Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2022/00256

 

 

 

 

 

 

 

 

 

Я.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/03098 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Я.Б-,

Хариуцагч Б.У-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээг цуцалж, орон сууц албадан чөлөөлүүлэх, алданги болон гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд нийт 27,218,261 төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Я.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баттөмөр, хариуцагч Б.У-, хариуцагчийн өмгөөлөгч А.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие Я.Б- нь Б.У-тэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба уг гэрээгээр өөрийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205044200 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 10 дугаар байрны 88 тоот хаягт байршилтай, 69 м.кв талбай, 2 өрөө орон сууцыг 103,000,000 төгрөгөөр Б.У-д худалдахаар болсон.

Гэрээний дагуу худалдан авагч нь урьдчилгаа болгож 36,000,000 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төлсөн. Харин үлдэгдэл 60,000,000 төгрөгийг 2020 онд 7,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тус тус төлж барагдуулахаар тохирсон. Мөн гэрээнд дурдсан хугацаанд төлбөрийг төлж барагдуулахгүй нөхцөлд гэрээний 6.5-д зааснаар урьдчилгаа болгож өгсөн 36,000,000 төгрөгийг буцааж олгохгүй нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан. Бид гэрээний үүргээ биелүүлэх, мөн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах талаар удаа дараа хэлсэн. Гэвч төлбөрийг төлж барагдуулахгүй, байрны ус, цахилгаан, СӨХ-ны төлбөрийг төлөхгүй хохироож байна.

Иймд 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг цуцалж, орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлж, гэрээний 3.5-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 67,000,000 төгрөгөөс 0.2 хувийн алдангийг төлөөгүй хэтрүүлсэн хугацаа болох 222 хоногоор тооцож 26,640,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Түүнээс гадна талуудын байгуулсан гэрээний 5.1, 5.2-т зааснаар худалдан авах тал гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол болох 2020 оны 07 дугаар сараас 2021 оны 07 сар дуустал хугацаанд төлөгдөөгүй СӨХ, дулаан, цахилгаан, кабель, интернетийн төлбөр болох нийт 578,261 төгрөгийг нэхэмжилнэ.

Мөн хариуцагч нь төлбөрөө одоо болтол төлөөгүй байгаа учраас гэрээний 6.5-д зааснаар урьдчилгаанд өгсөн 36,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талаас хариуцагчид буцааж төлөхгүй. Учир нь хариуцагч нь байрыг худалдан авснаас хойш байрыг үнэгүй ашиглаж, түрээсийн төлбөрөө хэмнэж байсан. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие Б.У- нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Я.Б-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж түүний орон сууцыг 103,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон.

Гэрээгээр 36,000,000 төгрөгийг урьдчилгаанд өгч, үлдэгдэл 24,000,000 төгрөгийг 2020 онд багтааж өгөх, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөрт багтааж үлдэх 43,000,000 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцсон.

Гэрээний хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл гэрээг сунгасан.

2020 оны 11 дүгээр сард цар тахлаас болж хөл хорио тогтоосон нь нөлөөлж, ажил зогсолтод орсон тул талууд аман гэрээ байгуулж, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нэмэлт гэрээ байгуулсан. Гэвч хөл хорио үргэлжилсэн. 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс ажил эхэлсэн.

Нэхэмжлэгч Я.Б-тэй 2020 оны 11 дүгээр сарын хөл хорионоос хойш утсаар тогтмол ярьж нөхцөл байдлыг ярилцан тохиролцож 2021 оны 7 сар хүргэсэн боловч үүнээс хойш хэд хэдэн удаагийн уулзалт яриагаар 2021 оны 08 дугаар сард 2 тал тохиролцон 9 сард 24,000,000 төгрөгийг өгөх, үлдэгдэл 43,000,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сар хүртэл сунгахаар тохиролцон аман гэрээ байгуулсан.

Үүссэн нөхцөл байдал маань давагдашгүй хүчин зүйл болох хөл хорио цар тахлаас болж гэрээний үүргээ биелүүлж чадаагүй талаарх холбогдох баримт бичгийг шүүхэд гаргаж өгсөн. Миний хувьд гэрээг дуусгавар болгох сонирхолгүй байгаа бөгөөд 2022 оны 06 дугаар сар гэхэд үлдэх бүх төлбөрөө төлж дуусгамаар байна. Нэхэмжлэл дээр нэмэлтээр байгаа дулаан, цахилгаан, кабель, интернет нь тухайн сарын гарсан төлбөрийг хавсаргасан ч 2021 оны 09 дүгээр сарын 14-ний байдлаар төлбөрийн үлдэгдэлгүй болно. СӨХ-д өр төлбөргүй болсон.

