Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2020/01552

 

 

 

 

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг,  дугаар хороо, М-ийн гудамж, 00/0 тоотод байрлах, “Д” ХХК /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хдүүрэг, 00 дүгээр хороо, 0 дүгээр хэсэг, Ж  таун Д гудамж,000 дүгээр байрны, 00 тоотод байрлах, “Г” ХХК /РД:5271231/-д холбогдох,

 

00,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 000,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Д” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Г” ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 00/000дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Тус гэрээгээр “Д” ХХК-ийн захиалгын дагуу гүйцэтгэгч “Г” ХХК нь С дүүрэг, 2 дугаар хороонд 12:16 м.кв харьцаатай 5 метрийн өндөртэй автомашины засварын байрыг 107,700,000 төгрөгөөр түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэйгөөр гүйцэтгэж, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр актаар хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон.

“Г” ХХК гэрээт ажлыг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дуусгасан ба 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөр барилга хүлээж авах техникийн комиссын акт үйлдэгдсэн. Гэвч гүйцэтгэсэн ажилд доголдол илэрч баталгаат хугацаа дуусаагүй байхад дээврийн хэсгээр борооны ус гоожсон.

Манай компанийн зүгээс мэргэжлийн байгууллага болох “Х эстимэйт” ХХК-аар шинжилгээ хийлгэж, шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг дүгнэлтээр дээврээс ус гоожсон гэдгийг тогтоосон байдаг. Иймд Манай зүгээс Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсгийг мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хариуцагч “Г” ХХК-иас шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирлын төлбөр 13,431,200 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэсэн төлбөр 350,000 төгрөг, эрэн сурвалжлуулахаар төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 00,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани нь “Д” ХХК-ний нэхэмжлэлтэй барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 00,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасанчлан гэрчилгээ олгогдоогүй дууссан боловч байнгын ашиглалтанд оруулаагүй буюу улсын комисс хүлээж аваагүй барилга байгууламжид үйл ажиллагаа явуулж, ашиглахыг хориглоно. Мөн Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т байнгын ашиглалтанд оруулаагүй буюу улсын комисс хүлээж аваагүй барилга байгууламжийг цахилгаан, харилцаа холбоо, дулаан халуун хүйтэн усаар хангахын хориглоно гэж заасан боловч “Д” ХХК нь уг барилга байгууламжийг улсын комиссд хүлээлгэн өгөх хүсэлт болон холбогдох бичиг баримтуудыг гаргаж өгөлгүй 4 жил ашигласан байдаг. Түүнчлэн Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Барилга байгууламжийг ашиглалтанд өгснөөс хойш зүгшрүүлэх, тохируулах хугацаа 1 жил байна. Энэ хугацаанд гүйцэтгэгч, захиалагч, зураг төсөв зохиогч болон ашиглагч нар нь тухайн барилга байгууламжид хамтран үзлэг хийж зөрчлийг арилгах талаар тэмдэглэл үйлдэнэ. Мөн 14.6-д барилга байгууламжийг хүлээлгэж өгснөөс хойш гурван жилд барилгын баталгаат хугацаа дуусгавар болно гэж заасан. Гэтэл “Д” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр уг барилга байгууламжийг акт үйлдэж хүлээн авснаас хойш нэг ч удаа хамтарсан үзлэг хийгээгүй бөгөөд засвар үйлчилгээний талаар ямар нэгэн гомдол гаргаагүй өнөөдрийг хүрсэн. Үүнээс харвал баталгаат хугацаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.

Мөн 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр техникийн комисс тухайн барилга дээр хяналт шалгалт хийж 11 төрлийн хийгдээгүй байсан ажлуудыг хийж гүйцэтгүүлэхээр 11 зөрчил тоочсоныг 2016 оны 11 дүгээр сарын 11-нд хийж гүйцэтгэсэн. Уг барилгын инженерийн бүх шугам сүлжээ, сан техник, цахилгааны ажлуудыг “Д” ХХК хийсэн.

