Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2019/02419

 

2019 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2019/02419

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1-р хороо, 13-р хороолол, Нарны зам-00 тоот, Юнион бюлдинг байрны А блок А-0000 тоот П ХХК /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11-р хороо, Дүнжингарав 14, Зайсангийн гудамж, 00000, Зайсан скуэр төв 0 давхарт байрлах, М.М ХХК /РД:0000000/-д холбогдох

Гэрээний үүрэгт 659 964 088 төгрөг гаргуулах үндсэн Тэсэлгээний ажлаа технологийн дагуу бус хийснээс учирсан хохиролд 920 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 9 сарын 25-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-О, Ц.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Т, Л.Б, нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П ХХК нь М.М ХХК-тай харилцан тохиролцож 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх хамтын ажиллагааны 00000 тоот дугаар бүхий гэрээг Монгол Улсын Иргэний хууль болон бусад хууль тогтоомжуудад заасан үндэслэл журмын дагуу хийж уул уурхайн тэсэлгээний ажил, үйлчилгээг чанар, стандартын шаардлагад нийцүүлэг* бүрэн хийж гүйцэтгэн ажилласан болно. Гэвч талуудын хооронд үл ойлголцох маргаан гарч хариуцагч тал болох М.М" ХХК-ийн хууль бус шаардлага шахалт болон тус комПаниас 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн 00/000 дугаартай гэрээ цуцлах агуулга бүхий мэдэгдлийн үндсэн дээр гэрээний дагуу хийгдэж байсан үйл ажиллагаа бүхэлдээ зогсож, гэрээг цуцлахаар болсон. Манай комПанийн зүгээс гэрээ байгууллагдсанаас хойш Монгол Улсын Иргэний хуулийн холбогдох хэсэг, талуудын хооронд байгуулагдсан гэрээнийхээ үүргийг бүрэн, шударгаар биелүүлж ажиллаж ирсэн. Гэвч захиалагч тал болох М.М" ХХК-ийн зүгээс гэрээнийхээ үүргийг шударгаар биелүүлэлгүй хууль бус, шударга бус шаардлага тавих, гэрээгээр тохиролцоогүй ажил үүргийг хүлээлгэх, тулгах, шахалтанд оруулах, ажил гүйцэтгэлийн шатанд гүйцэтгэж буй ажил үйлчилгээтэй холбоотой нэг ч шаардлага, акт гаргаагүй, ирүүлээгүй хэрнээ гэнэт гэрээгээ цуцална, ажил үйлчилгээгээ дуусгавар болгоно гэх мэтээр гэрээгээ зөрчиж улмаар хамтын үйл ажиллагааг дуусгавар болгосон. Ингээд манай комПанийн зүгээс асуудалд хүндэтгэлтэй хандаж улмаар гэрээгээ дуусгавар болгож байгаа бол гэрээнийхээ дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.15-д заасан гүйцэтгэгч нь тэсэлгээний ажил үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан үнэ, нөхцлөөр авах эрхтэй, гэрээний 2 дугаар зүйлийн 2.15-д заасан Захиалагч нь гүйцэтгэсэн ажлын төлбөрийг энэхүү гэрээнд заасан үнэ нөхцлөөр барагдуулах үүрэгтэй гэсний дагуу гүйцэтгэсэн ажлын болон гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл болох нийт 642,286,709 төгрөгийг төлж барагдуулахыг удаа дараа шаардаж байсан. Түүнчлэн энэ талаараа манай комПанийн зүгээс 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 00/000 тоо дугаар бүхий Гэрээнийхээ үүргийг биелүүлэхийг шаардах" агуулга бүхий шаардлагыг хүргүүлсэн ч тухайн комПани нь одоог хүртэл гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй байна. Дээрхээс гадна М.М XXК нь манай комПаниас явуулсан шаардлагын хариуд 2018 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр 00/000 дугаар бүхий албан бичиг ирүүлж үүндээ "П.