Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 01779

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/01552 дугаар шийдвэртэй “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Ф ХХК-д холбогдох, 13 851 400 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 104 750 000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч “Д” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Ф ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 16/133 дугаартай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулса

. Тус гэрээгээр “Д” ХХК-ийн захиалгын дагуу гүйцэтгэгч Г.Ф ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороонд 12:16 м.кв харьцаатай 5 метрийн өндөртэй автомашины засварын байрыг 107,700,000 төгрөгөөр түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэйгөөр гүйцэтгэж, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр актаар хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Г.Ф ХХК гэрээт ажлыг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дуусгасан ба 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөр барилга хүлээж авах техникийн комиссын акт үйлдэгдсэн. Гэвч гүйцэтгэсэн ажилд доголдол илэрч баталгаат хугацаа дуусаагүй байхад дээврийн хэсгээр борооны ус гоожсон. Манай компанийн зүгээс мэргэжлийн байгууллага болох “Хөрөнгө эстимэйт” ХХК-аар шинжилгээ хийлгэж, шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг дүгнэлтээр дээврээс ус гоожсон гэдгийг тогтоосон байдаг. Иймд Манай зүгээс Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсгийг мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар хариуцагч Г.Ф ХХК-аас шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирлын төлбөр 13,431,200 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэсэн төлбөр 350,000 төгрөг, эрэн сурвалжлуулахаар төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 13,851,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани нь “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 13,851,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасанчлан гэрчилгээ олгогдоогүй дууссан боловч байнгын ашиглалтанд оруулаагүй буюу улсын комисс хүлээж аваагүй барилга байгууламжид үйл ажиллагаа явуулж, ашиглахыг хориглоно. Мөн Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т байнгын ашиглалтанд оруулаагүй буюу улсын комисс хүлээж аваагүй барилга байгууламжийг цахилгаан, харилцаа холбоо, дулаан халуун хүйтэн усаар хангахыг хориглоно гэж заасан боловч “Д” ХХК нь уг барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгөх хүсэлт болон холбогдох бичиг баримтуудыг гаргаж өгөлгүй 4 жил ашигласан байдаг. Түүнчлэн Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Барилга байгууламжийг ашиглалтанд өгснөөс хойш зүгшрүүлэх, тохируулах хугацаа 1 жил байна. Энэ хугацаанд гүйцэтгэгч, захиалагч, зураг төсөв зохиогч болон ашиглагч нар нь тухайн барилга байгууламжид хамтран үзлэг хийж зөрчлийг арилгах талаар тэмдэглэл үйлдэнэ. Мөн 14.6-д барилга байгууламжийг хүлээлгэж өгснөөс хойш гурван жилд барилгын баталгаат хугацаа дуусгавар болно гэж заасан. Гэтэл “Д” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр уг барилга байгууламжийг акт үйлдэж хүлээн авснаас хойш нэг ч удаа хамтарсан үзлэг хийгээгүй бөгөөд засвар үйлчилгээний талаар ямар нэгэн гомдол гаргаагүй өнөөдрийг хүрсэн. Үүнээс харвал баталгаат хугацаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй. Мөн 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр техникийн комисс тухайн барилга дээр хяналт шалгалт хийж 11 төрлийн хийгдээгүй байсан ажлуудыг хийж гүйцэтгүүлэхээр 11 зөрчил тоочсоныг 2016 оны 11 дүгээр сарын 11-нд хийж гүйцэтгэсэн. Уг барилгын инженерийн бүх шугам сүлжээ, сан техник, цахилгааны ажлуудыг “Д” ХХК хийсэн. Иймд дээврээс ус алдсан гэх дээврийн бүтээц нь 1.2 м налуутай, 0.5 мм зузаантай, дээр, доор бүхий 2 талдаа төмөр хавтантай, 15 м.