Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 331

 

Ю.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/03176 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ю.У-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.У-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2002 оны 7 дугаар сард Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт ажилд орсон. Энэ байгууллагад нийт 15 жил 6 cap ажилласан. 2014 оны 10 дугаар сард “Ерөө” өртөө рүү шилжээд 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ажилласан. 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “Ерөө” техник үйлчилгээний газарт явагдсан хаврын техникийн шалгалтаар хангалтгүй үнэлгээ үзүүлсэн гэж дүгнэсэн учир Дархан өртөөнд 14 хоногийн дараа буюу мөн оны 6 дугаар сарын 14-ний өдөр давтан шалгалтыг өгсөн боловч мөн хангалтгүй үнэлгээ авсан гэж үзсэн вагон ашиглалтын депогийн дарга н.Наранбат намайг маргааш нь буюу 15-ны өдөр Улаанбаатар хотод шалгалт өг гэхээр нь дахин шалгалт өгөөд тэнцээгүй. Тухайн үед шалгалт авч байсан н.Баярмаа гэх хүн намайг “чи хэл ам хийж явахаар юмаа уншиж байхад яадаг юм” гэж сэтгэл санааны дарамтанд оруулж, шалгалтыг зохих журмын дагуу аваагүй. Ингээд шалгалтын дүн 54 хувьд хүрээгүй гэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ажилдаа эргээд орох хүсэлтэй байна. Би өдийг хүртэл ажиллахдаа ямар нэг алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй. Миний ажиллаж байсан байдлыг үнэлээгүй байж шалгалтанд л унасан гэж ажлаас халсанд нь гомдолтой байна. Иймд намайг вагон үзэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ю.У- нь Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт вагон үзэгчээр 2002 оны 7 дугаар сарын 08-нд ажилд орсон. 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл вагон ашиглалтын депогийн “Ерөө” техник үйлчилгээний газарт вагон үзэгч 4 дүгээр зэрэгтэйгээр ажиллаж байсан. Тус нийгэмлэгийн даргын 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А-55 тушаалаар гал тэрэгний хөдөлгөөнтэй шууд болон шууд бус холбоотой ажилтнуудаас мэдлэгийн түвшин тогтоох шалгалтыг авч байх журмыг баталсан. Уг журмын дагуу жил бүр галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой алба, хэлтсийн ажилтнуудаас шалгалт авдаг. Дээрх журмын дагуу 2017 оны 4 дүгээр сарын 24-ний Вагон ашиглалтын депогийн даргын 150 тоот тушаал гарч Техникийн шалгалт авах журам батлан, шалгалтын комисс томилогдсон. Тушаалын нэгдүгээр хавсралтаар вагон ашиглалтын депогийн даргын 2017 оны хаврын техникийн шалгалт авах журмыг баталсан. Шалгалт авах тухай мэдэгдлийг ажилчдад сарын өмнө буюу 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр танилцуулж, журам заавартай танилцуулж, гарын үсэг зуруулсан. Улмаар шалгалтыг 2017 оны 5 дугаар сарын 28-нд “Ерөө” техник үйлчилгээний газарт авсан бөгөөд Ю.У- нь шалгалтад 32 оноо буюу хангалтгүй үнэлгээ авсан. Шалгалт авах журмын 2.6-д заасны дагуу түүнийг Дархан өртөөнд 14 хоногийн дараа давтан шалгалтанд оруулсан. Шалгалтанд мөн тэнцээгүй тул түүнийг дахин шалгалтад оруулахаар Вагон ашиглалтын депогийн дарга замын шалгалтын комисс руу явуулсан. Уг шалгалтын комисст өгсөн 3 дахь шатны шалгалтанд мөн хангалтгүй үнэлгээ авсан. Тиймээс Ю.У-д 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ажлаас халах тухай мэдэгдлийг өгч, хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсгийг үндэслэл болгон 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр цуцалсан. Цалинтай холбоотой тооцоог 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хийж дуусгасан. Мөн Хамтын гэрзэний дагуу 2 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Түүний ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтонд “шалгалтанд тэнцсэн байх” гэсэн шаардлага тавигддаг тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Улаанбаатар төмөр замын Вагон ашиглалтын депогийн “Ерөө” техник үйлчилгээний газрын вагон үзэгч-засварчины ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Ю.У-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 03176 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би анхан шатны шүүхийг хэрэгт цугларсан нотлох баримтыг дутуу үнэлж шийдвэрээ гаргалаа гэж үзэж байна. Ю.У би Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр замын нийгэмлэгт 2002 оноос хойш 15 жил тасралтгүй вагон үзэгч-засварчинаар ажиллаж байгаад 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Байгууллагын зүгээс намайг ажилчдын түвшин тогтоох шалгалтад хангалтгүй оноо авсан гэж дүгнэсэнтэй би санал нийлэхгүй байгаа юм. Учир нь би жил бүр хаврын энэхүү шалгалтыг өгдөг байсан бөгөөд бүгдэд нь тэнцэж ажил үүргээ хэвийн гүйцэтгэсээр ирсэн боловч энэ удаагийнх дээр намайг унагаасан нь цаанаа өөр зорилго агуулгатай байсныг шүүх анзааралгүй орхигдуулсанд нь гомдолтой байна. Миний ажиллаж байсан ажлын байранд “Ерөө” өртөөгийн Техник үйлчилгээний газрын дарга А.О-ын дүү болох Б.Б жинхэлж орсон. Энэ Б.Б гэх хүн нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтан н.Түмэнжаргалын оронд ажиллаж байгаад н.Т-ыг ажилдаа орох гэхэд нь “чи нэг cap хүлээчих, миний асуудал шийдэгдэж би жинхлэх гэж байгаа бүр болохгүй бол чамд нэг сарын чинь цалинг хувиасаа өгч байя” гээд өгсийг н.Т авснаа надад хэлсэн бөгөөд ийм зүйл яриад явж байхдаа аль хэдийн намайг ажилгүй болох гэж байгааг мэдсэн байсан байна. Тэгэхээр ажил үүргээ олон жил хэвийн гүйцэтгэж ирсэн намайг зохион байгуулалттайгаар энэхүү шалгалтуудад унагаасан гэж үзэж би шүүхэд гомдол гаргасан болно.

