Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2019/0196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: “М” ХХК

Хариуцагч: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар

Нэхэмжлэлийн шаардлага: Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай” 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, М.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Л.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар манай компанийг хийжүүлсэн ундааны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоож, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газарт үүрэг болгож шийдвэрлэсэн. Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосноор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь манай компанийн үйл ажиллагаанд хяналт тавих, Өрсөлдөөний гухай хуулийн дагуу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь хориглох эрх зүйн үр дагаврууд бий болсон.

Хариуцагч байгууллагын давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хууль, Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор баталсан “ Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ыг зөрчсөн гэж үзэж Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэсэн хуулийн заалтыг хариуцагч байгууллага зөрчсөн байна. Хариуцагч нь 2018 оны 06 дугаар сараас эхлэн давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох талаар судалгааны ажилд шаардлагатай гэх манай компанийн борлуулалтын орлого, түүнтэй холбоотой мэдээллийг тухай бүр шаардан авсан. Улмаар 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдөр 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр болох хуралдааны мэдэгдлийг танилцуулан компанийн төлөөлөгчөөр гарын үсэг зуруулан хийжүүлсэн ундааны зах зээлд “М” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон тогтоолын төслийн хувийг гардуулан өгсөн.

Гэвч захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэсэн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсгийг зөрчсөн, сонсох ажиллагаа явуулаагүй.

Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана”, 27.3.3 “Захиргааны шийдвэр гаргах тухай асуудлын талаарх мэдээлэл, үндэслэлийг' тусгах” гэсэн заалтыг зөрчиж шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл мэдээллийг танилцуулаагүй, танилцах боломж гаргахыг хүссэн боловч уг шаардлагыг захиргааны байгууллага биелүүлээгүй байна.

Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай болохыг тогтоосон үндэслэлийг тухайн аж ахуй эрхлэгч шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас шаардан авах эрхтэй” гэсэн аж ахуй эрхлэгчийн эрхийг нь зөрчсөн. Энэхүү журмаар тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр аж ахуй эрхлэгчийн зүй ёсны монополь байдалтай тогтоохдоо тухайн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчид дамжуулах, түгээх сүлжээ, дэд бүтэц, технологийн онцлогоос шалтгаалж тухайн бараа бүтээгдэхүүнийг өөр бараа бүтээгдэхүүнээр орлуулах боломжгүй эсэх, тухайн бараа бүтээгдэхүүний зах зээлд шинээр аж ахуй эрхлэгч нэвтрэн ороход эдийн засгийн болон хууль эрх зүйн боломж хязгаарлагдмал эсэхийг харгалзан үзнэ гэж тодорхойлсон.

Журмын 2 дугаар хэсэгт тухайн бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох, зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох, зах зээлийн төвлөрлийг тооцох, зах зээлийн хүчийг тодорхойлох үе шатаар давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтооно гэж заасан байна. Гэтэл эдгээр хүчин зүйлс, үе шатыг хэрхэн тогтоосон талаарх мэдээллийг манай компанид танилцуулахгүйгээр урьдчилан гаргасан тогтоолын төслийг гардуулсан.

Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй тул захиргааны байгууллагаас гарах шийдвэрийн үндэслэл, мэдээлэлд манай компанийн зүгээс тайлбар, санал гаргах боломжгүй болсон.

Хийжүүлсэн ундааны зах зээлийн үйлдвэрлэлд 89,5 хувъ, импортын зах зээлд 50.7 хувь, борлуулалтын 95,6 хувийг манай компани эзэлж байгаа талаар судалгааг танилцуулсан боловч судалгааны үндэслэл, үр дүн мэдээллийг танилцуулаагүй юм. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхгүй аж ахуй эрхлэгчийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргасан байна. Иймд хууль, журамд заасан шаардлагыг хангаагүй захиргааны акт гаргасан тул тус газрын Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай 2018 оны 12 дугаар сарын 05 ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.” гэжээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “М” ХХК-иас ирүүлсэн гомдлын дагуу агентлагийн даргын 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1/11 дугаартай удирдамж баталж “М” ХХК-д зах зээлийн судалгаа хийсэн.

Нэг. “Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ыг зөрчсөн" гэсэн тухайд:

Өрсөлдөөний тухай хууль болон Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын дагуу “Хийжүүлсэн ундаа”-ны зах зээлийн судалгааг дараах үе шаттай хийсэн. Үүнд:

1. Бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох,

2. Зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох,

3. Зах зээлийн төвлөрлийг тооцох,

4. Зах зээлийн хүч.

