Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/03176

 

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/03176

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Шаамар сум, ... баг, ... айлын орон сууц, ... тоотод оршин байх, Б овогт Ю-ийн У /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Баянгол дүүргийн ... дугаар хороо, ..., өөрийн байранд байрлах, М.О.Х.Н.У.Б.Т.З.Н /РД: .../-т холбогдох,

 

 Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

 Нэхэмжлэгч Ю.Уын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд түүний гаргасан тайлбарт: Би 2002 оны 7 дугаар сард Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт ажилд орсон. Энэ байгууллагад нийт 15 жил 6 сар ажилласан. 2014 оны 10 дугаар сард Ерөө өртөө рүү шилжээд 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилласан. 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Ерөө техник үйлчилгээний газарт явагдсан хаврын техникийн шалгалтаар хангалтгүй үнэлгээ үзүүлсэн гэж дүгнэсэн учир Дархан өртөөнд 14 хоногийн дараа буюу мөн оны 6 дугаар сарын 14-ний өдөр давтан шалгалтыг өгсөн боловч мөн хангалтгүй үнэлгээ авсан гэж үзсэн вагон ашиглалтын депогийн дарга Наранбат намайг маргааш нь буюу 15-ны өдөр Улаабаатар хотод шалгалт өг гэхээр нь дахин шалгалт өгөөд тэнцээгүй. Тухайн үед шалгалт авч байсан Баярмаа гэх хүн намайг чи хэл ам хийж явахаар юмаа уншиж байхад яадаг юм гэж сэтгэл санааны дарамтанд оруулж, шалгалтыг зохих журмын дагуу аваагүй. Ингээд шалгалтын дүн 54 хувьд хүрээгүй гэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ажилдаа эргээд орох хүсэлтэй байна. Би өдийг хүртэл ажиллахдаа ямар нэг алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй. Миний ажиллаж байсан байдлыг үнэлээгүй байж шалгалтанд л унасан гэж ажлаас халсанд нь гомдолтой байна. Иймд намайг вагон үзэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Удаанжаргал нь Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт вагон үзэгчээр 2002 оны 7 дугаар сарын 8-нд ажилд орсон. 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл вагон ашиглалтын депогийн Ерөө техник үйлчилгээний газарт вагон үзэгч 4 дүгээр зэрэгтэйгээр ажиллаж байсан. Тус нийгэмлэгийн даргын 2009 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн А-55 тушаалаар гал тэрэгний хөдөлгөөнтэй шууд болон шууд бус холбоотой ажилтнуудаас мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг авч байх журмыг баталсан. Уг журмын дагуу жил бүр галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой алба, хэлтсийн ажилтнуудаас шалгалт авдаг. Дээрх журмын дагуу 2017 оны 4 дүгээр сарын 24-ний вагон ашиглалтын депогийн даргын 150 тоот тушаал гарч Техникийн шалгалт авах журам батлан, шалгалтын комисс томилогдсон. Тушаалын нэгдүгээр хавсралтаар вагон ашиглалтын депогийн даргын 2017 оны хаврын техникийн шалгалт авах журмыг баталсан. Шалгалт авах тухай мэдэгдлийг ажилчдад сарын өмнө буюу 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр танилцуулж, журам заавартай танилцуулж, гарын үсэг зуруулсан. Улмаар шалгалтыг 2017 оны 5 дугаар сарын 28-нд Ерөө техник үйлчилгээний газарт авсан бөгөөд Ю.У нь шалгалтад 32 оноо буюу хангалтгүй үнэлгээ авсан. Шалгалт авах журмын 2.6-д заасны дагуу түүнийг Дархан өртөөнд 14 хоногийн дараа буюу 6 дугаар сарын 14-нд давтан шалгалтанд оруулсан. Шалгалтанд мөн тэнцээгүй тул түүнийг дахин шалгалтад оруулахаар Вагон ашиглалтын депогийн дарга замын шалгалтын комисс руу явуулсан. Уг шалгалтын комисст өгсөн 3 дахь шатны шалгалтанд мөн хангалтгүй үнэлгээ авсан. Тиймээс Удаанжаргалд 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ажлаас халах тухай мэдэгдлийг өгч, хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь хэсгийг үндэслэл болгон 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр цуцалсан. Цалинтай холбоотой тооцоог 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хийж дуусгасан. Мөн Хамтын гэрээний дагуу 2 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Түүний ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтонд шалгалтанд тэнцсэн байх гэсэн шаардлага тавигддаг тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ю.У нь М.О.Х.Н.У.Б.Т.З.Н-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

 

Хариуцагч М.О.Х.Н.У.Б.Т.З.Н-д нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.  

