Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2020/01736

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

        Нэхэмжлэгч Ж.М.......ын нэхэмжлэлтэй

 

        Хариуцагч “Т” ХХК-д холбогдох 4.614.992 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад

 

       Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч А.Зо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундармаа нар оролцов.           

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.М........, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        Иргэн Ж.М........ 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн “приус-20” маркийн 00-00-УНЧ улсын дугаартай авто машинаа барьцаалан, "Т.........." ХХК-тай 0000 дугаартай "Зээлийн гэрээ" байгуулж, 2.800.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлж авсан.

         Ингээд нэхэмжлэгч 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 398.220 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 412.710 төгрөгийг төлж, үүнээс хойш эдийн засгийн боломжгүйн улмаас үндсэн зээл, хүүгээ төлж чадахгүй байдалд хүрсэн.

          Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч "Өргөө" кино театрын хойд талын зам дээр тавьсан байсан миний автомашиныг ачиж явахдаа надад мэдэгдэлгүй аваад явсан байсан.

         Дараа нь "Т.........." ХХК-тай очиж уулзахад "чи зээлээ төлөөгүй учраас автомашиныг хурааж авсан” гэхэд би “мөнгөө төлөөд машинаа авъя” гэж хэлэхэд маш их хэмжээний мөнгө нэхэн, машиныг зарсан гэсэн.

         Одоогийн байдлаар "Т.........." ХХК-иас авсан зээлээс үндсэн зээлд 467.000 төгрөг, хүүд 343.930 төгрөг нийт 810.930 төгрөг төлсөн байна.

         Иймд 2012 онд Монгол улсад орж ирсэн, миний эзэмшлийн сувдан цагаан өнгөтэй, “приус-20” маркийн суудлын автомашины зөрүү болох 4.614.992 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шаардлагаа 4.324.350 төгрөгөөр багасгаж байгаа тул энэ мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

        Хариуцагч “Т..........” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

         Зээлдэгч Ж.М........ “Т..........” ХХК-д холбогдуулан автомашины үнийн зөрүү 4.614.992 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

         2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Ж.М........, “Т..........” ХХК-тай “Зээл болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ”-г байгуулан, 2.800.000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүгэй, 12 сарын хугацаатай зээлж, хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцохоор тохиролцон, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “тоёота приус-20” маркийн 00-00-УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн.

       Нэхэмжлэгч гэрээний хавсралт нэгээр баталсан зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлбөрийг төлж барагдуулахгүй 363 хоног хэтрүүлсэн бөгөед үндсэн зээлийн үддэгдэл 2.333.000 төгрөг, хүү 212.650 төгрөг, алданги 1.166.500 төгрөг нийт 3.701.558 төгрөгийн төлбөрийн үддэгдэлтэй болсон.

       Иймээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.12.1, 2.12.3 дахь хэсэгт зааснаар зээлдэгч зээл эргэн төлөх хуваарьт заасан хугацааг хэтрүүлсэн тул “Фидуцийн гэрээ”-нд заасан “тоёота приус-20” маркийн 00-00-УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч зээлийн гэрээний үүргийг хангуулах эрхээ хэрэгжүүлсэн .

       Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу үндсэн зээлийн үддэгдэл, хүү төлөх хугацааг 30-аас дээш хоногоор хоцорч ноцтой зөрчил гаргасан тохиолдолд барьцаалсан хөрөнгийг энэхүү гэрээгээр тохиролцсон түргэн зарагдах үнээр худалдаж хохирлоо гаргуулан авна” гэж заасан.

         Мөн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт “үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодиттойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заасны дагуу “Фидуцийн гэрээ” дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

        Нэхэмжлэгч Ж.М........, хариуцагч “Т..........” ХХК-д холбогдуулан 4.614.992 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

   

Хариуцагч, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас эд хөрөнгийг хураан авч, “Фидуцийн гэрээ” дуусгавар болсон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

           

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагчийн төлөөлөгч Я.М........, иргэн Б.З...д 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 20/2-004 дугаартай “Итгэмжлэл” олгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийн материалтай танилцан, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 13 цаг 30 минутанд товлогдсон шүүх хуралдааны товтой шүүхэд өөрийн биеэр хүрэлцэн ирж, “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримтан дээр гарын үсгээ зуран, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

      

       Нэхэмжлэгч Ж.М........, хариуцагч “Т..........” ХХК-тай 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 0000000 дугаартай “Зээл болон тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ”-г байгуулж, 2.800.000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл, хугацаа хэтэрсэн тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гэрээний хугацаанд 2004 онд үйлдвэрлэгдсэн, “Тоёота приус-20” маркийн 00-00-УНЧ улсын дугаартай, суудлын зориулалттай, цагаан өнгийн тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь гэрээнүүд, барьцаат зээлийн тооцооны хуудас, зээл эргэн төлөх хуваарь, зохигчдын шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдож байна.

