Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/02418

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ЕШ ХХК

 

            Хариуцагч: Д.О

 

 Гэрээний үүрэгт 8.882.902 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Азжаргал, өмгөөлөгч О.Баясгалан, хариуцагч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              

 

            Нэхэмжлэгч: ЕШ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Азжаргал шүүх  хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч Д.О нь 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ЕШ ХХК-тай зээл болон барьцааны гэрээ байгуулж 30 хоногийн хугацаатай 4 хувийн хүүтэйгээр автомашинаа барьцаалж 12.000.000 төгрөгийг зээлдсэн. 1 сарын дараа зээлээ төлөөгүй учир 2 удаа жил жилийн хугацаатай гэрээгээ сунгасан. Хариуцагч нь хүүтэй зээл авсан боловч хүү, алданги төлөхгүй гэж явсаар өдийг хүрсэн. Д.О төлсөн үнийн дүндээ маргаагүй. Иймд хариуцагч Д.Оаас үндсэн зээл 5.991.507 төгрөг, хүү 1.800.856 төгрөг, алданги 1.030.539 төгрөг, барьцааны гэрээний 2.7-д зааснаар автомашиныг ачсаны зардал 60.000 төгрөг нийт 8.882.902 төгрөгийг гаргуулж өгнө үү. Барьцааны хөрөнгө автомашиныг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэрт тусгаж өгнө үү гэв.

 

 

 

            Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ЕШ ХХК-иас 1 сарын хугацаатай зээл аваагүй. Харин 1 жилийн хугацаатай 12.000.000 төгрөгийг 4 хувийн хүүтэй зээлдэж авсан. Ингэхдээ хүү, алданги тооцохгүйгээр гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч компаний захирал бид найзууд бөгөөд энэ компанийг үүсгэн байгуулахад нь би тусалж байсан юм. 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөг төлөхөд 1.550.000 төгрөгийг миний зээл рүү хийж үлдэх 450.000 төгрөгийг миний хүүгийн авсан зээл рүү хийсэн байсан. Энэ талаар хэлж байж анхны шүүх хурлын өмнө миний данс руу буцааж шилжүүлсэн. Би анх нэг жилийн хугацаатай 12.000.000 төгрөгний зээлийн гэрээ байгуулсан. 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн сунгалтын гэрээнд гарын үсэг зураагүй. Энэ үед би Баатарван сувилалын газарт тоглолтоор явж байсан. Сунгалтын гэрээнд гарын үсэг зураагүй байхад яагаад миний гарын үсэг мөн гэж гарч ирээд байгаад гайхаж байна. Энэ компаниас зээл авснаас хойш дахин очоогүй. Захиралтай нь гэрт нь очиж уулздаг байсан. Би нийт 13.990.000 төгрөг төлсөн. Мөн шинэ жилээр очиж дуулж өгсөн, Энэ бүгд болон цалингаа нэмж тооцвол нийт 15.000.000 төгрөгийг төлсөн тул одоо нэмж төлөх төлбөр байхгүй гэв.

 

       

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

          Нэхэмжлэгч ЕШ ХХК нь хариуцагч Д.Од холбогдуулан гэрээний үүрэгт 8.882.902 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

            Хариуцагч Д.О нь 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ЕШ ХХК-наас 12.000.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлдэж, зээлийн гэрээг 2014 оны 12 дугаар сарын 14-нөөс 2015 оны 12 дугаар сарын 14, 2015 оны 12 дугаар сарын 14-нөөс 2016 оны 12 дугаар сарын 14-нийг хүртэл сунгаж, зээлийн барьцаанд Nissan juke .. УНҮ улсын дугаартай автомашиныг барьцаалсан болох нь зээл болон барьцааны гэрээ, сунгалтын гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, зарлагын ордер гэсэн баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

            Зээлийн болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 286 дугаар зүйлийн 286.5-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна .

 

Хариуцагч шүүх хуралдаанд “үндсэн зээл 12.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлсэн. Сунгалтын гэрээ хийгээгүй тул зөвшөөрөхгүй” гэж тайлбарладаг боловч 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ЕШ ХХК-тай 12.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, хугацааг 2014 оны 11 дүгээр сарын 14-нөөс 2014 оны 12 дугаар сарын 14-нийг хүртэл 30 хоногийн хугацаатай 4 хувийн хүүтэй байхаар тохиролцож зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээнд зурагдсан гарын үсэг өөрийнх гэдгийг хүлээн зөвшөөрсөн, түүний хүсэлтээр 2014 оны 12 дугаар сарын 14, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн сунгалтын гэрээнд зурагдсан гарын үсэг түүнийх мөн эсэхэд шинжээч томилоход Шүүх шинжилгээний үндсэний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 19, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчдийн дүгнэлтээр “495 тоот зээлийн гэрээг сунгасан  гэрээ” гэх баримтууд дахь шинжилж буй гарын үсгүүд нь Д.Оын гэх гарын үсгийн загваруудтай тохирч байгаа талаарх дүгнэлтийг ирүүлсэн тул хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.

 

            Хариуцагч нь зээлийн гэрээний 3.3-т заасан Иргэний хуулинд заасны дагуу зээлдэгч нь  гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний гэрээнд заасан хүүг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээний 3.4, 3.6, барьцааны гэрээний 2.7-д зааснаар хугацаа хэтрүүлсэн хоногийн алданги, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс компаниас гарсан зардлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

 

            Иймд хариуцагч Д.Оаас гэрээний үүрэгт үндсэн зээл 5.991.507 төгрөг, хүү 1.800.856 төгрөг, алданги 1.030.539 төгрөг, машин ачилтын 60.000 төгрөг нийт 8.882.902 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЕШ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө Nissan juke .. УНҮ улсын дугаартай автомашинаар хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286 дугаар зүйлийн 286.2, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Д.Оаас 8.882.902 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЕШ ХХК-д олгосугай.

 

 

 

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар хариуцагч Д.Оын эзэмшлийн Nissan juke .. УНҮ улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

 

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157.076 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Оаас 157.076 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЕШ ХХК-д олгосугай.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ж.КУЛЬДАНА