Нэгэнт гэрээ дуусах хугацаа болоогүй, мөн төлбөрийг хувааж төлөх үүрэгтэй байсан ба гэрээний үүргийн дийлэнх хэсгийг биелүүлсэн, одоо ч төлөхөд бэлэн байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэв гэрээ цуцлагдаад дуусах юм бол би урьдчилгаанд өгсөн 36,000,000 төгрөгийг нэхэмжлэгч талаас буцаан гаргуулж авна гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан эрхийн улсын Ү-2205044200 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 10 дугаар байрны 88 тоот хаягт байршилтай, 69.22 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Б.Ууган-Эрдэнийн эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас 27,218,261 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 364,241 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У-эс 294,041 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Б-т олгож шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

4.1  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас харахад нэхэмжлэгч гэрээг цуцлах эсхүл татгалзаж байгаа эсхүл хугацаандаа үүрэг гүйцэтгээгүйтэй холбоотой алданги шаардаж байгаа эсэх нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй байхад шүүхийн зүгээс гэрээ цуцлах болон гэрээнээс татгалзах зохицуулалтыг хольж буруу тайлбарлан хэрэглэсэн.

Хэрэв гэрээг цуцлах шаардлага байгаа бол ямар үндэслэл, журмаар гэрээг цуцлах асуудлыг шүүх шийдэх ёстой байсан. Гэрээ цуцалсны дараагаар хариуцагч намайг орон байрнаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдэх ёстой байсан.

Нөгөө талаар шүүхээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 заасныг баримталж шийдэж байгаа бол гэрээнээс татгалзсантай холбоотойгоор гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар харилцан буцаах үүрэгтэй байхаар хуульчилсан ба тус зүйлийг хэрэглэснээс үүсэх үр дагаврыг хуульд зааснаар шийдвэрлээгүй орхигдуулах буюу буруу тайлбарлан хэрэглэж орон сууцны урьдчилгаанд төлсөн 36,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид үлдээхээр шийдсэн байна.

Дээр дурдсаны дагуу шүүхээс Б.У-д гэрээ цуцлах талаар мэдэгдэл өгөх буюу мэдэгдэж байгаагүй. Харин гэрээг сунгаад явж байсан талаар талууд мэдүүлдэг. Гэтэл шүүхээс үр дүн гараагүй бол гэрээнээс татгалзах эрхтэй, гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй гэх зэргээр хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

4.2 Нотлох баримтыг буруу үнэлж, шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг буруу тогтоосон. Гэрээнээс татгалзаж байгаа талаар үүрэг гүйцэтгэгчид огт мэдэгдээгүй, 2020 онд төлөх үүргийн үлдэгдэл 24,000,000 төгрөгийг 2021 оны 09 сард төлж гэрээний үндсэн хугацаагаа 6 сараар сунгахаар харилцан тохиролцсон гэдэг ба уг үүргээ хэрхэн гүйцэтгэх, хугацаа хоцорсон талаараа нэхэмжлэгч болон түүний нөхөрт өөрийн компанийн ажилтнуудын өвлийн хувцас бэлтгэн нийлүүлэх гэрээ, уг гэрээний сунгалт нэмэлт өөрчлөлтийг үзүүлсэн байдаг ба уг гэрээ хэрэгт хавсаргаж өгсөн.

Эндээс харахад миний зүгээс хугацаа хэтэрсэн нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан ба гэрээ сунгах үед 2020 оны 09 дүгээр сарын 24,000,000 төгрөгийг гүйцэтгэл шилжиж орсон байсан талаар баримт, уг төлбөрийг шилжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байсан.

Нэхэмжлэгчийн зүгээс ч шүүх хуралдааны явцад шүүгчийн асуултад хариулахдаа “би нөхөртэйгээ дахиад 6 сар сунгаад үзэх үү гэж ярилцаад, энэ хүнтэй сунгахаар тохиролцсон байсан. Гэхдээ СӨХ дээр очсон чинь төлбөртэй байхаар нь больсон” гэж мэдүүлдэг ба уг ашиглалтын зардал болон СӨХ-ийн мөнгө төлөөгүй байснаас шалтгаалан 6 сараар сунгасан байсан гэрээнээсээ татгалзсан гэж тайлбарладаг.

