Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2018/02352

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

 

Нэхэмжлэгч: О.Т

 

 

 

Нэхэмжлэгч: Ө.М

 

 

 

Хариуцагч: Г.Л

 

 

 

2 700 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Т, Ө.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч О.Т нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: О.Т миний бие Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын аман дахь иргэн Г.Л-ийнхашаа байшинг худалдан авахаар тохиролцон 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдөр урьдчилгаа 25 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Гэвч байшин худалдагч тал үлдэгдэл мөнгийг яаралтай төлөх, өндөр хүү, алданги тооцох хатуу нөхцөл тулгаж, шахамдуулан шаардах болсон тул арга буюу наймаагаа цуцлан, 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр уг хашаа байшинг хүлээлгэн өгч, худалдагч тал урьдчилгаанд авсан 25 000 000 төгрөгийг буцаан өгөхөөр тохиролцсон. Тухайн үед Г.Луг мөнгийг сар тутам 2 000 000-3 000 000 төгрөгөөр төлж, 2015 оны эхний улиралд багтаан бүрэн буцааж өгөх болно гэж аман тохиролцоо хийсэн боловч хэлсэндээ хүрэлгүй сунжруулсаар өнөөг хүрлээ. Тэр хамгийн сүүлд 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 800 000 төгрөг төлсөн. Г.Л-ийн бидэнд эргүүлэн төлсөн мөнгөний нийт дүн 22 300 000 төгрөг болсон. Г.Лнь сүүлдээ холбоо барих, тооцоо нийлэхээс зайлсхийн утсаа авахаа больж, холбогдсон тохиолдолд, Мөнгийг чинь өгөх бололцоо алга. Ер нь өгөхгүй байсан ч яадаг юм. Та нар хууль шүүхээр яваад юу ч олж авч чадахгүй” гэхчилэн илт элэг бариж, дээрэлхүү авирлах болсон. Байдал иймдээ тулж, 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс хойш огт холбогдохгүй зайлсхийн, мөнгө өгөхгүй болсон тул арга буюу шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч О.Т миний биш  чихрийн шижин өвчний хүндрэлээр олон жил шаналж яваа бөгөөд нөхөр маань мөн өндөр настай бие муутай хүн байдаг. Эм тариа, эмчилгээний мөнгө хүрэлцэхгүй ядарч яваа хоёр хөгшин настай хүний амьдралын гачигдалт байдлыг харгалзан үзэж, байрны мөнгөний үлдэгдэл 2 700 000 төгрөгийг гаргуулж, өгнө үү гэжээ.

 

 

 

Нэхэмжлэгч Ө.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлд бичсэн бүх зүйл үнэн бодитой юм. Г.Лгэх хүнээс хашаа байшин худалдаж авахаар болж, 2014 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 25 000 000 төгрөг бэлнээр өгсөн. Мөнгө өгсөн баримт нь байгаа. Үлдэгдэл мөнгийг төлж чадаагүй байхад хариуцагч өндөр хүү, торгууль нэхсэн учраас арга буюу наймаагаа буцаасан. Наймаа буцаах саналыг хариуцагч тал л гаргасан. Наймаа буцахдаа байшинг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Хариуцагч 25 000 000 төгрөгийг сард 2 000 000- 3 000 000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохирсон боловч хугацаандаа төлөлгүй, сүүлдээ утсаа салгаад алга болсон. 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ямар нэгэн мөнгө бидэнд төлөөгүй учраас бид шүүхэд хандсан. Хариу тайлбартаа бичсэнчлэн ямар нэгэн байдлаар бэлэн мөнгө хариуцагчаас авч байгаагүй. Үндэслэлгүй худал тайлбар гаргасан байна. Бид ямар нэгэн хүү, алданги нэхэмжлээгүй. Зөвхөн Г.Лд өгсөн үндсэн мөнгөө буцааж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

 

 

