Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 01997

 

 

Ж.М-ын нэхэмжлэлтэй                                                                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/01736 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ж.М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “ТБА” ХХК-д холбогдох

“Приус-20” маркийн автомашиныг бусдад шилжүүлснээс учирсан хохиролд 4 324 350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.М- нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.М- 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр өөрийн эзэмшлийн “приус-20” маркийн 35-13-УНЧ улсын дугаартай авто машинаа барьцаалан, "ТБА" ХХК-тай 0180121 дугаартай "Зээлийн гэрээ" байгуулж, 2 800 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлж авсан. Нэхэмжлэгч 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 398.220 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 412 710 төгрөгийг төлж, үүнээс хойш эдийн засгийн боломжгүйн улмаас үндсэн зээл, хүүгээ төлж чадахгүй байдалд хүрсэн. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч "Өргөө" кино театрын хойд талын зам дээр тавьсан байсан миний автомашиныг ачиж явахдаа надад мэдэгдэлгүй аваад явсан байсан. Дараа нь "ТБА" ХХК-тай очиж уулзахад "чи зээлээ төлөөгүй учраас автомашиныг хурааж авсан” гэхэд би “мөнгөө төлөөд машинаа авъя” гэж хэлэхэд маш их хэмжээний мөнгө нэхэн, машиныг зарсан гэсэн. Одоогийн байдлаар "ТБА" ХХК-иас авсан зээлээс үндсэн зээлд 467 000 төгрөг, хүүд 343 930 төгрөг нийт 810 930 төгрөг төлсөн байна. Иймд 2012 онд Монгол улсад орж ирсэн, миний эзэмшлийн сувдан цагаан өнгөтэй, “приус-20” маркийн суудлын автомашины зөрүү болох 4 614 992 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шаардлагаа    4 324 350 төгрөгөөр багасгаж байгаа тул энэ мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ТБА” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Ж.М-, “ТБА” ХХК-тай “Зээл болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ”-г байгуулан, 2 800 000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүгэй, 12 сарын хугацаатай зээлж, хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцохоор тохиролцон, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “тоёота приус-20” маркийн 35-13-УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн. Нэхэмжлэгч гэрээний хавсралт нэгээр баталсан зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлбөрийг төлж барагдуулахгүй 363 хоног хэтрүүлсэн бөгөед үндсэн зээлийн үддэгдэл 2 333 000 төгрөг, хүү 212 650 төгрөг, алданги 1 166 500 төгрөг нийт 3 701 558 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон. Иймээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.12.1, 2.12.3-т зааснаар зээлдэгч зээл эргэн төлөх хуваарьт заасан хугацааг хэтрүүлсэн тул “Фидуцийн гэрээ”-нд заасан “тоёота приус-20” маркийн 35-13-УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч зээлийн гэрээний үүргийг хангуулах эрхээ хэрэгжүүлсэн. Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасны дагуу “Фидуцийн гэрээ” дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ТБА” ХХК-иас 2 720 430 төгрөг төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.М-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 603 920 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 790 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 58 477 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагчаас зөрүү төлбөр 4 614 992 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй бөгөөд гэрээний болон гэрээний бус үүргийн аль хүрээнд шаардаж байгаа үндэслэлээ тайлбарлаагүй, хууль болон гэрээнд заасан ямар эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн талаар тодруулаагүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 124 дугаар “Хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлт”-ээр 2004 онд үйлдвэрлэгдсэн 2012 онд Монгол Улсад орж ирсэн, “Тоёота приус-20” маркийн 35-13 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнийг 6 870 000 төгрөгөөр тодорхойлсон байна. Уг шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар “Тоёота приус-20 маркийн 35-13 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд хөрөнгийн байдалтай биечлэн танилцаагүй гэх ба зөвхөн нэхэмжлэгчийн автомашины талаар өгсөн мэдээлэл, фото зургийн дагуу үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Гэтэл анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон үнэлгээг үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дэх хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Ж.М-, “ТБА” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 01801217 дугаар “Фидуцийн гэрээ”-ний 5.12-т зааснаар автомашиныг худалдан борлуулах үнийг 3 500 000 төгрөг гэж талууд харилцан тохиролцож тогтоосон. Шинжээчийн дүгнэлт нь бодитоор гарах боломжгүй бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 02- ны өдрийн 01801217 дугаартай зээлийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өмчлөлд шилжүүлсэн Тоёота Приус 20 маркийн 3513 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зээлдэгч буюу нэхэмжлэгч эзэмших, ашиглах эрхтэй байхаар заасан. Зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр /бодитойгоор гаргуулан авсан өдөр/ хүртэл хугацаанд нэхэмжлэгч тухайн автомашиныг ашиглаж байсан тул эдэлгээ, эд хөрөнгийн чанарын байдалд өөрчлөлт орсноор үнэлгээ буурч худалдан борлуулах боломжгүй болсон тул холбогдох засвар, үйлчилгээг өөрсдийн зардлаар хийсэн. Тоёота Приус 20 маркийн 3513 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд холбогдох засвар, үйлчилгээг хийж 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бусдад худалдсан тул, уг тээврийн хэрэгсэлтэй адил маркийн бусад тээврийн хэрэгслийн 2020 оны байдлаар тодорхойлсон зах зээлийн үнэлгээ нь бодит байдалд нийцэхгүй, үүнийг шүүх шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм. Түүнчлэн уг хэргийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дээрх Фидуцийн гэрээнд заасны дагуу худалдан борлуулахаар тохиролцсон 3 500 000 төгрөгийн дүнгээс тооцон хариуцагчаас 954 350 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байдаг. Гэтэл анхан шатны шүүх өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн шаардлага гаргаагүй үнийн дүнг тооцон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ж.М- нь хариуцагч “ТБА” ХХК-д холбогдуулан хохирол 4 614 992 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс фидуцийн зүйлийг бодитойгоор гаргуулснаар гэрээ дуусгавар болсон  гэж маргажээ.