Б ХХК нь байгуулсан гэрээний дагуу Айл Баян уурхайн тэсэлгээний ажил гүйцэтгэж байх хугацаандаа алдаа гаргаж, тэсэлгээ буруу хийсний улмаас урд хананд нуралт үүссэн. Энэхүү нуралтыг 2 талаас хэмжин баталгаажуулж, акт үйлдсэний дараа төлбөр тооцоо шилжигдэхийг уламжилж байна хэмээн дурьджээ. Гэтэл гэрээний дагуу бидний хийж гүйцэтгэсэн тэсэлгээний ажил үйлчилгээ бүрэн хийгдэж, бүгд амжилттай болж байсан. Ажил гүйцэтгэж байсан шатандаа огт алдаа гаргаж байгаагүй, захиалагч комПанийн зүгээс ч алдаа гарсан акт, мэдэгдлийг хэзээ ч ирүүлж байгаагүй мөн түүнчлэн гэрээний дагуу ч бид хариуцагч талын хэлээд байгаа шиг ямар нэгэн эрсдэл, хариуцлага хүлээгээгүй гэрээнээс бэлхнээ харж болохоор байна. Харин тухайн комПани нь хугацаа хожих гэсэндээ ингэж байгаа юу, эсвэл төлбөр төлөхөөс үнэхээр санаатайгаар зайлсхийж хуурч мэхлэх арга замаар гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй санаатай байгаа юу гэдгийг үнэхээр хэлж мэдэхгүй байгаа ба ийм хууль бус үйлдлүүд гаргаад байгаад нь бидний зүгээс харамсаж байна. Иймд Талуудын хооронд 2017 оны 03 дугаар сарын 01-ны өдөр байгуулагдсан Тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх хамтын ажиллагааны 00000 тоот дугаар бүхий гэрээний үүргийн биелэлтэд үндсэн төлбөрт 627.342.289 төгрөг, алдангид 32,621,799 төгрөг, нийт 659.964.088 төгрөгийг хариуцагчаас гаргуулан авахаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийг маань хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн холбогдох хэсэгт заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч М.М ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч комПани нь нэхэмжлэлд дурдсан ажлыг хийсэн гэх боловч ажлаа хүлээлгэн өгөөгүй, тодорхойгүй, технологийн бус ажилласнаас их хэмжээний хохирлыг манай комПанид учруулсан. 2018 оны 07 дугаар сар хүртэл тэсэлгээний ажлыг нэхэмжлэгч комПаниар хийлгэж гүйцэтгэсэн. Тухайн үед тэсэлгээний далд доголдол маш их илэрч байсан. 2018 оны 07 дугаар сард уурхайн 2-р амны 760м, 750м, 740м болон 730м түвшингүүдийн эцсийн хязгаарт тулж хөрсний гулгалт үүсэж комПанид маш их хэмжээний хохирол үүссэн. 765м, 750м, 740м, 730м түвшингүүдэд нийт 383,780м3 уулын цул, тухайн үед 720м түвшинд олборлож байсан нүүрсний давхаргыг давсан, мөн 760м түвшингөөс хананы цэвэрлэгээний ажил гэх мэт хийгдэх шаардлагагүй ажил хийж манайд их хэмжээний хохирол учирсан. Нуралт юунаас үүдэлтэй вэ гэхээр тухайн үед П ХХК-ийн хийж байсан тэсэлгээний ПасПорт дээр тэсэлгээний холболтын зураг гэж өгч байгаагүй, тухайн чулуунд таарсан хэрэгсэл буруу сонгон хэрэглэж байсан үүднээс манай уурхайгийн эцсийн хязгаарт байдаг бермийн болон тогтворжилтын чулуу бүгд тодорхой хэмжээний битүү цохилтын нөлөөнд олон үе шатлалтай өртсөнөөр бүтэц шинж чанарын өөрчлөлтөд орж ан цавшил, сийрэгжилт авсан болно. 730м доод түвшингийн тэсэлгээнүүд үе шаттай хагарал авч нуралт үүссэн. Тухайн үед П ХХК цооног өдөлт, гадаргуу холболт дээр гадагшаа буюу хором удаашруулах цооног холболтын систем ашигласны улмаас хором хугацаанд буюу 21 миллсекундэд дотор тэсрэх бодисын хэмжээ маш их байснаас үүдээд хажуугийн эцсийн хана маш ихээр өртөж хагарал үүссэн. Манай уурхайд хором удаашруулалттай тэсэлгээ хийж байгаа. Энэ ямар давуу талтай вэ гэхээр хором хугацаанд тэсрэх бодисын хэмжээ маш бага байхаар. Хором хугацаанд тэсэлгээний бодис их бага байхаас шалтгаалаад доргилтын радиус их багаар тооцох боломжтой. 2018 оны 04 дүгээр сарын 21-ний хийсэн тэсэлгээг зөв хийсэн бол хажуугийн ханын хөрс нурах хэмжээ 0 байх байсан гэв.

