Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2017/02284

 

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2017/02284

 

 

Есөн шижир ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 11ий өдрийн 102/ШШ2017/02418 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Есөн шижир ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Оюунжаргалд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 8 882 902 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Баясгалан

Хариуцагч Д.Оюунжаргал

Хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, Э.Хэрлэнхүү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: Д.Оюунжаргал нь 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Есөн шижир ХХК-тай зээл болон барьцааны гэрээ байгуулж 30 хоногийн хугацаатай 4 хувийн хүүтэйгээр автомашинаа барьцаалж 12 000 000 төгрөгийг зээлдсэн. 1 сарын дараа зээлээ төлөөгүй учир 2 удаа жил жилийн хугацаатай гэрээгээ сунгасан. Хариуцагч нь хүүтэй зээл авсан боловч хүү, алданги төлөхгүй гэж явсаар өдийг хүрсэн. Д.Оюунжаргал төлсөн үнийн дүндээ маргаагүй. Иймд хариуцагч Д.Оюунжаргалаас үндсэн зээл 5 991 507 төгрөг, хүү 1 800 856 төгрөг, алданги 1 030 539 төгрөг, барьцааны гэрээний 2.7-д зааснаар автомашиныг ачсаны зардал 60 000 төгрөг нийт 8 882 902 төгрөгийг гаргуулж, барьцааны хөрөнгө болох автомашиныг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Есөн шижир ХХК-иас 1 сарын хугацаатай зээл аваагүй. Харин 1 жилийн хугацаатай 12 000 000 төгрөгийг 4 хувийн хүүтэй зээлдэж авсан. Ингэхдээ хүү, алданги тооцохгүйгээр гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч компанийн захирал бид найзууд бөгөөд энэ компанийг үүсгэн байгуулахад нь би тусалж байсан юм. 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 2 000 000 төгрөг төлөхөд 1 550 000 төгрөгийг миний зээл рүү хийж үлдэх 450 000 төгрөгийг миний хүүгийн авсан зээл рүү хийсэн байсан. Энэ талаар хэлж байж анхны шүүх хурлын өмнө миний данс руу буцааж шилжүүлсэн. Би анх нэг жилийн хугацаатай 12 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн сунгалтын гэрээнд гарын үсэг зураагүй. Энэ үед би Баатарван сувилалын газарт тоглолтоор явж байсан. Сунгалтын гэрээнд гарын үсэг зураагүй байхад яагаад миний гарын үсэг мөн гэж гарч ирээд байгаад гайхаж байна. Энэ компаниас зээл авснаас хойш дахин очоогүй. Захиралтай нь гэрт нь очиж уулздаг байсан. Би нийт 13 990 000 төгрөг төлсөн. Мөн шинэ жилээр очиж дуулж өгсөн, Энэ бүгд болон цалингаа нэмж тооцвол нийт 15 000 000 төгрөгийг төлсөн тул одоо нэмж төлөх төлбөр байхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286 дугаар зүйлийн 286.2, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч Д.Оюунжаргалаас 8 882 902 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Есөн шижир ХХК-д олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар хариуцагч Д.Оюунжаргалын эзэмшлийн Nissan juke 18-88 УНҮ улсын дугаартай автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157.076 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Оюунжаргалаас 157.076 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Есөн шижир ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Д.Оюунжаргал би "Есөн шижир" ХХК-д 360 хоногийн хугацаатай, 30 хоногт 4 хувийн хүүтэй, 12 000 000 төгрөгийг зээлэх хүсэлт гаргасны дагуу зээл олгохоор шийдвэрлэсэн атал гэрээ байгуулахдаа 30 хоногийн хугацаатай байгуулсан байсан. Би тухайн үед өөрийн гаргасан зээлийн хүсэлт болон "Есөн шижир" ХХК-иас өгсөн сар бүр 480 000 төгрөгийн хүүг төлж нэг жилийн дараа үндсэн зээлийн буцаан төлөх нөхцөлийг голчлон анхаарсан бөгөөд гэрээнд зээлийн хугацааг 30 хоног гэж оруулсан болохыг мэдээгүй. Энэ тухай тайлбараа нотлохоор Зээлийн өргөдөл, эргэн төлөлтийн хуваарийг гарган өгсөн боловч шүүх үнэлсэнгүй.

