдсан боловч бичгээр хариу ирүүлээгүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч Н газарт холбогдуулан Дүүрэг,  дүгээр хороо,  гудамж  тоот хаягт байрлах,хаягт байрлах, м.кв талбайтай  хувийн сууцыг 152,639,600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Н газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч төлбөр төлөгчид 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 4/16746 тоот үнэлгээний мэдэгдлийг хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж маргажээ.

 

Чингэлтэй  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01416 дугаар шийдвэрээр С.Таас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 64,190,000 төгрөг гаргуулж, хариуцагч Н.Түмэнжаргалд олгож, сөрөг нэхэмжлэлээс 14,410,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

 

Дээрх шийдвэрийн дагуу Н газар нь шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг явуулж, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 18270697/2 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-оор төлбөр төлөгч С.Т үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын ам 18190, Найрамдалын зам гудамж 11/2 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201024709 дугаарт бүртгэгдсэн 97,79 м.кв талбайтай хувийн сууцыг битүүмжилж, 2018 оны 09 дүгээр сарын 06-ний өдрийн 18270697/3 тоот “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-оор дээрх эд хөрөнгийг хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг харилцан тохиролцож тогтоох ажиллагааг хийхэд төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг 400,000,000 төгрөгөөр үнэлж үнийн санал ирүүлснийг төлбөр авагч хэт өндөр үнэлсэн гэж улмаар талууд тохиролцоогүй байна.

 

Ийнхүү талууд анхны албадан дуудлага худалдаанд санал болгох эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй тул Н газар нь 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 230 дугаар “Шинжээч томилох тухай тогтоол”-оор /хх-58 тал/ хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасан зохицуулаттай нийцсэн байна.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг томилсон, шинжээч “Хөрөнгө-Эстимэйт” ХХК нь Дүүрэг,  дүгээр хороо,  гудамж  тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн м.кв талбайтай хувийн сууцыг зах зээлийн үнийг 152,639,600 төгрөг болохыг тогтоожээ. /хх 60-65 тал/

 

Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд /хх 67-68 тал/ байх ба үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч С.Т шинжээчийн тогтоосон үнийг зах зээлийн үнээс хэт доогуур байгаа гэж тайлбарлаж байгаа боловч үндэслэлээ баримтаар нотлоогүй, Монгол улсын зах зээлд тухайн объект  ямар үнээр худалдан борлогдож байгаа талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, шинжээчийн үнэлгээ тогтоосон аргачлалыг няцаагаагүй тул шинжээчийн тогтоосон үнэлгээг үгүйсгэх боломжгүй байна.

  

Хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч С.Тд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр танилцуулсан  бөгөөд шүүхэд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлээ гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

 

Иймд Н газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай С.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан  Нийслэлийн  шүүхийн  шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Дүүрэг,  дүгээр хороо,  гудамж  тоот хаягт байрлах,хаягт байрлах, м.кв талбайтай  хувийн сууцыг 152,639,600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай С.Тын нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын  орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Н.НАРАНГЭРЭЛ