Хариуцагч М.М ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн өмгөөлөгч Б.Т шүүх хуралдаанд тайлбартаа: Тус шүүхэд П ХХК нь М.М ХХК-д холбогдуулан 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх хамтын ажиллагааны 00000 дугаар гэрээний төлбөрт 627,342,289 төгрөг, алдангид 32,621,799 гаргуулах нэхэмжлэл гаргасан. П ХХК нь тэсэлгээний ажил технологийн дагуу бус хийснээс манай комПанид 920 000 000 төгрөгийн хохирол учирсан. Иймд П ХХК-иас 920 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дэх хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Гэвч М.М ХХК-ийн зүгээс 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр нэхэмжлэлтэй танилцаж, нэхэмжлэлийг гардан авсан боловч хуульд заасан хугацааны дотор хариу тайлбар гаргаж өгөөгүй бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд хариу тайлбар гаргаж өгсөн явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлlээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож..." гэж заасны дагуу хариуцагч хуульд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй буюу хугацаа хожимдож үүргээ биелүүлсэн нь хариуцагч тал болох М.М ХХК нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох бүрэн үндэслэлтэй байна гэж үзэж байна. М.М ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр П ХХК-ийн үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна." гэж заасан. Уг шаардлагад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлд 62.1.4 нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтаа тусгасан байна гэсний дагуу "М.М" ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь энэхүү шаардлагыг бүрэн хангахгүй байна гэж үзэж байна. Учир нь сөрөг нэхэмжлэлд П ХХК нь тэсэлгээний ажлаа технологийн дагуу бус хийснээс манай комПанид 920.000.000 төгрөгийн хохирол учирсан. Иймд П ХХК тэсэлгээний ажлаас технологийн дагуу бус хийсэн гэж үзэж байгаа талаарх үндэслэл түүнийг нотлох баримтаа сөрөг нэхэмжлэлд хавсаргаагүй нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байна. Мөн түүнчлэн манай комПани нь ажлаа чанар стандартын дагуу бүрэн бүтэн хийж гүйцэтгэж байсан бөгөөд М.М комПаниас ажлаа буруу хийсэн талаар акт шаардлага гаргаж байгаагүй. Иймд М.М ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Б ХХК хариуцагч М.М ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 627 642 289 төгрөг, алдангид 32 621 799 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрч, талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийг зохих ёсоор нэхэмжлэгч биелүүлээгүйн улмаас ажлын доголдол илэрсэн тул төлбөрийг төлөхгүй гэж татгалзаж, мөн гэрээний улмаас учирсан хохирол 920 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Талууд 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх хамтын ажиллагааны гэрээ нэртэй П.Б ХХК нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших ил уурхайн тэсэлгээний ажлыг гүйцэтгэхээр, нэхэмжлэгч М.М ХХК гэрээний үнэ болох тэсэлгээний бодисын үнийг төлөх үүргийг тус тус хүлээж байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 хэлцлийг хуульд заасан хэлбэрээр хийнэ гэсний дагуу бичгээр байгуулагдсан, 196 дугаар зүйлийн 196.1.2 гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдана гэсэнтэй нийцсэн, 343 дугаар зүйлийн 343.1 ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан нөхцөлтэй байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан гэж дүгнэлээ.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний хугацаа 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл заасан ч гэрээний 9.2-т заасны дагуу гэрээ сунгагдсан талаар талууд хүлээн зөвшөөрч, харин гэрээний биелэлтийг хүлээн авсан эсэх болон, түүний доголдлын талаар маргаж байна.

Нэхэмжлэгч П.Б ХХК-д 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 00/000 дугаартай албан бичгээр хариуцагч М.М ХХК дээрх гэрээг цуцлахыг мэдэгдэж, талууд гэрээг цуцлагдсан талаар маргахгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэгч төлбөр шаардах эрхгүй гэж татгалзаж байх боловч гэрээг цуцлах болсон үндэслэлээ нотолж чадаагүй бөгөөд Иргэний хуулийн 205 дугара зүйлийн 205.1 хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэсний дагуу нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн тул хариуцагчаас нийт 627 342 289 төгрөг болон алданги 32 621 799 төгрөг нэхэмжилж байна гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага түүний үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй 25 дугаар зүйлийн 25.2.2 нэхэмжлэлийн шаардлага тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүргийг хэрэгжүүлээгүй тул дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П.Б ХХК хариуцагч М.М ХХК-д гүйцэтгэсэн ажлын төлбөрийг нэхэмжлэхдээ тухайн ажлыг гүйцэтгэсэн болон хүлээлгэн өгсөн талаараа шүүхэд нотлох үүрэгтэй, хариуцагч талаас үүн дээр маргаж буй тул шүүхээс гүйцэтгэсэн ажлыг хүлээлцсэн баримт болох тэсэлгээний ажлын ПасПортуудыг шүүхэд ирүүлэхийг нэхэмжлэгчид даалгасан.