"Есөн шижир" ХХК анхан шатны шүүхэд Зээлийн гэрээг сунгасан тухай хуурамч нотлох баримтыг гарган өгсөн байсан бөгөд гэрээнд зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш байсан. Мөн сунгалт хийсэн өдөр болох 2014 оны 12 сарын 14-ний өдөр нь бүтэн сайны амралтын өдөр байхад шүүх анхааран үзээгүй. 12 сая төгрөгөөс миний хүү С.Амарбаясгалангийн тус ББСБ-аас авсан зээлд 2 сая төгрөгийг суутган надад 10 сая төгрөгийг бэлнээр олгосон. Өөрөөр хэлбэл надаар өөр зээлийн гэрээний үүргийг төлүүлсэн. Мөн Зээлийн гэрээний үүрэгт төлсөн 2 сая төгрөгөөс 450 000 төгрөгийг С.Амарбаясгалангийн зээлд суутган миний төлбөрөөс хасаагүй байсан. Эдгээр байдлын тухай тайлбар, нотлох баримтыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

"Есөн шижир" ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа алдаа гаргаж 1 сая төгрөгөөр илүү тооцсон байсныг шүүх хянаагүйгээс гадна шүүх хуралдаан дээр "Есөн шижир" ХХК-ийн шинэ жилийн баярт дуулж өгсөн 300000 төгрөг болон тус компанид ажилласан миний ажлын хөлс болох 1 200 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцохоор талууд тохиролцсон байхад шүүгч анхааран үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад би Цогт энд Нандин ХХН-тэй гэрээ байгуулан хууль зүйн туслалцаа авч байсан ч шүүх хурлын өмнө итгэмжлэгдсэн төлөөлөгч завгүйн улмаас шүүх хуралдаанд оролцоогүй би ганцаараа орсон бөгөөд энэ тухай шүүх хуралдаан дээр хэлсэн боловч намайг өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхээр хангалгүй шүүх хуралдааныг явуулсанд гомдолтой байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т ...Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй" гэж заасан байхад надтай байгуулсан Зээлийн гэрээнийн 3.4-т "...хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2-тай тэнцэх хэмжээний алдангийг зээлдэгчид төлнө" гэж заасан нь Иргэний хуулийг ноцтой зөрчсөн хуульд нийцээгүй гэрээ гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооны өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Есөн шижир ХХК нь хариуцагч Д.Оюунжаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5 991 507 төгрөг, хүү 1 800 856 төгрөг, алданги 1 030 539 төгрөг, хохирол 60 000 төгрөг нийт 8 882 902 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Есөн шижир ХХК нь 12 000 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэхээр, зээлдэгч Д.Оюунжаргал нь зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Мөн зохигчид дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны гэрээ байгуулж, Д.Оюунжаргалын өмчлөлийн 18-88 УНҮ улсын дугаартай, Nissan juke маркийн автомашиныг зээлдэгч унаж явах нөхцөлтэйгээр барьцаалжээ.

 

Зохигчид зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан талаар маргаагүй, зээлдүүлэгч Есөн шижир ХХК нь зээлийн гэрээний зүйл буюу 12 000 000 төгрөгийг бэлэн мөнгөний зарлагын баримтаар /хх-9/ зээлдэгч Д.Оюунжаргалд шилжүүлсэн болох нь тогтоогдсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Есөн шижир ХХК нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг хариуцагч Д.Оюунжаргалаас шаардах эрхтэй.

