Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2021/03098

 

2021 оны 11 сарын 24 өдөр                          Дугаар 102/ШШ2021/03098                      Улаанбаатар хот

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** овогт ***гийн Б /РД:***/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *** тоотод оршин суух, *** овогт ***н У /РД:***/-д холбогдох,

 

*** тоот “Худалдах-худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/”-г цуцалж, байрыг албадан чөлөөлүүлэх, алданги болон гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд нийт 27,218,261 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Оюумаа, хариуцагч Б.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Я.Б нь Б.У тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр би өөрийн өмчлөлийн эрхийн улсын Ү дугаарт бүртгэлтэй, Б тоот хаягт байршилтай, 69 м2 талбайтай 2 өрөө орон сууцыг 103,000,000 төгрөгөөр хариуцагч Б.У д худалдахаар болсон. Ийнхүү худалдахдаа байрны ус, цахилгаан, СӨХ-ны төлбөр тооцоогүй. Тухайн байрыг худалдаж байхад байр 1 дүгээр хороололд хамрагдаж байсан ба одоо өөрчлөгдөж 24 дүгээр хороо болсон. Гэрээний дагуу худалдан авагч нь урьдчилгаа болгож 36,000,000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төлсөн. Харин үлдэгдэл 67,000,000 төгрөгийн 60,000,000 төгрөгийг 2020 ондоо багтааж, 7,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус тус төлж барагдуулахаар тохирсон. Мөн гэрээнд дурдсан хугацаанд төлбөрийг төлж барагдуулахгүй нөхцөлд гэрээний 6.5-д зааснаар урьдчилгаа болгож өгсөн 36,000,000 төгрөгийг буцааж олгохгүй нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Гэвч хариуцагч нь тохирсон ёсоор үлдэгдэл төлбөрөө одоог хүртэл төлөөгүй. Бид гэрээний үүргээ биелүүлэх, мөн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах талаар удаа дараа хэлсэн. Гэвч төлбөрийг төлж барагдуулахгүйгээр барахгүй, байрны ус, цахилгаан, СӨХ-ны төлбөрийг ч төлөхгүй хохироож байна. Биднийг мөнгөө шаардахад эхэндээ “...би удахгүй төлнө” гэж байсан ч сүүлдээ “...чаддаг юм бол шүүх, цагдаагаараа яваад ав” гэж хэлэх болсон. Би өөрийн байрыг хурдан зараад цаашаа шууд шинэ байр авахаар төлөвлөж байсан ч хариуцагчаас шалтгаалж байраа авч чадаагүй. Энэ хугацаанд байр, орон сууцны үнэ ихээр өссөн. Ийм байдлаар бид байр зарсан мөнгөө ч авч чадахгүй, шинээр ч байр авч чадахгүй, байраа өөрсдөө ч ашиглаж чадалгүй  маш ихээр хохирч байна. Ийм байдлаар хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргийн дийлэнх хэсгийг удаан хугацаанд биелүүлэхгүй байсан учраас би шүүхэд дараах шаардлагыг гарган шүүхэд хандсан. Үүнд:

1/ *** тоот “Худалдах-худалдан авах гэрээ”-г цуцалж, байрыг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлүүлнэ.

2/ Талуудын байгуулсан гэрээний 3.5-д зааснаар гүйцэтгээгүй үүрэг буюу өгөөгүй, гүйцэтгээгүй үнийн дүн 67,000,000 төгрөгөөс 0.2 хувийн алдангийг төлөөгүй хэтрүүлсэн хугацаа болох 222 хоногоор тооцож 26,640,000 төгрөг нэхэмжилнэ.