Хариуцагч Г.Лшүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2013 оны 6 дугаар сард Сүхбаатар дүүргийн Хадатын аманд байрлалтай 0.14 га талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй хашаа байшинг иргэн О.Т, Ө.М нар удаа дараа үр хүүхдийн хамт ирж, үзээд 55 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гэрээ хийчихээд эцэстээ худалдан авч чадахгүй болж, бидний ажил амьдралын үйл явцад ноцтой чирэгдэл хүндрэл учруулсан нь үнэн болно. Энэ 55 000 000  төгрөг олох орлого нь гэр бүлээрээ гадаад гарч ажиллаж амьдрах зардал байсан юм. Энэ талаар нэхэмжлэгч тал маш сайн мэдэж байгаа. Энэхүү хашаа байшинг зарах үед Янмал ХХК-ийн захирал гэр бүлтэйгээ ирж үзээд 50 000 000 төгрөгөөр авъя гэж санал тавьсан. Мөн Дарханы Силикат ХК-ийн захирал н.Содбилэг 52 000 000 төгрөгөөр худалдан авах санал тавьж байсан гэтэл иргэн О.Т, Ө.М нар нь 55 000 000 төгрөгөөр худалдан авъя гээд бидний зөвшөөрлийг аван түлхүүр хүлээн авч, хашаа байшинг 1 жил 1 сар эзэмшилдээ байлгаж, үлдэгдэл 25 000 000 төгрөгөө өгөлгүй байсан учир арга буюу түлхүүрээ буцаан авч, мөнгөө боломжоороо буцаан өгсөн билээ. Гар дээрээ бэлнээр авсан мөнгөө огт санахгүй аваагүй гэж гүтгэж байгаа нь харамсалтай. Мөн нөхөр Ө.М 2 удаа нааас бэлнээр мөнгө авсан боловч баримт үйлдээгүй, миний алдааг ашиглан одоо аваагүй гэж улайрч байна. Үлдэгдэл 2 700 000 төгрөг иргэн Ө.М, О.Т нарт өгөх боломжгүй бөгөөд учир нь бусад 2 бодитой үнийн дүн санал тавьсан /Янмал ХХК, Силикат ХХК/ худалдан авах чадвартай байгууллагаас өндөр үнэ хэлж авч чадахгүй байж, төөрөгдүүлэн удаан хугацаагаар чирэгдүүлэн манай гэр бүлийн гадаадад гарч ажиллаж, хүүхдийн сайн боловсрол эзэмших зорилго,  нөхцлийг тас цохисон явдал юм. Учир нь миний төрсөн дүү Унгар улсан 25 жил гэр бүлээрээ амдарч ажиллаж байна.Мөн төрсөн дүү Солонгос улсад 18 жил гэр бүлээрээ ажиллаж амьдарч байна. Бид гадаадад гарч ажиллаж, амьдрах бүрэн бололцоотой байсан гэдгээ үүгээр гэрчилнэ. Хэрэв мөнгөө тохиролцсон хугацаандаа өгч чадсан бол эсвэл авч чадахгүй гэдгээ тухайн цагтаа хэлээд больсон бол манай гэр бүлийн зорилго биелэгдэх байсан. Энэ харилцаанд нэхэмжлэгч тал 100 хувийн буруутай гэж үзэж байна. Манай хашаа байшинг эзэмшиж байхдаа тог цахилгааны мөнгөө төлөлгүй одоог хүртэл явсаныг дурдах нь зүйтэй. 2013 онд хашаа байшингийн үнэ өсөлттэй байсан. 2014 оноос хойш үнэ ханш огцом унаж байгаад хотын зах гэр хороололд орон сууцны барилгажилт, жижиг дунд үйлдвэр үйлчилгээний газрууд баригдаж, эхэлмэгц үнэ дахин өссөн. Манай хашаа байшин төв засмал зам дагуу байрлалтай Хадан Вилла хотхон луу салсан замын эхэнд байдаг ба Бэлх, Сэлх хоёрын дундах төв цэг юм. Нэг үгээр бизнес байрлалтай ашигтай талбай юм. Тухайн цагт Янмал ХХК манайхыг худалдан авах нь бодитой байсан. Учир нь манай хашааг авах боломжгүй болмогц, манай гудамжнаас 3 гудамж хойно хашаа байсан худалдан авч, үйлдвэрээ барин ажил нь маш амжилттай явж байна. Манай гэр бүл гадаадад ирээдүйтэй ажиллаж, амьдрах маш сайн боломжоо алдсанаас гадна хашаа байшингаа худалдах боломжоо нэхэмжлэгч нараас болж алдсан. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 2 700 000 төгрөгийг төлөх боломжгүй гэдгийг үүгээр илэрхийлж байна гэжээ.