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

 

Нэхэмжлэгч Ю.У нь М.О.Х.Н.У.Б.Т.З.Н-д вагон үзэгчээр 2002 оны 7 дугаар сарын 8-нд ажилд орсон, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Вагон ашиглалтын депогийн Ерөө техник үйлчилгээний газарт 4 дүгээр зэрэгтэй вагон үзэгч-засварчнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан боловч ажил олгогчийн санаачилгаар буюу М.О.Х.Н.У.Б.Т.З.Н-д В ашиглалтын депогийн даргын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 305 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ, ажлаас халсан тушаал зэргээр тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно., 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсонгэжээ.

 

М.О.Х.Н.У.Б.Т.З.Н-ын В ашиглалтын депогийн даргын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 305 дугаар тушаалаар Ерөө техник үйлчилгээний газрын вагон үзэгч-засварчин Ю.У нь 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр мэдлэгийн түвшин тогтоох шалгалтанд, мөн 6 дугаар сарын 14-ний өдрийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалтанд тус тус тэнцээгүй учир 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр өгсөн мэдэгдлийн хугацаа дууссан тул Ю.Утай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан байна.

 

М.О.Х.Н.У.Б.Т.З.Н-ын даргын 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А-55 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар Хөдөлгөөнтэй шууд болон шууд бус холбоотой ажилтнуудаар багц дүрэм, зааврыг судлуулж, шалгалт авах зааврыг, мөн У.Б.Т.З-ын Вашиглалтын депогийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ... тушаалаар техникийн шалгалт авах журам батлах, шалгалт авах комиссын бүрэлдэхүүнийг тус тус баталсан байна. Уг журамтай Ю.У 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр танилцаж гарын үсэг зуржээ.

 

Дээр дурдсан тушаалаар батлагдсан журмын дагуу хөдөлгөөнд шууд болон шууд бусаар холбоотой ажилтнуудаас 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хаврын түвшин тогтоох шалгалтыг комиссын дарга, ерөнхий инженер С.Бэхбаатараар ахлуулсан бүрэлдэхүүн авахад 4 дүгээр зэрэгтэй вагон үзэгч-засварчин Ю.У нь 50 хувьай буюу хангалтгүй гэх үнэлгээг авсан, журмын дагуу 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр дахин шалгалтанд оруулахад 45 хувьтай буюу мөн хангалтгүй гэх үнэлгээг, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шалгалтанд 56.7 хувьтай буюу мөн хангалтгүй гэх үнэлгээг тус тус авсан болох нь Вагон үзэгч-засварчин-н дүнгийн хүснэгтээр тогтоогдож байна.

 

У.Б.Т.З-ын В ашиглалтын депогийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр баталсан 4 дүгээр зэрэгтэй вагон үзэгч-засварчны ажлын байрны тодорхойлолтод мэргэжлийн шалгалт тэнцсэн байхыг тухайн ажлын байранд тавигдах шаардлагад хамааруулжээ. Мөн депогийн 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 225 дугаар тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 7.8.1-д Ажилтны Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлнө. гэжээ.

 

Иймд У.Б.Т.З-ын В ашиглалтын депогийн даргын 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Ерөө техник үйлчилгээний газрын вагон үзэгч, засварчин Ю.У нь 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр мэдлэгийн түвшин тогтоох шалгалтанд, мөн 6 дугаар сарын 14-ний өдрийн мэдлэгийн түвшин тогтоох шалгалтанд тус тус тэнцээгүй учир 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр өгсөн мэдэгдлийн хугацаа дууссан тул Ю.Утай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан 305 дугаар тушаалыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул У.Б.Т.З-ын В ашиглалтын депогийн Ерөө техник үйлчилгээний газрын вагон үзэгч-засварчны ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Ю.Уын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР