Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 165

 

 

 

 

 

 

 

 

 

О.Т, Ө.М- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.О даргалж, шүүгч Ц.И, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/02352 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.Т, Ө.М- нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Л-д холбогдох

 

2 700 000төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.М, О.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Я нар оролцов.

 

Нэхэмжлэгч О.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Т- миний бие Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын аман дахь иргэн Б.Л-гийн хашаа байшинг худалдан авахаар тохиролцон 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдөр урьдчилгаа 25 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Гэвч байшин худалдагч тал үлдэгдэл мөнгийг яаралтай төлөх, өндөр хүү, алданги тооцох хатуу нөхцөл тулгаж, шахамдуулан шаардах болсон тул арга буюу наймаагаа цуцлан, 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр уг хашаа байшинг хүлээлгэн өгч, худалдагч тал урьдчилгаанд авсан 25 000 000 төгрөгийг буцаан өгөхөөр тохиролцсон. Тухайн үед Г.Л- уг мөнгийг сар тутам 2 000 000-3 000 000 төгрөгөөр төлж, 2015 оны эхний улиралд багтаан бүрэн буцааж өгөх болно гэж аман тохиролцоо хийсэн боловч хэлсэндээ хүрэлгүй сунжруулсаар өнөөг хүрлээ. Тэр хамгийн сүүлд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 800 000 төгрөг төлсөн. Б.Л-гийн бидэнд эргүүлэн төлсөн мөнгөний нийт дүн 22 300 000 төгрөг болсон. Б.Л- нь сүүлдээ холбоо барих, тооцоо нийлэхээс зайлсхийн утсаа авахаа больж, холбогдсон тохиолдолд, Мөнгийг чинь өгөх бололцоо алга. Ер нь өгөхгүй байсан ч яадаг юм. Та нар хууль шүүхээр яваад юу ч олж авч чадахгүй” гэхчилэн илт элэг бариж, дээрэлхүү авирлах болсон. Байдал иймдээ тулж, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш огт холбогдохгүй зайлсхийн, мөнгө өгөхгүй болсон тул арга буюу шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Байрны мөнгөний үлдэгдэл 2 700 000 төгрөгийг гаргуулж, өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ө.М- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд бичсэн бүх зүйл үнэн бодитой юм. Г.Л- гэх хүнээс хашаа байшин худалдаж авахаар болж, 2014 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 25 000 000 төгрөг бэлнээр өгсөн. Мөнгө өгсөн баримт нь байгаа. Үлдэгдэл мөнгийг төлж чадаагүй байхад хариуцагч өндөр хүү, торгууль нэхсэн учраас арга буюу наймаагаа буцаасан. Наймаа буцаах саналыг хариуцагч тал л гаргасан. Наймаа буцахдаа байшинг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Хариуцагч 25 000 000 төгрөгийг сард 2 000 000- 3 000 000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохирсон боловч хугацаандаа төлөлгүй, сүүлдээ утсаа салгаад алга болсон. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ямар нэгэн мөнгө бидэнд төлөөгүй учраас бид шүүхэд хандсан. Хариу тайлбартаа бичсэнчлэн ямар нэгэн байдлаар бэлэн мөнгө хариуцагчаас авч байгаагүй. Үндэслэлгүй худал тайлбар гаргасан байна. Бид ямар нэгэн хүү, алданги нэхэмжлээгүй. Зөвхөн Г.Л-д өгсөн үндсэн мөнгөө буцааж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2013 оны 6 дугаар сард Сүхбаатар дүүргийн Хадатын аманд байрлалтай 0.14 га талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй хашаа байшинг иргэн О.Т, Ө.М- нар удаа дараа үр хүүхдийн хамт ирж, үзээд 55 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гэрээ хийчихээд эцэстээ худалдан авч чадахгүй болж, бидний ажил амьдралын үйл явцад ноцтой чирэгдэл хүндрэл учруулсан нь үнэн болно. Энэ 55 000 000  төгрөг олох орлого нь гэр бүлээрээ гадаад гарч ажиллаж амьдрах зардал байсан юм. Энэ талаар нэхэмжлэгч тал маш сайн мэдэж байгаа. Энэхүү хашаа байшинг зарах үед Янмал ХХК-ийн захирал гэр бүлтэйгээ ирж үзээд 50 000 000 төгрөгөөр авъя гэж санал тавьсан. Мөн Дарханы Силикат ХК-ийн захирал н.С 52 000 000 төгрөгөөр худалдан авах санал тавьж байсан гэтэл иргэн О.Т, Ө.М- нар нь 55 000 000 төгрөгөөр худалдан авъя гээд бидний зөвшөөрлийг аван түлхүүр хүлээн авч, хашаа байшинг 1 жил 1 сар эзэмшилдээ байлгаж, үлдэгдэл 25 000 000 төгрөгөө өгөлгүй байсан учир арга буюу түлхүүрээ буцаан авч, мөнгөө боломжоороо буцаан өгсөн билээ. Гар дээрээ бэлнээр авсан мөнгөө огт санахгүй аваагүй гэж гүтгэж байгаа нь харамсалтай. Мөн нөхөр Ө.М- 2 удаа нааас бэлнээр мөнгө авсан боловч баримт үйлдээгүй, миний алдааг ашиглан одоо аваагүй гэж улайрч байна. Үлдэгдэл 2 700 000 төгрөг иргэн Ө.М-, О.Т- нарт өгөх боломжгүй бөгөөд учир нь бусад 2 бодитой үнийн дүн санал тавьсан /Янмал ХХК, Силикат ХХК/ худалдан авах чадвартай байгууллагаас өндөр үнэ хэлж авч чадахгүй байж, төөрөгдүүлэн удаан хугацаагаар чирэгдүүлэн манай гэр бүлийн гадаадад гарч ажиллаж, хүүхдийн сайн боловсрол эзэмших зорилго,  нөхцлийг тас цохисон явдал юм. Учир нь миний төрсөн дүү Унгар улсан 25 жил гэр бүлээрээ амдарч ажиллаж байна.Мөн төрсөн дүү Солонгос улсад 18 жил гэр бүлээрээ ажиллаж амьдарч байна. Бид гадаадад гарч ажиллаж, амьдрах бүрэн бололцоотой байсан гэдгээ үүгээр гэрчилнэ. Хэрэв мөнгөө тохиролцсон хугацаандаа өгч чадсан бол эсвэл авч чадахгүй гэдгээ тухайн цагтаа хэлээд больсон бол манай гэр бүлийн зорилго биелэгдэх байсан. Энэ харилцаанд нэхэмжлэгч тал 100 хувийн буруутай гэж үзэж байна. Манай хашаа байшинг эзэмшиж байхдаа тог цахилгааны мөнгөө төлөлгүй одоог хүртэл явсаныг дурдах нь зүйтэй. 2013 онд хашаа байшингийн үнэ өсөлттэй байсан. 2014 оноос хойш үнэ ханш огцом унаж байгаад хотын зах гэр хороололд орон сууцны барилгажилт, жижиг дунд үйлдвэр үйлчилгээний газрууд баригдаж, эхэлмэгц үнэ дахин өссөн. Манай хашаа байшин төв засмал зам дагуу байрлалтай Хадан Вилла хотхон луу салсан замын эхэнд байдаг ба Бэлх, Сэлх хоёрын дундах төв цэг юм. Нэг үгээр бизнес байрлалтай ашигтай талбай юм. Тухайн цагт Янмал ХХК манайхыг худалдан авах нь бодитой байсан. Учир нь манай хашааг авах боломжгүй болмогц, манай гудамжнаас 3 гудамж хойно хашаа байсан худалдан авч, үйлдвэрээ барин ажил нь маш амжилттай явж байна. Манай гэр бүл гадаадад ирээдүйтэй ажиллаж, амьдрах маш сайн боломжоо алдсанаас гадна хашаа байшингаа худалдах боломжоо нэхэмжлэгч нараас болж алдсан. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 2 700 000 төгрөгийг төлөх боломжгүй гэдгийг үүгээр илэрхийлж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Л- /РД:ХЗ68010311/-гээс 2 700 000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Т- /РД:ХП57010821/-д олгож, нэхэмжлэгч Ө.М-өө /РД:ХП48092517/-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Л-гээс 58 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Т-д олгож, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Г.Л- миний бие Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс гарсан О.Т-ын нэхэмжлэлтэй иргэний маргаанд гарсан шийдвэрийг үнэн зөв шийдвэрлэж өгөөгүй, миний нотлох баримтуудыг хэрэглээгүй, үнэлээгүй байгаан дээр ар гэрийн гачигдлаар шүүх хуралд хүрэлцэн ирж чадаагүйн улмаас нэхэмжлэгч талд шийдвэр гарсан нь шударга бус гэж үзэж гомдолтой байна. Энэ маргааныг дахин сайтар шинжилж үнэн зөвөөр шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

 

Нэхэмжлэгч О.Т, Ө.М- нар хашаа байшин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан үр дагаварт 2 700 000 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч Г.Л- эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Г.Л- нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “нэхэмжлэгч нар худалдах худалдан авах гэрээний үүрэг зөрчсөний улмаас өөрт ашигтай байдлаар бусдад худалдах боломжгүй болж хохирсон” гэж тайлбарлажээ./хэргийн 21 дүгээр тал/

           

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч О.Т-, хариуцагч Г.Л- нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч нь хариуцагчид хашаа, байшингийн урьдчилгаа төлбөрт 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 25 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байна. Улмаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан тул, 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр түүнд гэрээний зүйл болох хашаа байшинг нэхэмжлэгч буцаан хүлээлгэн өгч, хариуцагч  2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 22 300 000 төгрөгийг хэсэгчлэн төлсөн ба үлдэх 2 700 000 төгрөгийг төлөөгүй зэрэг үйл баримт талуудын тайлбараар тогтоогдож байна./хэргийн 6,7,8,15, 16, 21 дүгээр тал/

 

Талууд худалдах худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээнээс татгалзсан, 2 700 000 төгрөгийг хариуцагч буцаан өгөөгүй зэрэг үйл баримтын талаар маргаагүй.

 

 Хариуцагч Г.Л- нь нэхэмжлэгч нар гэрээний үүргээ зөрчсөний улмаас хохирол учирсан гэж 2 700 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч гэрээний үүрэг зөрчсөн, ийнхүү зөрчсөнөөс хариуцагчид хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн зуслангийн байшин худалдах худалдан авах гэрээ нь О.Т-, Г.Л- нарын хооронд байгуулагдсан байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Ө.М-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагч Г.Л- нь давж заалдах гомдолдоо ар гэрийн гачигдлаар анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцож чадаагүй учраас нэхэмжлэгч талд шийдвэр гарсан нь шударга бус гэжээ.

 

Гэтэл хариуцагчид шүүхээс 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна./хэргийн 24 дүгээр тал/ Улмаар хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан гэдгээ баримтаар нотлоогүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Г.Л-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2018/02352 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Л-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 150 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааpг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.О

 

ШҮҮГЧИД                             Ц.И

 

                                    С.Э