3/ Талуудын байгуулсан гэрээний 5.1, 5.2-т зааснаар худалдан авах тал гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол болох 2020 оны 7 дугаар сараас 2021 оны 7 сар дуустал хугацаанд төлөгдөөгүй СӨХ, дулаан, цахилгаан кабель, интернетийн төлбөр болох нийт 578,261 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн хариуцагч нь төлбөрөө одоо болтол төлөөгүй байгаа учраас гэрээний 6.5-д зааснаар урьдчилгаанд өгсөн 36,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талаас хариуцагчид буцааж төлөхгүй. Учир нь хариуцагч нь байрыг худалдан авснаас хойш байрыг үнэгүй ашиглаж, түрээсийн төлбөрөө хэмнэж байсан. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.У нь 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр иргэн Я.Б тэй  худалдах-худалдан авах гэрээ байгуулж түүний байрыг худалдан авахаар болсон. Уг байр нь Б тоот хаягт байршилтай, Ү тоот улсын бүртгэлийн дугаартай, 69м2 талбайтай 2 өрөө байр байсан бөгөөд 103,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Гэрээний дагуу 2020 ондоо багтааж 60,000,000 төгрөг өгөх, үүнээс урьдчилгаанд 36,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл 24,000,000 төгрөгийг 2020 ондоо багтааж өгөх, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөрт багтааж 43,000,000 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Уг гэрээг байгуулахад миний бие Б.У төрсөн дүү Б.Н , Я.Б түүний нөхөр мөн нотариатч О.А байлцсан. Гэвч Я. Б нь илт шүүхийг хуурч гэрээний ерөнхий үнийн дүнтэй заалтыг ашиглан 24,000,000 төгрөгийг 60,000,000 төгрөг гэж залилах шинж чанартай нэхэмжлэл гаргасанд миний бие гомдолтой байна. Би 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл /нэмэлтээр 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэрээг сунгасан/ “New Ulaanbaatar international airport” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж, үүнээс олох ашгаасаа Я.Б т 2020 ондоо өгөх 24,000,000 төгрөгийг өгөхөөр ярилцан тохиролцож байсан ч 2020 оны 11 дүгээр сард цар тахлаас болж хөл хорио тогтоосон нь 2 талд аль алинд нь нөлөөлж ажил зогсолтод орсон тул 2 тал аман гэрээ байгуулж явсаар 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нэмэлт гэрээ байгуулсан. Гэвч хөл хорио үргэлжилж 2021 оны 5 дугаар сарын 08-нд хөл хорио тавигдаж ажил эхэлсэн ч захиалагч талын хүсэлтээр 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хүлээж захиалгаа авч ажил эхэлсэн. Үүнээс хойш ажил эхэлж хил гаалиас болж бараа материал саатсан ч 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ажлаа бүрэн хүлээлгэн өгч дуусаад байна. Нэхэмжлэгч Я.Б тэй 2020 оны 11 дүгээр сарын хөл хорионоос хойш утсаар тогтмол ярьж нөхцөл байдлыг ярилцан тохиролцож 7 сар хүртэл явсан ч 7 дугаар сараас эхэлж хил гаалиас болж барилгын материалын үнэ нэмэгдсэнээс болж байрны үнэ нэмэгдсэн нь Я.Б гэнэт байраа буцааж авах гэсэн сэдэл болсон гэж ойлгогдож байна. Үүнээс хойш хэд хэдэн удаагийн уулзалт яриагаар 2021 оны 8 дугаар сард 2 тал тохиролцон 9 сард ажлаа дуусгаж 24,000,000 сая төгрөгийг өгөх, үлдэгдэл 43,000,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сар хүртэл сунгахаар тохиролцон аман гэрээ байгуулсан. Харамсалтай нь нэхэмжлэгч 7 хоногийн дараа тохиролцооноосоо буцаж “...байраа авмаар байна” гэж удаа дараа ярьж хэл амаар доромжилж ойлголцох аргагүй байдалд хүрсэн нь намайг “хуулиар, шүүхээр явъя” гэсэн ярихад хүргэсэн. Үүссэн нөхцөл байдал маань давагдашгүй хүчин зүйл болон хөл хорио цар тахлаас болж гэрээний үүргээ биелүүлж чадаагүй талаарх холбогдох баримт бичгийг шүүхэд гаргаж өгсөн. Миний хувьд гэрээг дуусгавар болгох сонирхолгүй байгаа бөгөөд 2022 оны 6 дугаар сар гэхэд үлдэх бүх төлбөрөө төлж дуусгамаар байна. Нэхэмжлэл дээр нэмэлтээр байгаа дулаан, цахилгаан, кабель, интернэт нь тухайн сарын гарсан төлбөрийг хавсаргасан байсан 2021 оны 9 дүгээр сарын 14-ний байдлаар төлбөрийн үлдэгдэлгүй болно. Мөн СӨХ-ны төлбөрийн хувьд 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлсөн төлбөрийг төлөөгүй байна гэдэг шалтгаанаар маргаан үүсэж нэмж төлбөр төлөгдөөгүй байсан ч 2021 оны 8 дугаар сард 2 тал хуулгаа шалган баталгаажуулж төлбөрөөсөө хасуулж одоогоор СӨХ нь өр төлбөргүй болсон. Нэгэнт гэрээ дуусах хугацаа болоогүй, мөн төлбөрийг хувааж төлөх үүрэгтэй байсан ба би гэрээний үүргийн дийлэнх хэсгийг биелүүлсэн, одоо ч төлөхөд бэлэн байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэв гэрээ цуцлагдаад дуусах юм бол би урьдчилгаанд өгсөн 36,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талаас буцаан гаргуулж авна гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Я.Б болон Б.У нар *** тоот “Худалдах-худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/” байгуулжээ. Уг гэрээгээр Я.Б нь Б.У д эрхийн улсын Ү дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 69.22м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 103,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохирчээ. 