Нэхэмжлэгч Ж.М- нь 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч “ТБА” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 2 800 000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлж, хугацаа хэтэрсэн тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. Мөн гэрээний үүргийг хангуулах зорилгоор 2004 онд үйлдвэрлэгдсэн, “Тоёота приус-20” маркийн 35-13 УНЧ улсын дугаартай, суудлын зориулалттай, цагаан өнгийн тээврийн хэрэгслийг өмчлөх эрхийг үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлсэн фидуцийн гэрээг бичгээр байгуулсан, хуульд заасан шаардлагыг хангасан хэлцэл байгуулжээ.

Фидуци нь мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой, энэ зорилгоор хөдлөх хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, хэрэв үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүрэгтэй, харин үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөлдөө шилжүүлсэн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар фидуци дуусгавар болохыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсэгт тус тус зохицуулжээ.

Хариуцагч “ТБА” ХХК нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө фидуцийн зүйлийг захиран зарцуулсан гэх байдал тогтоогдоогүй, харин нэхэмжлэгч Ж.М- зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3 дахь хэсэгт  хамаарахгүй байна.

Нэхэмжлэгч дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс хариуцагчид үндсэн зээл 2 800 000 төгрөг,  үндсэн зээлийн хүү 994 000 төгрөг, нийт 3 794 000 төгрөг төлөхөөс 810 930 төгрөгийг төлсөн тул түүний гүйцэтгээгүй үүрэг 2 983 070 төгрөг болж, гэрээний 2.3, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4 дэх хэсэгт тус тус зааснаар  алданги  тооцоход 1 491 535  төгрөг болох ба хариуцагч фидуцийн зүйлийг хураан авах хүртэл нийт 4 474 605 төгрөгийг төлөх үүрэг үүссэн байжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн зөрчлийн талаар болон алдангийн талаар зөв дүгнэсэн боловч хариуцагч Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа боловч зохигчдын хооронд энэ төрлийн зээлийн гэрээ байгуулагдаагүй.

Харин фидуцийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр, нэхэмжлэгч дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгө төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс хариуцагч фидуцийн зүйл болох автомашиныг 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Өргөө” кинотеатрын хойд талын зам дээрээс хураан авсан буюу фидуцийн зүйлийг бодитойгоор гаргуулан авснаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар  гэрээ дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй. 

Барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээний харилцаа нь зээлдэгчээс хөдлөх хөрөнгийг барьцаалж, зээл олгох, зээлийн хүүг харилцан тогтоох, зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцааж төлөөгүй тохиолдолд барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдан борлуулах замаар үүргийг хангуулах шинжтэй байдаг.

Харин фидуцийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэгч үүргийн зөрчил гаргаагүй, үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд хариуцагч хэдийгээр өмчлөгч байх боловч тухайн хөрөнгийг захиран зарцуулахгүй байх, жинхэнэ өмчлөгчийн эрхэд халдахгүй байх үүрэгтэй.

 Шүүх зохигчдын хоорондох фидуцийн гэрээг барьцаа гэж дүгнэхдээ эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч өөртөө шилжүүлэн авсан, зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй байгааг анхаараагүй байна.

            Нөгөө талаар, фидуцийн зүйлийг бодитойгоор гаргуулан авсан үеэс эхлэн Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.6 дахь хэсэгт заасны дагуу хөрөнгө итгэмжлэх гэрээний үүрэг үүснэ. Хөрөнгө итгэмжлэх гэрээний дагуу итгэмжлэгдсэн өмчлөгч нь итгэмжилсэн хөрөнгийг итгэмжлэгчийн зардал, эрсдлээр захиран зарцуулах үүрэгтэй.

Хариуцагч байгууллагын хувьд нэхэмжлэгчийн төлбөрийн хэмжээ 4 474 605 төгрөгийг, автомашинд хийсэн засварын зардал, ачилтын зардал, зогсоолын төлбөр зэрэгт 1 856 000 төгрөгийн зардал гарсан нь хөрөнгөдөө тооцогдоно гэж тайлбараа гаргасан нь үндэслэлтэй.

 

Итгэмжилсэн хөрөнгөтэй холбоотой гарсан дээрх зардлыг гарах ёсгүй байсан зардал, үндэслэлгүй гэж нэхэмжлэгч нотолж чадаагүй.  Иймд автомашины үнийн зөрүүгээр буюу фидуцийн гэрээний дагуу авсан зүйлийн үнийг алдагдуулсан, илүү өөртэй ашиг олсон, эд хөрөнгийг худалдан борлуулсан орлогоо буцааж өгөөгүй гэх зөрчил тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд заасны дагуу зөрчил гаргасан тохиолдолд хохирол шаардах эрхтэй. Иймд хариуцагчийг үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2020/01736 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул хариуцагч “ТБА” ХХК-д холбогдох 4 324 350 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 477 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

                          ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                             Н.БАТЗОРИГ