СӨХ-ийн мөнгийг гэрээ сунгахаас өмнө төлсөн байсан баримтыг гаргасан ба энэ нь ялимгүй зөрчлөөр шалтгаалж гэрээнээс татгалзсан болохыг нотолж байгаа болно. Талууд гэрээний хугацааг харилцан тохиролцож сунгасан байсан, хэрэг шийдвэрлэх онд буюу 2021 онд гэрээнд заасны дагуу 24,000,000 төгрөгийн үүргийн үлдэгдэл байсныг талууд 2021 оны 9 сард төлөхөөр тохиролцсон. Миний бие 24,000,000 төгрөг төлөхөд бэлэн байгаагаа хэлж мөнгө байршуулсан баримтаа шүүхэд өгсөөр байхад гэрээг талууд харилцан тохиролцож сунгасныхаа дараагаар СӨХ болон ашиглалтын зардлын багахан мөнгөний үлдэгдэлтэй байсныг үндэслэн гэрээнээс татгалзаж байгаа үйл баримт нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т заасан гэрээний үүргийн ялимгүй зөрчил байсан эсэхэд анхан шатны шүүх дүгнэлт хийж чадаагүй.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 5. Нэхэмжлэгч талаас хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол болон хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлаж, хольж хэрэглэсэн гэдэг үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй. Өөрөөр хэлбэл, гэрээ цуцлах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх нь хуулиараа нээлттэй, нэгэнт худалдан авагч нь гэрээний үүргээ зөрчсөн тул цуцлах байдлаар худалдах, худалдан авах гэрээний харилцааг дуусгавар болгохоор нэхэмжлэл гаргасан. Түүнийг анхан шатны шүүх цуцлах зохицуулалт үүргийн нийтлэг үндэслэлд байхгүй байна гээд хэргийг шийдэхгүй байж болохгүй.

Мөн анхан шатны шүүх хүүлийг тусгайлсан зохицуулалт байсаар байтал хэрэглээгүй бол өөр хэрэг. Энэ тохиолдолд зохицуулалтгүй харилцаанд төсөөтэй хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгээс харвал Иргэний хуулийн 225 дугаар зүйлийг удирдлага болгосон. Худалдах, худалдан авах гэрээ нь хоёр талын гэрээ. Энэхүү хоёр талын гэрээний үүргийг худалдан авагч тал зөрчсөн. Тиймээс энэхүү зохицуулалтыг үндэслэж байгааг буруутгах боломжгүй. Хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн.

Мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.5-д “Гэрээнээс татгалзах үндэслэл ирээдүйд бий болох нь гарцаагүй, илт байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэх хугацаа болохоос өмнө гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан. Худалдан авагч нь 2020 онд төлөх төлбөрөө төлөхгүй гэрээний үүргээ зөрчөөд зогсохгүй, тогтоож өгсөн хугацаанд ч төлж чадаагүй. Өөрөөр хэлбэл 2020 оныхоо төлбөрийг төлж чадаагүй төдийгүй 2021 оны төлбөрийг төлж чадахгүй нь тодорхой байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгчийг шүүхэд хандах үед хуулийн дагуу гэрээ цуцлагдсан байсан гэж дүгнэсэн нь ч зөв. Дахин хийгдэх ямар ч ажиллагаа байхгүй. Хэрвээ давж заалдах шатны шүүх заавал шийдсэн байх ёстой гэж үзсэн ч өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой юм.

Бидний хооронд байгуулагдсан гэрээнд хүндэтгэн үзэх шалтгаан, гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлыг хэрхэх талаар огт зохицуулаагүй байхад харилцан тохиролцсон мэтээр бичиж байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч гэрээний хугацааг сунгасан зүйл байхгүй. Гомдолд СӨХ-ийн мөнгөний талаар дурдаж ялимгүй зөрчил гэжээ. Гэрээг цуцлаад байгаа үндэслэл нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой.

Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж, анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмын дагуу үнэлээгүйгээс үйл баримтыг зөв тогтоогоогүй, улмаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс тус тус залруулах боломжтой тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Я.Б- нь хариуцагч Б.У-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг түүний эзэмшлээс чөлөөлүүлэх, алдангид 26,640,000 төгрөг, хохиролд 578,261 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.а Я.Б- болон Б.У- нар 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Я.Б- нь Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 10 дугаар байрны 88 тоот хаягт байршилтай, 69.22 м.кв талбай бүхий, орон сууцыг Б.Ууган-Эрдэнийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Б.У- нь орон сууцны үнэд 103,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн /хх4-5/, анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

Худалдагч Я.Б- нь орон сууцыг худалдан авагч Б.Ууган-Эрдэнийн эзэмшилд 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн, худалдан авагч нь гэрээний үнэд 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 36,000,000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй.