 

Дээрх гэрээний дагуу Б.У нь Я.Б т 36,000,000 төгрөгийг урьдчилгаанд төлж, талууд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн ба хариуцагчийн зүгээс дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр өөрийн эзэмшилдээ авсан талаараа маргаангүй байна /хх5-7 хуудас/.

 

2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Я.Б нь хариуцагч Б.У д холбогдуулж дараах шаардлагуудыг гарган шүүхэд хандсан. Үүнд:

1/ *** тоот “Худалдах-худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/”-г цуцалж, байрыг албадан чөлөөлүүлэх;

2/ *** тоот “Худалдах-худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/”-ний 3.5-д зааснаар алдангид 26,640,000 төгрөг гаргуулах;

3/ 2020 оны 7 дугаар сараас 2021 оны 7 дугаар сар дуустал хугацаанд төлөгдөөгүй СӨХ, дулаан, цахилгаан кабель, интернетийн төлбөрт 578,261 төгрөг гаргуулах.

 

Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн тайлбартай харьцуулан судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах байдлаар хангаж шийдвэрлэв.

 

Нэг. *** тоот “Худалдах-худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/”-г цуцалж, байрыг албадан чөлөөлүүлэх:

 

Нэхэмжлэгч дээрх шаардлагын үндэслэлээ “...хариуцагч тохирсон хугацаанд төлбөрөө төлөөгүй хэтэрхий удсан учир гэрээг цуцалж, байрыг албадан чөлөөлүүлнэ” гэж тайлбарлаж байна. 

 

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа татгалзлаа “...гэрээ дуусах хугацаа болоогүй, мөн төлбөрийг хувааж төлөх үүрэгтэй байсан, ...гэрээний үүргийн дийлэнх хэсгийг биелүүлсэн” гэсэн агуулгаар тайлбарласан.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.

 

Харин хоёр талын гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээний нэг тал зөрчсөн, нэмэлт хугацаа тогтоосон хэдий ч үр дүн гараагүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй болохыг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан ба мөн зүйлийн 225.5-д “Гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй” гэжээ.

 

*** тоот “Худалдах-худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/”-ний 6.5-д “...урьдчилгаа төлбөр 36,000,000 төгрөгийг дансаар төлсөн, үлдэгдэл төлбөрийг хувааж төлнө. 2020 онд багтааж 60,000,000 төгрөгийг төлж, бусад төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 31-нд багтааж төлнө. Гэрээг цуцлахгүй нөхцөлтэй. Гэрээг цуцалсан тохиолдолд урьдчилгаа төлбөрийг буцаан олгохгүй” гэжээ.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна”, 198.2-т “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэжээ. Зохигчийн тайлбарыг талуудын байгуулсан гэрээний агуулгатай харьцуулан үзэхэд хариуцагч нь 2020 онд багтааж нийт 60,000,000 төгрөгийг төлөх, үлдэгдэл 43,000,000 төгрөгийг 2021 онд багтаан төлөхөөр тус тус тохиролцсон гэж үзэхээр байна.