куб нягтаршилтай 20 см өргөн нягтаршил сайтай хөөстэй, урд талруугаа 80 см, гурван талруугаа 25 см-ийн илүүтэй мөн дээврээс дээш гарсан агааржуулалтын хоолойнд цас борооноос хамгаалсан малгайвч төмрийг хоолойноос илүү гарган хийсэн. Суурь хэсгийг нь силиконоор бэхжүүлэн шавсан тул гаднаас цас борооны ус орох боломжгүй. Салхивч агаар сэлгэлтийн ажлыг “Д” ХХК-ийн өгсөн зургийн дагуу гүйцэтгэн хүлээлгэж өгсөн. Уг зургийг хийсэн эрх бүхий албан тушаалтнууд, инженерүүд тооцооллыг хийж өгсөн зургийн дагуу бид зөвхөн гүйцэтгэсэн. Уг барилгын инженерийн шугам сүлжээ нь төвийн холболтонд холбогдоогүй бөгөөд 5 метрийн өндөртэй засвар үйлчилгээний газрыг ямар аргаар халааж байсан нь тодорхойгүй. Үүнээс үүдэн дулаан алдалт, цан цохилт үүссэн гэж үзэж байгаа. Мөн “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээнд барилгын дээвэр хуулах, барилгын дээвэр хийх, 12-ын хана буулгах, 12-ын хана өрөх, шалны гарнец хийх, паркет хуулах, шахах гэх мэт ажлуудыг гүйцэтгүүлэхээр цалингийн зардал тооцож гаргасныг бид ямар ч үндэслэлгүй хохирлын үнэлгээ гаргасан гэж үзэж байна. Учир нь уг барилгад 12-ын өрлөг бүхий хана байхгүй. Зөвхөн 51-ийн хана байгаа мөн барилгын дээврийн зориулалт бүхий сэндвичин хавтан нь 20 см зузаантай нягтаршил сайтай хөөстэй, 2 талдаа төмөр хавтантай тул ус нэвтрэх ямар ч боломжгүй. Мөн барилгын зориулалт нь угаалга, засвар үйлчилгээний зориулалттай тул шалан гарнец хийгээгүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Ф ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани нь “Давшаанжил” ХХК-тай 2016 оны 06 сарын 28-ны өдөр хүнд даацын автомашины завсарын газар барих барилгын ажлыг 1 сарын хугацаатай гүйцэтгэхээр тохиролцож ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Ингээд ажлаа эхлэх гэтэл “Д” ХХК-иас төсөв байхгүй гээд санхүүжилт гаргаж өгөөгүй. Иймд манай компани өөрсдийн зардлаар барилгын санхүүжилтийг гаргаж барьсан. Анх гэрээнд 12*16м.кв талбай бүхий 1 давхар барилга бариулж байгаад “Д” ХХК-ний захирал н.Баатаржав нь 33 м.кв болгон өргөтгөх санал ирүүлсэн тул тухайн саналыг хүлээн авсан ба барилгын даацын тоосго, дулаалгын хөөс, өнгөлгөөний эмульс болон өнгөлгөөний тоосго нэмэгдсэн байдаг. “Д” ХХК нь гэрээнд төлбөрийг 4 хувааж өгнө гэж заасан байдаг боловч гэрээний үүргээ зөрчиж санхүүжилтээ өгөөгүй байдаг. Иймд барилгын ажил удааширч 2016 оны 11 сард хүлээлгэж өгсөн байдаг. Иймд манай зүгээс нэмэлтээр хийсэн 12.000 ширхэг өнгөлгөөний тоосго 7,200,000 төгрөг, 6 тн цемент 1,145,000 төгрөг, ажилчдын цалин 8,930,000 төгрөг, нийт 17,275,000 нэхэмжилж байна. Мөн “Д” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас буюу санхүүжилттэй холбоотой асуудлаар ажил удааширч 2016 оны  8 сарын эхээр хүлээлгэж өгөх барилгыг 11 сард хүлээлгэж өгсөн. Тухайн барилга барьж байсан газар нь автобус, унаа явдаггүй хол газар байсан тул ажилчдыг байрлуулж ажиллуулсан. Иймд ажилчдын хоолны зардал, хамгаалалтын хувцас, тогны зардал, ус болон урсгал зардлыг бид нэхэмжилж байгаа. Манай бригад 20 хүнтэй ажиллаж байсныг бид дундажлаад 16 хүнээр бодож нэхэмжилсэн.  Нэг хүний барилгын хөлс өдрийн 100,000 төгрөг байгаа, бид нэг хүнээс өдрийн 45,000 төгрөгөөр, нэг хүний хоолыг дунджаар өдрийн 8,000 төгрөг, хөдөлмөр хамгаалалтын зардал 600,000, мөн ажилчдыг байрлуулах унтуулах гэрний мөнгө нийлээд нэхэмжлэгч талаас 86,900,000 төгрөг, нийт 104,750,000 төгрөгийг “Д” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Тус барилгын ажил гүйцэтгэх гэрээг 107,700,000 төгрөгөөр тохиролцож гэрээ байгуулсан. Мөн барилгын гадна талд өнгөлгөөний тоосго өрнө гэж 17,169,537 төгрөгийг хариуцагч тал манай компаниас нэмж авсан. Г.Ф ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манайд барилгын үлдэгдэл зардал болох 16,700,000 төгрөгийг өгөөчээ гэсний дагуу манайх 10,000,000 төгрөгийг олгоод үлдэгдэл 6,700,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр үлдэгдэл мөнгийг олгосон. Манайх хариуцагч Г.Ф ХХК-д гүйцэтгэлтэй холбоотой ямар нэгэн үлдэгдэл төлбөр байхгүй. Бид бүх төлбөрийг төлсөн. Барилгын гүйцэтгэлийг хоцроож, манай компанийг хохироосон байж одоо сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн хариуцагч Г.Ф ХХК-д холбогдуулан гаргасан 13,851,400 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Г.