 

 

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч О.Т, Ө.М нар хашаа байшин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан үр дагаварт 2 700 000 төгрөг гаргуулахаар хариуцагч Г.Лгээс шаарджээ.

 

 Хариуцагч Г.Лнэхэмжлэгч нар худалдах худалдан авах гэрээний үүрэг зөрчсөний улмаас өөрт ашигтай байдлаар бусдад худалдах боломжгүй болж хохирсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэв.

 

 Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч О.Т, хариуцагч Г.Лнар 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлхийн Хадатын аманд байрлах 0.14 га газар болон 1 давхар мансардтай дүнзэн байшинг 55 000 000 төгрөгөөр худалдах худалдан авахаар, урьдчилгаа 25 000 000 төгрөгийг 2013 оны 08 дугаар сард төлөх, үлдэх 30 000 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 15-ны дотор төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд худалдан авагч 5 000 000 хүртэл төгрөгийн алдангийг худалдагчид төлөх, төлбөр төлөгдөж дууссаны дараа өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэх нөхцөлтэй худалдах худалдан авах гэрээ байгуулсан, 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч урьдчилгаа төлбөр 25 000 000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн, 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хариуцагчид гэрээний зүйл болох хашаа байшинг нэхэмжлэгч буцаан хүлээлгэн өгсөн зэрэг үйл баримт тогтоогдож байна.

 

 Талууд худалдах худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээнээс татгалзсан, 2 700 000 төгрөгийг хариуцагч буцаан өгөөгүй зэрэг үйл баримтын талаар маргаангүй, харин хариуцагч нэхэмжлэгч нарыг гэрээний үүргээ зөрчсөний улмаас тухайн хашаа байшинг бусдад худалдах боломжоо алдаж хохирол хүлээсэн гэж маргаж байна.

 

 

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо гарын үсгээрээ баталгаажуулсан, эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэээний харилцаанд хамаарахаар байна.

 

Нэгэнт талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зохигч худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан нь нотлогдож байгаа тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаварт гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх, мөн хуулийн 205.7-д зааснаар энэ үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх үүрэгтэй.

 

Хариуцагч 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 22 300 000 төгрөгийг хэсэгчлэн төлсөн ба үлдэх 2 700 000 төгрөгийг төлөөгүй байх тул дээрх хуульд зааснаар үлдэх төлбөр болох 2 700 000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй бөгөөд хариуцагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах боломжоо алдсан гэсэн үндэслэлээр гэрээний  төлбөрийг буцаах үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

Нөгөө талаас, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөний улмаас нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг гаргуулахаар шаардах эрхтэй боловч хариуцагч энэ талаар ямар нэг шаардлага гаргаагүй, мөн хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч гэрээний үүрэг зөрчсөн, ийнхүү зөрчсөнөөс хариуцагчид хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлж татгалзлаа  нотлоогүй.

Иймд О.Т, Г.Лнарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, талууд уг гэрээнээс татгалзсан үр дагаварт өгсөн авснаа буцаах үүрэгтэй гэх үндэслэлээр хариуцагч Г.Лхагвсүрэнгээс 2 700 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Тд олгохоор шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгч Ө.Мийн нэхэмжлэлийг 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн худалдах худалдан авах гэрээний оролцогч биш гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байна.

Мөн хариуцагч Г.Лд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх аливаа шалтгааныг дурдсан баримт сэлт ирүүлээгүй тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Л-гээс 2 700 000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөг гаргуулжО.Т-д олгож, нэхэмжлэгч Ө.М ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Лгээс 58 150  төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Тд олгож, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                   Д.ЭНХЦЭЦЭГ