Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2020/01569

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч ...... Б.М.......ын нэхэмжлэлтэй

 

       Хариуцагч .............. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад    

     

      Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М..., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц......, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэхэмжлэгч Б.М....., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М......... нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа:

      Миний бие С.Б.........т шүүхийн шийдвэрээр 122.082.240 төгрөгийн өртэй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний өмчлөлийн Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, “0” хотхоны 0 дугаар байрны 0 тоот, 0 өрөө орон сууцыг битүүмжлэн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хураасан.

      Шийдвэр гүйцэтгэгч албадан дуудлага худалдааны үнийн санал авахад би өөрийн хөрөнгөө 240.000.000 төгрөгөөр үнэлэн бичиж өгсөн.

      Гэтэл 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдрий “Бямба” гарагт гэрт маань үл хөдлөх хөрөнгийн шинжээч гэх танихгүй залуу орж ирэн шийдвэр гүйцэтгэгч Ц.Ц.......гийн гарын үсэгтэй шинжээч томилох тухай тогтоолыг үзүүлсэн.

      Энэ үед гэрт маань бага насны хүүхдүүд болон бусад гэр бүлийн гишүүд байсан бөгөөд бид сэтгэл санааны хувьд цочролд орсон. 

      2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч намайг дуудаад 4/11988 дугаартай “Мэдэгдэл”-ийг гардуулан өгөхөд дээрх үл хөдлөх хөрөнгийг 196.228.800 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдэгдсэн.

     Би энэ үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа ба байраа 240.000.000 төгрөгөөр худалдан авч багагүй хөрөнгөөр засаж тохижуулсан тул үнэ өсөх магадлалтай.

     Мөн “Алтай” хотхоны ижил төстэй байрууд 250.000.000 төгрөгнөөс 280.000.000 төгрөгийн үнэ ханштай худалдан борлогдож байна.

     Иймээс албадан дуудлага худалдаа анх үнэлэгдсэн үнийнхээ 70 хувиар, 2 дахь удаадаа 50 хувиар тооцдог гэж бодоход миний байр 98.000.000 төгрөгөө борлогдож би байрны зөрүү мөнгө авах нь битгий хэл байр ч үгүй дээр нь 20.000.000 төгрөгийн өртэй үлдэж хохироход хүрээд байгаа тул “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж гаргасан үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү, гэжээ.  

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Ажиллагаа хуулийн дагуу явагдсан.

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03405 дугаартай Шийдвэрээр, хариуцагч Б.Мө.........аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 180.906.240 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Б.........т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 163.699.999 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, “0” хотхоны Энгельсийн гудамжны 0 дугаар байрны 0 тоот, 0 метр квадрат талбайтай, 0 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх Тогтоолоороо “Магадлал”-ыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.

        Ингээд төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул төлбөр авагч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Шүүгчийн захирамж мөн өдрийн Шүүхийн гүйцэтгэх хуудсын дагуу манай байгууллагад хандсаны улмаас Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарч, нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хурааж,     Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар талуудад үнийн саналаа өгөхийг мэдэгдэхэд нэхэмжлэгч төлбөртөө Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, “0” хотхоны 0 дүгээр байрны 0 тоот, 0 метр квадрат талбайтай, 0 өрөө, 140.000.000 төгрөгийн үнэ бүхий байраа 122.000.000 төгрөгийн төлбөрт тооцон, шилжүүлэх хүсэлт гаргасныг, төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй учраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хөрөнгө үнэлгээний “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, “0” хотхоны Энгельсийн гудамжны 0 дугаар байрны 0 тоот, 0 метр квадрат талбайтай, орон сууцыг 196.228.800 төгрөгөөр үнэлсэнийг төлбөр төлөгчид мэдэгдэж, үнэлгээ хуулийн дагуу хийгдсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

     Нэхэмжлэгч Б.М........., хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

       

      Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03405 дугаартай Шийдвэрээр, хариуцагч Б.М.........аас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 180.906.240 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Б.........т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 163.699.999 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, “0” хотхоны Энгельсийн гудамжны 0 дугаар байрны 0 тоот, 0 метр квадрат талбайтай, 0 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч гомдол гаргасныг, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 36 дугаартай “Магадлал”-аар хариуцагчаас 122.082.240 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 222.517.998 төгрөгийг хэрэгсэхгүй болгон өөрчлөлт оруулсныг зохигчид эс зөвшөөрч гомдол гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 001/ХТ2019/00641 дугаартай Тогтоолоор, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн “Магадлал”-ыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байна.

        

Хэрэгт авагдсан баримтаар, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар битүүмжлэгдсэн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Б.М......... болох нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэгдсэн, Улсын бүртгэлийн 00000000 дугаартай, 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсоноор нотлогдож байна.

       

        Нэхэмжлэгч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөрөө сайн дураараа төлөөгүй талаар маргаагүй бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар маргаж байна.

 

         Шүүх хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШЗ2019/08324 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” Шүүгчийн захирамжийг, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 000 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудсын хамт хүргүүлэн, тус байгууллага 142 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.М.........д шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч, Шийдвэр гүйцэтгэлийн 19250900 дугаартай хувийн хэргийг нээж, “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай” тогтоолыг гаргажээ.

 

       Дээрх шийдвэрийн дагуу хариуцагч, нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 3 дугаар сарын сарын 03-ны өдрийн 000/0 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж,

         

      2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 000/00 дугаартай Тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг хурааж,   

         

      Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Б.М.........тай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн уулзаж, “Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл” хөтлөн үнийн саналаа өгөхийг хүсэхэд нэхэмжлэгч төлбөртөө Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, “0” хотхоны 0 дүгээр байрны 0 тоот, 0 метр квадрат талбайтай, 0 өрөө, 140.000.000 төгрөгийн үнэ бүхий байраа 122.000.000 төгрөгт тооцон, шилжүүлэх хүсэлт гаргасныг, төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй нь баримтаар тогтоогдож байна.

 

      Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгтэй хариуцагчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан нь нийцэж, “Мэдэгдэл”-ийн дагуу талууд үнийн санал дээрээ харилцан тохиролцоогүй, үр дүнд хүрээгүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 4/172 дугаартай “Шинжээч томилох тухай” Тогтоолоор хөрөнгө үнэлгээний “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчид эрх үүрэг тайлбарлан, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлджээ.

 

       Шинжээч 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 01/29 дугаартай Хөрөнгө үнэлгээний дүгнэлтээ ирүүлж, хариуцагч 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 4/11988 дугаартай “Үнэлгээний мэдэгдэл”-ээр Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, “0” хотхоны Энгельсийн гудамжны 0 дугаар байрны 0 тоот, 0 метр квадрат талбайтай, орон сууцыг 196.228.800 төгрөгөөр үнэлсэнийг төлбөр төлөгчид хүргүүлсэн нь нотлогдож байна.

 

       Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлож чадаагүй, өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгө шинжээчийн тогтоосон үнээс илүү үнээр зарагдах байсан гэх тайлбарыг баталсан баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч, нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж ажиллагаа явуулсан нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

       

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн     

        115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

     1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.М.........ын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

     2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

  

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

    4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АРИУНАА