Ф ХХК-ийн нэхэмжлэгч “Д” ХХК-д холбогдуулан  гаргасан 104,750,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус  хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,210 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 839,650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хөрөнгө эстимэйт ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан болон шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлээр 13 431 200 төгрөгийн засвар үйлчилгээг хийх шаардлагатай болох нь тогтоогдож байх боловч талууд ажил гүйцэтгэх гэрээний доголдолтой холбоотойгоор учирсан хохирол мөн эсэх дээр маргасан. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтээр дээврээс ус гоожсоноос болж 13 431 200 төгрөг учирсан гэдэг нь тогтоогдсон. Хариуцагч нь уг хохирол нь манай байгууллагын хийж гүйцэтгэсэн ажлын доголдлоос болж учраагүй, харин уг барилгын дулааны алдалтаас цанталт, хөлрөлт үүсч, түүний улмаас хана дагаж ус гоожсоноос болж хананы замаск шохой хууларч, паркет хөндийрсөн, манай том оврын машин хана руу хүчтэй  түлхэлт өгч зогссоноос болж гадна өнгөлгөөний тоосго хууларсан гэж тайлбарласан гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл бүхий “Хөрөнгө эстимэйт” ХХК-аар хохирлын үнэлгээний тайлан гаргуулж, шүүхэд гарган тус барилгад үзлэг хийлгэн барилгын доголдлыг баримтжуулсан боловч хариуцагчийн зүгээс татгалзлаа нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн зүгээс хэргийг тал бүрээс нь тогтоох боломжтой нотлох баримтуудыг хангалттай шүүхэд гаргаж өгсөөр байтал шүүх тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээний тайлан, шүүхийн үзлэгээр тогтоогдсон нотлох баримтыг буруу дүгнэж шийдвэр гарган хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар барилгын халаалтаас болж цан цохилт үүсээгүй бөгөөд цан цохилтоос болж борооны ус гойжих, хананд цууралт өгөх, хөндийрч хагаран паркетан шал хөөх доголдол үүсэх боломжгүй. Хөрөнгө эстимэйт ХХК нь даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа болон хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй байгууллага бөгөөд харин барилгын ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг илрүүлэх нөхцлийг тогтоох тусгай мэдлэг бүхий этгээд биш юм. Иймд Хөрөнгө эстимэйт ХХК-ийн хохирлын үнэлгээний тайланг үндэслэн хариуцагч Г.ФХХК-ийн хийж гүйцэтгэсэн барилгын ажлыг дээврээс ус гоожсоны улмаас уг хохирол бий болсон гэж үзэх боломжгүй. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4, 14.5, 14.6, 14.7 дах хэсэгт тус тус зааснаар хариуцагч байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх тохируулах хугацаа ч дуусаагүй байхад хэргийг хэрэгсэхгүй шиийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзсэн. Гэтэл Д ХХК барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2016 оны 6 сарын 28-нд байгуулж 2016 оны 11 сарын 01-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн боловч өгөх ёстой санхүүжилтийг 2017 оны 4 сарын 30-ны өдөр 6 700 000 төгрөгийг өгч өрөг бүтээцийн ажлын хөлсийг үргэлжлүүлэн өгөхөөр тохиролцсон байсан. Гэтэл энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тохиролцсон санхүүжилт олгогдоогүй тул бидний эрх ашиг энэ өдрөөс эхэлж хөндөгдсөн. Иймээс хөөн хэлэлцэх хугацааг буруу тоолсон гэж үзэж байна. Тооцоо нийлсэн актад 104 750 000 төгрөгийг тооцоололд тусгагдаагүй байна гэж үзжээ. Гэтэл тохиролцсон байсан гадна өнгөлгөөг тоосгоор өөрчилсөн 17 580 000 төгрөгийг өгнө гэсэн хугацаандаа өгөөгүй учраас сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилсэн. Мөн 86 900 000 төгрөгийг 2016 оны 6 сарын 28-нд барилгын ажлын гүйцэтгэх гэрээг байгуулан 7 сарын 29-ний өдрийг дуусахад 1 сарын хугацаатай гэрээ хийсэн. Гэрээнд зааснаар санхүүжилтийг дээрх хугацаанд 4 хуваан олгохоор тохиролцсон боловч явцын дунд санхүүжилтээ дээрх хугацаанд 4 хуваан олгохоор тохиролцсон боловч явцын дунд санхүүжилтээ өгөхгүй барилгын ажлыг удаашруулснаас гэрээний дагуу санхүүжилтээ цаг тухай бүрт нь өгөөгүй улмаас 11-р сард хүртэл удааширч явагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч Г.Ф ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 13 851 400 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 104 750 000 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргажээ. /1хх 1-2, 32, 63, 185-186/