 

     Хавтас хэргийн 17 дугаар хуудсанд авагдсан баримтаар, хариуцагч  барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх эрхтэй хуулийн этгээд болох нь Улсын бүртгэлийн гэрчилгээний 0000, регистрийн 0000000 дугаартай, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олгогдсон “Т..........” ХХК-ийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

 

      Улмаар Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн байна гэж дүгнээд, зээлдүүлэгч, зээлдэгчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгснөөр “Зээл болон фидуцийн гэрээ” хүчин төгөлдөр болжээ.

 

       Мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт үргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид “фидуци” гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулж, нэхэмжлэгч мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор “Фидуцийн гэрээ”-г байгуулсан талаар маргаагүй харин зээлийн үлдэгдэл төлбөрт хураагдсан суудлын автомашины зөрүү үнийн дүнд маргаж байна.

    

      Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт “зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно”,

 

        286 дугаар зүйлийн 286.4 дэх хэсэгт “барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй” гэж заасан байх ба барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж байгаа этгээд хуульд заасан зохицуулалтын хүрээнд эрхээ эдэлж, үүргээ хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчид тээврийн хэрэгслийг зарж борлуулах талаар бичгээр мэдэгдсэн, тухайн тээврийн хэрэгсэлд нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр засвар хийсэн, нэхэмжлэгчийн эзэмшилд байсан тээврийн хэрэгслийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Өргөө” кино театрын хойно гудамжинд тавьсан байсныг хэлж, мэдэгдээд ачиж авч явсан гэх үйлдлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлож чадахгүй байна.

 

      Мөн нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээ хүлээн зөвшөөрсөн тул гэрээнд зааснаар хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу хариуцагч дуудлага худалдаанд оруулан, эд хөрөнгийн үнэ үндсэн гэрээгээр хүлээсэн үүргээс илүү гарсан тохиодолд уг үнээс эхлээд барьцаалагчийн шаардлагаа ханган, үлдэх хэсгийг барьцаалуулагчид олгох үүрэгтэй.

 

      Гэтэл хариуцагч тээврийн хэрэгслийг хэзээ дуудлага худалдаагаар худалдаж  борлуулсан нь тодорхойгүй, ямар үндэслэлээр засварын зардал 1.856.000 төгрөг, ачилтын зардал 80.000 төгрөг, зогсоолын төлбөр 65.000 төгрөг нийт 6.200.999 төгрөг 75 мөнгө зарцуулсан талаарх татгалзлаа баримтаар нотлоогүй.

 

     Иймээс шүүх “Х” ХХК-ийг шинжээчээр томилон, шинжээчид хууль сануулан, эрх, үүрэг тайлбарлаж, дүгнэлтээ ирүүлэхийг мэдэгдсэний дагуу 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 124 дугаартай “Хөрөнгө үнэлсэн тухай” дүгнэлтээр 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд Монгол улсад орж ирсэн, “тоёота приус-20” маркийн 00-00-УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ, цэнийг 6.870.000 төгрөгөөр тодорхойлсон байх тул энэ үнэлгээг үндэслэн, нэхэмжлэгчийн гэрээний дагуу хариуцагчид төлөх төлбөрийн тооцоололыг бодоход:

     

          1.Нэхэмжлэгч үндсэн зээлд 467.000 төгрөг, хүүд 343.930 төгрөгийг төлсөн байна.

         Үүнээс:

                  - 2.800.000 төгрөг - 467.000 төгрөг =2.333.000 төгрөг /үндсэн зээл/

                  - 2.800.000 төгрөг х 3%=84.000 төгрөг / сарын хүү/

                  - 84.000 төгрөг х 11 /сар/ = 924.000 төгрөг /хүү/

                  - 84.000 төгрөг : 25 /хоног/=70.000 төгрөг /хүү/

                  - 924.000 /хүү/+70.000/хүү/ =994.000 төгрөг /хүү төлөх/

                  - 994.000-343.930=650.070 төгрөг /нийт төлөх хүү/

                  - 2.333.000 төгрөг /үндсэн зээл/+ 650.070 төгрөг /хүү/+1.166500 төгрөг /алданги/=4.149.570 төгрөгийг нэхэмждэгч төлөхөөр байгаа боловч 6.870.000 төгрөг /шинжээчийн дүгнэлт/-4.149.570 төгрөг /зээлийн төлбөр/ = 2.720.430 төгрөгийг /тээврийн хэрэгслийн зөрүү мөнгө/ нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 4.324.350 төгрөг болгож багасгасан тул 4.324.350-2.720.430=1.603.920 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

    Түүнчлэн зохигчид байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар” алдангийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “анзын гэрээг бичгээр байгуулах мөн хуулийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн заалттай нийцсэн тул нэхэмжлэгчийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2.720.430 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 58.477 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

       

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

       115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

        

        1.Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т..........” ХХК-иас 2.720.430 төгрөг төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.М........ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1.603.920 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.        

       

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.790 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 58.477 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АРИУНАА