Зохигчид 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 495 тоот зээлийн гэрээг сунгасан гэрээ байгуулж, дээрх гэрээний хугацааг мөн өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 495 тоот зээлийн гэрээг сунгасан гэрээ-гээр 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл тус тус сунгасан бичгийн баримт хэрэгт авагдсан ба эдгээр баримтыг нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ болгожээ. /хх-ийн 10, 59/

Хариуцагч Д.Оюунжаргал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ ...2015 оны 12 сарын 14-ний зээлийн гэрээг сунгасан баримтад гарын үсэг зураагүй, нийт 13 990 000 төгрөг төлсөн, нэмж төлөх төлбөр байхгүй гэж тайлбарласан боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хариуцагч Д.Оюунжаргал болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр дээрх 2 удаагийн 495 тоот зээлийн гэрээг сунгасан гэрээ-нд зурагдсан гарын үсгийг түүний гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилсон байх бөгөөд эхний шинжээчийн болон бүрэлдэхүүнтэй шинжээч нарын гаргасан дүгнэлтүүдээр ...хэргийн 10, 59 дүгээр талуудад авагдсан 495 тоот зээлийн гэрээг сунгасан гэрээ гэсэн баримтууд дахь шинжилж буй гарын үсгүүд нь Д.Оюунжаргалын гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна гэсэн дүгнэлт гаргасан ба дээрх зээлийн гэрээг сунгасан баримтууд болон шинжээчдийн дүгнэлтийг хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй тул зохигчид зээлийн гэрээний хугацааг үндсэн гэрээний хугацаа дууссан 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаагаар тус тус сунгасан гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГ0500140495 тоот зээлийн гэрээг дээрх байдлаар 2 удаа сунгахдаа энэхүү гэрээ нь 495 тоот зээлийн болон барьцааны гэрээнүүдийн салшгүй хэсэг болох бөгөөд тэдгээр гэрээнүүдийн адил хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасан тул хариуцагч Д.Оюунжаргал үндсэн зээлийг сунгасан зээлийн гэрээний хугацаан дахь хүү, хугацаа хэтрүүлсний алдангийн хамт нэхэмжлэгч Есөн шижир ХХК-д төлөх үүрэгтэй.

Зохигчид зээлийн гэрээний үүрэгт нийт 13 986 544 төгрөг төлөгдсөн үйл баримтын талаар маргаагүй ба хариуцагч Д.Оюунжаргал нь зээлийн гэрээ байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оын 12 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх 25 сарын хүү 12 000 000 төгрөг /25 х 480 000 төгрөг/-ийг үндсэн зээл 12 000 000 төгрөгийн хамт буюу нийт 24 000 000 төгрөг төлөх үүрэгтэй ба үүнээс түүний төлсөн 13 986 544 төгрөгийг хасахад 10 013 456 төгрөг төлөх үлдэгдэлтэй байх боловч нэхэмжлэгч нь 8 822 902 төгрөг шаардсан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр хязгаарласан нь зөв болжээ.

Харин хариуцагч Д.Оюунжаргал нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгч Есөн шижир ХХК нь барьцааны зүйлийг өөрийн эзэмшилд авахаар 60 000 төгрөгөөр ачуулахад гарсан зардлыг хохиролд тооцож хариуцагчаас шаардсан боловч барьцааны зүйлийг өөрийн эзэмшилд авахдаа энэ талаар хариуцагчид мэдэгдсэн гэх баримтгүй байх тул энэ талаарх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Анхан шатны шүүх хариуцагч Д.Оюунжаргалд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тайлбарлаж /хх-17/ өгсөнөөс хойш хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд өмгөөлөгч авах хангалттай хугацаа байсан, түүнчлэн өөрийгөө төлөөлүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж байсан итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөсөө татгалзсан /хх-100/, дахин өмгөөлөгч авах хүсэлт гаргаагүй байх тул шүүх өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх зохигчдын хоорондын зээлийн гэрээнээс үүссэн маргааныг шийдвэрлэхдээ барьцаалан зээлдүүлэх газрын барьцаалах эрхийг тодорхойлсон болон гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлыг тодорхойлсон зүйл заалтыг баримталсан нь буруу байх тул зөвтгөхөөс гадна дээр дурдсанчлан 8 882 902 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 60 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/02418 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.Оюунжаргалаас 8 822 902 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Есөн шижир ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 60 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтад Д.Оюунжаргалаас 157 076 төгрөгийг гэснийг Д.Оюунжаргалаас 156 116 төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 080 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Н.БАТЗОРИГ