Эдгээр хүчин зүйлүүдийг тооцоход Монгол улсын хэмжээнд “М” ХХК нь хийжүүлсэн ундааны үйлдвэрлэлийн зах зээлийн 89,2%, импортын зах зээлийн 50,7%, борлуулалтын орлогын 95.6% эзэлж байна.

Өрсөлдөөний тухай хуулийн 5.2-т “тодорхой бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг /33.3/ буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ" гэж заасан байх тул “М” ХХК-ийг Монгол улсын хэмжээнд хийжүүлсэн ундааны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох үндэслэл болсон.

Хоёр. “Сонсох ажиллагааг явуулаагүй” гэсэн тухайд:

“М” ХХК-ийн хуульч М.Х 2018 оны 12, дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 13 минутад сонсох ажиллагааны мэдэгдэлтэй танилцан гарын үсэг зурсан.

Уг мэдэгдлээр хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний 3 дугаарт “М" ХХК-ийн асуудал хэлэлцэгдэх тул 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 10 цагт хуралдааны сонсох ажиллагаанд тайлбар, санал хэлж оролцох боломжтойг мэдэгдсэн..

Мөн хуралдаан эхлэхээс өмнө “М” ХХК-ийн хуульч М.Хтой /88110732/ 2 удаа холбогдож сануулсан боловч ирж оролцоогүй. ‘М” ХХК-иас хуралдааны сонсох ажиллагаанд оролцож судалгааны талаар тайлбар мэдээлэл хийх эрх нь нээлттэй байсан.

Гурав. “Шийдвэр гаргах үйл ажиллагаа болон судалгааны үндэслэл мэдээллийг танилцуулаагүй” гэсэн тухайд:

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “М” ХХК-д судалгаанд шаардлагатай мэдээ мэдээлэл гаргуулахаар 2018 оны б дугаар сарын 12-ны 6/837 тоот албан бичиг хүргүүлсэн боловч холбогдох материалыг ирүүлээгүй бөгөөд “М” ХХК-ийн борлуулалтын ахлах менежертэй удаа дараа холбогдож шаардахад мөн ирүүлээгүй тул 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 3/19 дугаартай улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн. “М” ХХК-иас 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 144 дугаартай албан бичгээр холбогдох материалыг ирүүлсэн боловч тухайн материал судалгааны ажлыг хийхэд шаардлага хангахгүй болохыг “М” ХХК-д мэдэгдсэн. Улмаар 2018 оны 7 дугаар сарын 26- ны өдөр холбогдох материалыг ирүүлсэн. Шаардлагатай мэдээ, мэдээллийг цаг тухайд нь гаргаж ирүүлэхгүй байсан нь судалгааны ажлыг хийхэд хүндрэл учруулж байсан.

“М” ХХК-ийн хуульч М.Хт 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Хийжүүлсэн ундаа”-ны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааны танилцуулга болон “М” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох тогтоолын төслийг танилцуулсан. Мөн холбогдох материалыг тус компанийн хуульч М.Хт “К” цахим хаягаар илгээсэн.

Харин “М” ХХК-ийн хуульч М.Хийн авахыг хүссэн мэдээлэл бусад аж ахуй эрхлэгчдийн бизнестэй холбоотой байсан тул өгөх боломжгүй талаар мэдэгдсэн.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын  2018 оны 12 сарын 05-ны өдрийн 3 дугаар хуралдаанаар “Хийжүүлсэн ундаа”-ны зах зээлд “М” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон 09 дүгээр тогтоол гарсан талаар "М” ХХК-ийн хуульч М.Хт утсаар мэдэгдсэн ба 2018 оны 12 дугаар сарын 11-нд тус компанийн ажилтанд тогтоолыг гардуулж өгсөн.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “М” ХХК-ийг төлөөлж тус компанийн Захирал Л.М шүүхэд хандаж “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ыг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй, тайлбар гаргаж өгөх боломжоор хангаагүй...” гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч “...журмын дагуу судалгааг үе шаттай хийсэн, сонсох ажиллагаа явуулсан, тогтоол үндэслэлтэй” гэж маргаж байна.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаас 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 1/11 тоот удирдамж баталж, “Хайпермаркет, супермаркетуудын явуулж буй үйл ажиллагаа нь Өрсөлдөөний тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, “М” ХХК-ийн үйл ажиллагаанд зах зээлийн судалгаа хийх”-ээр тус газрын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга, Улсын ахлах байцаагч Т.Бээр ахлуулсан ажлын хэсгийг томилжээ.