 

3.б Гэрээний 6.5-д зааснаар Б.У- нь гэрээний үлдэх үнэ 60,000,000 төгрөгийг 2020 онд багтааж, үлдэх төлбөрийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр багтааж төлөхөөр гэрээний төлбөрийн хэмжээ болон хугацааны талаар тохиролцож, тохиролцоо нь ойлгомжтой тодорхойлсон байхад анхан шатны шүүх уг заалтыг ойлгомжгүй гэж дүгнэж Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заанаар тайлбарлаж, хариуцагчийн төлбөр төлөх үүргийг 2020 онд багтааж 60,000,000 төгрөг, үлдэх төлбрөийг 43,000,000 төгрөг гэж буруу тодорхойлж, уг төлбөрийг 2022 онд багтаан төлнө гэж буруу тодорхойлсон байна. Иймд давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулж, талууд урьдчилгаа төлбөрт 36,000,000 төгрөгийн дансаар төлсөн гэж өнгөрсөн цаг дээр тодорхойлсон тул уг 24,000,000 төгрөгийг 2020 онд багтааж төлөх 60,000,000 төгрөгийн үүрэгт оруулан тооцохгүй гэж үзлээ.

 

Хариуцагч төлбөр төлөх хугацаа, хэмжээний талаар талууд харилцан тохиролцож өөрчилснөөр 2021 оны 09 сард 24,000,000 төгрөг төлөхөөр болсон гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.

Бичгээр байгуулсан хэлцэлд өөрчлөлт оруулахдаа мөн хэлбэрийг баримтлах учиртай. Энэ хэлбэрийг баримтлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заанаар хариуцагч нь гэрчээр нотлох эрхээ алджээ.

 

3.в Б.У- нь 2020 онд 60,000,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул худалдагч тал гэрээнээс татгалзахдаа Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар Я.Б- нь үүргийн гүйцэтгэгчид нэмэлт хугацаа тогтоосон байх учиртай.

 

Нэхэмжлэгч төлбөр төлөхийг хариуцагчаас хэд хэдэн удаа шаардаж байсан гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэмэлт хугацаа тогтоосон гэж дүгнэлээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлсэн гэж дүгнэж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хэн алинаасаа авсан зүйлээ харилцан буцааж өгөх талаар зохицуулсныг анхаараагүй, худалдан авагч талаас орон сууц эзэмших эрхийг худалдагч талд буцаасан атлаа худалдагчаас гэрээний үнэд төлөгдсөн мөнгөн хөрөнгийг гаргуулж худалдан авагчид буцаан шийдвэрлээгүй байна.

 

Талууд гэрээний 6.5-д “...гэрээг цуцалсан тохиолдолд урьдчилгаа төлбөрийг буцаан олгохгүй” гэж тохиролцсон шүүх талууд гэрээнээс татгалзсан тохиолдолд учирсан хохирлын хэмжээг талууд урьдчилан тохиролцсон гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт алдаатай болжээ. Учир нь гэрээнээс татгалзсанаас учирсан хохирлыг буруугүй тал нь нөгөө талаасаа шаардах эрхтэй ба энэ тохиолдолд шаардлага гаргаж буй тал нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан өөрт учирсан хохиролоо нотлох үүрэгтэй юм. Энэ үүргээ нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэрэгжүүлээгүй байна.

 

 Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж, Я.Б-ээс орон сууцны үнэд төлөгдсөн 36,000,000 төгрөгийг буцаан гаргуулж Б.У-д олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

4. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.5-д “гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувиар алданги төлнө” гэж тохиролцсон боловч гэрээнээс татгалзаж гэрээ дуусгавар болж буй тохиололд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алданги шаардах эрх мөн Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар салгаж үл болох эрх буюу нэмэгдэл үүргийн хувьд дуусгавар болгох юм. Иймд алдангид 26,640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

 

5. Нэхэмжлэгч нь гэрээний 5.1, 5.2-т заасныг үндэслэн 2020 оны 7 дугаар сараас 2021 оны 7 дугаар сар дуустал хугацаанд СӨХ болон ашиглалтын зардлыг хохиролд тооцон 578,261 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж анхан шатны шүүх дүгнэж, хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй. Учир нь нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичгийн баримт нь эх хувиар эсхүл нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлага хангаагүй байна.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Я.Б-ээс 36,000,000 төгрөгийг гаргуулж Б.У-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/03098 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ болгосугай” гэснийг “болгож, нэхэмжлэгч Я.Б-ээс 36,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.У-д олгосугай” гэж,

2 дахь заалтын “294,041 төгрөгийг” гэснийг “70,200 төгрөгийг” гэж “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэгч Я.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 337,950 төгрөг гаргуулж Б.У-д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 364,241 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

        ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

 

                                                          Э.ЗОЛЗАЯА