“Д” ХХК нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Г.Ф ХХК-тай 16/133 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хашаанд 12:16 м.кв харьцаатай, 5 метрийн өндөртэй, 207 м.кв талбай бүхий автомашины засварын байрыг 2016 оны 7 сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд 107 700 000 төгрөгөөр барихаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /1хх5-6/

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

Харин талууд ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүн болох автомашин засварын барилгын ажил доголдолтой байсан эсэх, доголдолыг арилгасан эсэх талаар маргажээ.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар хариуцагч барилгын ажлыг хийж гүйцэтгэн 2016 оны 11 сарын 11-ний өдөр нэхэмжлэгч талд акт үйлдэн хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдсон. /1хх44/

Түүнчлэн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан, шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлээр  нотлогдсон гэж тайлбарласан.

“Хөрөнгө эстимэйт” ХХК нь даатгалын хохирол үнэлэх болон хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй буюу барилгын ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг илрүүлэх тусгай мэдлэг бүхий этгээд биш ба тухайн этгээдийн гаргасан хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу гаргасан шинжээчийн дүгнэлт гэж үнэлэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч ажил гүйцэтгэгчийн гэрээгээр гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан гэх үйл баримтыг эргэлзээгүй баримтаар нотлоогүй, нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргаагүй байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “...нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу санхүүжилтээ хугацаандаа өгөөгүйгээс ажил гүйцэтгэх хугацаа хойшлогдож, ажилчдын цалин, хоолны зардал, хөдөлмөр хамгаалалтын зардал болон бусад зардал нэмэгдсэн, мөн барилгын гаднах ханыг өнгөлгөөний тоосгоор өнгөлөхөөр өөрчилснөөс төсөв нэмэгдсэн...” гэж тайлбарласан. /1хх-63/

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5 дах хэсэгт Өрийг тодорхой хэсгээр, үе шаттайгаар төлж байсан бол хамгийн сүүлийн хэсгийг хүлээн авсан тухай баримт бичигт өөрөөр заагаагүй бол өмнөх хэсгүүдийг бүрэн төлсөн гэж үзэхээр зохицуулсан.

Хэргийн 46 дугаар талд авагдсан баримтад Барилгын ажил гүйцэтгэх гэрээг дүгнэхдээ 39 424 537 төгрөгийн үлдэгдэлтэй талаар тооцоо нийлсэн байх бөгөөд сөрөг нэхэмжлэлд дурдсан 104 750 000 төгрөгийн тооцоолол уг баримтад тусгагдаагүй байна.

Хариуцагч давж заалдах гомдолдоо “...2017 оны 4 сарын 30-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолно, хөөн хэлэлцэх хугацааг шүүх буруу тоолсон...” гэжээ.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар зохицуулсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг 2016 оны 11 сарын 01-ний өдөр дүгнэснээс хойш 3 жилийн дотор буюу 2019 оны 11 сарын 01-ний өдрийн дотор гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг гаргах эрхтэй гэж үзэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн.   Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иймд, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад хамааралтай нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлсэн бөгөөд хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэлийн шаардлагын  хүрээнд талуудын ажил гүйцэтгэх гэрээний маргаанаас үйдэлтэй үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Дээрх үндэслэлээр зохигчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

   1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/01552 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 227 210 төгрөг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 681 700 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

тус тус дурдсугай.          

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

                

                               ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Б.НАРМАНДАХ