Гэвч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй нийт төлбөрийн тооцохдоо өмнөх үлдэгдэл 642 438 338.73 төгрөг, дутуу авлага нийт 2 227 773 978 гэж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт төлсөн дүн нийт 2 521 549 330 төгрөг гэж тайлбарлаж байгааг хариуцагч тооцоо нийлж мэдэхгүй байна гэж байна.

Нэхэмжлэгч шүүхээс шаардсан захирамжийн дагуу нийт 105 тэсэлгээний ажлын ПасПорт ирүүлсэн байх бөгөөд тус бүрт гүйцэтгэлээр хэрэглэсэн тэслэх бодисын хэмжээ 910 494 кг байх бөгөөд нийт 1 684 413 900 төгрөг байна. Гэтэл нэхэмжлэгч тал уг дүнгээс хариуцагч талын төлсөн дүн хасагдна гэж тайлбарлаж байх бөгөөд нэхэмжлэгч хэр хэмжээний ажлыг хийж гүйцэтгэж хүлээлгэж өгсөн болоод хэдийг төлсөн, үлдэгдэл хэдий хэмжээний ажлын гүйцэтгэлийг шаардаж байгаа талаарх тооцоог шүүх хуралдаанд тайлбарлаж чадахгүй байна.

Иймд шүүхээс тэдний хүснэгтээр гаргасан тооцоо болох өмнөх авлага 642 438 338.73 төгрөг болон төлөгдөөгүй 2 227 773 978 төгрөгөөс төлсөн 2 521 549 330 төгрөгийг хасч үлдэх 348 662 986,73 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх шаардлага 311 301 101,27 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин талуудын байгуулсан гэрээний 5.3 хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт дүнгийн 0,1 хувийн алдангийг нэхэмжлэгч талд төлнө гэж заасан байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр заасантай нийцэхгүй байх тул шаардах эрхээ алдсан гэж дүгнэсэн болно.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч ******* ХХК дээрх ажил гүйцэтгэх гэрээний улмаас доголдол үүсч 920 000 000 төгрөгийг хохирол үүссэн гэж тайлбарлан сөрөг нэхэмжлэл гарган шаардсаныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, энэ талаар баримтаа ирүүлээгүй, шаардлага үндэслэл тодорхойгүй гэж маргасан болно.

Нэхэмжлэгчийн татгалзал үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь хариуцагч М.М ХХК шүүхэд шинжээч томилуулах хүсэлт гаргахдаа доголдол үүссэн талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй төдийгүй хэдий хэмжээний нуралт үүссэн болон тухайн нуралт үүссэн хэсэгт нүүрсний олборлолт явуулах боломжтой эсэх асуудлыг маршейдерийн хэмжилт хийлгэн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсанд хариуцагч тал үзлэг хийлгэх эрхээ хэрэгжүүлээгүй тул 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргийг хэрэгжүүлээгүй, доголдлын улмаас ямар хохирол нэхэмжилж байгаа шаардлага үндэслэлээ нотлоогүй гэж үзсэн болно.

Мөн түүнчлэн Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-т ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш 6 сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана гэж заасны дагуу илрүүлэх боломжгүй дутагдал байсан талаар хариуцагч нотлоогүй тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэж дүгнэлээ.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тул улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилж, сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.1-д заасантай нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч М.М ХХК-иас 348 662 986,73 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Б ХХК-д олгож, үлдсэн шаардлага 311 301 101,27 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.2-т зааснаар нэхэмжлэгч П.Б ХХК-иас 920 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч М.М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 3 457 770 төгрөгийг, хариуцагчаас 2018 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр төлсөн 4 757 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 901 265 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Ц.УРАНГУА