Иймд дээврээс ус алдсан гэх дээврийн бүтээц нь 1.2 м налуутай, 0.5 мм зузаантай, дээр, доор бүхий 2 талдаа төмөр хавтантай, 15 м.куб нягтаршилтай 20см өргөн нягтаршил сайтай хөөстэй, урд талруугаа 80 см, гурван талруугаа 25 см-ийн илүүтэй мөн дээврээс дээш гарсан агааржуулалтын хоолойнд цас борооноос хамгаалсан малгайвч төмрийг хоолойноос илүү гарган хийсэн. Суурь хэсгийг нь силиконоор бэхжүүлэн шавсан тул гаднаас цас борооны ус орох боломжгүй. Салхивч агаар сэлгэлтийн ажлыг “Д” ХХК-ны өгсөн зургийн дагуу гүйцэтгэн хүлээлгэж өгсөн. Уг зургийг хийсэн эрх бүхий албан тушаалтнууд, инженерүүд тооцооллыг хийж өгсөн зургийн дагуу бид зөвхөн гүйцэтгэсэн.

Уг барилгын инженерийн шугам сүлжээ нь төвийн холболтонд холбогдоогүй бөгөөд 5 метрийн өндөртэй засвар үйлчилгээний газрыг ямар аргаар халааж байсан нь тодорхойгүй. Үүнээс үүдэн дулаан алдалт, цан цохилт үүссэн гэж үзэж байгаа. Мөн “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ний үнэлгээнд барилгын дээвэр хуулах, барилгын дээвэр хийх, 12-ын хана буулгах, 12-ын хана өрөх, шалны гарнец хийх, паркет хуулах, шахах гэх мэт ажлуудыг гүйцэтгүүлэхээр цалингийн зардал тооцож гаргасныг бид ямар ч үндэслэлгүй хохирлын үнэлгээ гаргасан гэж үзэж байна. Учир нь уг барилгад 12-ын өрлөг бүхий хана байхгүй. Зөвхөн 51-ийн хана байгаа мөн барилгын дээврийн зориулалт бүхий сэндвичин хавтан нь 20 см зузаантай нягтаршил сайтай хөөстэй, 2 талдаа төмөр хавтантай тул ус нэвтрэх ямар ч боломжгүй. Мөн барилгын зориулалт нь угаалга, засвар үйлчилгээний зориулалттай тул шалан гарнец хийгээгүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Г” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани нь “Д” ХХК-тай 2016 оны 06 сарын 28-ны өдөр хүнд даацын автомашины завсарын газар барих барилгын ажлыг 1 сарын хугацаатай гүйцэтгэхээр тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Ингээд ажлаа эхлэх гэтэл “Д” ХХК-иас төсөв байхгүй гээд санхүүжилт гаргаж өгөөгүй. Иймд манай компани өөрсдийн зардлаар барилгын санхүүжилтийг гаргаж барьсан. Анх гэрээнд 12*16м.кв талбай бүхий 1 давхар барилга бариулж байгаад “Д” ХХК-ний захирал н.Баатаржав нь 33 м.кв болгон өргөтгөх санал ирүүлсэн тул тухайн саналыг хүлээн авсан ба барилгын даацын тоосго, дулаалгын хөөс, өнгөлгөөний эмульс болон өнгөлгөөний тоосго нэмэгдсэн байдаг. “Д” ХХК нь гэрээнд төлбөрийг 4 хувааж өгнө гэж заасан байдаг боловч гэрээний үүргээ зөрчиж санхүүжилтээ өгөөгүй байдаг. Иймд барилгын ажил удааширч 2016 оны 11 сард хүлээлгэж өгсөн байдаг. Иймд манай зүгээс нэмэлтээр хийсэн 12.000 ширхэг өнгөлгөөний тоосго 7,200,000 төгрөг, 6 тн цемент 1,145,000 төгрөг, ажилчдын цалин 8,930,000 төгрөг, нийт 17,275,000 нэхэмжилж байгаа.

Мөн “Д” ХХК-ний буруутай үйл ажиллагаанаас буюу санхүүжилттэй холбоотой асуудлаар ажил удааширч 2016 оны  8 сарын эхээр хүлээлгэж өгөх барилгыг 11 сард хүлээлгэж өгсөн. Тухайн барилга барьж байсан газар нь автобус, унаа явдаггүй хол газар  байсан тул ажилчдыг байрлуулж ажиллуулсан. Иймд ажилчдын хоолны зардал, хамгаалалтын хувцас, тогны зардал, ус болон урсгал зардлыг бид нэхэмжилж байгаа. Манай бригад 20 хүнтэй ажиллаж байсныг бид дундажлаад 16 хүнээр бодож нэхэмжилсэн.  Нэг хүний барилгын хөлс өдрийн 100,000 төгрөг байгаа, бид нэг хүнээс өдрийн 45,000 төгрөгөөр, нэг хүний хоолыг дунджаар өдрийн 8,000 төгрөг, хөдөлмөр хамгаалалтын зардал 600,000, мөн ажилчдыг байрлуулах унтуулах гэрний мөнгө нийлээд нэхэмжлэгч талаас 86,900,000 төгрөг, нийт 000,000,000 төгрөгийг “Д” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус барилгын ажил гүйцэтгэх гэрээг 107,700,000 төгрөгөөр тохиролцож гэрээ байгуулсан. Мөн барилгын гадна талд өнгөлгөөний тоосго өрнө гэж 17,169,537 төгрөгийг хариуцагч тал манай компаниас нэмж авсан. “Г” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манайд барилгын үлдэгдэл зардал болох 16,700,000 төгрөгийг өгөөчээ гэсний дагуу манайх 10,000,000 төгрөгийг олгоод үлдэгдэл 6,700,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр үлдэгдэл мөнгийг олгосон. Манайх хариуцагч “Г” ХХК-д гүйцэтгэлтэй холбоотой ямар нэгэн үлдэгдэл төлбөр байхгүй. Бид бүх төлбөрийг төлсөн. Барилгын гүйцэтгэлийг хоцроож, манай компанийг хохироосон байж одоо сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад    

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан  00,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч “Г” ХХК нь нэхэмжлэгч “Д” ХХК-д холбогдуулан 000,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус  гаргажээ.

 

            Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Талуудын хооронд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 00/000дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж, “Д” ХХК-ийн СХД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хашаанд 12:16 м.кв харьцаатай, 5 метрийн өндөртэй, 207 м.кв талбай бүхий автомашины засварын байрыг “Г” ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдрийг хүртэл хугацаанд 107,700,000 төгрөгөөр барьж өгөхөөр харилцан тохиролцжээ./хх-5-6 тал/.

 

            Талууд энэхүү гэрээ байгуулагдсан эсэх болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй ба талуудын эрх, үүрэг, гэрээний шинж зэргээс дүгнэвэл тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Энэхүү гэрээний дагуу хариуцагч “Г” ХХК нь барилгын ажлыг хийж гүйцэтгэн, 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч талд акт үйлдэн хүлээлгэн өгсөн болох нь барилга хүлээж авах техникийн комиссын акт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна./хх-44 тал/.

           

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч “Г” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу барилгын ажлыг гүйцэтгэсэн боловч уг барилгын дээврээс ус гоожсоны улмаас 13,431,200 төгрөгний хохирол учирсан... гэж тайлбарлан энэхүү тайлбараа нотлохоор “Хэстимэйт” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайланг болон шүүхэд хүсэлт гарган уг барилгад үзлэг хийлгүүлжээ./хх-9-16тал/

 

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байх ба үндэслэлээ... уг барилгад учирсан гэх 13,431,200 төгрөгний хохирол нь дээврээс ус гоожсоноос болоогүй, уг барилгын инженерийн бүх шугам сүлжээ, сан техник, цахилгааны ажлуудыг “Д” ХХК өөрөө хийсэн бөгөөд барилгын инженерийн шугам сүлжээ нь төвийн холболтонд холбогдоогүй бөгөөд 5 метрийн өндөртэй засвар үйлчилгээний газрыг ямар аргаар халааж байсан нь тодорхойгүй. Үүнээс үүдэн дулаан алдалт, цан цохилтоос болж үүссэн  хохирол гэж, ...мөн ажил гүйцэтгэх гэрээний доголдлын талаар гомдол гаргах хугацаа өнгөрсөн гэж тайлбарлан, 000,000,000 төгрөгний сөрөг нэхэмжлэл гарган мэтгэлцэж байна.

 

            Талууд 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн  “Барилга хүлээж авах техникийн комиссын акт”-аар барилгын баталгаат хугацааг 2016 оны 10 дугаар сарын 09-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 09-ны өдөр хүртэл байхаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэсний дагуу  нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 3 жилийн хугацааны дотор гаргах эрхтэй байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийгдсэн ажлын доголдлыг засах зардлыг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

 

Хэрэгт авагдсан “Хэстимэйт” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан болон шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлээр тухайн барилгын хананы дагуу ус гоожсоны улмаас хананы шохой, замаск хуулсарсан, хананы өнгөн хэсэг хагарсан,  гал тогооны паркетан шал хөндийрсөн, тус барилгын баруун талын гаднах өнгөлгөөний тоосго хөндийрсөн гэх мэтээр нийт 13,431,200 төгрөгний засвар үйлчилгээг хийх шаардлагатай болох нь тогтоогдож байх боловч талууд ажил гүйцэтгэх гэрээний доголдолтой холбоотойгоор учирсан хохирол мөн эсэх дээр маргаантай байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь “Хэстимэй” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлангаар ...дээврээс ус гоожсоноос болж 13,431,200 төгрөгний хохирол учирсан гэдэг нь тогтоогдож байгаа гэж тайлбарлаж байгаа бол хариуцагч нь уг хохирол нь манай байгууллагын хийж гүйцэтгэсэн ажлын доголдлоос болж учраагүй, харин уг барилгын дулаан алдалтаас цанталт, хөлрөлт үүсч, түүний улмаас хана дагаж ус гоожсоноос болж хананы замаск шохой хууларч, паркет хөндийрсөн, манай тов оврын машин хана руу хүчтэй түлхэлт өгч зогссоноос болж гадна өнгөлгөөний тоосго хууларсан гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч “Д” ХХК нь тус барилгын инженерийн бүх шугам сүлжээ, сан техник, цахилгааны ажлуудыг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч маргахгүй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

 

“Хэстимэйт” ХХК нь даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа болон хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй байгууллага байх бөгөөд харин барилгын ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг илрүүлэх болон хананы замаск хууларсан, паркет хөндийрсөн, хананы өнгөлгөөний тоосго хөндийрсөн зэргийн шалтгаан нөхцөлийг тогтоох тусгай мэдлэг бүхий этгээд биш юм.

 

  Иймд “Хэстимэйт” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хохирлын үнэлгээний тайланг үндэслэн хариуцагч “Г” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн барилгын ажлыг дээврээс ус гоожсоны улмаас уг хохирол бий болсон гэж үзэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр нотлохоор тусгай мэдлэг бүхий шинжээчээр дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг гаргаагүй тул шүүх нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэн, хариуцагч “Г” ХХК-аас гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгуулах зардалд 00,000,000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

            Хариуцагч нь нэхэмжлэгчид  холбогдуулан 000,000,000 төгрөгний сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд үндэслэлээ... нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу санхүүжилтээ хугацаандаа өгөөгүйгээс ажил гүйцэтгэх хугацаа хойшлогдож, ажилчдын цалин, хоолны зардал, хөдөлмөр хамгаалалтын зардал болон бусад зардал нэмэгдсэн, мөн барилгын гаднах ханыг өнгөлгөөний тоосгоор өнгөлөхөөр өөрчилснөөс төсөв нэмэгдсэн... гэж тайлбарлаж байна.

 

            Талууд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж, үлдэгдэл 39,424,537 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчид өгөхөөр тооцоо нийлсэн байна. Хариуцагч нь энэхүү тооцоо нийлсэн актыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх бөгөөд үлдэгдэл 39,424,537 төгрөгийг хүлээн авсан болохоо зөвшөөрч, маргахгүй байна./хх-46 тал/.

 

            Харин уг тооцоо нийлсэн актад нэмэлт зардал гэж хариуцагчийн нэхэмжилж байгаа 000,000,000 төгрөгний тооцоолол тусгагдаагүй байна.

 

            Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жил байна гэжээ.

 

            Иймд хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дүгнэснээс хойш 3 жилийн дотор буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг гаргах эрхтэй байжээ.

 

            Гэтэл хариуцагч нь энэхүү сөрөг нэхэмжлэлээ 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргасан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна

 

            Дээрх үндэслэлээр хариуцагч “Г” ХХК-ийн нэхэмжлэгч “Д” ХХК-д холбогдуулан гаргасан 000,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон:

 ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан гаргасан 00,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч “Г” ХХК-ийн нэхэмжлэгч “Д” ХХК-д холбогдуулан  гаргасан 000,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,210 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 839,650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.ЭНХЗАЯА