Үүний дагуу Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Зах зээлийн судалгааны газраас хийсэн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Хийжүүлсэн ундааны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа /“М” ХХК-д/-гаар нэхэмжлэгч компанийг хийжүүлсэн ундааны үйлдвэрлэлийн зах зээлд 89,5 хувь, хийжүүлсэн ундааны импортын зах зээлийн 50,7 хувь, 2017 оны байдлаар хийжүүлсэн ундааны борлуулалтын үнийн дүнгийн 95,6 хувийг эзэлж байна гэж дүгнээд судалгааны үр дүнг үндэслэн “М” ХХК-ийг хийжүүлсэн ундааны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоож, албан ёсоор нийтэд зарлах, Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн дагуу давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих саналыг тус тус гаргаж, улмаар бараа бүтээгдэхүүний хүрээг нийлүүлэлтээс нь хамааруулан үйлдвэрлэлийн зах зээл, импортын зах зээл гэж үзэн, хийжүүлсэн ундааны зах зээлийн газар зүйн хил хязгаарыг Монгол улс бүхэлдээ нэг зах зээл гэж тогтоон, зах зээлийн төвлөрөл, зах зээлд эзлэх хувийг “М” ХХК нь хийжүүлсэн ундааны үйлдвэрлэлийн зах зээлд 89,8 хувь, импортын зах зээлд 50,7 хувь, борлуулалтын хувьд 95,6 хувийг эзэлж давамгай байдалтай байна, зах зээлийн төвлөрлийн түвшин өндөр буюу өрсөлдөөн хязгаарлагдмал гэж дүгнэсэн байна.

Уг судалгааны дүнг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 3 дугаар хуралдаанаар нийт гишүүдийн 55,5 хувийн ирцтэйгээр хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэнээр 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09 дугаар бүхий “Давамгай байдалтай аж  ахуй эрхлэгчийг тогтоох тухай” тогтоолоор Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 15 дугаар зүйлийн 15.1.6, 16 дугаар зүйлийн 16.8 болон Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ыг тус тус үндэслэн хийжүүлсэн ундааны зах зээлд “М” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоож, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газарт үүрэг болгожээ.

Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээлд дангаараа буюу бусад этгээдтэй хамтран, эсхүл харилцан хамаарал бүхий этгээд үйлдвэрлэл, борлуулалтын, эсхүл худалдан авалтын гуравны нэг буюу түүнээс дээш хувийг эзэлж байвал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж үзнэ” гэж, 5.3-д “Энэ хуулийн 5.2-т заасан хувьд хүрээгүй ч бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлд гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах чадвартай аж ахуй эрхлэгчийг бараа бүтээгдэхүүний хүрээ, зах зээлийн газар зүйн хил хязгаар, зах зээлийн төвлөрөл, зах зээлийн хүч зэргийг үндэслэн давамгай байдалтай гэж үзэж болно” гэж, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6-д “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журмыг Засгийн газар батална” гэж, хуулийн 16 дугаар зүйлийн 16.1Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийдвэр гаргах үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна гэж, 16.2.Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргах бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд асуудлыг хуралдаан даргалагчийн саналаар шийдвэрлэнэ,16.3-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийдвэрт тус газрын дарга гарын үсэг зурна” гэж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д Улсын байцаагч дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ20.3.1-д “өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, захиргааны шийтгэл ногдуулах” 20.3.2-т “судалгаа, хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, тайлан, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, албан тушаалтан, аж ахуй эрхлэгчээс үнэ төлбөргүй гаргуулан авах” 20.3.3-д “хийсэн хяналт шалгалтын үнэн зөвийг бүрэн хариуцах” гэж тус тус заажээ.

Түүнчлэн уг хуульд үндэслэн гарсан Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын 1.1-д “аж ахуй эрхлэгчийг тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр зүй ёсны монополь болон давамгай байдалтай эсэхийг судалж тогтоох, бүртгэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна” гэж, 2.2-т “тодорхой бараа бүтээгдэхүүний зах зээл дээр аж ахуй эрхлэгчийн давамгай байдалтайг дараахь үе шатаар тогтооно...бараа бүтээгдэхүүний хүрээг тодорхойлох...зах зээлийн газар зүйн хил хязгаарыг тогтоох...зах зээлийн төвлөрлийг тооцох...зах зээлийн хүчийг тодорхойлох” гэж, мөн журмын 7.1-д “Өрсөлдөөний тухай хууль болон энэ журмын дагуу аливаа аж ахуй эрхлэгч...давамгай байдалтай болох нь тогтоогдсон бол шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тухайн аж ахуй эрхлэгчийг ...давамгай байдалтай болохыг баталгаажуулсан шийдвэр гаргаж бүртгэнэ” гэж, 7.4-т “тухайн аж ахуй эрхлэгчийг давамгай байдалтайг тогтоох мэдээллийн эх сурвалж нь шударга өрсөлдөөн, гааль, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, статистикийн төв байгууллага болон бусад төрийн байгууллагаас гаргасан мэдээ, мэдээлэл, өмнө нь хийсэн ажлын тайлан судалгаа, шинжилгээний дүгнэлт болон...баримт бичгүүд, судалгаа, тухайн аж ахуйн нэгжийн цахим хуудаст тавигдсан мэдээлэл, санхүүгийн мэдээ, тайлан зэрэг байна” гэж тус тус зохицуулжээ.