 

Гэтэл хариуцагч Б.У нь 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр урьдчилгаа төлбөрт 36,000,000 төгрөг төлснөөс хойш 2021 оны 8 дугаар сарын байдлаар буюу нэхэмжлэгчийг шүүхэд хандах хүртэл хугацаанд өөр төлбөр төлөөгүй байна.  

 

Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.5 дахь хэсгүүдэд заасан гэрээнээс татгалзах урьдчилсан нөхцөл хангагдсан гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч Б.Ууган-Эрдэнийн эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр шийдвэрлэнэ.   

   

Дээр дурдсанчлан *** тоот “Худалдах-худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/”-ний 5.2-т “Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг зөрчсөн тал хариуцна”, 6.5-д “...Гэрээг цуцалсан тохиолдолд урьдчилгаа төлбөрийг буцаан олгохгүй” гэжээ.

 

Гэрээний дээрх нөхцлийн агуулга болон зохигчийн тайлбаруудыг харьцуулан судлахад нэхэмжлэгч болон хариуцагч талууд нэг талын буруугаас гэрээ цуцлагдсан тохиолдолд учирсан хохирлын хэмжээг хэрхэн тооцох талаар урьдчилан тохиролцсон гэж үзэхээр байна. Иймд хариуцагчаас урьдчилж өгсөн 36,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид хэвээр үлдээнэ. 

 

Түүнчлэн *** тоот “Худалдах-худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/”-г цуцлах тухай шаардлага нь байр чөлөөлүүлэх шаардлагын үндэслэл байх тул тусгайлан шийдвэрлээгүй болно.

 

Хоёр. 2020 оны 7 дугаар сараас 2021 оны 7 сар дуустал хугацаанд төлөгдөөгүй СӨХ, дулаан, цахилгаан кабель, интернетийн төлбөрт 578,261 төгрөг гаргуулах:

 

Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...хариуцагч нь 2020 оны 7 дугаар сараас 2021 оны 7 дугаар сар дуустал хугацаанд СӨХ, дулаан, цахилгаан кабель, интернетийн төлбөр болох 578,261 төгрөгийг төлөөгүй. Иймд талуудын байгуулсан гэрээний 5.1, 5.2-т зааснаар уг мөнгийг гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд тооцуулан гаргуулж авна” гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээг дуусгавар болгосонтой холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, харин хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдсон байх учиртай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хэргийн оролцогч өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар хэргийн оролцогчид бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх үүрэгтэйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.

 

Нэхэмжлэгчийн зүгээс 578,261 төгрөгийн шаардлагаа нотлох гэж өгсөн баримт нь дээр дурдсан хуулийн шаардлагад нийцээгүй, шүүхэд өөр ямар нэг баримт гаргаж өгөөгүй болно. Иймд 2020 оны 7 дугаар сараас 2021 оны 7 сар дуустал хугацаанд төлөгдөөгүй СӨХ, дулаан, цахилгаан кабель, интернетийн төлбөрт 578,261 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгов. 

 

Гурав. Алданги 26,640,000 төгрөг гаргуулах:

 

Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “...Талуудын байгуулсан гэрээний 3.5-д зааснаар гүйцэтгээгүй үүрэг буюу өгөөгүй үнийн дүнгийн 0.2 хувийн алданги 26,640,000 төгрөг нэхэмжилнэ. Төлөөгүй хэтрүүлсэн хугацаа нь 222 хоног болж байгаа” гэжээ.  

 

Хариуцагчаас гэрээний хариуцлага буюу алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхив. Учир нь нэхэмжлэгч *** тоот “Худалдах-худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/”-г нэг талын санаачилгаар дуусгавар болгосон буюу цуцалж шүүхэд хандсан. Иймд аливаа гэрээний хариуцлага буюу талуудын байгуулсан гэрээний 3.5 дахь хэсэгт заасан алдангийг шаардах эрхгүй. 

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан эрхийн улсын Ү дугаарт бүртгэлтэй, *** тоот хаягт байршилтай, 69.22м2 талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.Ууган-Эрдэнийн эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас 27,218,261 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364,241 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У эс 294,041 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Б т олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                               Н.ХАНГАЛ