Мөн энэхүү түвшин тогтоох шалгалт нь бичгийн хэсэг, ярилцлага гэсэн 2 хэсгээс бүрддэг бөгөөд намайг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Учир нь манай энэхүү шалгалтын 15 оноо нь л тест буюу компьютероор үнэлэгддэг бусад 85 оноо нь ур чадвар болон ярилцлагаар авагддаг тул энэхүү шалгалтын дүнг гаргахад шалгалт авч байгаа хүмүүсийн өөрсдийн үзэмжээр хандан дүгнэх боломжийг бүрдүүлсэн нь миний шалгалтын дүнг гаргахад шалгалт авч байгаа хүмүүс өөрсдийн үзэмжээр хандан дүгнэх боломжийг бүрдүүлсэн нь шалгалтын оноонд нөлөөлсөн гэж үзэж байна. Учир нь шалгалтын комиссын гишүүн н.Баярмаа, н.Баярцэцэг нь шалгалт авах үеэр намайг хэл амаар доромжилж, загнаж, хэл ам хийж байхаар шалгалтаа сайн өг, ер нь танаас шалгалт авах алба байхгүй, унагаачиж болно гэсэн агуулгатай зүйл хэлж байсан нь надад сэтгэл санааны хүнд цохилт болж байсныг би хэлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдуулан нэхэмжлэгч Ю.У- гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргаж байна.

 

Ажил олгогчийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 305 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, Төмөр замын тээврийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Улаанбаатар төмөр замын Вагон ашиглалтын депогийн хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.9, Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг, Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны 2016-2017 оны хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.14 дэх заалт, тус депогийн шалгалтын комиссын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтийг тус тус баримтлан Ю.У-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүнийг Ерөө техник үйлчилгээний газрын вагон үзэгч засварчины үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хэргийн 99 дүгээр тал/

 

Улаанбаатар төмөр замын Вагон ашиглалтын депогийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр баталсан 4 дүгээр зэрэгтэй вагон үзэгч-засварчны ажлын байрны тодорхойлолтод мэргэжлийн шалгалтад тэнцсэн байхыг тухайн ажлын байранд тавигдах шаардлагад хамааруулсан байх ба мөн депогийн 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 225 дугаар тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 7.8.1-д “Ажилтны Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлнө.” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “Хөдөлмөрийн гэрээг ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.” гэж тус тус заасан байна. /хэргийн 17-18, 23 дугаар тал/

 

 Мөн хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн А-55 дугаар тушаалаар Шалгалт авах заавар, уг тушаалын нэгдүгээр хавсралтын 15-д “...вагон үзэгч... жилд 1 удаа шалгалт өгөх”-өөр, мөн гуравдугаар хавсралтаар Хөдөлгөөнтэй шууд болон шууд бус холбоотой ажилтнуудаар багц дүрэм, зааврыг судлуулж, шалгалт авах зааврыг, мөн Улаанбаатар төмөр замын Вагон ашиглалтын депогийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 150 дугаар тушаалаар техникийн шалгалт авах журам батлах, шалгалт авах комиссын бүрэлдэхүүнийг тус тус баталжээ. Нэхэмжлэгч Ю.У- дээрх журамтай 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр танилцаж гарын үсэг зурсан байна. Тус журмаар шалгалтыг амаар, бичгээр авах ба шалгалтын оноог хэрхэн дүгнэх болон нийт 60-аас дээш оноо аваагүй тохиолдолд хангалтгүй гэж үнэлж, ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөхөөр зохицуулжээ. /хэргийн 28, 35-3, 41 дүгээр тал/

 

Дээр дурдсан тушаалаар батлагдсан журмын дагуу хөдөлгөөнд шууд болон шууд бусаар холбоотой ажилтнуудаас 2017 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хаврын түвшин тогтоох шалгалтыг комиссын дарга, ерөнхий инженер С.Бэхбаатараар ахлуулсан бүрэлдэхүүн авахад 4 дүгээр зэрэгтэй вагон үзэгч-засварчин Ю.У- нь 50 хувьтай  буюу хангалтгүй үнэлгээг авсан тул журмын дагуу 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр дахин шалгалт авахад 45 хувьтай буюу хангалтгүй гэх үнэлгээг, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шалгалтанд 56.7 хувьтай буюу хангалтгүй гэх үнэлгээг тус тус авсан болох нь шалгалтын материал, дүнгийн хүснэгт, өөрийнх нь тухайн үед ажил олгогчид өгсөн тайлбар зэргээр тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон цуцалсныг хууль зөрчөөгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 43, 53, 59 дүгээр тал/

 

Хариуцагч байгууллага нь өөрийн ажилтануудаас жил бүр ажил мэргэжлийн шалгалт авдаг болохыг нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалд зааснаас өөр үндэслэл, шалтгаанаар ажил олгогч үүрэгт ажлаас чөлөөлж, ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд ажилтаныг ажлаас чөлөөлсөн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасантай нийцжээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр ажил олгогчийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 305 дугаар тушаалаар Ю.У-ыг вагон үзэгч засварчины үүрэгт ажлаас чөлөөлснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/03176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ю.У-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                              ШҮҮГЧИД                                        Д.ЦОГТСАЙХАН   

                   

                                                                                                     С.ЭНХТӨР