Дээр дурдсан хууль болон журмын заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээнд нийцүүлэн Монгол улсад адил төрлийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, тоон мэдээлэл болон гаалийн байгууллага бусад эрх бүхий төрийн захиргааны байгууллагуудаас баримт мэдээлэл, судалгаа гаргуулсны үндсэн дээр эдгээр мэдээллийн эх сурвалжид үндэслэн нэхэмжлэгч “М” ХХК-ийг хийжүүлсэн ундааны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон нь үндэслэлтэй, уг захиргааны акт хууль зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь өөрийн компанийг хийжүүлсэн ундааны зах зээлд давамгай биш гэж маргаагүй, мөн хариуцагч захиргааны байгууллагаас хийсэн тооцоо судалгааг үндэслэлгүй гэж үзэж өөрийн компанийн хувьд хийсэн тооцоо судалгааг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул тухайн судалгааны дүн үндэслэлтэй эсэх талаар шүүхээс тусгайлан дүгнэлт өгөх боломжгүй.

Нэхэмжлэгчийн гаргасан, “сонсох ажиллагаа явуулаагүй” гэх үндэслэлийн тухайд, Судалгааны ажлын хэсгээс 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 6/837 тоот албан бичгээр нэхэмжлэгч компанид хандаж “...Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор батлагдсан  “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай” журмыг үндэслэн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл дэх хийжүүлсэн ус, ундааны үйлдвэрлэл болон борлуулалтын өнөөгийн нөхцөл байдлын талаар судалгааны ажлыг эхлүүлсэн”-ийг дурдаад судалгаанд шаардлагатай мэдээ, мэдээлэл, статистик тоо баримт, судалгааг 06 дугаар сарын 20-ны дотор ирүүлэхийг мэдэгдсэн, “М” ХХК-ийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 044 тоот “Мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгээр холбогдох баримт, мэдээллүүдийг хариуцагчид хүргүүлсэн байна.

Түүнчлэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Зах зээлийн судалгааны мэргэжилтэн Л.А 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10 цаг 13 минутад нэхэмжлэгч компанийн хуульч М.Хт “Сонсох ажиллагааны мэдэгдэл”-ийг гардуулж, гарын үсэг зуруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр, гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн тодорхойлно.” 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хуль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ.” 27.2.1-д “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх” 27.3-д “Сонсох ажиллагааны мэдэгдэлд дараах зүйлийг тусгана” 27.3.1-д “Сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл, 27.3.2-т “захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл заалт”, 27.3.3-д “Захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл үндэслэл” зэрэг гэж заажээ.

Үүнээс үзвэл хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас нэхэмжлэгч “М” ХХК-д судалгааны ажил явагдаж байгаа талаар анхнаасаа мэдэгдэж, холбогдох тооцоо судалгааны явцад шаардлагатай баримт мэдээллээ гаргаж өгөхийг шаардаж байсан, түүнчлэн тус компанийн төлөөлөгчид сонсох ажиллагаа явуулах талаар болон тайлбар, санал хэлж оролцох боломжтойг мэдэгдсэн боловч нэхэмжлэгч нь уг ажиллагаанд оролцоогүй, энэ тохиолдолд түүнийг байлцуулахгүйгээр шийдвэр гаргасанд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй юм.

Түүнчлэн “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын 7.6-д “энэ журмын 7.5-д заасны дагуу ирүүлсэн тайлан судалгаа, саналыг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мөн журмын 7.4-д заасан эх сурвалжид үндэслэн судалж үзээд тухайн аж ахуй эрхлэгчийг...давамгай байдлаа алдсаныг хүлээн зөвшөөрч “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийн бүртгэл”-ээс хасах тухай шийдвэр гаргана”  гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч нь өөрийн хийсэн судалгаа, тайланг хариуцагчид хүргүүлсний үндсэн дээр давамгай байдлаа алдсаныг хүлээн зөвшөөрүүлэх боломж нь нээлттэй байна.

Иймд “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай”  2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр тогтоол нь дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 15 дугаар зүйлийн 15.1.6, 16 дугаар зүйлийн 16.8, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-иас гаргасан “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох” тухай 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй..

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН